Үе үе шинэ  хувцас, шинэ эмтэй адилаар улс төрийн шинэ хэллэг моодонд ордог. Жишээ: энд нууц зүйлүгүй, энэ утгаар нь, би ингэж ойлгож байна, гэх мэт. Сүүлийн нэг жил монголчуудын нэг нэгнийгээ намнаж, гутааж, айлгаж ичээдэг ганц үг бол Олигархи. УИХ-д олигархууд байна. Тэдний ард олигархууд байна. Олигархууд төрийн эрхийг авчээ. Олигархуудыг зайлуулая гэх мэт хэдхэн өгүүлбэрээр хоорондоо ярьж ойлголцох болсон. Гэхдээ харин нэг ч удаа чи  бол олигархи эсвэл олигархи бол тэр гэж хэн ч хэлээгүй. Яг л нөгөө Марксын хэлдэг коммунизмын хий үзэгдэл гэдэг шиг. Олигархи гэдэг эзэн биегүй боловч хаа сайгүй, хүн болгоны ард зогсож байдаг, зайлуулчихвал л монголчууд жаргачих гээд байгаа нэг тийм сүүдэрч юм шиг зэрэглээч юм шиг гэхдээ бодитой гэлцээд байгаа аймшигт зүйл байна гэнэ.

Анх оросуудаас энэ үгийг бид сурч авсан бөгөөд, тэр нь шинэ оросууд гэдгээс жоохон ялгаатай бололтой. Оросод бол шинэ орос гэдэг нь төрийн өмчийг луйвардаад огцом гэнэт баяжчихсан мэдлэг соёлгүй Иван дуракийг хэлнэ. Харин олигархи гэдэгт төр засаг, санхүүгийн хувьд хүчирхэгжсэн цөөн баячууд, эрх мэдэлтнээ хэлдэг бололтой юм. Уг үгийн латин үндэс нь ч гэсэн цөөнхийн засаглал гэсэн утгатай.

Монголд харин тогтсон ойлголт, эзэн биегүй боловч хүн болгон мэдээд хэрэглээд байдаг үг болжээ. Тэгвэл бид юуг эсвэл хэнийг олигархи гэж ойлгоод үүнийгээ хэн хэнтэй хамааруулж ямар үед хэрэглээд байгааг сонирхоё.

1. Том компаниуд, хөрөнгө мөнгөтэй хүмүүс гэж зарим нь хэрэглээд байх шиг. Тийм учраас УИХ олигархуудын гарт орлоо. Тэднийг тэндээс шахан гаргая ч гэх шиг. Женко Баттулга, Буян Жагаа, Бриж Ганхуяг, молекул Батбаяр, Голомт банк, МСS компани, Бодь групп, Монгол Тамхи Со, МАК, Монгол Газар,Петровисийн Оюунгэрэл гэх мэт хүмүүсийг, компаниудыг хэлээд байгаа юм болов уу. Энэ хүмүүсийн ихэнх нь өөрсдийн урт удаан хугацааны шаргуу хөдөлмөр, авьяас чадвараараа хөрөнгө хуримтлуулан улсын гол ачааг үүрэх болсон хувийн хэвшлийнхнийг төлөөлнө.

 Олигархи гэдэг нь тэгээд мөнгөтэй, хөрөнгөтэй хүнийг хэлж байна уу? Тэднийг зайлуулая, тэд л Монгол Улсыг баллаж байна гэсэн үг үү? Уншигчидын ихэнх нь, хэрэв пролетарийн хувьсгалыг эргэн санагалзагч л биш бол Олигархи гэж энэ хүмүүсийг хэлж, үзэн ядна гэж би бодохгүй байна. Тэд бол биднээс илүү сэтгэж, бүр илүү хөдөлмөрлөж хэний ч дэмжлэггүйгээр зориг сэтгэлээрээ, амжилтанд хүрч чадсан хэсэг маань. Бид харин ч тэднээс урам зориг, үлгэр аван ажиллаж амьдрах, бахархан хүндлэх хүмүүс маань биш үү.

