Оросод ардчилал, хувь хүний эрх чөлөө ирээгүй байна. Иртэл ч хол зайтай байх шиг. Харин ч эсрэгээр нь культ личность буюу нэг хүнийг тахин шүтэх ёс Сталиний үеийнх шиг сэргэн амилж нийтийг хамарсан психозийн төвшинд очиж байна. Энэ намаржингаа л бид орос орон даяар олон арван хот тосгонд нь мянга мянган хүн оролцсон Путинийг хайрлах, шүтэх, гуйх цуглаан хийхийг нь оросын зурагтын бүх сувгаар үзлээ.
Путин бол орос орны цорын ганц, ямар ч орлох аргагүй аврагч бөгөөд найдвар нь юм гэнэ. Ганц энэ хүн л орос орныг аварсан, эдийн засгийн хувьд босгосон, эмх замбараатай болгосон гэнэ. Түүнийг л ерөнхийлөгч хийхээ боливол эсвэл гай болоод ямар нэг юм тохиолдвол орос орон ямар ч авралгүй сөнөнө гэнэ. Орос орон Путиний өмнө сөхрөн мөлхөж 3 дахь удаагаа ерөнхийлөгчөөр үлдээч гэж гуйж, мөргөж байна. Түүний толгойлсон “нэгдсэн орос” улстөрийн хүчин ч төрийн Дума-н үнэмлэхүй олон суудлыг зөвхөн Путины нэрээр л авна гэж байна.

Оросын зурагтын 1-р сувгаар, хамгийн их хүн үздэг цагаар, бүх ард түмний хайртай ардын жүжигчид, киночид, эстрадчид нэвтрүүлэг хийж “бид яагаад Путинийг нээлттэй илэн далангүй, чин сэтгэлээсээ, шууд хайрлаж болдоггүй юм бэ” гээд дуулан уйлаж байна. Нэвтрүүлэгч нь сандраад хэн ч тэрийг чинь хориогүй байна хэмээн тайвшруулах гэж оролдсон ч ардын жүжигчид огтхон ч тайвшрахгүй хоороороо “үгүй ээ бүх ард түмнээрээ ил шууд хайрлаж яагаад болохгүй гэж” хэмээн уйлан чарлаж байна. Сталины үед оросод ингэдэг байсан үгүйг мэдэхгүй юм. Ямар ч гэсэн Цэдэнбал, Батмөнхийн үед ч монголчууд ийм олон нийтийг хамарсан нэг хүнийг тахин шүтэх солиоролыг чин сэтгэлээсээ хийх байтугай төсөөлж ч байсангүй.

Мангад ёоёотож байна. Улстөрд нь ганц Путиныг тахин шүтэж, гуйн мөргөж байгаа бол эдийн засагт нь зөвхөн 11-хэн хүн л том бизнес хийж улс орны аж ахуй, мөнгийг бүхэлд нь гартаа атгаж байна. Тиймээ, Путиныг хүрээлсэн 11-хэн эзтэн. Бусад нь шоронд орж, гадаадад дүрвэж, амь насаа зэрлэгээр хөнөөлгөж, эрэн сурвалжлагдаж, хамгийн азтай нь зүгээр дампуурч гудманд гараад амьд үлдсэндээ тэсгэлгүй баярлан бурханд талархаж байна. Алуулагсадаас их азтай нь 2-хон буудуулж, дунд азтай нь тамлуулж, аз муутай нь изотоп ууж хүнээс содон тонилж байна.

Улс орныхоо эдийн засгийг гартаа атгасан 11 мангад бол нилээд нь Ельцинээс Путинд өвлөж ирсэн онцгой эрхтэй олигархууд. Тэд агуу их Зөвлөлт Гүрний эдийн засгийн гол гол хүчин чадлыг зүгээр л бэлгэнд авч баяжсан хүмүүс. Хариуд нь Ельценийг ерөнхийлөгчөөр дахин сонгуулсан гэдэг. Гэнэт л нэг өдөр тэрбум тэрбум долларын хөрөнгөтэй болж, Форбсын жагсаалтанд багтахгүй чихцэлдэх болсон мангад. Эхэн үедээ тэрбум тэрбум долларынхоо хэдэн тэгтэйг ч сайн мэддэггүй байсан тул “шинэ оросуудын” гэх тодотголтой тоймгүй баян тэнэг хүмүүсийн тухай онигоо дэлхий даяар асар хурдан тарч, хэдэн зууны настай “иван дурак” хэмээх гэмгүй гүдэс тэнэг эрийг түүхийн тоосонд булсан хэрэг. Гэхдээ шинэ оросууд эхлээд тэгийнхээ тоо, зах зээлийн жам ёс зэрэг жижиг сажиг зүйл дээр л будилаад байсан болохоос биш уул нь адгийн тэнэг иван дурак биш тул арван хэдэн жилийн дараа өнөөдөр гэхэд бизнестэй нилээн төстэй ажиллагааг ямар нэгэн захиалгат аллага, тамлалт, заналхийлэлгүйгээр хийж сурч эхэлж байгаа гэнэ лээ. Алж хядаад ханаа ч биз, дуусаа ч биз.

