НЭГ. Ардчилсан намын "түрхийдэг” өвчин

Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь Ардчилсан намын лидерүүд сууж байгаа. Монголчууд коммунист дэглэмээсээ салаад 25 жил болж байж анх удаагаа Ардчилсан намд бүрэн итгэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг нь Ардчилсан намд бүрэн шилжүүлсэн юм. Гэтэл Ардчилсан намын франкцууд дотроо алалцаад эхэллээ. Уг нь нэг зорилготой, нэг зовлонтой, нэг мөрийн хөтөлбөрт уягдсан Ардчилсан намынхан наанадаж нэр нүүрээ бодож, цаанадаж олны итгэлийг санаж яаж ийгээд л дөрөвхөн жил хоорондоо ноцолдолгүй тэсээд өнгөрөх ёстой. Ардчилсан нам дотроо хагарна шүү, хагардаг, бутардаг, хоорондоо ноцолдож, бие биенээ шорон гянданд явуулдаг “түрхийдэг“ хууч өвчтэй шүү. Энэ өвчин л Ардчилсан намыг нэг ална гэж мөн ч олон хэлсэн дээ. Энэ түрхийдэг өвчнөөр 1996-2000 онд анх өвдөж дөрвөн Засгийн газрын толгой аван, хэдэн сайдаа казиногийн хэргээр шоронд явуулж,  зарим нь алагдаж байж сонгуулийн хугацааг арай хийж дуусгасан гашуун түүх байдаг юм. Ардчилсан намыг ингээд хоорондоо ноцолдоод байхаар нь сонгогчид итгэл алдарч эргээд л хуучин МАН-ыг сонгочихдог. Ардчилсан намын  өвчин нь хөдлөөд эхлэв. Бүр цаашаагаа Засгийн газрыг огцруулах, хуулийн сайдыг шоронд явуулах дээрээ тулаад ирлээ. Хууль зүйн салбарыг шинэчилнэ гэж ам өгөн гарч ирсэн Ерөнхийлөгчийн шадар жанжнууд  Засгийн газар, Хууль зүйн сайд, Тагнуулын дарга, прокурор, цагдаагийн дарга, АТГазар нь хүртэл хоорондоо ноцолдоод бие биенээ уралдан ховлоцгоогоод ирлээ.  Тагнаж чагнасан, охид хүүхэнтэй орооцолдсон, би сайхан тэр муухай гээд ёстой нэг олны шившиг боллоо. Цаашдаа Засгийн газар дэнжигнэж, хуулийн салбарын шинэчлэлт будаа болж, энэ Засгийн газрын гол имиж бүтээн байгуулалт яг зогсох дээрээ туллаа.

Ардчилсан намын дарга байна гэдэг, Ардчилсан намын Засгийн газрыг авч явна гэдэг үнэхээр хэцүү ажил.  Ардчилсан нам бол анхнаасаа таван нам нэгдэж “Чи МоАХ, Би Мудняк, Алтанхуяг Соцдек” гэж хэрэлдэж өссөн улс төрийн гурваас таван намын нэгдэл. Дээр нь Ардчилсан хүчний холбоо, ”Нэг ардчилал” гэдэг залуучуудын фракц үүсээд Алтанхуягаас өөр хүн бол авч явахад бэрх олон толгойтой бууран тайлагтай том нам. Харин Алтанхуяг асар их хүлээцтэй парагматек хүн тулдаа өдий хүртэл тараагаад алдчихалгүй сонгуульд оруулж, тараагаад алдчихалгүй нэг хөтөлбөр хэрэгжүүлж, тараагаад алдчихалгүй гол нурууг нь барьж, олон сонгуульд ялж  яваа Ардчилсан намыг хурааж бүтэн явуулж байгаа ”сайн буур” юм даа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизээр  Монголын улс төрд үүссэн энэ  хямралт байдлын тухай сонгогчдодоо ингэж хэллээ. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэг.  Би даанч дээ энэ хэдийнхээ занг хэн нь ямар араншин гаргахыг мэдэлгүйдээ гэж хэлсэн.  Ардчилсан намын  дарга Алтанхуяг гэдэг буурны занга ч, хэдэн ингэ, ат тастаж хөөгөөд байдаг Ардчилсан намын бууран тайлагнуудын занг, унах босох зовлон жаргал бүхнийг амталсан энэ Ерөнхийлөгч мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ. Олон жил тэмээн сүргийн манлай явж өнгөрсөн сонгуулиар засуулчихсан МАХН гэдэг өвгөн буур хэнтэй ноцолдох гэж байгааг, МАН гэдэг буурны өнгөрсөн сонгуулиар хазуулсан шарх, сонгуульд  ялагдсаны ороо, өш, хонзон гараагүй байгаа зэргийг Ерөнхийлөгч Элбэгдорж олон жил тэмээ хариулсан сайн тэмээчин болохоор эднийгээ  мэдэлгүй яахав дээ.


