УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийв. Санал хураалтад оролцсон 69 гишүүний 35 нь Засгийн газрыг огцруулахаар товчлуураа дарлаа. Хуулийн төсөл энэ хэвээр батлагдаж, ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм бол Засгийн газар хүссэн ч, эс хүссэн ч огцрох нь. Учир нь кабинетийн нийт гишүүдийн 50 хувь нь огцорсон /чөлөөлөгдсөн/, эсвэл Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар автоматаар тарж, шинээр томилогдсон Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлдэг.

Уг нь Ардчилсан нам өнгөрөгч 2012 оны сонгуульд оролцохдоо л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, түүний дотор 2000 оны УИХ-ын баталсан “дордуулсан” долоон өөрлөлтийг буцаах тухай ярьж байсан. Тэдний нэг нь “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсран хийж болох” тухай заалт. Үүнийг өөрчилж, засаглалын тэнцвэрийг хадгалах, парламент дээрээ “мордчихсон “ Засгийн газар, Засгийн газрынхаа урдуур орж ажлыг нь хийдэг парламент хоёрын аль алийг нь байр байранд нь тавих  тухай асуудал өмнөх УИХ-ын үеэс л яригдаж л эхэлсэн. Гэвч Ардчилсан нам УИХ-д олонхи болж чадаагүйн улмаас “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулж, үүний дараа энэ яриа тэгсгээд намжсан билээ.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд хоёр дахь удаагаа сонгуульд өрөлдөхдөө энэ сэдвийг дахин сөхсөн юм. Ингэхдээ “УИХ, Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлна” хэмээсэн нь олон нийтийн зүгээс ихээхэн дэмжлэг аваад зогсохгүй сөрөг хүчний хүчний хувьд аятайхан аян шалтаг болов. Хуулийн төсөл УИХ дээр анх орж ирсэн цагаас л “Гишүүдийн давхар дээлийг тайлья” хэмээн уулгалж бичсэн хэвлэлүүд хүртэл өөрсдөө “накаут”-ад орж, эргээд засаглалын хямрал, улс төрийг тогтворгүйтлийг зөгнөж эхэллээ. Эрээлж нэрэлхэлгүй хэлэхэд “унгасан хойноо хавчих” гэгч л болж байна. Учир нь хуулийн хэрэгжилтийг 2016 оны долдугаар сараас эхлүүлэх хууль санаачлагчийн төслийг УИХ дахь цөөнх 2014 оны долдугаар сараас эхлүүлэхээр өөрчилж дөнгөлөө. Арга нь тун энгийн. Байнгын хороон дээр нэг гишүүн ийм санал гаргаад унасныг нэгдсэн чуулган дээр “Зарчмын зөрүүтэй санал” нэрээр томьёолж оруулаад босгоод ирж байгаа юм. Цөөнхийн 27 дээр МАХН-ын дөрөв /О.Баасанхүү, Д.Батцогт, Ц.Оюунбаатар, Л.Цог/, Ардчилсан намын бас дөрвөн /Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт/ ”урвагч”. Сайн тал нь гэвэл нам дотроо ч болтугай нөхөр, дайснаа ялгаж салгаж авсан явдал.

Уг нь бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийж болохгүй гэдэг нь буруу ч юм биш л дээ. Зүй ёсны шаардлага. Гэхдээ хавсарч хийхэд ч гэсэн шалтгаан байсныг эргэж харах ёстой. 1996-2000 оны парламентын үед УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсардаггүй, Засгийн газар парламентын гаднаас томилогддог байв. Үр дүнд нь дөрвөн жилийн дотор дөрвөн Засгийн газар солигдсон юм. Энд хүчний харьцаа энд хамаагүй. Зүгээр л Засгийн газрын тэргүүн, эсвэл танхимын нэг гишүүнтэй холбоотой асуудал сөхөгдөж ирэх тоолонд ээлжээ хүлээсэн баахан өлөн ховдог нөхөд гарч ирээд, өөр өөрийнхөө хүнийг гаргахын тулд Засгийн газрыг огцруулдаг байв. Түүнээс биш өмнөх нь муу, арынх нь арай дээр байсан учраас тэгсэн юм биш. Зүгээр л Засгийн газар нь парламент дотроо ямар ч хамгаалалтгүй, хүчгүй байсан хэрэг.

