Ядуу амьдралын чинь зулай дээр
Өстөн ингэж суугаад
Ярганы мэс үсэнд чинь билүүдэж суухад нь
Ялалтын зэвсгээс зугтаж
Инээж суухыг чинь хараад
Яаж чи инээлцэх юм бэ?

Р.Чойном



    Ирсэн нийтлэл

Би одоо монголын радио шиг иргэдийн явуулсан нийтлэл Нийтэлдэг боллоошд. Нээрээ ингээд олон хүн юм нийтлээд өг гээд хандаад эхлүүл мөнгөөр тавьдаг болноо. Тэгвэл ажлаасаа гараад шууд уул уурхайруу орноо. Намайг баяжуулаач.

Өнгөрсөн хэдэн өдөр Facebook, Twitter-ээр Газрын тухай хуулийн талаар хүмүүсийн дунд талцсан, бие биенээ буруутгасан, зөвтгөсөн "хэрүүл"-ийн шинж чанартай яриа, ярилцлага, сэтгэгдлүүд, мөн Төр засгийн хүмүүсийг "хардсан" мэдээлэл явж байна. Монголынхоо нийт залуучууддаа хандаж өөрийн үзэл, бодлоо бичиж байна.

    Залуучуудаа сэрээч...


Бид Монгол улсаа Залуусын орон гэж ярьдаг, бичдэг, ойлгодог, бахархдаг. Гэвч нөгөө залуус маань хаана байна? Газар нутгийг маань олон жилээр гадаадын иргэдэд өгөх гэж байхад чим чимээгүй хярсан туулай шиг бүлтэгнэн, чимээгүйхэн өдөр хоногийг өнгөрөөнө вэ?

Ахмад үеийнхнийхээ буянаар бид нар асар том "хавх"-нд орох гэж байна. Залуучууд нь үеэ өнгөрөөсөн, авилгалд идэгдсэн өвгөчүүдээс айгаад нүдээ ч хөдөлгөж чаддаггүй. Бодох бодол, хийх үйлдлээ бусдаар заалгасаар залхахгүй байна уу? Мөнгө, эрх мэдлийн төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй муу хүмүүсийн далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явахаасаа ичих цаг болжээ найзуудаа. Энэ хүнд дөнгөнөөсөө гараад үеийн залуусаа уриалж хамтран тэмцэх цаг болжээ залуусаа.

Монгол залуучууд маань ийм арчаагүй, зориггүй, зүрхгүй болчихсон юм уу? Ямар нэгэн хууль зөрчөөгүй, хүн гүтгээгүй, доромжлоогүй зүгээр л УИХ-н гишүүдийг сонгосон сонгогчийн хувиар асуулт асууж, хариулт авч, шаардлагаа тавихаасаа айдаг болчихсон юм уу? Яагаад ингэтлээ их айгаад байдаг юм бэ?

Муусайн хятадууд гэж ярихаараа бөөн ид бахтай баатар шиг бараг л өөрөө Чингис Хааны цэрэгт байлдаж явсан хүн шиг барин тавин ярьдаг атлаа яг цаг нь ирэхээр "Сүү долоосон гөлөг" шиг чимээгүй болчихдог ямар арчаагүй юм бэ? Та нар мартаагүй бол саяхан тэр аймхай хятадууд чинь Синкаку гээд жижигхээн арлын маргаанаас болж эх орныхоо газар шорооныхоо төлөө гээд тэмцэж байсан. Тэгэхэд бүхэл бүтэн 1.5 сая км квадрат нутгийн чинь тухай ярьж байхад монгол залуус байхгүй. Манай Чингисийн Баатрууд маань хаачсан бэ? ОХУ-д сурч байсан ахмад үеийнхэн Вьетнамуудыг "төлөг" гэж дууддаг байсан гэдэг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө тэр "төлөг"-үүд чинь улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах ёстой гээд тэмцсэн. Энэ хаваржингаа Тайванийн оюутан, залуус, ард иргэд засгийн газрынхаа БНХАУ-тэй байгуулах эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг эсэргүүцэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж төр засгийн шийдвэрт нөлөөлж байна.

