Хорвоод хосгүй монгол ухаан гэж хөөрцөглөх хүн цөөнгүй байх юм гээч. Үндэс угсаагаараа бахархалгүй яахав. Гэхдээ юун ч даруу бус юм бэ дээ. Сайн бодвол тэнэг ч юм шиг. Тэр хосгүй ухаанаас миний мунхаг тархинд тоймтой юм заяасангүй. Тиймээс надад хосгүй ухаан гээд тоочих юм алга. “Монгол ухаан гэж базарваань дэлхийд байхгүй суут ухаан” гээд итгэл үнэмшилдээ бишрэх хүнийг хараад атаархдаг. Түүний мэдсэнийг би яагаад мэддэггүй билээ гээд. Би түүнээс дутахгүй гэсэн хор шарандаа нэг ч монгол агуу ухаан мэдэхгүй атлаа бас хааяа тэгж монголоороо бахархах дүрд тоглож, эх оронч сүрхий хүн болдгоо нуугаад яахав. Монголоороо онц ихээр бахархагч зарим үндэсний үзэлтэй баатар нүдээ аниад “Хосгүй монгол ухаан” гэж дүвчигнэх авч хосгүй монгол ухаанаасаа өчүүхнийг ч тайлалгүй оюун ухаан нь бүр алсад хоосон чанарт ч юм уу арилаад өгдөг. Монгол агуу ухааны зах сэжүүрээс чимхээд авъя гэж чих тавиад байхад барин тавин итгэгдэхээр ухагдхуун гаргалгаа нотолгоо гэх юм баригдахгүй явсаар миний нас өнгөрлөө. Монгол агуу ухаанаас ганцхан ч ойлголтгүй атлаа “Монгол ухаан агуу”, “Монгол ухаан шиг суут ухаан ертөнцөд байхгүй” гэж зарим үед худал онгирдог минь үнэн шүү. Ингэж худал онгирдог минь монгол агуу ухаан юм бол уу. “Алив тэр агуу ухаанаа тайлбарал” гэж гадаад хүн надаас шаардвал би юугаа хэлэх вэ. Улсын нууц гэж аргалах уу. Овтой гадныхан өдгөөг хүртэл хосгүй монгол ухаан гэх юм олж судлаагүйг бодоход монголчуудад уламжлагдаж ирсэн агуу ухаан гэж ерөөс байхгүй юм биш биз дээ таминь. Тийм тийм агуу ухаан байдаг гээд тодорхой хариулах монгол эрдэмтэн мэргэд байна уу? Нөгөө агуу монгол ухаан чинь энэ байна гээд унших судлах ном судартай би таарч явсангүй.    

Уг нь бидний агуу ухаан улсын үсрэнгүй хөгжил, өрх гэр үр хүүхдийн өв тэгш хүмүүжлээс харагдах учиртай. Гэртээ халуун ам бүлийнхээ дэг журмыг сахьдаггүй загалгаагүй айлын бүдүүлэг хэнэггүй эцэг эх үр хүүхэд улсын хуулийг алхам тутамдаа мөрдөнө гэдэг лөө лөө. Энд нөгөө агуу монгол ухаан чинь үйлчлэхгүй яагаад байна? Эдийн засаг хямарч өрний бөөс болоод байхад эв нэгдэлгүй төр засгийнхан ажлаа элбээд ахиулъя гэхийн оронд бие биеэ унагах гэж байнга хорон санаалж буйг хосгүй монгол ухаан гэхгүй нь лав. Хямрал, үнийн хөөрөгдөл, валютын чангарлыг давахын тулд агуу монгол ухаанаа яагаад өдий хүртэл ашиглахгүй хохирч хоосроод байна аа. Дэлхийд хосгүй монгол ухаанаа мэддэг нь мэддэггүйдээ тов тодорхой заагаад өгөөч. Сургалт явуулаач.    

