Украинчууд үл ойл­голцож, нэг нэгийгээ алж хороож байгаа эмгэнэлт дүр зургийг бид харж байна. Одоо цаашдаа хэрхэхийг таахад бэрх. Өнгөрсөн намраас хойш үймж шуугисаар байсан энэ оронд Ерөнхийлөгч В.Янукович ор сураггүй алга болж, босогчид Засгийн эрхийг авч, түр цагийн Ерөнхийлөгчийг тавьснаар үйл явдал өрнөж байна. Сүүлийн саруудад болсон дүр зургийг өнгөц харахад танил үйл явдлууд болж өнгөрөв. Хурц гэрэл цац­руулсан хар машин, ша­тахуун савласан лонх­нууд, галдан шатаалт бас үймээний үеэр иргэд амь насаа алдсан явдал гээд. Дээрээс нь онц байдал хэн тогтоох, тэр үеэр яаж ажиллах нь долдугаар сарын нэгний адил тодорхойгүй байсан юм уу даа.

Товчдоо бидэнд сур­гамжаа “хайрласан” зургаан жилийн өмнөх хэрэг явдалтай яг ядилхан сценари харагдсан. Гэх­дээ Украинд хэрэг явдал урт удаан үргэлжилж, дэндүү том хүрээнийх байсан учраас амь насаа алдагсдын тоо ч тоймоо алджээ. Жагсаал цуглаан болох үед хуучин стан орнуудад иймэрхүү сценаритай үймээн бо­лох нь их байдаг гэлцдэг. Өөрийн мэдэлд байсан улс орнуудаа хяналтаас гаргахгүйн тулд советууд ингэж ажилладаг ч гэдэг. Яг тэр жишгээр явсан Украины жагсаал цуг­лаан хяналтаас нэгэнт гарчээ. Одоо харин шинэ удирдлагууд нь юу хийж яахыг хэн мэдлээ. Гео­политикийн хувьд хэ­зээнээс гол байршилд байсан энэ улс орны хүмүүс дэлхийн шинэ там болж хувирахгүйн тулд өөрсдөө л ухаантай бай­хаас аргагүй цаг үе ирж байна.

Зүчийн хүү Бат хаан Их Монгол гүрний хүрээ хилийг өрнө зүгт тэлэ­хийн тулд Киевийг өөрийн болгох хэрэгтэй болж, ханлиг, гүнлигийн тэргүүдэд нь бууж өгвөл яах ч үгүй гэсэн амыг элчээрээ хүргүүлсэн гэ­дэг. “Бид Киевийг өөрийн болгож, зөвхөн цааш дайран гарах гарцаа л болгоно. Хэрэв үтэр түргэн бууж өгвөл бид толгойн үсийг ч хөн­дөхгүй, хотыг чинь тэр хэвээр үлдээнэ” гэжээ. Харин арвангуравдугаар зууны үеийн украин ноёд энэ шаардлагыг хүлээж аваагүй аж. Бүхэл бүтэн гурван сарын турш хориг­лон тэмцэж. Киевийн их хаалганы гадна омогтой украинчуудыг буулгаж авахаар манай халуун цуст өвөг дээдэс ч олмоо чангалж, араасаа их цэр­гээ дуудсан байгаа юм. Эзэн Чингэсийн их цэрэг нэг газар гурван сараар дайснаа буулгаж авахгүй хүлээж байсан удаагүй учраас уур хилэн ч бу­цалсан биз. Болдоггүй ноёдыг буулгаж аван­гуутаа Киев хотыг галдан шатааж, үнсэн товрого болгожээ. Энэ түүхийг надад одоогоос хоёр жилийн өмнө Киев хот­ноо, Украины еврей хөтөч ярьж өгсөн билээ. Хамгийн гоё нь “Манай ноёд чадахгүй байж тэгдэг нь тэнэг л байхгүй юу. Монголчууд хэлсэн­дээ хүрэх л байсан. Өв­лийн хүйтэнд ой модонд гурван сар хүлээсэн монгол цэргүүд Киевийг галдсан нь шударга хэрэг байсан” гэж байсан билээ. Тухайн үедээ Киев хотыг чимэглэн сүндэр­лэх сүрлэг барилгуудыг хараад үүнээс ч гай­халтай дурсгал бидний өвөг дээдсийн гараар сүйдсэн гэхийг сонсох харамсалтай байсан ч хэргийн эзэд нь мон­голчууд байсан боло­хоор тэгсгээд буруутгаж чадаагүй өнгөрсөн юм даг. Харин сүүлийн саруудад энд тэндгүй байшин галдаж, түүхийн үнэт зүйлс үнс нурам болж байгааг харахад украинчууд энэ удаад өөрсдийн гараар Киевээ шатааж байна даа гэж бодогдлоо. Монгол­чуудын дунд Украинд, тэр дундаа Киевт сургууль төгссөн олон хүн бий. Тэдний хувьд Киевийн консерваторын байр шатаж, Крещатик гу­дамж­ны гол гол барил­гууд шатаж байгааг харахад өр эмтрэм байгаа биз. “Батын цэр­гүүд ирээд хэрээ шавдаг гэж нэрлэсэн учраас Крещатик гэж нэрлэсэн биз” гэж хошигнон ярьдаг байсан үеэ бодоход ч гунигтай байгаа нь тодорхой. Хуучин цагийн Октябрийн хувьсгалын талбай энэ цагийн Май­ден Украин яаж өөрч­лөгдсөнийг бага боловч батлан харуулдаг билээ.