    Уриалга


Залуучуудаа бид Монгол улсыг ирээдүйд авч явна. Бидний цаг үе ирж байна. Одоо төр засагт ажиллаж байгаа хүмүүс бидний ирээдүйг шийдэж байна. Бид тэдний гаргаж байгаа буруу шийдвэрүүдийг хүлцэнгүй дуугүй өнгөрөөсөөр өнөөдрийг хүрлээ. Бидний цаг үе ирэхэд тэдний өнөөдөр гаргасан буруу шийдвэрүүдийг засахад нэгэнт оройтсон байх болно. Одоо тэдний гаргах гэж байгаа буруу, зөвхөн өнөөдрөө харсан харалган шийдвэрүүдэд залуучууд бид дуу хоолойгоо нэгтгэж нөлөөлөх цаг болжээ. Улс орныг жолоодож байгаа ахмад үе маань авилгал, хээл хахууль, сонирхлын зөрчлөө шийдэж чадахгүй өнөөдрийг хүрчээ. Зарим нь маш ноцтой буюу гадны улс орны тусгай албадад мэдээлэл өгсөн, ажилласан гэх мэдээллүүд чих дэлсэх болжээ. Хэдэн жишээ дурдахад:

    "Бүү март, мартвал сөнөнө" Б.Батбаяр

Увс аймгаас 2012 оны УИХ-н сонгуульд мөнгө тарааж сонгогдсон Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэн нар өнөөдөр ч УИХ-н танхимд сууж байна. Тэдний туслах, зөвлөх залуус тэдний өмнөөс ял эдэлж байна. УИХ, Шүүх засаглалд ажиллаж байгаа хүмүүс зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн хэн бүхэнд ойлгомжтой асуудлыг шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүрлээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Т.Билэгт ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авилгалын хэрэгтэй холбогдуулан шалгуулах магадлалтай болсон үедээ АНУ руу эмчилгээ хийлгэх нэрийдлээр оргон зайлсан.

Монгол улсын төрд насаараа зүтгэж ирсэн Ц.Нямдорж гэдэг хүн түрээсийн байшинд амьдардаг нь илэрч шившгээ тариад нүүж байсан. Мөн энэ хүнийг гадаад орны тусгай албадтай холбоотой гэж ТЕГ-н дарга асан Ж.Баатар гэж хүн хэлээд хүн улсын нууц задруулсан хэргээр шийтгэгдсэн байдаг.

Монголын шинэ үеийн залуусын төлөөлөл болж байсан С.Баярцогт оффшор дансанд 1 сая гаруй ам.доллараа мартсан хэрэг нь илрээд бараг "шагнуулаад" салсан. Данс эзэмшигчийн мэдээлэл дээрээ Монгол Улсыг Хятадын харъяа мэтээр бичсэн нь олон нийтэд ил болж, мэдээгүй гэж хэлээд өнгөрч байсан. Одоо эдийн засгийн өршөөлийн хууль буюу нуусан эд хөрөнгөө ил гаргах хуулиа 2016 оны сонгуулиас өмнө нуугдмал хур хөрөнгөө ил гаргах гэж байх шиг байна. Хорин мянган хувьсагчтай тэгшитгэл байдаг талаар ярьж олон хүнийг дуугүй болгосон. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай энэ үгэнд хариу хэлж, олон хүн амьсгаа авах шиг санагдаж байсан.

Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан К.Сайраан гэдэг хүний гадаад улсын тагнуулын байгууллагад элссэн гэх мэдээлэл явж байсан.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр гэдэг хүн Оюу толгойн гэрээг байгуулсны дараа бие муу гэдэг шалтгаанаар ажлаа өгөөд одоо АНУ-д амьдардаг. Энэ хүн "бага цалинтай" төрийн ажилд зүтгэж байсан хэрнээ ямар мөнгөөр өндөр үнэтэй байшин авч, харь улсад тансаг амьдардаг нь сонин.

Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авилгалын хэрэгт гэм буруутайг нь тогтоож ял оноосон. Энэ хэрэгт холбоотой зарим хүмүүс одоо болтол Монгол улсад алга байна.

МАН-н нарийн бичгийн дарга байсан, УИХ гишүүн, Боловсрол шинжлэх ухааны яамны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн дансаар маш их хэмжээний мөнгө орж, гарсан нь илэрч нийгэмд шуугиан тарьж байсан. Одоо энэ хэрэг сураг чимээ нь алдраад удаж байна.

Бидний бүгдийн хамгийн сайн мэдэх Зайсангийн газрыг төрийн тусгай хамгаалалттай газрын тухай хуулиар аялал жуулчлалын зориулалтаар аж ахуйн нэгжүүдэд газар ашиглуулах эрх өгсөн байдаг. Одоо тэнд үнэтэй орон сууцнууд л байна. Ямар ч жуулчны бааз алга. Хууль ингэж хэрэгжиж байна. Саяхандаа УИХ гишүүн Ц.Оюунгэрэл Лу.Болд нар Зайсангийн газрыг тусгай хамгаалалтаас гаргах хууль санаачлаад явж байсан гэдгийг битгий мартаарай.