Орчин үеийн монгол залуус хувцас хунар гадаад төрхөөр япон солонгос залуусаас дутахаа больжээ. Харин хувцаснаасаа цааш цаг ашиглах, зөв хооллох, эх орноо гэсэн нэгдмэл тэмцэл, биеэ зөв авч явах, хэлсэндээ хүрэх, ариун цэврийг сахих, ажилдаа үнэнч хандах, чанарыг эрхэмлэх гээд бүх асуудал дээр монгол хүн япон солонгос хүмүүсээс хол дутаж, тэдний доог болдгоо агуу монгол ухаанаараа таягдан хаях сан. Үүнийг бүх монгол иргэн сайн мэдэж буй. Гэвч энэ ялгаа, хоцрогдлоо арилгая гэж чармайхгүй давтаад байдаг нь гайхалтай. Нөгөө агуу монгол ухаан нь энд чухамхүү үйлчилмээр сэн.  

Нийслэлийн бид өөрсдийгөө Токио, Сөүлийнхэнтэй жишээд үзье. Бид хогоо хандсан зүгтээ хаялсаар хогондоо дарагдаад бүр яахын аргагүй болсон цагтаа олныг дайчилсан социалист маягийн их цэвэрлэгээ байн байн хийдгийгээ монгол хосгүй ухаан гэх үү? Хог цэвэрлэсэн хүмүүс явахдаа цэмцийтэл цэвэрлэсэн газартаа хогоо хаяад харьдгийг жинхэнэ монгол ухаан гэх үү? Монгол хүнд наалддаггүй агуу монгол ухаан гэж юу байна аа? Тодруулаад өгөөч. Үндэснийхээ тэр гайхамшгийг эзэмшиж дэлхийд сайхан харагдмаар байна.  

Мухар сүсэгтнийг залилж, аль байдгийг нь хамдаг хувилгаан бөө удган яавч агуу монгол ухаантан биш. Овоо тахих нэрээр газар дэлхий бохирлон сүйтгэгч найр наадам агуу монгол ухаан биш байлтай. Өвөл зуны хариг хайруу улиралд хурдан азнай тамлаж, эзгүй хээр мөрийтэй уралддаг уралдаан агуу монгол ухаанд хамрагдаж таарамгүй. Аймаг сумын ой, хонхны баярууд агуу монгол ухаан биш. Манжийн хааны хахууль болох тамгатай хутагтуудын хойд дүрийг тодруулах сунтаг шүүлт хэмээх марзан жүжгийг монгол суут ухаан гэж сүүлийн үед тахин шүтэх янзтай. Сунтаг шүүлтээр тодорсон гэх нэгнийг хилийн чанадаас далай лам аравнайлж баталгаажуулах нь суут монгол ухаан юм гэнэ. Бүтээн байгуулалтад төсөвлөсөн мөнгийг танаж хувьдаа завшаад чанаргүй барилга байшин, зам гүүр, уул уурхай, үйлдвэр, сургууль, эмнэлэг оромдоод тэр нь дорхноо эвдэрч дахин бөөн үрлэг зарлаг болдог тэнэглэл агуу ухаанаас гарамгүй. Нутгархаж, бүлгэрхэж хууль завшдаг агуу монгол ухаан гэж байшгүй. Алд зовлогоо хайрлаад барилга барих, зам тавих хар ажлаас халширдаг залхуучууд жагсаал хийж мөнгө нэхдэг, орон сууц нэхдэг. Үүнийг агуу монгол ухаан гэхгүй. Залхуучуудын увайгүй шаардлагыг дэврээж сонгуулийн санал бөөнддөг улс төрчдийг хосгүй монгол ухаантан гэж өргөмжилж буй нь харин үнэн. Гадаадын хөрөнгөтнүүд газар нутаг сэндийлээд баллаа. Тэднийг хөөж гаргая гэж хашгираад байсан чинь тэд гараад явчихсан. Тэгтэл гадны хөрөнгө оруулалт татарч мөнгөгүй гуриатав. Хамаг нүүрс хятадууд хамчихлаа. Тэднийг тэгж давраахгүй шүү хэмээн эх оронч цээжээ дэлсээд байсан чинь эцэст нь нүүрсээ хэдэн зоос болгож чадахаа болиод эдийн засаг унав.