    ХОЁР. Ерөнхийлөгч буурныхаа занг мэддэг сайн тэмээчин, Ерөнхий сайд Алтанхуяг ч  сайн буур юм


Хэнээс нь ямар араншин гарч хоорондоо ноцолдоод байгааг Ерөнхийлөгч сайн мэдэж байжээ. Ардчилсан намын зөрүүдлээд байгаа бүгдийг нь дуудаж ирээд үүрэгдсэн бололтой юм. Ардчилсан намын дур дураараа давхилдсан хуулийн том дарга ханд нь дарагдсан янзтай, УИХ-ын хаалттай хуралдаанд уравгархан сууж харагдсан. Ардчилсан намын дарга Алтанхуяг ч тэмээн сүргийнхээ гол нурууг сайн хураасан юм шиг. Ямар ч гэсэн Ардчилсан нам дотор тэр дундаа хуулийн байгууллага дотор бий болсон хэрүүл, хараалыг намжаагаад авсан байна. Хэрвээ Элбэгдоржоос  өөр  Ерөнхийлөгч байж буурныхаа занг мэддэггүй тэмээчин байсан бол өдийд тэмээн сүрэг ч тарчихсан, Тэмүүжин сайд ч огцорчихсон, Засгийн газарч уначихсан байхыг хэн байг гэх вэ. 1996-2000 онд Ардчилсан намын бүлэг казиногийн гэдэг хилс  хэргээр сайдуудаа шоронд өгөхгүй гэсэн боловч өөрийн гишүүд нь урвасан, бас тэр үеийн Ерөнхийлөгч өнөөгийн Ерөнхийлөгч шиг хамгаалаагүй цааш нь явуулчихсныг мэддэг хүн цөөхөн байх.  Сайн тэмээчин, сайн буур хоёртой бол тэмээн сүрэг бүрэн бүтэн тэнэгэр говь жаргалтай.


    ГУРАВ. Хамгийн дотно итгэлт хүнтэй нь алалцуулдаг харийн технологи

Монгол төрийн гурван өндөрлөг. Үндэсний аюулгүй байдлын гурван дарга, ер нь улс төр хийж явдаг бүх гишүүдэд нэг их харамсалтай мэдээ дуулгая. Би МАН-ын анхны Ерөнхий сайд Бодоогийн тухай ном бичих гэж элдэв өнгийн материал цуглуулж явна. Гэтэл  түүхийн харамсалтай баримт гарч ирлээ. Зөвлөлтийн тагнуулын албыг үндэслэгч, алуурчин Я.Г.Блюмкин, Г.Г.Ягодо гэсэн хоёр тагнуул зохион байгуулан Бодоо, Шагдаржав, Лувсанцэвээн, Да лам Пунцагдорж нарыг хэлмэгдүүлэн нэг довон дээр Сүхбаатараар буудуулжээ. Ингэж  Ардын намын анхны долоог бие биенээр нь алуулсан байх юм. 1990 оноос хойшхи бүх Ерөнхийлөгч хуучин байсан намынхаа нөхөдтэй муудсан байна. Анхны Ерөнхийлөгч Очирбатыг МАХН-ын нөхөд нь хамгийн их жигшсэн. Багабанди Ерөнхийлөгч, Энхбаяр хоёр яалаа. Нэг ордонд, нэг намд  багтахгүй болсон. Дараа нь Энхбаярт бүүр хүндээр тусаж шоронд орсон, хамгийн ойр тойрныхонтойгоо тангараг нь тонгорог болсон.  Та нар минь үүнийг анзаараач дээ. Аль ч намын ялгаагүй төрийн тэргүүнд гарсан, ялсан бүх нам, Ерөнхий сайдуудад энэ хор үйлчилж байна. Нэр цэвэр нам, нэр цэвэр намын дарга, нэр цэвэр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, нэр цэвэр улс төрийн хүчин, нэр цэвэр  УИХ-ын гишүүд гэж байхгүй болголоо. Энэ хэнд ашигтай юм бэ. Энэ бол харийн тусгай алба сайн ажиллаж байна гэсэн үг биш үү. Намаас сонгогдсон Ерөнхийлөгч намаа өгөлгүй намын гишүүн хэвээрээ байдаг  тэр цагт энэ заваан технологи алга болно гэдэгт итгэлтэй байна. УИХ өдөржин хуралдаж Ерөнхий сайд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Хууль зүйн сайдаа шоронд өгөлгүй аваад үлдэж чадлаа.

Ард түмэн нэгэнт Ардчилсан намыг сонгож төрийн гурван өндөрлөгөө өгсөн л юм бол дөрвөн жилд ажлыг нь хийлгэмээр байна.  Дуртай нэг гишүүн дургүй нэг сайдаа огцруулна гэж  элдэв үнэн, худал юм бичиж нийгмээр нь бужигнуулаад сар болохоор Засгийн газар хэзийд нь ажиллах вэ. Хамгийн гол нь монгол төрийг самууруулах харийн технологи яасан аймаар. Түүнийг ойлгохгүй манай улстөрчид бүүр хэцүү.  МАН-ынхан Тэмүүжин сайдыг заавал огцрооно, Засгийн газрыг төрийг хямраана гэж их өсөрхөж байна. Тэд яасан их заналтай, энэ хаанаас нь гарсан их хонзон бэ.