Ийм олон жишээг дурдаад явбал нилээн их хугацаа орох байх. Энэ жишээнүүд юу харуулаад байна вэ? Энэ хүмүүс авилгал, хээл хахуул, ашиг сонирхлын зөрчлийн "шавар"-т суучихжээ. Энэ хүмүүс амьд мэнд байхдаа энэ шавраас өөрсдөө гарч чадахгүй. Тэд бас өөрсдийнхөө араас урган гарч буй залуу үеэ уруу татаж, энэ өмхий "намаг" руугаа чирж байна. Тэд төрийн эрх мэдлийг өс хонзон авах хэрэгсэл болгон ашиглаж, тэдний золиос нь залуус болж байна. Ахмад үе маань аливаа зүйлийг ухаалгаар хархаасаа илүү, өс хонзон зангидсан нүдээр харах болжээ. Тэднээс сайн юмыг нь сураад, муу муухайг нь тэвчиж байж бидний шинэ үе гар ирнэ.

Одоогоос хорь гаруй жилийн өмнө яг бидэн шиг залуус Ардчиллын үнэт зүйлсийн төлөө тэмцэж бидэнд Ардчиллыг өгсөн. Тэр үеийн төр засгийг барьж байсан ахмад үеийнхэн дунд залуусынхаа хүсэл эрмэлзлийг ойлгосон тэднийг дэмжсэн хүмүүс цөөнгүй байсны үр дүнд Монголын ардчилсан хувьсгалын үеэр хүний байтугай хулганы хамраас цус гараагүй гэдэг. Одоогийн төр засагт бас бидний хүсэл зорилгыг ойлгох, нийгмээ муу муухайгаас цэвэрлэх хүсэлтэй цөөнгүй ахмад үеийнхэн байгаа гэж бодож байна. Тэр үеийн залуус тухайн үеийн нийгмээ болохгүй байгааг зоригтой хэлж, эвлэлдэн нэгдэж хийх ёстой зүйлээ хийсэн. Бид 1990 он шиг тийм шийдвэрлэх цаг үед тулж ирээд байна. Бидний амьдарч байгаа нийгэм авилгал хээл хахуульд идэгдэж дуусчээ. Өнөөдрийн нийгэмд ахмад үеийнхний хийж чадах, өөрчилж чадах зүйл тун бага үлджээ. Яагаад гэвэл тэд авилгалд хөл гараа чанга гэгч нь хүлүүлжээ. Өөрөөр хэлбэл тэд үеэ өнгөрөөжээ, тэдний "шатахуун" дуусчээ, тэднээс шинэ зүйл, шинэчлэл, өөрчлөлт хүлээвэл "Бухын доодхыг харж, үнэг турж үхнэ" гэдгийн үлгэр болно.  Үүний хамгийн том, хамгийн ичмээр жишээ нь шинэчилсэн "Газрын тухай" хууль болж байна.

Одоо тэд бидний ирээдүйд, бидний үр хүүхдийн ирээдүйд хохиролтой шийдвэр гаргах гэж улайран зүтгэж байна. Газрыг гадаадын иргэн, харъяалалгүй хүнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олон жилийн хугацаатай эзэмшүүлэх, ашиглуулах нэрийн дор эх орныхоо газар шороог харийн хүмүүст "бэлэглэх" хууль гаргах гээд явж байна. Зайсангийн амны хууль бус газар олголтын асуудлыг шийдэж чадаагүй, чадах ч үгүй байж одоо гадны иргэнд газар ашиглуулах эрх өгнө гээд явж байна. Өнөөдөр Монгол улсад газрын зөвшөөрөлгүй газар барилга барьсан гээд барилгыг нь буулгасан жишээ алга. Газраа өгч чаддаг, авч ч чаддаг "хүчтэй" төр бидэнд бас алга байна. Ийм байхад газрыг гадаадын иргэдэд 1 хоногийн хугацаатай өгч болохгүй. Та нар сайн судлаад үзээрэй гадаадаас ирсэн иргэдэд 183 хоногийн дараа зүгээр газар олгодог улс мэдэх үү?

