Удахгүй УИХ-д байгаа голлох хоёр хүчин МАХН, Ардчилсан нам тохиролцож ашигт малтмалын хуулинд дараах өөрчлөлтийг оруулах гэж байна: 34 хувь хүртэл гэснийг 34 хувиас дээш, 50 хувь гэснийг 50 хувиас доошгүй гэж. Өөрөөр хэлбэл, 34-100 хувь, 50-100 хувь болгоно гэнэ. Энэ өөрчлөлтийг Асгат, Тавантолгой хоёрт зориулж хийж байгаа гэх боловч Төрийн хууль тул бусад стратегийн 37 ордод ч мөн адил хүчин төгөлдөр үйлчлэх болно.
 Тэгвэл Оюутолгой, Тавантолгой, Цагаан Суваргаас эхлээд бусад бүх ордын 34 хувь, 50 хувиас дээш хувийг тухай бүрд нь 37 лиценз эзэмшигчтэй тохирч Төр авах уу? Эсвэл зөвхөн заримынх нь л хувийг авах уу? Ямар үед 34 хувь, ямар үед 100 хувийг Төр авах ёстой шалгуур нь юу юм бэ? Тухай бүр хэлэлцээрт орж буй хоёр талын субьектив үзэмжээр шийдэж байх юм уу? Тэгвэл их хувиа алдсан компаниуд барьцан шүүхдэж эхэлбэл Монголын төрд хариулт нь байна уу? гэхчилэн асар олон хариулахад хууль зүйн талаасаа нэн төвөгтэй байдал бий болно. Нэг мөр хувь тохирох журамтай нь, ордуудын жагсаалт дараалал цагийн хувиарьтай нь энэ хуулийн өөрчлөлтийг хийхгүй бол Төрд байгаа цөөн дарга нарын үзэмжээр олон том асуудал шийдэх гэж оролдсоноос бүр ч хуулийн дуусашгүй маргаан эхэлнэ. Асар том хэмжээний авлига авах бололцоог Төрийн нэр барьсан дарга нарт өгөх болно.

Нэгэнт Төр стратегийн бүх ордуудын 100 хувийг цуглуулаад эхэлбэл Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарт хувийн хэвшлийг шахан зайлуулж, Төрийн Монополь тогтоож байна гэсэн бодлогоо ил тод зарлавал зохино. Ингэж дэлхий нийтэд зарлачихсан улс орнууд Венесуэл, Боливи, Нигерээс авхуулаад ганц нэг байгаа. Тэд гэхдээ 80 хувь орчим хувийг нь нийгэмчилсэн. Эдийн засгийн гол гол салбарууд дээрээ ингэж Төрийн монополь буюу социалист өмчлөлийн хэлбэрийг тогтоох юм чинь нэг мөсөн хөдөө аж ахуйд Атрын аян- улсын том том сангийн аж ахуй, малчдын нэгдэлийг Төрөөс зохион байгуулж, хүнсний үйлдвэрүүдийг Төрийн Монополь хяналтанд авч, хувийн эмнэлэг, сургууль, ТҮЦ-үүдийг хуулиар хориглон хаавал зохистой.

Үүний дараа дэлхий дээр шинээр бүрэлдэн бий болж байгаа социалист лагерийн орнууд: Куба, Венесэүл, Боливи, Хойд Солонгос, Ираны ах дүү социалист орнуудтай хамтран ажиллах СЭВ-ийн гэрээг Монгол орон зоригтойгоор анхлан санаачлая. НҮБ-д ч гэсэн соц орнуудын блок байгуулж саналын багцыг нь Монгол орон толгойлвол зүйтэй мэт.

Эдийн засгийн энэ мэт социалист өөрчлөлтүүдээс гадна улс төр, хууль эрхзүйн хувьд хийх ёстой тулгамдсан асуудлууд ч бас байна. Юуны түрүүн Махн, АН хоёр эдийн засгийн коммунист үзэл баримтлалууд дээрээ тууштай байж нэгдсэн нэг Улс Төрийн Манлайлагч хүчнийг албан ёсоор байгуулан зарлах цаг нь нэгэнт болжээ. Монголын ард түмэнд ч амар. Ажилгүй зүгээр байж байгаад эрдэнийн ба эх орны хувь гэж баахан мөнгө аваад л. Манлайлан жолоодогч нэг л намын удирдлаган доор коммунизийн материал техникийн баазаа гүйцээн барих бодит боломж бий болно. Ашиг хайсан хувийн компанийн мөлжигчидийг даран сөнөөх цаг болжээ.

Энэ бүх өөрчлөлтийг 2008 оны сонгуулиас өмнө амжин хийх, эс чадваас ирэх таван жилд гавшгай хөдөлмөрөөрөө гүйцэлдүүлвээс зохих мэт.

Дашрамд дурдахад расизм гэдэг нь зөвхөн хятад хүн нохой хоёр орохыг хориглоно гэсэн цэцэглэлт хүрээлэн, хар арьст хүн сонгогдож болохгүй гэсэн сонгуулийн системийг хэлдэггүй. Монгол хүн ТҮЦ-с том бизнес хийж болохгүй харин канад, орос хүн болно. Орос хүн та тендергүй чөлөөтэйгөөр Асгатаас цалин цагаан мөнгө аваад ашгаа хийгээд өгөөч гэж УИХ нь хууль гаргахыг ч расизм гэнэ. Монгол хүнийг язгуур монгол гарлаар нь ялгаварлан дорд үзэж өмчийг нь хурааж, гадаад- орос Паушик, Бороо голдийн канадуудаас бол ядаж татвараа ч авч чадахгүй хүлцэнгүй доромжлуулахыг бас расизм гэнэ. Монгол хүн үргэлж 2-р сортын амьтан байж гадаад хүн- хятад, канад, америк хүнээс яг адилхан ажил дээр 10 дахин бага цалин авахыг Төр нь өөгшүүлэн зөвшөөрөхийг расизм гэнэ.

Расизм эрх чөлөөт нийгэмд байх хууль, ёс суртхуун, эдийн засгийн үндэсгүй бөгөөд зөвхөн дарангуйлагч дэглэм ба коммунист засаглалтай оронд л оршин тогтнож байдаг. Тэгэх тусмаа эх нутагтаа монгол угсаа гарвалаараа дорд үзэгдэх үзэл зөвхөн харийн колоничлогчид, тэдний хөлсний этгээд Төрийн удирдлагад гарсан үед тохиолдож болох үзэгдэл. Гэхдээ монголчууд тэгэж ялгавран гадуурхагдаж, худалдагдан доромжлогдож байдаг цаг өнгөрсөн. Монгол дахин мандан хүчирхэгжиж яваа эртний мэргэн буурал угсаатан.

Тэнгэр мэднэ.