Монголчууд бид эртнээс ийн ярьдаг байлаа. Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг Дамаск хэзээнээс эдийн засаг, худалдааны гол цэг, хүн төрөлхтний хөгжлийн үзүүлэн болсон газар байсаар ирсэн. Тэр ч утгаараа монголчууд алс холын Дамаскт хүрч л чадвал тэндээс юу чиг л олдо­но хэмээн ийн хэлэлцдэг бай­жээ. Нөгөө “Бээжин ява­хад булигаар олдоно” гэдэг шигээ л хэлж байгаа хэрэг шүү дээ. Алеппогийн худалдаачид, Дамаскийн сайн эрчүүдийн тухай эртний уран зохиолд ч түүх болон үлдсэн байдаг. Бидний бага залуудаа уншиж ирсэн “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т хүртэл худалдаачин эр өөрийнхөө үнэт эдээ чаддаг юм бол хул­гайл л даа гэж бусдыг шордон Дамаскийн сайн эрчүүдээ гэж уриалж байгааг дүрсэлсэн байдаг. Үнэндээ ч монголчууд Дамас­кийн малгайны талаар эртнээс мэдэх улсууд. Сирийн түүхэнд 1240 оноос эхлэн монголчуудын дайралт довтол­гоонд өртөж эхэлсэн талаар өгүүлсэн байдаг бөгөөд 1260, 1300 онд Алеппо, Дамаск монголчуудын гарт үнсэн товрог болж байлаа. Бүр нарийвчилбал 1260 оны гуравдугаар сарын 1-нд Найманы Хитбух ноёны удирдсан монгол цэр­гүү­дэд Дамаск эзлэгдэж тухайн үеийн хаан Ан Насир Юсуф дутаасан ч Газын зурвас орчимд баригд­сан гэх баримт бий. Гэхдээ монголчууд түүний амийг хороолгүй, харин хөх тэнгэрийн дор монголчуудыг эзнээ гэж үзвэл хуучин нутгаа захи­ран суухыг зөвшөөрсөн бай­даг. Ийнхүү нэгэн цагт бид эзэн сууж, очоотохвол малгай юутай хээтэй нь авч болдгийг өөр хоорондоо хэлэлцэн суу­сан энэ нутагт юу болоод байна вэ.



Сири бол хэзээний баян тансаг, эд баялгаар  умбаж ирсэн тэр имижээ алдалгүй өнөөг хүрсэн Арабын орон. Газрын тос, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орно. Тэд тусгаар тогтносон жараад оноос хойш нам гүмхэн, ажин түжин байж хаана баялаг байна тийш шунан ордог дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхлоос үлдэж хоцрохыг хичээж ирсэн юм. Гэвч Арабын хувьсгал хэмээх том давалгаа өрнөж, тэд хүссэн хүсээгүй түүнд татагдан орсон билээ. Түүхэндээ үе, үеийн байлдан эзлэгчдийн шүлсийг гоожуулж сонирхлыг татаж энэ хэрээрээ зовлон амсч байсан сиричүүдэд шинэ нөхцөл байдал тулгарсан. Ингэснээр эрдэмтдийн тог­тоос­ноор хүн төрөлхтний суурин иргэншлийн хамгийн эртний төв гэгдэх Сирид амьд­рал тэс өөр болж эхлэв. Иракчууд нэгэн үе баастай бурхан мэт шүтдэг байсан Саддам Хусейнээ газар дор ортол муучлах болсон. Сүүлдээ түүнийг америкчууд нохой шиг дүүжлэхэд иракчууд болох ёстой зүйл болж байгаа мэт хүлээн авав. Дараа нь ливичүүд өөрсдөө М.