Морин жил гараад удаагүй байхад манайд  олныг цочирдуулж айдас төрүүлсэн нэгэн үйл явдал болов. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо,  Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийнхан хамтран хүнсний ногооны 275  дээжид хийсэн судалгаагаар монголд тариалсан ногооны 40 орчим хувьд нь, бас БНХАУ-аас импортолсон ногооны 80 хувьд пестицид хэмээх  хорт бодис илэрч Сэлэнгэ аймгаас ирсэн дээжийн 55 хувь, Төв аймгаас 34 хувь, Өмнөговь аймгаас ирсэн дээжийн 33 хувьд нь бордооны орц, норм хэтэрсэн, өөр төрлийн хортой бодисын агууламж хэвийн хэмжээнээс илүү их байсныг хэвлэлийн бага хурал хийж  нийтэд зарлан тунхаглав. Ингэхдээ пестицид гэх бодис нь хүний төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг, дотоод шүүрлийн булчирхай, зүрх судасны тогтолцоонд нөлөөлөхийн дээр бэлгийн эсийг хордуулж,  ургийн гаж хөгжилд нөлөөлдөг гэдгийг судалгааны багийн  нэгэн багш хүн мэдээлэв. Энэхүү мэдээлэл  хэрэглэгч олонд огцом зуур айдас түгшүүр авчирч зарим нэг хэвлэлд намар болтол ногоо бүү хэрэглэ гэсэн уриалга гэх юмуу аль эсвэл сэрэмжлүүлэг ч гарав. Харин энэхүү мэдэгдлийг тариаланчид тун таагүй хүлээн авч хэвлэлийн хурал зарласан төдийгүй яам, тамгын зарим түшмэл радио, телевизээр пестицид гэдэг чинь бордоо биш, хортон устгадаг бодис хэмээн тайлбарлахыг оролдов. Ингээд л удалгүй энэ дуулиан хар аяндаа намжиж  буй бололтой. Гэтэл манай төр засаг, яам, тамгын газар нь энэ дуулианы талаар  одоо хүртэл  таг чиг. Уг нь Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нар эцсийн хариуг хэлэх ёстой.

Энэ ялдамд нэгэн хууч өгүүлье.  Хэдэн жилийн өмнө миний бие Тайваньд эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр мэргэжил дээшлүүлж байхад тэндхийн нэгэн нэр хүндтэй профессорын уншсан лекц санаанд буув. Эх газраас эзгүй шахам арал дээр дүрвэн очсон эхний жилүүдэд Тайвань одоогийнх шиг ийм өндөр хөгжилтэй байсангүй, яг л манайх шиг хүнснийхээ дийлэнх хувийг импортолдог байж Гэтэл хэн нэгэн этгээд импортын жимс хортой гэж зарлан үүнийг нь телевиз, хэвлэл мэдээллээр шууд цацсанаас болж бөөн шуугиан дэгджээ. Засгийн газраас холбогдох шалгалт хийлгэж энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг зарласан ч хэрэглэгчид итгээгүй аж. Жирийн худалдаачдаас аваад гадаад худалдаа, цаашилбал улсын эдийн засагт багагүй хохирол учрах аюул нүүрлэсэн нь  мэдээж. Ийм байдлаас түргэн гарахын тулд Тайванийн Засгийн газар хуралдаж Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд хоёр нь телевизийн дэлгэцнээ нөгөө “хортой” жимснээс идэж хоргүй гэдгийг нь  биеэр үзүүлсний дараа энэ асуудал нэг тийшээ болсон гэдэг. Хэрэглэгчид, олон түмэн гэдэг ингэж байж л итгэдэг ажээ.  Харин манай хэрэглэгчид өнөөдөр идэж буй ногоогоо пестицидтэй эсэхийг мэдэхгүй төөрөлдсөн хэвээр л яваа л  байлгүй.