Сөрөг хүчний дийлэнх олонхи нь тэртэй тэргүй Путин ба энэ 11 олигархийн гарт байдаг бөгөөд хэт давралгүй, “Нэгдсэн орос” гэдгээс арай өөр нэр аваад зөвшөөрөгдөх хэмжээнд сөрөг хүчин шиг царай гаргаж байвал эздээсээ санхүүжилтээ бас авдаг гэж байгаа. Энэ дүрмэнд нь ганц Каспаров нарын хэдхэн хүн л захирагдаж өгөхгүй байгаа боловч тэднийг тэртэй тэргүй орос ардууд ч бас тоодоггүй гэх. Тэгсэн ч Каспоров нараас зэгсэн жийрхэж жагсах үед нь нэг жагсагчид 5-6 цагдаа оногдохоор нягт тойрон хүрээлж байгаад болж л өгвөл барьж аваад хорьж, айлган сүрдүүлэх, худалдан авах гэж оролддог гэх. Харин Путиний эсрэг Путинээр хүлээн зөвшөөрөгдсөн Путины сөрөг хүчин нь бол одоо Дума-н сонгуулиар арчигдах гээд байгаа тул Путины талынхан нь албаар сонгуулийн дүнг будлиулж байгаад зарим сөрөг хүчиндээ босго давсан мэт дүн бэлэглэж Думад төлөөллийг нь байлгах гэж төлөвлөж байгаа гэх (орчуулбал манай ҮШН, Эрэл шиг л). Тэгэхгүй бол Дума нь 100% Путиний нам болчих гээд байгаа гэсэн.

Энэ бүх улс төр, эдийн засгийн байдлаас хамгийн аймшигтай нь энэ байдалдаа аз жаргалтай байгаа, Путиныг гуйн хайрлаж байгаа оросын ард түмний улс төрийн сонголт л байна. Газрын тос, хий, зэвсгийн үнэ тэнгэрт хадсан энэхэн чөлөөний сул мөнгөө Путин л орос аз жаргалыг канондоод цацчихсан мэт санаж, Орос орон дахин дэлхийн 2 дахь их гүрэн болчихлоо гэж эндүүрч байгаа мангад

Гэхдээ орост зөвхөн монгол угсаатнууд л гундуу ядуу амьдарч байна. 1992 онд ЗХУ задрахад мангадууд монгол бус бүх угсаатны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч 15 улс эрх чөлөөтэй болсон. Зөвхөн монгол угсааны буриад, тува, халимаг, алтайн ойрад, якут,татарууд л бүр ч илүү хяналттай, хамгийн ядуу гуйлгачин хязгаар болон үлдсэн. Заримд нь, жишээ нь Тувад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ЗХУ-д хамгийн түрүүн гарахад цэрэглэн дарж, бөмбөгдөн сөнөөсөн гэдэг. Каспийн нэг эрэгт нь Казахстан хагартлаа баяжиж байхад, нөгөө эргийнх нь газрын тосыг эзэмших ёстой халимаг монголчууд ядууран мөхөж байна.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан мангад Буриадын автономит Улс, Уст Ордын үндэсний тойрог, Агын Буриадын Үндэсний тойрог зэрэг буриадын болон Алтайн Ойрадуудын газар нутгын бүдэгхэн ч гэсэн хилийн дээсийг буулган Оросын захын мужуудад хавсарган нийлүүлэх хуулиуд гарган хэрэгжүүлж эхэллээ. Сайхан бэлэг байлаа. Монгол Улсын Төр засаг чив чимээгүй баяртайгаар хүлээн авлаа бэлгийг нь. Хүний урманд ган хийсэнгүй. 1992 онд ч, 800 жил өнгөрсөн ч монгол угсаатныг дарж байх ёстой гэж мангад өс санадаг бололтой. Уул нь буурь суурьтай түүхийн эрдэмтэд Монголчууд оросуудыг хэзээ ч боолчилж, колоничлож явсангүй. Харин ч тархай бутархай олон жижиг хот тосгод болоод нэгнийхээ хоолойг хэрчиж байхад нь зогсоож, 300 жил хяналтандаа вассал улс байлгахдаа нэгдсэн Орос үндэстэн, өнөөгийн нэгдсэн орос төр улсыг байгуулж өгсөн юм гэж дүгнэдэг. Мангад үүнийг ойлготол дахиад 100 жил болох байлгүй дээ.

Ийм л нэг танидаг ч юм шиг, огт танихгүй ч юм шиг мангадтай бид дахиад нилээн олон жил айл хөрш явах нь дээ. Оросууд хүн шиг мөнгөө барьж ирээд манай дүрмээр тогловол монголчууд хүлээж авах л байх. Харин гэрт орж ирээд гэрийн эзнийг шилдэж чирээд хойморын авдар уудлан, байгаа жоохон мөнгөн аяга, хөөргө төдийхнийг минь шууд түрийлээд эхэлбэл монголчууд боол шиг хүлцэн дуугүй сууна гэж үү? Ойрд олигархууд нь манай төрийн тэргүүнүүдийг сонгож тавьдаг хуучин сайхан сталинч уламжлалаа сэргээж эхэлж байх шивдээ. Зүгээр л шилэн дээрээс нь атгаж байгаад төрийн тэргүүний суудал руу чихэж орхиод өмнө нь гэрийн даалгаврыг нь хальт мульт орчуулгатай тап хийтэл хаячих юм. Нөгөөх нь ч ухаан зулаггүй яаран биелүүлж эхлээд л. Бид ч яахав арав хорин жил болоод дуусна, харин үр хүүхэд ач гуч минь эрх чөлөөтэй, омог бардам аж төрөх болтугай.

Монгол Төр, монгол түмнийг Тэнгэр ивээг.