“Монгол Аура” энергийн  төвийн тэргүүн Б.Сарандаваа гэж эмэгтэй бий. Тэрбээр  2500 хүний суудалтай  Бөхийн өргөөг фэнүүдээрээ дүүргэж хэтэвчээр нь мөнгө даллан хишиг буяны даллага авахуулсан  юм байх.  Б.Сарандаваагийн лекцинд сууж хэтэвчээрээ мөнгө даллавал баяждаг гэх сургаар 3000 хүн тус бүртээ  22 мянган төгрөгийн тасалбарын үнийг төлөөд ирэх нь тэр. Далласан зоргоор мөнгө ирж баяжсан эсэхийг бүү мэд. Ямартаа ч тэднийг буруутгах аргагүй.  Амьдрал хэцүүдээд ирэхээр л хүн гэдэг амьтан зөн билэг, бурхан тэнгэр, бөө мөргөл хайж хаа нэгтэйгээс ид шид гараад ирээсэй гэж хүсдэг нь жам билээ.  Харин Б.Сарандавааг муучилж тэнэг мангараар нь дуудах нь ихсэх хандлага харагдаж байна. Учир нь 2500 хүний суудлыг 22 мянган төгрөгөөр үржүүлэхээр 55 сая  төгрөгийн орлого олжээ гэдэгт нэг хэсэг нь атаархаж байхад хөөрхий мунхаг түмний сүсэг бишрэл дээр дөрөөлж ашиг оллоо гэж буруутгах  бүлэг бас байна. Гэвч хоёр тал хоёулаа  сэтгэл ханамжтай сална гэдэг гайхалтай...  Секст ч ийм боломж  хүн бүхэнд заяадаггүй.

Улстөрчдийн  рейтингийн  судалгаа байсхийгээд л гардаг. Одоогоор хамгийн өндөр нэр хүндтэй хүн бол Ерөнхийлөгч гэсэн. Гэтэл  Ерөнхийлөгч үнэгүйгээр ард түмэнтэйгээ уулзахад ийм олон хүн ирдэггүй.  Намынхаа салбар үүр бүрээс хүчээр шахуу авчраад ч  өдий хэмжээний хүн цуглуулахгүй.    Гэхдээ   Б.Сарандаваа шиг мөнгө авах биш бүр эсрэгээр нь  мөнгө төлөөд авчрах тохиолдол ч бий.  Энэ бол өнөөгийн манай нийгмийн үнэн дүр төрх. Улстөрчдөд, төр засгийн тэргүүнүүдэд  ард түмэн чинь аль хэдийнэ итгэхээ больчихсоны баталгаа бол энэ.   Өнөөдөр Засгийн газар эдийн засгийн хүндрэл (эдийн засгийн хямрал гэж болохгүй гэсэн ) -ийг даван туулах   100 хоногийн төлөвлөгөө  гаргачихаад байхад хэтэвчээр мөнгө даллахын дайтай сонирхохгүй байна. Тэгэхээр Засгийн газрын нэр хүнд  Б.Сарандаваагаас хямдхан байна аа л гэсэн үг.  Уг нь Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн  сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарын үгийг бүгд анхаарч сонсч ойлгож байх ёстой. Гэтэл нохой хуцсаны дайтай ч  анхаарал татахгүй байгаа нь сонин. Харин   Б.Сарандаваад бол итгэж найдаж байна. Энэ чинь л 20 гаруй жил  хайгаад байгаа нүцгэн үнэн гэдэг чинь шүү дээ. Ард  түмний дэмжлэг хаана байна тэнд л үг үнэтэй сонсогддог. Тэгэхээр  Б.Сарандаваа одоогийн Засгийн газарт хэрэгтэй хүний нэг яах аргагүй мөн байгаа биз. 

“Дэлхийн банкны суурин төлөөлөгч Эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзах гээд очиж. Харин Н.Батбаяр  сайд “За эдийн засгийн алуурчдаар юу байна ” хэмээн мэндэлжээ” гэж твитер хуудсанд би бичиж үзэв. Гэтэл “Ёстой үнэн үг хэлж”, “Н.Батбаяр сайд чинь харин шударга сайн хүн байна” гэх хүн цөөнгүй тааралдав.  Үүнийг таашааж байгаа хэсэг яах аргагүй Б.Сарандаваад харьяалагдах нь ойлгомжтой. Эдийн Засгийн хөгжлийн сайд нь “Эдийн засаг хямарч байна гэж үү ярь. Сайн байна гэж ярьвал сайн л байна. Муу гэж ярьвал муу л байна” гэж мэдэгдээд байхад  Б.Сарандаваад итгэсэн ард түмний буруу биш ээ.  Анхны Ерөнхийлөгч  П.Очирбатын хажууд төрийн их үзмэрч гэж байлаа.  Тэр хүн Ромбу гаригтай холбоо тогтоож нүдээ аньж хоёр гараа алдалчихаад  газрын тосыг хайж байсныг телевизээр гаргаж байсан цаг үе 20 –оод жилийн тэртээ хоцорсон гэж бодож байсан үгүй юм байна. Яг л хэвээрээ, бид харь гаригийн хөлөг онгоцонд суувал суучихаар, Ромбу гаригтай ярьвал ярьчихаар, бөө мөргөлөөр бүхнийг шийдвэл шийдчихээр цаг үедээ л амьдарч байгаа юм байна. Тиймээс Засгийн газарт Б.Сарандавааг балиашиглах цаг иржээ.