МОНГОЛ ХАР УХААН

Монгол агуу ухаанаар бол бид ямар бодлого баримталбал хохирохгүй хожих байв аа? Гадны хөрөнгө оруулагчдийг колончлогчид гэж үздэг пролетарийн ангич намч угшлаар тэднийг хөөлгүй, мөн хаяа нийлсэн нүүрсний их зах зээлээ Оросын хатгаасаар Хятад гэж адлалгүй эртний монгол жинчин-наймаачны “тал алдахгүй түншилбэл унац нэмэгдэнэ” гэх хар ухаанаар хандах байж уу?

Агуу монгол ухаан гэж уг нь байгаа нь байгаа л байх. Өтгөсийнхөө суут ухааныг бид хэзээ тодруулж, тэр агуу ухаанаар хэзээ төр засгаа жолоодож, хүн амаа хүмүүжүүлж, тэр агуу ухаанаар хэзээ аж ахуй бүтээн байгуулалтаа хөтлөх юм бол. Монгол агуу ухаан гэж хий сүржигнээд байхаар эхлээд тэр ухаанаа бодитоор гаргаж ирээд агуу гэдгийг нь баримтаар нотлооч. Тэгээд тэр дэлхийд байхгүй суут ухаанаараа ард түмнээ хүмүүжүүлье.

Агуу ухаан гэж эртний монголчуудын хар ухаан гэж даруухан нэрэлснийг  арай хэлээд байгаа юм биш биз дээ. Жишээ нь дээр өгүүлсэн түншлэгчдээ тал алдахгүй үргэлж итгэлтэй нөхөрлөвөөс талуудын ашиг адилхан нэмэгдэнэ гэх ямар ч улс төргүй монгол хар ухааныг манай төр засаг, бизнесийнхэн мөрдлөгө болгон яс баримтлаад үзээч. Энэ хар ухаан эртний монголчуудаар түүхэнд туршигдаад, шалгарч үлдсэн хар ухаан юм чинь найдвартай байж таарна. Монгол хар ухаан оюуны баялаг гэвэл элэг нь хөшиж үхэх коммунист онолчдоор Монгол нэг үе дүүрсэн. “Нэгдэл, нийгмийн өмч хэрэггүй, эзэнгүй өмч үрэгдэнэ” гэж монгол хар ухаан өр зүрхнээс сануулаад байсныг тоолгүй бүх мал сүргээ нийгэмчлээд сүүлдээ яалаа? Гишүүн сайд байхыг монгол хар ухаан эхнээс нь шүүмжилсэн. Хавтгайрсан халамжны оронд ажилтай болгоод өгөөч гэж монгол хар ухаан 20 гаруй жил шаардаж байна. Хорвоод хосгүй монгол ухаан гэж дургүй хүрэм онгирч байснаас монгол хар ухаан гэж ярьж заншвал ядаж даруухан сонсогдох сон. Монгол хар ухаанаа сайн судалбал үнэ цэнэтэй сургамж ундарч магадгүй шүү.


ЭРХ БАРИГЧДЫН УХААН

Монгол хар ухаанаар бол өнөөгийн манай эрх баригчдад нэг аюултай өвчин байна. Тэр өвчин нь дахин дахин сонгогдох өвчин. Төр засгийн эрх дахин дахин барих гэж намаараа тэмцэхдээ юугаа ч хайрлахгүй. Гэхдээ эрх баригчид хувиасаа сохор зоос ч гаргадаггүйг хэнэггүй монголчууд тооцдоггүйгээс тэд дархлагдаад сурчихжээ. Эрх баригчид дахин сонгогдохын тулд эх орны баялгийг өчүүхэн ч гамнаж байсангүй. Өнөөгийн эдийн засгийн өвчлөлтийг монгол хар ухаанаар оношлоё гэвэл ердөө дахин сонгогдох өвчин. Өөр ямар ч шалтаг байхгүй. Гадаад хөрөнгө оруулалт, валют, үнэ гэх мэт нь зам зуурын бэрхшээл. Бэрхшээлгүй амьдрал гэж хэзээ ч байхгүй. Харин бэрхшээлээс шантралгүй хөлс, хүч, аргаар давахыг монгол хар ухаан номлодог.