Өөр нэг дуулианы тухай хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Хэдхэн хоногийн өмнө буюу 2014 оны 3-р сарын 21-нд Оллоо.мн сайтад  Клиникийн нэгдvгээр эмнэлгийн Зvрх судас, vе мєчний клиникийн нэгэн зөвлөх эмчтэй хийсэн “Herbalife” бол сүлжээний бизнес, эрvvл мэндийн талаасаа ч олон оронд хориглодог бvтээгдэхvvн” гарчигтай ярилцлагыг олж уншив. Сураг сонсохноо энэ ярилцлагыг зарим сонин, сайт шүүрэн авч цацсан бололтой. Уг ярилцлагад  тэнцвэржүүлсэн хооллолт, жин хянах болон гадна арчилгааны шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж  бүтээгдэхүүнээ таван тивийн  80-аад орон, түүний дотор манай улсад нийлүүлж  байгаа дэлхийн  томоохон компани болох Хербалайф (Herbalife)-ын үйл ажиллагаа,  дэлхийн 18 орны 20 гаруй нэр хүндтэй эрдэмтэд, түүний дотор Нобелийн шагналтан ордог бие даасан шинжээчид болон хамтран ажилладаг олон орны хараат бус эрдэм шинжилгээний байгууллагын судалгаанд тулгуурлан бүтээгдэхүүнийхээ найрлага, чанарыг туршиж тогтоодог,  ХБНГУ, АНУ, Өмнөд Солонгос, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй орны  шинжлэх ухааны байгууллагуудад хийсэн клиник судалгаагаар аюулгүй байдал, үр ашгийг нь нэгэнт нотолчихсон Хербалайфын бүтээгдэхүүнийг бизнесийн талаасаа ч дэлхийд хориотой, эрvvл мэндийн хувьд ч хориглосон бvтээгдэхvvн гэж тодорхой  нотолгоо, баримтгүй  зарласан нь гайхашрал төрүүлэв. Учир нь энэ брендийн бүтээгдэхүүнийг хориглосон тухай мэдээллийг хичнээн ч хайгаад олсонгүй. Тэгээд ч зогсохгүй ярилцлага өгсөн эмч маань  эрүүл мэндийн зохистой бодлогогүй, оюуны хоосролтой, шинжлэх ухаанч мэдлэг чадвар сул, хvн амын эрvvл мэндийн мэдлэг муутай орнуудын тоонд Монгол улсаа багтааж нутаг нэтнүүдээ үлэмж басамжлахын сацуу энэ компанийн бvтээгдэхvvнvvдийг хэрэглээд эрvvл мэндээрээ хохирсон хvмvvс олон бий, эрvvл мэндээ байг гэхэд сvлжээний бvтээгдэхvvн авч хэрэглээд мєнгє тєгрєгєєр хохирсон хvмvvсийг тоолохын аргагvй, бас “Herbalife”-ийн бvтээгдэхvvнд хvний биед сєрєг нєлєє vзvvлэх маш олон бодисууд байгааг тогтоочихсон гэжээ. Хохирсон, гомдсон хүн ганц нэг байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Гэтэл үүнийгээ батлах ямар ч баримт дурдсангүй. Харин өөрийнхөө ухаалаг сонголт, дэг жаягаараа хожсон нь хохирсноосоо   хавьгүй олон байгааг нотлох баримт зөндөө  олон байгаа шүү дээ.  Үүний хамгийн ойрын жишээ нь  манайхаас хавьгүй өндөр хөгжилтэй  Израйль улсын нэгэн эмч өөрийн орны болон Японы тамирчид Хербалайфын бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр амжилтанд хүрч байгаа талаар бидэнд хандан зөвлөснийг манай өөр нэг сайт дээр 3-р сарын 24-нд тавьжээ. 20 гаруй жил спортын эмчээр ажилласан еврей доктор, манай улсын нэгэн эмнэлгийн зүрх  судасны эмч хоёр ийм л зөрүүтэй мэдээллийг  ард түмэндээ нэгэн зэрэг  өгчээ. Хэнд нь итгэх болж байна аа? Монгол эмчийн айлдсанаар Израйль улс Хербалайфын бүтээгдэхүүнийг хориглосон улсын нэг гэнэ.  Сонин байгаа биз? Ардчилсан  нийгэмд хэн боловч үзэл бодлоо хэнээс ч хамааралгүй чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэвч “Юманд учир, суманд хичир ” гэсэн ардын үг  бий. Тэр тусмаа хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүний итгэл үнэмшилтэй холбогдсон асуудлаар хөндлөнгийн хүн  ярихад маш том хариуцлага бий гэж хүнс, хоол судлаачийн хувьд би боддог. Бодвол ярьсан, хэлсэн зүйлээ баталчих хангалттай баримт нотолгоотой болоод л ингэж зоригтой хэлсэн болов уу гэж залбиръя.

 “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн мэргэн үг бий. Бас учрыг нь олж хужрыг нь тунгаахгүйгээр амны зоргоор хамаагүй бурж болохгүй. Хербалайфын лавлах ном, бүтээгдэхүүний танилцуулга, эрдэмтэд, хэрэглэгчдийн санал бодлыг уншиж үзэв үү? гэж эрхэм эмчээс асуумаар санагдсан.  Ярилцлага өгсөн эмч маань  дэлхийд нэртэй  брэндийн бүтээгдэхүүнийг шууд борлуулах ажилд өөрийн сонголтоор оролцож байгаа олон мянган дистрибютерүүдийг (шууд борлуулагч) доромжилж  (Дэлхийд “Хербалайф”-ын 2,1 сая дистрибютер бий)  энэ хар бизнесийг хийж буй хvмvvс хэзээ нэгэн цагт бурханы гэсгээл хvртэх байлгvй дээ гэж хараасан байх юм. Бас мэргэжил нэгтнүүдээ сүлжээний бизнесийг рекламдаж мөнгөний төлөө явж байгаа хэмээн өрөвдөж буйгаа ч хэлж амжжээ.  Тангараг өргөсөн эмч хүнээс гармааргүй л үг. Хэдийгээр миний бие Хербалайфын дистрибютер ч биш ч  гэлээ олон жил хоол хүнс судалсан хүний хувьд  ийм  ёс зүйгүй мэдэгдэл  надад  нэг их таатай сонсогдохгүй байсныг өчих нь зүйтэй.