 

2. Заримдаа олигархи, заримдаа төрөөс төрсөн тэрбумтан ч гэж цоллогддог хэсэг хүмүүс улстөрд бий. Шунхлай Батхүү, Бадамжунай, Ерөнхийлөгч Энхбаяр, Ерөнхий сайд Энхболд, Монголросцветметийн Бадамсамбуу , замын Буд гэх мэт хүмүүс сонгодог төлөөлөгчид нь болно. Өдөр тутам л тэдний хулгайлсан луйвардсан гэх хэргүүд сонингоор шуугиулж,  шүүх цагдаагийн шатандаа бүдгэрэн алга болж байдаг билээ. Энэ хүмүүс хувийн бизнес эрхэлж байгаагүй зөвхөн төрийн албанд сарын 70,000¥ цалинтай өдий хүртэл ажиллаж ирсэн гэх боловч ямар ч математикийн аргаар тооцоолоод, яаж ч нарийлж хуримтлуулаад олсон хураасан байж таарамгүй олон тэрбумын хөрөнгөтэй хүний бүхий л шинж тэмдэгийг үзүүлэн амьдардаг бүлэг этгээд юм. Наад захын жишээ хэлэхэд л хэдэн арван саяын үнэтэй цаг, хөөрөг, хэдэн зуун саяын байшин, адуу мал, машины цуглуулга, хэд тэрбумын хөрөнгө, сонгуулийн зардал гэх мэт. Хэрэв бид тэдний хулгайлж, луйвардсаныг  тогтоож чадвал тэд бол үнэхээр Олигархи гэж нэрлэх нь байтугай зөөлнөөр хэлэхэд жигшин зайлуулах ёстой этгээдүүд мөнөөс мөн. Хамгийн амархан арга нь тэднээр хууль ёсоор хөрөнгө орлогын мэдүүлэг бүрэн гаргуулаад тэрийг нь цалинтай нь жирийн нэмэх хасах аргаар харьцуулчих юм. Энэ бол бидний, иргэдийн, цагдаагийн газрын, авлигатай тэмцэх газрын ойрын үед заавал хийчих ёстой амархан ажил. Ялангуяа Авлигатай тэмцэх газрын үндсэн үүрэгт ажил нь. Бүр арга ядвал тэднийг 2008 оноос эхлэн УИХ байтугай төрийн ямар ч албанд 10 метрээс илүү ойртуулахгүй, сонгохгүй байх. Ядахнаа нэмж идүүлэхгүй байх.

Дээрх 2 бүлгийн аль алинд нь ордог Алтай трэйдингийн Сү.Батболд, Эрэлийн Эрдэнэбат гэх мэт хоёр гурван нутагтанууд ч байна.

 

3. Олигархи гэж заримдаа тодорхой хүн, компани биш харин улстөр, бизнес, хууль хүчний байгууллагын тодорхой бүлэглэлүүдийг хэлж байх шиг. Энэ бүлэглэлүүдийн үйл ажиллагааны хамрах хүрээ нь хавьгүй өргөн: улстөр хуулийн зохицуулга, авлига хахууль, эрх мэдлийн нөлөөлөлөө ашиглах, эдийн засгийн хууль ёсны ба хууль ёсны бус ажиллагаа, МАСЗХ мэт залуучуудын дайрах отрядууд, хүчний байгууллагуудын хамгаалалт, бүлэгийн хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тархи угаалт, тэр байтугай өөр өөрийн гэмт хэргийн бүлэглэлүүдтэй гээд тоочвол нуруу руу хүйт дааж айдас төрөм дүр төрх босч ирнэ. Товчхон хэлбэл яг л мафийн бүлэг гэсэн үг. Ялгаатай нь гэм хэрэгтнүүд биш улс төрчид энэ бүлэглэлүүдийг зохицуулж чиглүүлж явна. Энд нам, байгууллага хамаагүй зөвхөн бүлэглэлийн л эрх ашиг, гишүүдийнх нь л эрх мэдэл, хөрөнгөний шунал хүсэл гол хөдөлгөх хүч нь.