Украины түр Засгийн Ерөнхийлөгч Олександр Турчинов одоо Европын холбоотой нягт ойртон ажиллана гэдгээ юуны түрүүнд мэдэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Жон Керри гэхэд шинэ удирдагчдыг дэмжинэ гэдгээ зарлаж, Европын холбоо элч төлөөлөгчөө Киев рүү илгээн улс төрийн болоод эдийн засгийн тогтвортой байдалд нь зөвлөнө хэ­мээв. Харин үүний нөгөө талд ОХУ тус улсад бай­гаа Элчин сайдаа татан авахаар болж, хуучин Ерөнхийлөгч В.Янукови­чийг татан унагаагдсанд харамсч буйгаа мэдэгдэж байна. Өнгөрсөн бямба гаригаас хойш алга болсон түүнийг ямар хувь тавилан тосч байгааг хэн мэдлээ. Украин дахиад Египет шиг, Сири шиг эмгэнэл дагуулсан тамын орон болж хувирахгүй гэхийн баталгаа алга. Тиймээс одоо украин­чууд өөрсдөө л хазаараа татаж, өөрсдөө л ухаан зарах хэрэгтэй байгаа юм. Сааль савнаасаа халивал идээ ундаа бус угаадас болж  хувирдаг. Түүн шиг Украины өөр хоорондын өс тэмцэл эргээд энэ үндэстэнд зовлон авчирна. Тэдэнд оросууд ч, Европын хол­боо, америкчууд ч сайн сайхныг хүссэндээ  энэ бүхнийг өдөөгөөд байгаа биш шүү дээ.

