Монгол Соёлын Төв, АНУ дахь Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулдаг Олон Улсын Монголч Эрдэмтдийн Бага Хурал өнгөрсөн 5 сард Вашингтон хотноо амжилттай болж өнгөрлөө. Найм дахь удаагаа болж буй энэхүү жил тутмын хуралд энэ удаа Монгол Улс, АНУ, ОХУ, БНСУ-ын 20 шахам эрдэмтэн, судлаач оролцож, Монголын түүх, Уран зохиол, Өнөөгийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудлууд, Боловсрол гэсэн 4 салбар хуралдаанд илтгэл тавьж, хэлэлцлээ. Мөн нэрт монголч эрдэмтэн Хангин Гомбожавд зориулсан тусгай хуралдааныг зохион байгуулав.

Хурлыг нээж АНУ-д суугаа элчин сайд Булгаагийн Алтангэрэл үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас гадаад дахь монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч байгаа, үүнд шинээр байгуулагдсан “Монгол судлалыг дэмжих сан” дорвитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд Монгол судлалын бага хуралд тавьж буй илтгэлийн чанар сайжирч байгаа, цаашид олон улсын Монгол судлалд хувь нэмрээ оруулахуйц арга хэмжээ болгон хөгжүүлэхийн төлөө ажиллахын чухлыг тэмдэглэв.

Салбар хуралдаан 1. Түүх

Түүхийн салбар хуралдааныг АНУ-ын эрдэмтэн, “Монгол нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч, доктор Алисиа Кампи даргалан явууллаа.

Эхний илтгэлийг ШУА-ын судлаач, доктор Оохнойн Батсайхан “1911 оны Үндэсний Хувьсгал ба Богд Жавзандамба Хутагт” сэдвээр тавив. Тэрбээр Монгол улсыг тусгаар тогтносон улс болгосон тэрхүү чухал хувьсгалд Богд хаан ямар үүрэгтэй оролцсон, хэрхэн удирдсан, Монголын анхны Засгийн газар ямар бүрэлдэхүүнтэй байсан зэргийг өгүүлээд, түүхэнд Богд хааны нэр ямар суурьтай үлдэх ёстойг тодотгон өгүүлсэн юм. Монголын бусад бүх Богдууд Бээжинд очоод ирэх замдаа бие нь муудан өнгөрдөг уламжлалтай байж. Харин Наймдугаар Богд ганцаараа Бээжинд очоогүй, тиим ч учраас урт насалсан аж. О. Батсайхан илтгэлдээ 12 сарын 29 бол АНУ-ын хувьд 7 сарын 4-тэй нь дүйцэх баяр юм гэх мэт зүйрлэл хэрэглэсэн нь америкчуудад юун тухай ярьж буйг нь ойлгуулах сонирхолтой жишээ болж байлаа.     

Смитсонианы Хүрээлэнгийн Арктик Судлалын Хүрээлэнгийн захирал, доктор Уиллиам Фитцхью “Буган чулуу, овоо, чулуун урлаг: Хөвсгөлөөс Монгол Алтай хүртэлх нутгаас олдсон археологийн шинэ олдворууд” сэдвээр илтгэв. Тэрбээр Монголын нутгаас олдсон буган чулууг Скиф, Пазырыкийн чулуутай харьцуулан, хэлбэр дүрс, хээ маягийнх нь ялгаа ба адил талыг гарган тавьсан нь сонирхолтой байлаа.

Түүхийн салбарын сүүлчийн илтгэлийг Улаанбаатар Их сургуулийн судлаач Хишигсүрэн Вонн “Дэлхийн монголчууд, тэднийг нэгтгэх гол хүчин зүйл” сэдвээр тавилаа. Хишигсүрэн монголчуудын дэлхий нийтэд тарсан үе шатыг 12-13-р зуун, 14-19-р зуун, Нэн шинэ үе хэмээн гурав ангилаад тус тусад нь авч үзэв. Түүний тооцоолсноор эхний хоёр шатанд хамаарах монголчууд 12 сая илүү байгаа бол нэн шинэ үед дэлхийгээр тархсан монголчууд 216 мянга байгаа аж. Энэ олон сая хүн өөрийгөө Монгол хэмээн үзэх , тэднийг нэгтгэх гол хүчин зүйл нь нүүдэлчин гарал, Чингис хааныг шүтэх үзэл, мөнх тэнгэрийг бишрэх үзэл зэрэг юм хэмээн тэрбээр илтгэлдээ дурдсан юм..