Азаар яг ийм баттай тогтсон бүтэц, тогтсон зохион байгуулалт бэхжин цэгцэрч амжаагүй байгаа бөгөөд зөвхөн ерөнхий дүр зураг нь л гарч эхэлж байна. Хамгийн биежэж, мафижих шинж төрх рүүгээ орж байгаа 3 бүлэг бий гэж бид таамаглаж байгаа нь: 1. Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний эхнэр Цолмон нарын бий болгосон бүтэц. 2. UBS нам буюу УВС нам гэж хүмүүс ил далд нэрлэх болсон УИХ-ын дарга Ц.Нямдоржын чиглүүлж явдаг бүтэц.(нам дамжсан онцлогтой) 3. Ерөнхий сайд М. Энхболдын толгойлдог хотын бүлэг. Монголд одоо ямар ч аавын хүү хэн байлаа ч, ямар ч хүчтэй том компани, сонин хэвлэл ч бай энэ 3 бүлгээс нэн их айж, битүү ширвээдэж явах болжээ. Хэн ч энэ тухай ам нээн илээр өгүүлэхээс ч зүрхшээнэ.

Энэ 3 бүлэглэл одоо цаашид жаахан л буруу тийшээ алхам хийвэл жинхэнэ мафи төрхөндөө орж Монгол орныг зайдалсан аймшиг болон хувирах гэж байна. Харин хууль ёсны хүрээнд лобби хийх, хууль ёсны эдийн засгийн харилцаа хийх, хүний ёсны анд нөхдийн харьцаанд тулгаарлан явах юм бол хамгийн хүчирхэг лобби бүлэглэл болон хувирна. Бид энэ жоохон Монгол улсад минь ийм хэтэрхий том нийгэм, улстөр, эдийн засаг, хүчний байгууллага, бас бус юм орсон бүлэглэл битгий байгаасай, бүх юм хуульд бичигдсэнээр яваасай гэж хэдий хүссэн ч энэ бол бидний хүслээс гадуур биежин амилж байгаа үзэгдэл. Иймд ядахнаа 2дахь зам буюу хууль ёсны лобби бүлэглэл хэлбэр рүү гээ яваасай гэж горьдож, хууль ёсны бус бүх арга зам, механизмийг нь таслах гэж оролдох л үлдлээ.

Дашрамд хэлэхэд УИХ-ын үйл ажиллагааны хүрээнд сонирхлын лобби бүлэг хуулийн дагуу бий болж ашиг сонирхлоо хамгаалж байх нь харин жам ёсны бөгөөд эрүүл үзэгдэл юм. Жишээ нь: спортын, пиво үйлдвэрлэгчидийн, эмч нарын, үндэсний үйлдвэрлэгчидийн ч гэдэг юм уу. Гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд.

Одоогоор бид Олигархи гэдэг үгний дор дээрх 3 ойлголтыг их төлөв хольж хутган эзэн биегүй хэрэглэж яваа байх нь.

Гэхдээ энэ 3 ойлголтоос илүү өргөн бараг л эртний энэтхэгийн каст шахуу нэгэн үзэгдэл бас биежэн амилж байгааг бид анхаарч болгоомжилох ёстой болов уу. Энэ нь хууль цааз үйлчилдэггүй, нэгнийх нь шунал луйврын хэмжээ хил нь зөвхөн нөгөөгийнхөөрөө л хязгаарлагдаж байдаг МАХН, АН 2-ын аль алиных нь дээд давхрагын гишүүд, эрх мэдэл бүхий дарга нараас тогтсон нэгэн бүлэг хүмүүс жирийн иргэдээс төс өөр хууль эрх зүй, бусад харилцааны орчинд амьдарч эхлэх болсныг цухас бас сануулах гэсэн юм.

Хэрэв баян ба ядуу, шударга ба шударга бусын хэт ялгаанаас дахин нилээн пролетаржсан хувьсгал гарч хатуу ширүүн эрс өөрчлөлтүүд хийхийг л хүсэхгүй байгаа бол эдийн засгийн өршөөлийн хууль гаргаж эдгээр хүмүүсийн олсон зөөсөн, нуусан дарсаныг ил болгон цаашид нэмж гэмт хэрэг хийлгэхгүй байлгах л ганц гарц байгаа мэт. Гэвч энэ этгээдүүд ийм өршөөлийг маань хүлээн авч эдийн засгийн өршөөлийн хуульд заасан хугацаанаас хойш хөрөнгө орлогоо ил болгож татвараа төлж эхэлж, цаашид луйвардахаа зогсоохгүй бол харин хуулийн хатуу гараар таслан зогсоох ёстой. Хөрөнгөтэй хүмүүс уул нь юмны хэр хэмжээг мэдддэг ухаантай байдагсан. Одоо болсон шүү.

 

2007 оны 3 дугаар сар 7