Уг нь тэнгэрт яваа унаа хөсөг онхолдох нь өдрийн од лугаа ховор үзэгдэл. Нисэх нь хүн төрөлхтний унаган мэргэжил бус болоод ч тэр үү  шинжлэх ухаан талаасаа бүрэн төгс шийдэж амжаагүй олон асуудал бий гэлцдэг.

Хамгийн сүүлчийн дуулиан гэхэд л Малайзаас ниссэн иргэний агаарын тээвэр яасан, хаачсаныг дэлхий даяа­раа хайгаад ер нь олох нь уу, үгүй юу дээрээ туллаа. Энэ байтугай юмны учрыг олдог болчихсон өнөөгийн цаг үед гэхэд хачирхалтай шүү. Тэгэхлээр энэ салбарт мэддэггүй чаддаггүй юм ганц нэгээр тогтохгүй байна даа.

Нислэг бүрийг тасралтгүй бөгөөд аюулгүй гүйцэтгэж байгаа боловч түүний ар талд бидний мэдэхгүй олон асуудал проблем овоорчээ. Тэгвэл сарын газрыг өдөртөө туулж очих бачим хэрэгцээ, захиалга улам л өсөн нэмэгдсээр байдаг.

Иргэний агаарын тээвэр нь дан ганц энэ чигийн байгууллагынхан хариуцаж хүчирдэггүй, төрийн бодлого, үйлчлүүлэгчдээсээ бас их шалтгаалдаг аж. Тухайлбал хаа хамаагүй онгоцны жолооч биш энгийн зорчигч нислэгтэй холбоотой эвгүй үгийг тоглоом наргианаар нисэх буудал дээр санамсаргүй амнаасаа унагах төдийд асуудал үүсгэн бүр баривчлах саатуулдаг тийм чанд олон улсын нислэгийн дүрэм журам байдаг юм билээ. Үгүй ээ би зүгээр л тоглоод хэлчихсэн ш дээ, юун сүртэй юм гэхэд дагаад инээхгүй, шууд утгаар нь хүлээж аваад л зохих арга хэмжээнүүд нь өрнөөд эхэлдэг. Нисэх дээр гар цүнхэнд өчүүхэн савтай үнэртэй ус, чүдэнз, хумсны хутга байвал хурааж аваад хогийн сав руу шидчихдэгийг хэн бүр мэднэ дээ. Энэ нь сүржигнэл биш цаанаа учиртай болоод л тэр.

Урьд нь тохиолдож бай­сан осол аюулууд дараагийн нислэгт сургамж болон бүрт­гэгдэж тэр дороо хуульчлагдах явц энэ салбарт дуусаагүй. Хүн байгалийн урт удаан түүхтэй харьцуулахад харьцангуй шинэ тоглоом агаад дөнгөж л нисч сурч байгаа гэсэн үг юм. Аль ч төрлийн нисэх хэрэгсэлд суухад үйлчлэгч өөдөөс тохиолдож болзошгүй муу ёрын юмнууд хэлж яах тухай заадаг. Түүнээ хэлбэрэлтгүй биелүүлэхийн тулд өчүүхэн сэжиг илрэх төдийд бүх ашиг орлогоосоо татгалзан ослын буулт хиймтгий. Энэ нь манайхны хэнэггүй зан ааш, бэлгэ дэмбэрэлтэй ерөөс авцалдаж өгдөггүй.

Манай зах зээл дээр аль хэдийнэ илүүдсэн баймаар өдөр тутмын 17 сонин өнөөдөр яах ч үгүй хэвлэгдээд болоод байхад уртаашаа гурав дөрөвхөн байдаг үндэсний агаарын тээврийн компанийн нэг нь  “Изинис Эйрвис” сая дампуурлаа зарлачихлаа. Аймаар чанга салбар учраас тэнд тэсэхэд хэцүү байсан байх. Засгийн мэдлийн “МИАТ”-ийн хувьд бөөн алдаг­далтай нүсэр орон тоотой гэсэн хэл амнаас салдаггүй дөжирчихсөн газар. Тэр нь дүүрч гэхэд нөгөө аймаар хариуцлага сахилга бат нь аль хэр байгаа вэ? Малайзын явдлаас болоод угийн хар сэртэй олон улсын онгоцны буудлууд илт анзаарагдахаар чангарсан байна билээ. Мэр­гэ­жилтнүүд осолдсон онгоцыг бензинээс болсон байж магад­гүй гэсэн дүгнэлтэн дээр буугаад байгаа. Онгоцыг “сум”-лаж, цэнэглэх нь бүр их хариуцлага, нарийн мэргэжил, дээд зэргийн нямбай байдал, тусгай тоног төхөөрөмж болсон газар байж таарнаа даа. Гадаад дотоодын хяналт шалгалт тасардаггүй, яршиг төвөгтэй учир бизнесийнхэн энд чихцэлдээгүй сийрэгхэн. Өөр санаа амар мөнгө цохих боломж бишгүй байгаа юм чинь.

