Өөрсөдтэйгөө биш өрөөлтэй өрсөлдье

Би нийгмийн нэг эд эс болохын хувьд энэ нийгэмд болж буй бүх үйл явдал надад шууд болон шууд бусаар хамаатай гэж үзэж явдаг хүн. Хөл дүүжлэх ганц унаагаа зодсоор байж алчихаад нохой явган гахай нүцгэн амьтан хүн царайчлаад явдаг арчаагүй олхио муутай дүр төрх урлаг утга зохиол, аман ярианд их тааралддаг.Үүнтэй адил улс эх орондоо өөрсдийн боломж бололцоогоороо тус дэм болж эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болж яваа үндэсний компани , үндэсний үйлдвэрлэл баялаг бүтээгчид рүүгээ дайрч давшилдаг муухай хэвшил газар авлаа.Хаашаа л харна хардлага сэрдлэг. Ийм хүүхдийн зулай шиг эмзэг сэтгэхүй, чөлөө замбараагүй мэдээллийн орчинд хэн нь ч тоглолт хийж юу хүссэнээ итгүүлэн сэнхрүүлэхэд хэт амар байгаа юм биш үү? Саяхангэхэд л бүхэл бүтэн хөдөө аж ахуйн салбарыг донсолсон айхтар өвчин хэлж ирэлгүй хийсэж ирээд  дээрээсээ доор хүртлээ үймж сандарч амсхийх завгүй байхад л чоно борооноор гэдэг шиг газар тариалан, хүнсний ногоо эрхлэгчдийн ар нуруу руу хэдэн “Түгжил” хутга зоочихоод алга боллоо. Хаанаас ч шидсэн чулуу юм, хэний ч хутга юм бүү мэд. Ингээд бодохоор нээрээ ч тагнуул туршуул хорлон сүйтгэгчид нь байдаг мэт. Эсвэл хувь хувийн жаахан бизнес ашиг орлогын төлөө үхэлдэн тэмцэхдээ өрсөлдөгчөө өөртэйгөө адил үндэсний компани гэж хараад муулж хор найруулахдаа идэж буй тогоотой хоол руугаа нулимж буйгаа үл анзаараад байна уу? Миний бодлоор бидний өрсөлдөгч нь бид өөрсдөө биш харин энэ биднийг гэдсэндээ хөлөө хийлцэж байх хооронд зах зээлд маань ноёрхолоо тогтоосон гадныхан юм биш үү? Үндэсний компаниуд тус тусын бага сага эрх ашиг гэхээсээ алсыг харсан том бодлого том ухаан гаргаж нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэж, төр засаг нь бодлогоор дэмжиж, хэрэглэгч бид нар тэртээ тэргүй суваг солих адил сонголтын боломжоо үндэснийхээ брэнд дээр төвлөрүүлж үндэсний компаниудаа хайрлаж чадвал алга урвуулах асуудал үгүй мэт...Үндэсний үйлдвэрлэл гэхээрээ эсгий таавчиг, савхин дээл, ноолууран цамц мэтхэнээр төсөөлдөг цаг хэдий түүх болон үлджээ.Монгол залуус өнөөдөр харилцаа холбоо мэдээллийн технологи,программ хангамж, үүрэн телефоны үйлчилгээний оюуны өндөр чадамж , техник технологийн нарийн мэдлэг шаардсан салбаруудад хүртэл амжилт гаргаж бизнесийн амжилт олж чадаж байна. Эрчим хүч уул уурхайн салбарт гэхэд л дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи , шийдлүүд хэрэглэгдэж монгол инженерүүдийн ур ухаан хаа ч гологдохгүйгээ нэгэнт батлаад авлаа.Өөдлөн хөгжиж дэвжиж буй үндэсний компаниудынхаа ололт амжилтыг нь дэмжин тэтгэх халуун сэтгэл, алдахад нь уучлах бүлээн хайраар хандацгаая...Амьддаа бие биеээ хайрлацгаая.Бид цөөхүүлээ биднийг бид өөрсдөө л хайрлахгүй дэмжихгүй бол бол хэн гэж...? Үндэснийхээ компани үндэснийхээ үйлдвэрлэгч нараа өмөөрч өмөлзсөн шог зургуудаасаа толилуулья...