 Хүүхдийг галаар тоглуулж болохгүй гэсэн сургаал бий. Үүнтэй адил  хүний амьдралын суурь хэрэгцээ болсон хоол хүнс, амьдралын хэв маяг, хоолны дэглэмийн талаар хүн бүхэн анхаарч явах ёстой ч хэн дуртай нэгэн нь цэцэрхэж өөрийн үзэл бодлыг, эсвэл хэн нэгний захиалгыг бусдад тулгаж болохгүй шүү дээ. Өнөөдөр пестицидтэй ногоо, Хербалайфын бүтээгдэхүүн хэрэглэх, эсэхээ ухаант хүмүүс өөрөө таньж мэддэг болсон, сонголтоо хэний ч үг, ятгалгаагүйгээр бие даан  хийх  чадвартай болсон үе.

Эцэст нь  нэг зүйлийг нэмж хэлье. Эдүгээ орон орны эрдэмтэн судлаачид, ялангуяа эмч нар махан хоолноос татгалзах, зөвхөн вегетариан буюу ургамлын гаралтай хүнс (цагаан хоол), биологийн идэвхт бүтээгдэхүүн  хэрэглэх, түүнчлэн хүнсний зүйлийг зөв хослуулан (тэнцвэржүүлсэн хоол) хэрэглэх талаар  янз бүрийн санал дэвшүүлж байна. Ийм саналыг бид хүндэтгэлгүй яахав дээ. Гэхдээ бидэнд  өөрийн гэсэн түүх, соёл, уламжлалт зан үйл, монгол хүний давтагдашгүй онцлог бий. Монголчууд жилийн дөрвөн улиралд таван өнгийн идээгээ зохицуулан хэрэглэж, буянт мал сүргээ өсгөн арвижуулж үр шимийг нь ухаалаг хүртэж ирсэн соёлт ард түмэн. Бас тэгээд дэлхийд улам бүр нээгдэж байгаа ардчилсан орон. Юм үзэж нүд тайлж байгаа ард түмэн.  Хэн нэгний номнол, хар пиарыг дагаж уламжлалаа үгүй хийхгүй нь мэдээж.  Монгол хүн юу идэхээ хэнээр ч заалгахгүй.

Энэ ялдамд инээдэмтэй ч гэх юмуу нэг баримт сөхье. Хаанахын ч юм мэдэхгүй гадаадын нэг зохиолч, олон орноор явж хоол ундаа судалдаг хэмээн өөрийгөө пиардсан нэгэн дэлхийн хамгийн муухай 10 хоолны тоонд манай айргийг оруулж бичсэнийг саяхан интернэтээс  олж уншсан. Даанч дээ. Энэ хүний хэл амт мэдрэх чадвартай л байлгүй. Гэтэл нүүдэлчдийн соёл иргэншлийн бодит жишээ, дэлхийн аль ч улсад давтагдахгүй энэ гайхамшигт ундааны тухай, үндэсний амтын тухай  уншиж судлахгүйгээр ийм зүйлийг мэдээллийн хэрэгслээр цацдаг нь  юу юм бэ? Ёстой солиорол биш үү?  Америкчууд кока-колагаа, оросууд квасаа, францчууд бяслагаа ингэж бичүүлсэн бол лав зүгээр байхгүй. Үүн лугаа дэлхийн олон арван оронд бүтээгдэхүүнээ гаргаж олон жилийн туршлагаар нэрд гарсан Хербалайф компани ч дээрх ярилцлагын талаар  зүгээр өнгөрөхгүй нь мэдээж. Арыг нь даах мэдлэг чадвартай байж л олон түмэнд үзэл бодлоо хэлэх, тулгах хэрэгтэйг нутаг нэгтэндээ нөхөр ёсоор зөвлөе. Эсвэл тэр баталгаа, нотолгоо бий гээд  байгаа юм бол ил гаргаач ээ. Юманд учир, суманд хичир гэж бий. Харж л байя.

Дахин  давтаж хэлье. Мэдээллийн эрин зуунд  хар пиар хийж ард түмнийхээ амгалан тайван байдалд гай тотгор болохгүй явцгаах юмсан. Бид чинь аливаа сайн мууг ялгаж салгаж өөрийгөө зөв авч явах чадвартай болсон ард түмэн  шүү дээ.