“Анжело Девис охин минь гээд
Аав минь нулимсаа арчив
Анжело чиний аав
Азийн Монголд мориор  хонио хариулж явна”
хэмээх шүлгийг бага ангид байхдаа цээжилж билээ.  Манай ангийн уран уншигч хүүг урлагийн үзлэгт энэ шүлгийг уншихад нь  “Өөрөө уйлж байгаа юм шиг  унш. Хүмүүс дагаад уйлна ” гэж пионерын удирдагч маань  зөвлөгөө өгч билээ.  Үүнээс олоон жилийн хойно Ерөнхий сайд  Н.Энхбаяр  манай улсаас ОХУ-д төлөх ёстой байсан “Их өр”-ийг  тэглэхэд зарим хүмүүс зурагтаар уйлж байсан юм. “Ий..ий.... ард түмний нуруун дээр байсан их өрийг тэглэчихлээ. Нуруу бүр хөнгөрөөд явчихлаа....” гээд. Аймшигт долдугаар сарын 1-нд таван хүн амиа алдчихаад байхад манай урлагийн томчууд “Хайран морин хуур....ий...ий... морин хуурыг минь хугалаад шатаагаад хаячлаа...муусайн ардын дайснууд“ гээд уйлалдаад байгааг мөн л зурагтаар гаргав. Таван хүн алагдчихлаа гэж уйлсан хүн байгаагүй байх . Учир нь зурагтаар үзүүлээгүй учраас би мэдэхгүй байгаа.   Үүнээс  ёстой удалгүй   С.Баяр Ерөнхий сайдынхаа суудлыг Сү.Батболдод “май ...чи сууж үз” гээд өгчихөв. Тэгэхдээ “Монгол улсын төлөө биеэ гамнаж яваагүй намайг уучил ....” гээд хоолой зангируулахад мөн л олон хүн уйлж зурагтаар гарав.  Үүнээс хойш хэдхэн жилийн дараа   Н.Энхбаярыг  баривчилж  шоронд  хорьж байснаа даалтаар суллав. Бас л хүмүүс  барьж авч үнсээд “Тэмцээрэй, миний хүү...”  уйлалдаад байгааг  нь  зурагтаар үзүүлэв.   Энэ мэт тохиолдлоос харвал хүмүүсийн тархийг угаахын тулд бусдын  уйлж хямарч,  орилж хашгирч,  дайрч давшилж байгааг мэдээллийн хэрэгсэлээр харуулах нь гайхалтай үр дүнтэй арга юм гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Зарим нэг телевизүүдийн хэлдэгээр “дүгнэлт маань энд хүрээд өндөрлөж байна”.  Харин уйлуулахгүйгээр бусдын тархийг базах бас нэг арга байна. Энэ бол дэлхийн хэмжээний  том, том юм ярьж дэлхийн хүн гэдгээ батлаж  нотлох үзэгдэл. Одоогоор бидэнд ийм боломж хэд хэд байна. Нэгдүгээрт, Крым. Хоёрдугаарт Путин.  Гуравдугаарт,  Малайзын алга болсон онгоц. Аль нэг сэдвээр нь  ярих,  эс бөгөөс твитерт жиргэх. Би юунаас дутах вэ. Нийтлэл  бичиж мундагаа харуулах санаа байдаг. Гэвч энд цалин хөлсөө олох, телевизийн техник тоног төхөөрөмжөө угсрах  гээд сачий хүрэхгүй мунгинаж суутал мундагууд өрсөөд эхлэв. УИХ-ын гишүүн асан Д.Загджав хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэл гаргав.  Гэтэл ихэнхи нь түүнийг “тэнэг мангар”  гэв. Өөрсдөө ийм мэдэгдэл хийж чадахгүй байж  атаархаж яана.  Тэгтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга Оросын хэвлэлд  “Крым  ОХУ-д нэгдэж байгаа нь зөв” гээд ярилцлага өгчиж.  Ихэнхи нь түүнийг  “Оросын  тагнуул” гэцгээв. Өө биш “туулайны талд ордоггүй чоно ” ч билүү цэцэрхэв.  Өөрөөс  чинь Оросын хэвлэл тоож асуухгүй байхад хүний үзэл бодлыг  дүгнэх дэмий. Малайзынхан алга болсон онгоцыг нь Монголд нууцаар буулгачихаж гэсний төлөө Ерөнхий сайд хариу мэдэгдэл хийхгүй маанаг гэв.  МИАТ-д  онгоц буудаг нууц зурвас бий эсэхийг ард түмний шударга тагнуул  Бат инженерээс л  асуучихын оронд Н.Алтанхуягийг зүхэх хэрэггүй.  За тэгээд ер нь  алийг нь зөв, алийг нь буруу гэвэл лаг харагдах юм бол гэж жаахан бодож суулаа.  Гэвч бодол маань “энд хүрээд өндөрлөв ” гэдэг шиг үнэхээр IQ маань хүрэхгүй бас тэгээд  маньд хүртээлгүй тул “мэдэгдэл” хийхгүй өнжихөөр шийдэв.  Надад бол халбага шөлний ч үнэгүй Крым нь яана уу,  ийнэ үү хамаа алга. Харин баруун хатавч байн байн сөхөөд нааш  цааш дүрвэж нүүгээд,  үе үе сэтгэл гонсойлгоод байх болсон хүрэн бүргэдүүдээ гаршуулж суувал дээр  гэж бодогдохгүй байна уу.  Харин  одоо жинхэнээсээ “энд хүрээд өндөрлөв”.