Манай улсын хэмжээнд дотоод гадаадын онгоцонд шатахуун түгээдэг “А.Жет”, “Мэргэван” гэх хоёрхон “колонк” ажилладаг юм байна. Эдгээр компанийн техник төхөөрөмж, ариун цэврийг олон улсын “LATA” гэдэг байгууллага нь ирж шалгахад хэвийн байсан тул зөвшөөрлөө өгөөд буцжээ. Нэг үеэ бодвол бензин түлшийг газар газраас авдаг болчихоод шатахууны үнэ тогтворжиж олдоц ч сайтай болчихоод байгаа. Харин онгоцны түлшийг ганц газраас зөөсөн хэвээр байгаа нь өнөө л хариуцлагатай холбоотой. Хамаагүй энд тэндээс авбал холилдсон гээд хэн нь ч хариуцлага хуваалцахгүй. Ганц ширхэг чүдэнз аваад орохыг зөвшөөрдөггүй байж хаанаас ч хамаагүй бензин хийгээд давхи гэхгүй нь тодорхой. Бусад экспорт импорттой адилтгаж харвал онгоцны шатахуун өгөгч авагч хоёр гуравдагчийг хажуу­гаараа оруулахгүй байгаа мэт. Зах зээл дэх ганц хоёрхон буй сондгой салбар компани болгоныг монополь байж магадгүй хэмээн хавтгайд нь хардах ч хаашаа. Тухайлбал дээрх хоёр компани ганц газраас шатахуунаа тусгай зориу­лалтын машинаар ачиж ирээд Нисэх дээр мөн л өөрийн онцлог бүхий ёмксонд юүлнэ. Тэнд ирсэн шатахууныг 16 удаагийн нарийн шүүлтүүрээр дахин дахин шүүж, илүү хумхийн тоос ч үгүй баараггүй болгосны дараа онгоцны банк руу маш битүүмжилсэн байдалтайгаар цэнэглэдэг үйлчилгээ. Онгоцонд нь  “устай бензин” хийгээд тэнгэрт гаргачихвал эмзэгхэн мотор нь таг унтарч ямар ч аргагүй болох ба тийм харамсалтай тохиолдол ч бий. Онгоц төдийгүй бусад техникийн гэмтлийг өмнө нь үзэж шалгаад янзалчих боломжтой. Бензинээс бусдыг  газар дээр шалгаад явуулчихдаг болохоор дараа нь элдэв муу юм сонсогдвол хэн илүү хардагдах нь тодорхой.

Манай иргэний нисэхийн удирдлагууд сонин хэвлэлээр нислэгийн үйл ажиллагаатай холбоотой шүүмж гаргахыг эсэргүүцдэг байсан. Онгоцонд яваа зорчигчдын сэтгэл зүйд улмаар нисгэгчид нөлөөлж болзошгүй гэдэг. Худлаа л биш бол  техникийн аюулгүй байдал нь аль хэр байгааг харин ч нээлттэй байлгаж, төр иргэнгүй хамтдаа анхаарч сэтгэл зовох ёстой салбар шүү гэдгийг дэлхий даяар улам анхааруулдаг болчихлоо.

Тэгсэн чинь манайхан одоо үүнийг зөрөн онгоцны түлшийг энгийн шатахуун зөөдөг машинаар вагоноос тээвэрлэн буудал дээр ирээд онгоц руу шууд шахан түрүүн дээр дурдсанчлан элдвийн маяг мөрдлөгөөгүй “хүнд сурталгүй” хялбархан болгож байгаа гэнэ. Мөн онгоцны түлшийг олуулаа хувааж зөөнө шүү гэсэн зарчмын шударга шаардлагыг тавьж шинэчлэлийн засгаараа дэмжүүлж байна. Аялал жуулчлалын улирал эхэлж гаднаас доллар арвиждагийн  даваан дээр олон улсын агаарын тээврийн байгууллага манай энэ тээврийн салбар дахь өөрчлөлт шинэчлэлийг буруутгаж мэдэхээр байдал үүсчихлээ. Шинэчлэл нэрээр халхавч хийсэн хувийн ашиг сонирхлын булаалдаан үүсч бүр аль ч үгүй юм болчих вий дээ. “МИАТ” болон “Хүннү” компанийн хяналт сахилга бат хариуцсан удирдлагуудад халаа сэлээ явагдан хууччуул нь гарч болзошгүй осол, хэл амнаас айгаад бушуухан ажлаа өгч байгаа сурагтай. Зам тээврийн яам, Засгийн газар энэ салбарыг зориуд анхааралдаа авч гадуур шуугиад байгаа мэдээллийн үнэн худлыг цаг алдалгүй мэдэж шалгаж үзмээр юм бишүү. Агаарын тээвэр дэх сахилга баттай холбоотой зөрчлүүдийн өчүүхэн нь, аль нэг нь үндэслэлтэй байх төдийд л Засгийн газар онгоц­тойгоо хамт газарт пидхийх хангалттай шалтаг болно. Жирийн зорчигчид эхнээсээ онцын шаардлагагүй бол онгоцонд суухаас айцгааж, хувийн авиа компани хэмх шатан хаалгаа барьсан нь  лав үнэн юмдаг. Мөн үүний хажуугаар шатахуун нийлүүлдэг гадаадын тэр ганц газраас нь төлбөрөө урьдчилж төл, өмнөх өр чинь тэрбум долларт хүрлээ, крантаа хаалаа гэх болсон байна. Тэгвэл ч ёстой жинхэнэ хямрал нүүрлэж явгарч орхилоо гэсэн үг шүү.

Агаарт барагтай бол осол гардаггүй атлаа онгоцтой л холбоотой муу юм бүү дуулдаасай гэж төр засаг, ард иргэд бүгд санаа тавьдаг. Агаарын тээвэр нь л ингэж байгаа бол бусдыг нь яриад ч хэрэг алга гэдэг юм байна л даа. Харин энэ онцлогоор далимдуулан нисэхийн вант улс болтлоо даварсны тусгал энэ салбар дээр буучихаад байгаа.

Улс орон том жижгээс үл хамааран нийтээр мөрдөх орон тоо, тогтсон горимууд энд цөөнгүй бий. Тэрэн дээр нь Засгийн газар дэмжлэг үзүүлж, улс төр бизнесийн ашиг сонирхлоос хамгаалах үүрэгтэй.  Жаахан л анхаарлаа хандуулчихвал тэр нь аль юм бол гэж ойлгож ядаад байх оньсого шиг юм байхгүй.