Сар бүр хүн болгонд 21 мянган төгрөг бэлнээр тараахад ойролцоогоор 1,4 тэрбум ам. доллар оржээ. 1,4 тэрбум доллар 700-800 км төмөр зам тавих мөнгө гэнэ. 700-800 км төмөр зам тавих хөрөнгийг эрх баригчид дахин сонгогдохын тулд хахууль болгон цацаад дуусчээ. 21 мянгаар баяжсан иргэн, өрх өнөөдөр нэг ч алга. 21 мянгаас цааш сонгуулийн амлалт: хүүхдийн 10 мянга, 1 сая, 1,5 сая, шинэ гэр бүлийн 500 мянга, шинээр төрсөн хүүхдийн 100 мянга гээд явж өгнө. Энэ их хөрөнгийг эрх баригчид ард түмэндээ хайртай болоод тараасан юм огт биш. Өөрсдөө дахин сонгогдох гэж тараасан мөнгө гэдгийг иргэн бүр ойлгосон цагт улс төр эрүүлжинэ. Дахин сонгогдохын тулд цацсан энэ их мөнгийг баялаг бүтээх эх үүсвэр болгосон бол өнөөдөр манай эдийн засаг өвчлөөгүй, үнийн хөөрөгдөл үүсээгүй, валютын ханш өсөөгүй байх бүрэн боломж байжээ. Энэ ховорхон боломжийг эрх баригчид дахин эзэгнэх сэнтийн үнэ болгоод аманд ч үгүй хамарт ч үгүй салхинд хийсгээд хаячихсаныг дахин хэлье. Ард олноо ингэж цусгүй алчихаад та нар өнөөдөр ямар нүүрээрээ томроод байна вэ? Завилах нь жанжин шиг, залгих нь мангас шиг л сууцгаана.    

Ашигт малтмалын үнэ өндөр, Хятадын импортлох чадвар үсрэнгүй байсан таатай зурвасхан үед манай эдийн засаг 17 хувиар өссөн. Мөнгөний боломж гарсан энэ хоромхон зуурт төмөр зам тавьж чадаагүйн улмаас өнөөдөр тээврийн зардлын зөрүүгээс жилд 250-350 сая доллар алдсаар байна. Үүнийг хоёр жилээр тооцоход 500-700 сая доллар. Үүгээр 350 орчим км төмөр зам тавих байжээ. Таван толгой-Гашуун сухайтын 267 км, мөн Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн 46 км төмөр замыг тавиад цаана нь 40-өөд км төмөр зам тавих хөрөнгөө эрх баригчид дахин сонгогдохын тулд цацаад дуусгажээ. Мөн өмнөх эрх баригчид 2012-2013 онуудад орох орлогоос 800 орчим сая ам. доллар буюу өнөөгийн ханшаар 1,4 тэрбум төгрөгийг урьдчилж аваад тараачихсан нь төсөвт ноцтой дарамт болж буйг хэвлэлд шүүмжилсэн байна.

Ийм жудаггүй эрх баригчдыг ард түмэн хүндлэх үү, болих уу? Амин хувийн увайгүй шуналаа харанхуй масс мэдэхгүй гэж мунхаглана. УИХ-ын танхимд хамраа сөхсөн аархуу баячууд мулгуу тэнэг асуулт хариултаар цэцэрхэх нь гутармаар. Башир үгээр цэцэн болдоггүй, балмад авираар баатар болдоггүй гэдэг сэн. Бие биеэ ичээч гэж архиралдахын өмнө та нар бүгдээрээ ард түмнээсээ ичээч. Ард олны монгол хар ухаан та нарын толгой доторхийг ч мэдэж байгаа.     

2014-05-16