Аугаа их Орос орон газар нутгаар дутаагүй.  Дэлхийн бүх газар нутгийг зургаахан хуваахад нэг нь Оросынх байдаг болохоор газар нутаг нь илүүдмээр юм аа. Гэвч газар нутгаа тэлнэ гэдэг үеэс үед том том  хаадын нь алдар гавьяа нэр төрийх нь хэрэг болтой юмаа. Орос орон алдагдсан нутгаа авна гэдэг нь Орос оронд хэрэггүй ч Путины нэр хүндэд хэрэгтэй.  Оросын ерөнхийлөгч Путин Украин улсын нэг хэсэг Крымийг “санал асуулгаар эзлээд” авчихлаа. Путин болоод Оросын эрх баригчид Крымийг эзэлсний баярыг  1945 оны Ялалтын баяртай тэнцэм  тэмдэглэн хөөрч  алга ташин шампанск буудуулж байна. Хүчирхэг Путин том Оросод баяр хөөр боловч жижиг Украин цөөнх, татар нарын хувьд цус нулимс юмсан.  Крым гэдэг манайхаас хэдэн мянган милийн цаана байгаа жижигхэн хойг. Түүхийн  нэгэн цагт  морь гэдэг хурдан уналгатайгаараа татаар монголчууд Крымийн хойг хүрч түүнээс цааш газаргүй хэмээн мориноосоо бууж, дайн байлдаанаа зогсоож, далайн усанд орж  тэндээ  жарган суурьшсан гэнэм. Жаргалтай газар хүн тогтдог болохоор хамгаалалтынхаа хил ”хэрэм”-ээ барьснаар улсынхаа нэр болгосон гэнээ. Түүнээс хойш татаар монголчуудын нээсэн тэр сайхан  газрыг “ХЭРЭМ-КРЫМ” гэдэг болсон юм гэв ээ.  Зуу зуун жил өнгөрсөөр ...Үзэсгэлэнт Хар далай, Крымийн  сайхан байгалийг  өөрийн болгох гэсэн  улс орон дайтаж, ялж ялагдаж  явсаар орос, украинчууд суурьшив. Харин Крымийг нээсэн татаруудаа урвагч гэж хөөж туусан.  Оросын хүчирхэг удирдагч Путин Крымийг санал асуулга гэдэг юмаар эзэлж Украинаас салгаж өөрийн болгож  шинэ жишиг тогтоов. Үүнээс хойш дэлхийн том орнууд эзэлье гэсэн нутгаа, санал хураалгаа л,  эргэлтгүй нэгтгэж авахыг  “Крымдэх”. Харин жижиг орнууд  өөрийн эрхгүй тусгаар тогтнолоо алдахыг “крымдүүлэх” гэсэн хэллэг гарч болох юм.  Уг нь Крымийн хойг бол олон улсын эрх зүйгээр Украин улсын  нутаг гэж яваа. Украинчууд их л соёлтой боловсролтой дуулгавартай ард түмэн юмуу даа.  Хүйтэн дайн дууслаа Орос, Америк хоёр найзууд боллоо гэхэд хамгийн түрүүн  итгээд Украин улс цөмийн зэвсгээ хураалгасан.  Санал хураалтаар нэг улсыг эзлээд байх юм бол дэлхий дээр газар нутгийн дайн  дажин эхэлнэ.  Ер нь дайн ингэж эхэлдэг. Дэлхийн хоёрдугаар дайныг Гитлер эхлүүлэхдээ Польшоос алдагдсан нутгаа авна, ад үзэгдсэн аричуудаа аварна гэж уриалахад бүгд “Гитлер мандтугай” гэж хашгирч байв.  Алдагдсан газар нутаг байвал, ястан үндэстэнтэйгээ авнаа гэж том гүрнүүдийн удирдагчид Путинг дуурайн бодож байгаа.  Зөвхөн том гүрнүүдийн удирдагчид ч биш том улс орон байгаад  жижиг болсон Монгол орны мань мэт нь хүртэл “санал хураалгаад л алдагдсан газар нутгаа эргүүлэн авмаар” бодогдох. Оросын бүрэлдэхүүнд байгааТува улсад газар нутагтайгаа Монголтойгоо нэгдэх үү, ОХУ-ын бүрэлдэхүүндээ байх уу гэж  санал хураалгавал ямар дүн гарах бол. Бас Өвөр монголын өөртөө засах орны Шилийн гол аймагт санал хураалгаад үзэх юмсан гэж санагдах. Бас Хөлөн, Бойр нуур, Манжуурын  их тал Манлайбаатар Дамдинсүрэнгийн нутагт  санал хураалгаад үзэх юмсан. Ямар дүн гардаг бол гэж бодох шиг.  Гэтэл Казахстаны Назарбаев бас нэгийг бодож байгаа. Монголын  Баян-Өлгий аймагт санал хураалгаад дүнг Казахстаны парламентаар шийдвэрлэнэ гэвэл ямар дүн гарах бол. Ер нь хаа холын Крымийг Орос нь авна уу, Украин нь авна уу Монголд хамаагүй л дээ. Гэхдээ Крымийн  санал асуулгын үеэр  орос, татарууд хоорондоо хэрэлдэхдээ Монголын нэрийг хавчуулаад байх юм. Цөөнх үндэстэн татарууд санал хураалтад оролцохгүй гэхэд Орон нутгийн нэг орос дарга ”Татарууд тэр Монгол руугаа зайл “гэж хөөх жишээтэй. Оросын Думын нэг солиотой гишүүн орос үсгэнд байгаа “ы” бол язгуурын орос хэлэнд байдаггүй үсэг. Монголчуудаас орж ирсэн үсэг. “Ы”-г Оросын үсгийн тэмдэгтээс хасах хэрэгтэй гэж мэдэгдээд байх юм. Ядаж байхад Крымийн гэж бичихэд хүртэл  өнөө Монголоос орос хэлэнд орсон гэж ад үзэгдсэн “ы” үсэг нь  ордог нь юув дээ. Ер нь хоёр том улсын завсар хавчуулсан бид ч ухаантай байхгүй бол “крымдүүлэхэд” тун амархан болжээ. Путин манайхыг Крымдэе гэж зорих юм бол Монголын тэр нутаг Оросынх гэсэн ямар нэгэн гэрээ гаргаад ирнэ.  Хамгийн аймаар нь Оросын  энэ хүчтэй  дарангуйлагчийн өөдөөс хэн ч үг хэлж чадахгүй байна. Гэтэл “Путин гэгч энэ хүн чинь  сэтгэцийн хувьд эрүүл л байгаа даа та минь ээ”. Алдагдсан газар нутгаа эргүүлэн авлаа хэмээн духаараа харан мэдэгдэл хийхэд түүний өөдөөс хэн ч дуугарахгүй бүгд л нижигнэтэл алга таших юм.