Салбар хуралдаан 2. Уран зохиол

Монголын уран зохиолын салбар хуралдааныг МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, доктор, профессор Чойсүрэнгийн Дагвадорж удирдан явуулав.

Эхлээд “Мон Судар” хэвлэлийн газрын редактор Дагийраазайн Нямдорж “Монгол аман зохиол дахь зохиомол үгсийн тухай” илтгэв. Нямдорж “Боо цоо хоёр- Зээ цөө хоёр, Талхий палхий, Гү Гү цулцан, Гүзээгүй цулцан, Яа Яа цулцан Ясгүй цулцан, Жий жий жимбүүхэй, Хай хай хамбуухай” гэх мэт оньсого болон ардын аман зохиолын бусад төрөлд байгаа зохиомол үгсийг “утга тодорхой, утга тодорхойгүй” хэмээн хоёр ангилаад, цаашид авиазүй, утгазүйн онцлогийг нь авч үзэн, хэрэглээнийх нь өвөрмөц шинж, утга зохиол дахь үүргийг нь тодорхойлон өгүүлэв.

Утга зохиол судлаач, орчуулагч доктор Саймон Викхам Смит “Монголын орчин цагийн утга зохиолд Веймарын БНУ-ын үзүүлсэн нөлөө” сэдвээр илтгэлээ. Д. Нацагдорж, Н. Наваан-Юндэн, Д. Намдаг тэргүүтэй Монголын сэхээтнүүдийг Герман улсад, Берлин, Лейпциг хотуудад сурч боловсорч байх үед тус улсад Веймарын БНУ ид мандан цэцэглэж, урлаг утга зохиолын шинэчлэл тохиож байсан ажээ. Саймон Смит Өрнийн судлаачид Веймарын үеийн Германы урлагийн шинэчлэл, үзэл санааг хэрхэн тодорхойлсныг тоочсон нь “модернизм, уран зөгнөл, хэв маягийн хялбаршуулал, психоанализ, секс-үхэл” байлаа. Ингээд эдгээр үзэл ид уран бүтээлээ туурвиж байсан монгол залууст нөлөөлсөн байх боломжтойг Д.Нацагдоржийн бүтээлээр жишээ болгон баталсан юм. “таван минут” болон бусад өгүүллэгүүдийг нь задлан шинжилснээс харахад үнэхээр Веймарын үеийн урлагийн шинэчлэл Нацагдоржийн бүтээлд нөлөөлсөн байж болох нь харагдаж байлаа. Тэгвэл бидний олон жил ярьсаар ирсэн Есениний “Од” Монголд буусан хэрэг огт биш, уран зөгнөл ид хүчирхэгжиж байсан 1919-1933 оны үеийн Германы утга зохиолоос үүдэлтэй “Од” байх магадлалтай аж. Ямартай ч энэ талаар манай утга зохиол судлалд өмнө огт яриагүй байсан тул энэхүү хуралд цоо шинэ сэдэв хөндөгдлөө хэмээн үзэж болохоор байна.

Яруу найрагч, орчуулагч Жамсрандоржийн Оюунцэцэг “Яруу найргаас чухам юуг орчуулж үл болох вэ?” сэдвээр илтгэлээ. Тэрбээр ямар ч яруу найргийг орчуулах боломжтой хэмээн үзсэн бөгөөд үүнийхээ жишээ болгож, өөрийнхөө орчуулсан хэд хэдэн шүлгийг эш татан ярив.  

Үдээс хойш хурлын нийт төлөөлөгчид Конгрессын Номын Санд айлчиллаа. Конгрессын Номын сангийн Азийн тасгийн Монгол-Төвд номыг хариуцсан мэргэжилтэн Сюзан Мэйнхэйт төлөөлөгчдийг хүлээн авч, зөвхөн Монгол ховор хуучин номын цуглуулга төдийгүй их танхим, уншлагын танхим зэргээ үзүүлэн, тайлбарлав.

