Засгийн газарт УИХ дүн тавив. “Танхимыг бүрдүүлж байгаа 19 сайдаас 17 нь УИХ-ын гишүүн сайдын  албыг давхар хашиж байгаа учраас  хэмжээгүй их эрх мэдэлд бялуурч ажлаа муу хийлээ.  Тиймээс энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс больцгоо та нар....” гэв. Энэ бол сануулга. Бас энгийн үнэн байв.  Харин энэ энгийн үнэнд Ерөнхий сайдаасаа эхлээд түүний кабинетийн гишүүд багтартлаа  уурсах юм гэж санасангүй...

УИХ дээр санал хураалт болсон өдрийн үйл явдлыг эргэн саная. “Давхар дээл-ийг тайлуулах нь зөв гэж кноп дарсан 35 гишүүнээс анхаарал татсан найман хүн л байгаа. Ардчилсан намаас Р.Бурмаа, Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт. Энэ дөрвөөс Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд  Х.Баттулга өөрөө өөрийгөө огцруулах кноп дарсан нь зүй ёсны дуулиан мөн. Одоогийн Засгийн газрын танхимыг бүрдүүлж буй“Шударга ёс” эвслийн Д.Батцогт, О.Баасанхүү, Л.Цог, Ц.Оюунбаатар нар мөн л“эсэргүү” санал өгсөн. Тэр өдөр Шадар сайд Д.Тэрбишдагва, Батлан хамгаалахын сайд “Анжнай” Д.Бат-Эрдэнэ хоёр  “зугтаачихсан”. Эвслийн Г.Уянга ч гэсэн санал өгөхөөс ичингүйрч танхимыг орхисон. Санал хураалтад оролцохоос татгалзсан хоёр бие даагчийг дүгнэх нь илүүц. Эндээс  харахад  Засгийн газар дотоод эв нэгдлээ аль хэдийнэ алджээ. Уг нь  кабинет нэг үзэл санаатай нэгдмэл зорилготой байх ёстой. Гэтэл дотор нь ажиллаж байгаа сайд нь санал хураалтад оролцоод бүр эсрэг кноп дарж байгааг юү гэж ойлгох вэ. Х.Баттулгын хувьд энэ Засгийн газрыг МАН-тай хамтарч унагаад дараагийн Ерөнхий сайд болох гэж байна гэдэг гэнэн дүгнэлт байндаа тусахгүй байна. Түүнийг нам нь дэмжинэ гэвэл үлгэр. УИХ дахь бүлэг дотроо үнэмлэхүй олонхийг бүрдүүлдэг “Алтангадас”  Х.Баттулгыг Ерөнхий сайд больё гэвэл “чи битгий хуц ” гээд л хөөгөөд гаргана.  Ийм байхад өөрийгөө огцруулах санал өгөх шийдвэр тун  сэжигтэй. Миний ажиглаж байгаагаар бол  МоАХ фракцийн удирдагч  нь Ерөнхийлөгч өөрөө. Энэ Засгийн газарт энэ фракцийн квотоор Х.Баттулга, А.Гансүх, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар сайдын суудалд тухалсан. Х.Баттулга бол МоАХ-ны Ерөнхийлөгч. Тийм болохоор өөрөө өөрийнхөө эсрэг кноп дарах удирдамж  Ц.Элбэгдоржоос ирсэн нь гарцаагүй. Гэхдээ энэ бол миний л таавар.   Нөгөө талаас хамтарч эрх барьж буй  “Шударга ёс” эвсэл ч Засгийн газрын үйл ажиллагаанд муу дүн тавьж байна.  УИХ-ын гишүүн Д.Батцогт бүлгээсээ гарлаа. Г.Уянгад   ч иймэрхүү бодол төрөөд л яваа  болов уу. Энэ бол “Шударга ёс”  эвслийн бүлэг задрахын дохио.  Эвсэл задарвал Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдсэн суурь нь цуурлаа л гэсэн үг.  