Ерөнхийлөгчийн санаачилсан “давхар дээл тайлуулах” хуулийн төслийг УИХ энэ пүрэв гарагт дахин хэлэлцэнэ. Уг нь өнгөрсөн намар хуульчилах ёстой байсан ч АН засварлага авч, түрүүчийн долоо хоногт шийдчихье гэтэл  “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан билээ. Ааг цоог хийж өдөр хоногуудыг цааш татсан улс төрийн завсарлага дуусна.  Дуртай дургүй ч асуудлаа хэлэлцэх өдөр хаяанд ирэв. УИХ-ын гишүүн атлаа Засгийн газрын гишүүний эрхийг давхар эдэлдэг 17 нөхрийн “хэмжээгүй” эрхийг хасах нь зүйтэй гэдэгтэй гурван саяулаа биш юмаа гэхэд дийлэнх хэсэг нь санал нийлж байгаа.  Харин тэд өөрсдөө үүнийг мэдрэхгүй байна. “УИХ гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших  ёсгүй юм бол тэр  хууль нь хэдийнээс эхэлж хэрэгжих вэ”  гэдэг асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд “давхар дээл”-тэй 17 сайдаар санал өгүүлэхгүй байхыг МАН шаардаж байгаа. Зөв. Сөрөг хүчин шударга санал тавьсан.  Харин  АН үүнийг зөвшөөрөхгүй байна.  УИХ –д  сонгогдож сайд болохоосоо өмнө гайгүй шударга мэт санагддаг байсан Ц.Оюунгэрэл сайд “Бид бол нийтийн эрх ашгийн төлөө сайдын албыг давхар хашиж байгаа. Тийм учраас орж саналаа заавал өгнө. Олон нийтийн эрх ашгийн өмнөөс кноп дарах л болно. Бидэнд сонирхолын зөрчил байхгүй ” гэж мэдэгдлээ. АН-ын бүлгийн дарга ч ийм байр суурьтай байгаа. Бүлгийн даргасаад байх юү байхав, АН-ын заримынх нь итгэл үнэмшил энэ юм. Тэгвэл УИХ-ын гишүүн  атлаа Засгийн газрын гишүүний цалинг давхар авч байгаа хүмүүст сонирхолын зөрчил байхгүй  гэвэл хэн итгэх юм бэ. Давхар цалин авч байгаа хүмүүст дор хаяж   эдийн засгийн сонирхол харагдаж байна. Ц.Оюунгэрэл сайд шиг сэтгэж байгаа хүмүүст хэлэхэд  “Нийтийн албыг хашиж буй өрөнд чинь төр цалин өгч байгаа хэрэг. Цалинг нь авч идчихээд сонирхолын зөрчилгүй гэвэл ёстой “хуц”...

“Шударга ёс эсвэл завсарлага авснаас хойш Засгийн газраас олон нийтийн дунд тархи  угаах ажиллагааг  дараах чиглэлээр явуулж  байна. “1996 оноос хойш Засгийн газар бүрт “давхар дээл”-тэй хүмүүс ажилласаар ирсэн. Юун сүртэй юм бэ...” Үнэн. Гэхдээ энэ давхар дээлийг тайлах ёстой. Яагаад гэвэл Засгийн газрын үйл ажиллагааг УИХ хянаж байх ёстой. УИХ бол Засгийн газрын дарга нь.  Гэтэл одоо 19 яамтай Засгийн газрын гишүүдийн  17 нь УИХ-д суудаг.  Тэд УИХ-ын чуулган болон бүлэг, байнгын хороодын хуралд  суухаараа Засгийн газрын бодлогоо тулгаж байгаа. Тийм учраас нь та бидний амьдрал  өдрөөс өдөрт уруудаж байгаа хэрэг шүү дээ.  Хэрэв сайд нар УИХ-ын гишүүн байхаа  больчих юм бол УИХ Засгийн газарт бодит  хяналт тавьдаг болно. УИХ бол ард түмний нэрийн өмнөөс төрийн эрхийг барьдаг байгууллага. Засгийн газар бол тэр байгууллагын дор байж ажил гүйцэтгэдэг аж ахуйн нэгж. Хэрэв ажлаа муу хийвэл УИХ “алгадаад унагаачихдаг”  байвал ядаж айсандаа ажлаа хийх юм даа, цаадуул чинь.  Одоо бол харин эсрэгээрээ УИХ-ынхаа өөдөөс Засгийн газар нь  занхайчихаад байна шүү дээ.