Салбар хуралдаан 3. Өнөөгийн Монголын нийгмийн тулгамдсан асуудлууд

Хурлын хоёрдахь өдөр Нийгмийн тухай салбар хуралдаанаар эхэллээ. Хуралдааныг Монгол улсын Элчин зөвлөх Дамдины Гансүх удирдан явуулав.

Эхний илтгэлийг Хараат бус судалгааны хүрээлэнгийн судлаач Баярнямын Эрдэнэ “2008 оны 7 сарын 1-ний үйл явдалд хийх социологийн шинжилгээ” сэдвээр тавив. Тэрбээр 7 сарын 1-ний үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө уг явдалд оролцсон 25 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийснээс гадна хэдэн зуун гэрэл зураг, видео бичлэг, баримт бичгийг судалж үзсэн байна. Ингээд Смелзерийн хамтын ажиллагааны зан төлөвийн онолоор болж өнгөрсөн үйл явдлыг тайлбарлалаа.

Хуралд хамгийн холоос ирсэн зочид болох Бийск хот дахь Шукшины нэрэмжит Академийн судлаач Михайл Власов, Александер Беспалов, Ховд Их сургуулийн багш Түмээгийн Одончимэг нар “Баруун Монголын хүүхэд залуусын амьдралыг үзэх үзэл, үнэ цэн”-ийн асуудлаар илтгэв. Тэд Ховд, Баян-Өлгий аймгийн дунд сургуулиудаар явж, нийт 440 хүүхдээс судалгаа авсан байна. Энэхүү судалгаандаа үндэслэн монгол, казах хүүхдүүдийн амьдралын зорилго, утга учрыг үзэх үзэл, ялгаа, ижил шинж зэргийг гаргажээ.

Кентийн Коллежийн профессор, доктор Сунмин Юн “Улаанбаатар болон Хөдөөгийн дуу аялгууны ялгаа буюу гуравдагч орон зай” сэдвээр илтгэв. Тэрбээр нийслэл хотод урлагийн сургуульд явсан дуучид болон хөдөө гэртээ дуулж сурсан дуучдын ялгааг үзүүлэхдээ өөрийн хийсэн бичлэгийг сонсгож үзүүллээ. Бор борын бялзуухай, Үүлэн бор зэрэг дууг өөр өөр дуучид өөр өөрийн хэв маягаар дуулж буй нь сонирхолтой байв. Үүний дараа ардын урлаг, хөөмий, морин хуур зэргийг поп хөгжимтэй хослуулан хэрэглэж буй жишээнээс үзүүлээд энэ нь үнэхээр шинэчлэл мөн эсэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Нийгмийн салбар хуралдааны сүүлчийн илтгэлийг Хараат бус судалгааны хүрээлэнгийн судлаач Ц. Болд “Уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийг тойрсон социаль асуудлууд” сэдвээр тавилаа. Тэрбээр Оюу толгой, Таван толгойн уурхайгаас том оврын машинаар нүүрс тээвэрлэдэг жолооч нарын амьдрал ахуй, нийгмийн асуудалтай биеэр очиж танилцан судалгаагаа хийсэн байна. Ингээд жолооч нарын хоорондын болон орон нутгийн иргэдтэй үл ойлголцох зөрчил, шалтгаан зэргийг тогтоож, хүүхдийн боловсрол, гэр бүлийн байдал, цалин хөлс зэрэг нийгмийн асуудлуудыг нь гарган тавьсан юм.

Хууль тогтоомжийн үзэсгэлэн

Хурлын үеэр миний бие 1920-иод оны үед гарсан Монголын хууль тогтоомжийн цуглуулгаа олонд сонирхуулав. “Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкийн дүрэм”, “Вексель хэмээх өр төлөх баталгааны дүрэм”, “Аливаа хүч үнэлэгчдийн тухайн дүрэм” зэрэг 22 хууль, дүрмийн Монгол бичгээрх уг эхийг хуралд оролцогчид үзэж сонирхлоо.