МАН-н төрийн эрх барьж байх үед шинээр гэрлэгсдэд таван зуун мянган төгрөг өгнө гэхэд хичнээн залуус таван зуухан мянган төгрөгний төлөө гэрлэж байлаа. Одоо энэ хууль гарвал хичнээн залуу сайхан охид, хөвгүүд маань гадны хүнтэй хуурамчаар мөнгөний төлөө гэрлэх бол? Төр засаг маань ард түмнийхээ ядуу амьдарлаар ахиад нэг тоглох нь байна.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ гишүүн Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа нараас Газрын тухай хуулийн талаар асуухад, газрыг гадаадын иргэнд ашиглуулах заалт 2002 оны хуулинд заасан тэр хэвээрээ байгаа бид нар энэ заалтыг оруулаагүй гэсэн хариулт өгч байна. Хэрвээ өмнөх УИХ, ЗГ-ийн буруутай шийдвэрийг өөрчлөхгүй засахгүй юм бол тэр хүмүүс УИХ-д суух логик байна уу? Өмнөх юмаа засдаггүй, сайжруулдаггүй байсан бол бид өнөөдөр 1921 он шигээ байх байсан шүү. Ийм Монголоо гэсэн сэтгэлгүй хүмүүс энэ хуулийг бариад, санаачлаад явж байгаа нь үнэхээр харамсалтай. Бид залуус ийм хүмүүсийг "толгой дээрээ залж" сонгосон гэхэд өөрсөддөө гутахаас өөр арга алга.

Монголчууд бид эртнээс үржил шимтэй газарт адуу малаа адгуулж амьдардаг байсан учраас суурин иргэншилд сураагүй саяхныг болтол газрын үнэ цэнийг мэддэггүй, нүүгээд явчихдаг газрыг яагаад өмчлөх, эзэмших ёстойг мэддэггүй байжээ. Одоо цаг үе өөр болсон. Магадгүй 2002 онд газрын тухай хууль батлагдаж байх үед ард түмэн газрын үнэ цэнийг тэгтлээ их мэддэггүй байсан байх.

Танай гэр бүлийн гишүүд, таньдаг найз нөхдийн чинь хичнээн нь өнөөдөр Монгол Улсын иргэнийхээ хувьд өмчлөх газраа авсан байна вэ? Миний мэдэж байгаагаар хуулийн хэрэгжих хугацааг 2 удаа сунгалаа. Яагаад гэвэл газар "байхгүй".

Гадны хөрөнгө оруулалт, гадаадын хүмүүст бид элэгсэг, дотно хандахад буруу зүйл байхгүй. Бид 21-р зуунд амьдарч байна. Гэхдээ "Загасны мах завсартай" гэдэг мэргэн үг байдаг. Бас "Загасчны морь усгүй" ч гэж үг байдаг. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг.

Эхлээд Монгол улсынхаа иргэдэд үйлчлээд дараа гадаадын иргэдийн талаар бодвол ямар вэ? Саяхан манай хойд хөрш ОХУ Украйнаас Крымыг салгаад авчихлаа. Хэрвээ бид гадаадын иргэнд газар эзэмшүүлээд, ашиглуулаад ирээдүйд бид, бидний үр хүүхэд тэдгээр хүмүүстэй зөрчилдөөнд хүрвэл юу болох вэ?

Яг ийм жишээ Америкийн уугуул иргэд болох Индианчуудад тохиолдсон байдаг. Цагаан арьст хүмүүс Англиас анх маш цөөхүүлээ ирсэн. Тэр үед уугуул иргэд шинэ суурьшигчид цөөхөн тул өөрсдөд нь ямар ч аюул учруулахгүй гэж бодоод, эхэн үедээ тэдэнд шинэ газар нутагт хэрхэн амьдрах, яаж үр тариа тарихыг хүртэл зааж өгсөн байдаг. Цаг хугацаа өнгөрч цагаачдын тоо асар хурдтай нэмэгдэж, Индианчууд хяналт тавих боломжгүй болсон байдаг. Мэдээж олуулаа болсон цагаачид газар нутгаа тэлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Эхлээд эв найрамдалтай зохицож байсан боловч сүүлдээ зэвсэг, хүн хүчээр илүүрхэж Индианчуудыг үржил шимтэй, төрөлх нутгаас нь хөөж, үржил шимгүй, цөл газар руу албадан нүүлгэсэн байдаг. Энэ үйл явц  10 жил, 50 жилд биш зуун дамжиж өрнөсөн. Одоо Америкийн Индианчууд гэж бараг музейн үзмэр шиг хүмүүс байна. Мөн Тайвань, Австрали, Шинэ зеландын уугуул иргэдэд мөн ижил хувь заяа ноогдсон. Тэд хөөрхий соёлт ертөнцөөс олон зуун жил таслагдан,  үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байсны улмаас өнөөдөр тэдний үр сад гэж музейн үзмэр шиг амьдарч байна. Ямар ч хөгжил дэвшил байхгүй, тухайн нийгмийнхээ хамгийн доод ангиллын хүмүүс болцгоосон байна. Газар нутгийн асуудал дээр сайхан сэтгэлээр хандвал юу болдгийг дээрх үйл явдлууд харуулж байна. Дундад зууны үед бусдын алдсан алдааг 21-р зуунд Монголчууд бид давтах ёстой юу?