“Бурхан Америкийг хашраах гэвэл хар салхи илгээдэг. Харин бусдыг нь гэсгээх гэвэл Аме­рикийг явуулдаг” гэсэн яриа онлайн ертөнцөд тэнүүчилдэг. Гэхдээ ук­раинчуудыг одоо л зогсох хэрэгтэйг дэлхийн урлаг соёлын одод анхаа­руулж “Stop Ukrain” гэсэн хөдөлгөөнийг өрнүүлээд байна.  Тэд одоо л өөр хоорондоо учраа олж нэгдэхгүй бол гадаад ер­төнцөд тэднээр тоглох сонирхол хаа хаанаа бай­гаа нь худлаагүй юм. ОХУ энэ удаад Элчин сай­даа татаж байгаа шигээ Украинаас сонирх­лоо тийм ч амар татахгүй. Севастополь, Крымыг авч байж л гараа суллах байх. Хар тэнгис Оросын хувьд чухал. Балтын тэнгис нэгэнт Оросын мэдлээс гараад явчихсан болохоор Хар тэнгистэй үлдэх асар их сонирхол бий. Тэгээд ч орос, украинчуудын хамтарч хийсэн багагүй юмс энэ бүс нутагт байдаг гэлцдэг. Нөгөө талаас Украин, Белоруссийг барьж байх­гүй бол баруун Оросыг тэр чигт нь алдчихна гэсэн үг. Тиймээс хэдий­гээр ерээд онд тусгаар улс болчихсон ч бод­логоо энэ бүс нутагтаа байлгах сонирхол хэзээ хэзээнээс илүү хүчтэй байсаар байгаа. Бас дээрээс нь Украин Ев­ропын холбоонд элсвэл НАТО-д элсч таарна. Гэтэл Орос ЕвроАзийн холбоо гэдгээ хүчир­хэгжүүлж НАТО-той үзэ­хийн тулд Украиныг багтаачихмаар байдаг.

Европын холбоо ч гэ­сэн дээ. Украиныг анх­наасаа авах бодолгүй л байсан. Харин оросууд 9-11 тэрбум цаашлаад 15 тэрбум евро өгөх талаар яриад эхлэнгүүт хол­боондоо элсүүлэхэд бэлэн тухай ярьж гал өрдлөө. Европын хол­боо­ны хувьд Украиныг бодож гаргаж байгаа шийдвэр гэхээсээ Орос­той тулах зэвсэг болгон ашиглаж байгаа нь ч үнэн. Нөгөө талаас Ук­раин Европын холбоонд элсвэл энэ холбооны улсуудын түүхий эдийн бааз, хямд ажиллах хүчин болохоос өөрсдөд нь ирэх ашиг бага гэж суд­лаачид үзэж байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн бокс тоглож, толгой руугаа нүдүүлсээр ирсэн В.Кличкогийн хэлж бай­гаа шиг Европын хол­боонд л элсчихвэл сайн сайхан амьдрах тухай тэр үлгэрт итгэхэд хэцүү. Юутай ч Украинд эрх мэдэл нь нэгээс нөгөөд шилжчихээд байна. Харин одоо үйл явдал яаж өрнөхийг таашгүй. Гэхдээ гадаад нөхцөл байдал, ашиг сонирхлыг харвал украинчуудыг тийм ч амар орхичихоор­гүй байна. Гадаад со­нирхол хэдийчинээ байх тусам энэ үндэстэн, энэ улс тоглоом болж сүйрэх аюултай. Тиймээс там болох аюулыг украин­чууд өөрсдөө л зогсоож чадна. Арвангуравдугаар зуунд Чингэсийн мон­голчуудын өмнөөс сөрж чадах нь цөөхөн байхад том байж чадсан шигээ украинчууд одоо жинхэнэ өөрсдийнхөө төлөө омог бардам байх цаг нь ирж байна. Одоо хэн нэгэн гадны хүчний залуураар өөр хоорондоо хэмлэл­дэх бус өөрсдийнхөө төлөө эвлэлдэх цаг иржээ. Ер нь геополи­тикийн хувьд чухал байршилд байдаг улс үндэстэн өөрсдөө л ухаантай байхгүй бол дандаа бусдын идэш болох гээд байдаг.

Энэ монголчууд би­дэнд ч хамааралтай. Украины улс төрийн сур­гамж олон улс үндэстэнд анхааруулга болох учиртай. “Эмх цэгцтэй айлын эзэгтэй рүү нохой хуцдаггүй” хэмээх айхтар үг бий. Энэ гүрж үгийг Долгорын Нямаа гуай гайхалтай хөрвүүлсэн байдаг юм. Тэгэхээр энэ мэт үгийг хаа хаанаа бодох хэрэгтэй.