Салбар хуралдаан 4. Нэрт Монголч эрдэмтэн Хангин Гомбожавд зориулсан хуралдаан

Өдгөөгөөс хорин таван жилийн өмнө нэрт монголч эрдэмтэн Хангин Гомбожав таалал төгссөн билээ. Тиймээс Хангин Гомбожав гуайн үүсгэн байгуулсан Монгол-Америкийн Соёлын Нийгэмлэгээс Монгол Соёлын Төвтэй хамтран их эрдэмтэнд зориулсан тусгай хуралдаан зохион байгууллаа.

Эхний илтгэлийг Хангин Гомбожавтай хамт тус нийгэмлэгийг анх үүсгэн байгуулж байсан, өдгөө Ерөнхийлөгчөөр нь ажиллаж буй доктор Санж Алтан тавилаа. “Хангин Гомбожав - 25 жилийн дараа” хэмээх илтгэлдээ тэрбээр эрдэмтний намтар, амьдрал, уран бүтээлийн талаар танилцуулаад Монгол улсыг НҮБ-д элсүүлэхийн тулд хэрхэн хичээн зүтгэж байсан, АНУ-д монгол судлалыг үүсгэхэд ямар хувь нэмэр оруулсан талаар нь дэлгэрэнгүй ярилаа.

Доктор, профессор Ч. Дагвадорж Хангины Гомбожав гуайн бичсэн “Зангиа” хэмээх сонирхолтой шүлгийг задлан шинжилснээ илтгэлээ. Монгол бичгээр таталган бичсэн энэхүү шүлэгтээ Гомбожав гуай эх хэл соёл хүний амьдралд хэр чухал болохыг уран ёгт аргаар үзүүлсэн байна.

Дараа нь үүнийг бичигч миний бие Хангин Гомбожав гуайн монгол хэл шинжлэлтэй холбоотой бүтээлүүд буюу Монгол -Англи толь бичиг болон монгол хэл сурах бичгүүдийнх нь талаар илтгэлээ. Эцэст нь Хангин Гомбожав гуайн үүсгэн байгуулсан бас нэгэн байгууллага болох “Монгол нийгэмлэг”-ийн  Ерөнхийлөгч, түүний шавь Алисиа Кампи багшийгаа дурсан ярив.

Салбар хуралдаан 5. Боловсрол


Доктор Оохнойн Батсайханы удирдан явуулсан энэхүү салбар хуралдааны анхны илтгэлийг Хараат бус судалгааны хүрээлэнгийн судлаач Лхагвын Мөнхбат “Төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг оюутны сурах идэвхэд нөлөөлөх нь” сэдвээр тавив. Түүний судалгааны дүнд эргэн төлөх болзолтойгоор олгож байсан зээл нь оюутны сурах идэвхэд сайнаар нөлөөлж байсан бол ямар ч шалгуургүйгээр хавтгайруулан олгож байгаа тэтгэлэг тэтгэмж нь үр ашиг багатай байгаа юм байна.

Удаах илтгэгч Гүнсэнгийн Монголхатан “Таван настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын харьцуулсан судалгаа” хийснээ илтгэлээ. Тэрбээр зөвхөн хүүхдүүд төдийгүй, багш, эцэг эхчүүдтэй уулзан, ярилцаж, дасгалын аргаар судалгаагаа явуулсны эцэст ярих бичих чадварыг нь тодорхойлон цаашид хэрхэх талаар зөвлөгөө дүгнэлтээ гаргасан байлаа.

Энэ өдрийн болоод  хурлын сүүлчийн илтгэлийг Гандантэгчинлин хийдийн гэвш лам Даваанямын Лувсанжамц “Гэвш Лхаарамба Агваандандарын Монгол, Төвдийн хэл соёлд оруулсан хувь нэмэр” сэдвээр тавьснаар энэхүү Монгол судлалын хурал амжилттай өндөрлөлөө.

Хурлын дараа элчин сайд Б. Алтангэрэл төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалт хийсэн бөгөөд маргааш өдөр нь Монгол Соёлын Төвөөс судлаачдыг салхинд гарган, зугаалга зохион байгуулав.