Гэхдээ эвсэл задарсан задраагүй УИХ дээр эхний хэлэлцүүлгээ давж чадахгүй унаж байгаа Загийн газар цаашдаа ажиллаж чадахгүй нь тодорхой боллоо. Үүнийг засаглалын хямрал гэдэг юм...   Засгийн газрын 19 гишүүнээс 17 нь УИХ-д суудаг, бүлэг байнгын хорооны хуралдаа ирдэггүй, ирэхээрээ  дарамт үзүүлдэг, чуулганд суудаггүй, архи мөрийтэй тоглоом эргүүлээд алга болдог, уусан архиа шингээж чадахгүй шартдаг, шараа тайлахдаа бүдүүлэг авирладаг... Бөө мөргөл, зөн билгээр эдийн засагтаа дүгнэлт хийдэг... ард түмнээ  хоосон хоносон ч сайхан юм мөрөөд гэж загнадаг... Бөө бөөлдөг, гал тахьдаг, уул хаданд төөрдөг, гар хуруугаа хөлдөөдөг.... өндөг идвэл тансаг хэрэглээ гээд шоронд явж мэдэхээр...хувийн өмчийг булааж авахыг санаархдаг... хэвлэл мэдээллийн эрх чөлөөг мөнгөөр хаадаг... Хууль зүйн сайд нь хууль бус хэрэгт орооцолддог, түүнийгээ шударга ёсны төлөө хийж буй дайн хэмээдэг.  Эдийн Засгийн сайд нь танхимтайгаа бус   зөвхөн тэнгэртэй зөвлөдөг.  Дайн гарвал танк хүлнэ гээд  олс дээсхэн базаачихсан суугаа, үүнийгээ эдийн засгийг аврах төлөвлөгөө гээд нэрлэчихсэн. Нэгэнт тэгээд нэрлэчихсэн болохоор хэрэгжүүлнэ гээд зүтгэдэг. Төмөр зам, холбоо, банкаа Хятадын мэдэлд өгөхөөр сэтгэл шулуудсан. Монголын нэгдсэн төмөр замын сүлжээг өргөн царигаар тавина гэсэн УИХ-ын шийдвэрээсээ зөрж Хятадын нарийн царигтай төмөр сүлжээнд хэсэгчлэн холбохыг Засгийн газар зөвшөөрсөн, харилцаа холооны бүх холболтыг Хятадын  ZTE  компаниар хийлгүүлсэн,  “Bank of China”  –г оруулж ирж үндэсний банкуудаа үгүй хийх боломжийг нээж өгч байгаа гээд олон супер шийдлүүд энэ Засгийн газрынх.  Ерөнхий сайд нь хамаатнуудаа шалгаж буй АТГ-ыг ажил хийлгэдэггүй гээд зарладаг.   Ийм нэг онигоо байдаг, уншиж байв уу үгүй юү. “Гаалийн ерөнхий газрын дарга гаальчидынхаа дунд  “Авилгыг тэвчих 1 сарын аян” зохион байгуулах шийдвэр гаргажээ” гэж. Нэг сараас илүү тэвчиж чадахгүй тул үүнийгээ шинэчлэл, авилгатай тэмцэж буй дайн гэж бодсон тухай. Үүн шиг Ерөнхий сайд маань “Авилгатай тэмцэх газраас  таны охиныг Цэвэр агаар сангийн авилгын хэрэгт холбогдуулан  шалгаж байгаа гэж үнэн үү ” гэсэн сэтгүүлчийн асуултад “АТГ, Ардын нам хоёр ерөөсөө ажил хийлгэхгүй байна” гэж хариулсан юм даг.  Эрх баригчдын  өөг сайтар хайх үүрэг хүлээсэн  хоёрхон газрын нэг нь   АТГ. Нөгөөх нь УИХ-д цөөнх болсон  сөрөг хүчин. Тэд Н.Алтанхуягийн Засгийн газрын өө сэв болгоныг хайж  олоод ард түүмэнд мэдээлж байх ёстой.  Үүнийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь “өхөөрдөм”. Өхөөрдөм хөөрхөн зөндөө араншин Ерөнхий сайд болоод түүний танхимд бий. Өнөө маргаашдаа хангалттай харах учраас энд тоочиж юугаа хийнэ. Ингээд дуусгая.