Тиймээс 2000 онд МАХН УИХ-д үнэмлэхүй олонхи болж авангуутаа хамгийн түрүүнд хийсэн өөрчлөлт нь “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч хийж болно” гэсэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан билээ. Бас л өнөөдрийнх шиг “сайн санаж” хийсэн зүйл шүү дээ. Гэвч одоо үр дүнг нь хар. Засгийн газрын 19 гишүүний 17 нь парламент дотроо сууж байна. Засгийн газар парламент дотроо хэтэрхий нөлөөтэй ирэхээр нөгөө сул гишүүдээ авлигадаад, амыг нь таглаад, хааш нь ч хөдөлгөдөггүй гэдгийг өмнөх парламентууд харуулсан шүү дээ. Анх гишүүдийн тойрогт өгдөг байсан 10 сая төгрөг тэрбум төгрөг болтлоо өссөн. Харин хаа очиж энэ парламент Засгийн газрын гишүүдийн “давхар дээлийг” тайлж, дан дээлтэй бээрүүлэхээр боллоо. Гэхдээ л үр дүн нь бас л хангалтгүй.

Уг нь бол “парламент өөрөө өөртөө зориулж хууль баталж болохгүй” гэдэг соёл аль ч орны парламентад бий. Эсрэгээрээ өмнөх парламентынхаа баталсан хуулийн хүрээнд дараачийнх  нь парламент нь ажиллах болдог. Парламентын төлөвшил, хуулийн үйлчлэл урт хугацааны, тогтвортой байх гэдэг үүднээсээ тэр. Тэгэхгүй нэг парламент гарч ирээд өмнөх парламентынхаа эхлүүлсэн бодлогыг сууриар нь нурааж хаяад байвал юу болох вэ? Тэр ч байтугай зарим оронд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж буй парламент нь дараачийнхаа парламентын төсөв, гишүүдийнх нь цалин, хангамжийг хүртэл баталж өгөөд явдаг юм билээ. Харин манайд тэр ямар хамаатайв. Өрсөж идсэн нь аз, нэрэлхэж идвэл хохь болоод өнгөрдөг жишиг тогтчихсон юм чинь. Өнөөдөр ч гэсэн тэр л үргэлжилж байна л даа.

Одоо харахад УИХ дахь цөөнх, тэднийг дагагсад нэг их засаглалын тэнцвэрийг хадгалах ч юм уу, парламентын хяналтыг сайжруулах, Засгийн газарт овоохон ачаа үүрүүлэх зорилгоор гишүүдийн “давхар дээлийг” тайлах гэж яараагүй тодорхой болов. Хэдийгээр “Ерөнхий чиг үүргийн яамдын болон Ерөнхий сайдыг УИХ дотроос томилж болно” гэж байгаа ч тэд нь кабинетын нийт гишүүдийн гуравны нэгд ч хүрэхгүй. Тэгэхээр хууль энэ хэвээр батлагдвал Н.Алтанхуягийн Засгийн газар тэртэй тэргүй огцорч таарна. Дахиад шинэ Ерөнхий сайд томилох, тэр нь танхимаа бүрдүүлэх гээд бөөн дажин болно. Энэ хооронд “Шударга ёс” эвсэл засгаас гарах билүү /хамтарч Засгийн газар байгуулчихаад эргээд Засгийн газраа унагаахаар товчлуур дарж байгаа нөхөдтэй хэн дахиж хамтах вэ дээ/, МАН нь Засгийн газарт орох ч билүү. Аягүй бол арай олон гишүүнтэй /олонхи биш шүү/ Ардчилсан нам нь ч дотроо хагарч бутраад бөөн зодоон болно. Халбагаа долоосон баахан өлсгөлөн нөхдүүд л сайдын суудал руу дайрах нь л дээ. Юун нөгөө эдийн засгийн сэхэл сэвээ, хөрөнгө оруулалтыг урин дуудах, улс төрийн тогтвортой байдал энэ тэр вэ.

Тиймээс л хууль санаачлагч нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2016 оны шинэ парламентаас эхэлж хэрэгжинэ шүү гэдгийг хуулийн төсөлд тов тодорхой суулгаж өгсөн хэрэг. Эхлээд тоглоомынхоо дурмийг тодорхой болгочихъё, тэгээд энэ дүрмийнхээ дагуу тоглоно шүү гэж хэлж байгаа юм. Гэтэл тоглоом талдаа орчихсоны дараа хожигдож яваа тал нь гэнэт “Үгүй ээ, бид энэ дүрмээр тоглохгүй, одоо шинэ дүрэм зохионо оо” гэсэнтэй адил л юм болж байна.

Одоо ганц найдвар гэвэл өчигдрийн чуулганыг орхиж гарсан дөрвөн гишүүн, А.Бакей, Д.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Г.Уянга нар эцсийн хэлэлцүүлэгт ямар санал өгөхөөс Засгийн газрын хувь заяа шалтгаална. Үгүй бол дахиад л нөгөө хориг руугаа явна даа. Эцэст нь хуулиа ч өөрчилсөн юмгүй, хувьдаа ч хожоогүй юм болж дороо суугаад үлдэх биз. Тэгээд ч ер нь бодлогыг эрх баригчид гаргадаг болохоос сөрөг хүчин хийдэггүй юм.