Зарим хүмүүс хэлэх байх, шинэчлэл, дэвшил хөгжил ярих бүрд "нэг шантаажчин" нөхөр гарч ирээд улдаж чангаадаг, мөнгө нэхдэг гээд өөрийнхөө эсрэг хүн бүрийг буруутгадаг. Газрыг гадаадын иргэдэд юу ч гэж нэрлээд өгсөн бай, энэ бол хөгжил, шинэчлэл биш шүү. Манай зарим олны танил хүмүүс өөрсдийнх нь эсрэг хүмүүсийг комментчид, мэдрэл муутай, галзуу хүмүүс гэж мохоодог доромжилдог. Тэр зүйлд битгий санаа зов залуусаа. Тэд чиний санааг мохоох юм хэлэхгүй атлаа нөгөө л сурсан зангаараа өөрөөсөө бусдыг хүн гэж тоодоггүй овилгогүй зангаа гаргаж байгаа юм. Ийм хүмүүст зориулсан ийм шүлэг байдаг.

Мөнгөөр дутахын зовлон үзээ нь үгүй эр
Мөрөн дээрхээ тоохгүй дүлий хүн шиг заларна.
Өнгөөр дутахын зовлон үзээ нь үгүй эм
Өөрөөсөө бусдыг тоохгүй сохор хүн шиг залрана.

Р.Чойном

Бид нэгдсэн байхад бүгдийг нь галзуу, солиотой, шантаажчин гээд гэж доромжилж чадахгүй ээ.

Өнөөдөр магадгүй боломжийн цалинтай ажилтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй байж болно. Гэхдээ маргааш бидний үр хүүхэд энэ газар шороон дээр яаж амьдрах вэ? гэдгийг бодох хэрэгтэй цаг иржээ. Энэ бүх асуудалд миний хэрэг байна уу? Бусад нь шийдээд яваг надад падгүй гээд явмаар байна уу? Эсвэл бид юу ч хийж чадахгүй гээд гэртээ суугаад үлдмээр байна уу? "Олны хүч оломгүй далай" гэж үг байдаг. Та нар 7/1 давтагдана гэж айж байна уу? Бид ухаалаг тэмцвэл тийм зүйл хэзээ ч болохгүй. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Махатма Ганди Английн колоничлогчдын эсрэг тайван замаар тэмцэж өнөөгийн хүчирхэг Энэтхэг улсын үндэс суурийг тавьсан. Америкийн өнгөт арьстнуудын тэгш эрхийн төлөө Мартин Лютер Кинг тайван замаар тэмцэж, өнгөт арьстны тэгш эрхийг авчирсан.

Залуусаа "Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй", "Эр өсөж, эсгий сунадаг" бидний цаг ирж байна. Гэхдээ бид энэ авилгалд идэгдсэн энэ хүмүүсд уруу татагдалгүй, хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний урд, хойно гүйж хайран сайхан залуу насаа үрж, эд нарын араас орох хэрэггүй ээ. Энэ хүмүүсийн бие биенийхээ эсрэг далайсан зэвсэг нь болж хайран нэрээ, хайран сайхан найз нөхдөө, хайран сайхан залуу насаа битгий сүйдлээчээ.

Залуучууд бид эвлэлдэн нэгдэж бие биенээ гүтгэж, доромжилж, хүч хэрэглэхгүйгээр энэ бүгдийг шийдэж чадна.

Би буруу бодсон байж магадгүй ээ. Залуусаа та нар тогтож нэг бодож үзээрэй.

"Монголчууд эвтэй байхдаа хүчтэй"

Н.Энхбаяр


"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг."

С.Зориг




Б.Үүрцайхбаатар 2014.06.17