Каддафигаа хонгилоос чирч гаргаж ирээд л нүдээд алчихсан. Нэг талаас тэд дарангуйлагчид байсан байж болох ч энэ орны иргэд өлсч үзээгүй, гэр бүл боллоо гэж, үр хүүхэдтэй болсон гэж улсаасаа тэтгэмж авахыг л мэддэг хүмүүс байлаа. Дэлхийн зарим орны иргэдийнхээр бол тэд диваажинд амьдарч байв. Арван таван толгойтой атгаал­жин мангасуудаа дарж аваад сайхан амьдрах байсан бол жаргахаар л боллоо, арабууд. Гэвч тийм биш ажээ. Одоо хаана нутагт нэгтнээ хөнөөж байна, хаана үхэл хагацал болж байна, хаана хүн ёсны амьдрал алдагдаж байна. Арабын л орнуудад. Ардчилсан хувьсгал гэж дөгөөж байсан ч эргээд амар амгалан тогтохгүй ингэж удаан хямарвал ямар юмных нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө байхав дээ гэж бодохоор. Ирак, Египет, Ливи, Тунис гээд ар араасаа хувьсгал гарч байсан өдрүүдэд одоо Сири гэсэн хүлээлт их байлаа. Гэвч Сирийн Башар Асад гэж өнөөг хүртэл сууриа тавьж өгдөггүй нэг хүн оршин тогтносоор байна. Башар Асад бол башир ч хүн юм бас баатарлаг ч нэгэн юм. Сири бол асар их баялаг гэхээсээ гадна газарзүйн хамгийн тохиромжтой хэсэгт байдаг учраас гадныхны шуналыг үргэлж хөдөлгөж байдаг зовлонтой гэмээр газар. Газарзүйн байрлал нь зовлон дагуулдаг Афганистан, Украины жишээг бид харж л байна. Өрнөдийнхөн Оросыг бүслэх бодлогыг байнга явуул­даг. Тэр ч утгаараа Сири өрнөдийнхөнд ч, оросуу­дад ч чухал бүс нутаг. Хэрэв барууныхан Сирийг нөлөөндөө авчих юм бол Орост асуудал үүснэ. Харин оросууд Сирийг дэмжиж, түншээ алдахгүй байхаа мэднэ. Түүнээс гадна Сирийг мэдэлдээ авчихвал Ойрхи Дорнодыг бүхэлдээ хянах боломжтой гэдгийг аль аль нь хамгаас сайн мэдэж байгаа. Гадны хүчин, тэдний эрх ашгийг хангаж байвал тухайн орны иргэдийн амьдрал, амь насны баталгаа хэнд ч падгүй ажээ. Харин үүнийгээ хүмүүсийн сайн сайхны төлөө хийж байгаа мэтээр сурталчлахад л хангалттай. Хоёр өөр ертөнцийг холбодог газарзүйн байрлалынхаа төлөө сиричүүд үргэлж золиос болж ирсэн гэвэл хэн ч үгүйсгэхгүй билээ. Үнэндээ өнгөрсөн он жилүүдэд Башар Асад гол асуудал байсан гэвэл үгүй. Үүнийг ч хүмүүс мэддэг болжээ. Асуудал нь Сирийн байршил, баялаг юм.



Сирийн газрын тосны нөөцийг тогтоох судалгааны ажил 1980-аад оны дунд хавьд эхлэхэд АНУ голлон тусалж байлаа. Тухайн үедээ дэлхийн 70 жилийн хэрэглээг хангах газрын тос байгаа гэсэн тооцоо гарч байсан гэдэг. Ерээд оны дунд үед Сири АНУ-аас гадна Европын орнуудад газрын тосоо нийлүүлдэг байлаа. Харин одоо хориг тавьчихсан. ОХУ энэ бүг­дийг үл хамааран Сирийн экспортыг дэмжиж байгаа нь газрын тос хэрэгцээтэйдээ бус Сирийг алдахгүй байхад л гол учир нь байгаа юм. Ер нь сүүлийн жилүүдэд Их хорь болон дэлхийд нөлөөтэй гэгдэх бүхий л орны төрийн тэргүүнүүд Сирийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэд бүр хуваагдаж ирээд энэ талаар маргалддаг байлаа. Гэхдээ тэд үнэхээр Сирийн ард түмний төлөө санаа зовниж байна гэж үү. Үнэндээ аль нэг улс гүрэн, тэдний үндэстний төлөө тэр орны л хүмүүс өөрс­дөө сэтгэлээ чилээхээс гадныхан зүтгэнэ гэж хэзээ ч байхгүй. Сирийн иргэний дайн эхэлснээс хойш 106 мянга орчим хүн амь насаа алдсан гэсэн тооцоо байдаг. Сөрөг хүчнийхний мэдээлснээр энэ үзүүлэлт 110 000-162 400 гэгдэж буй. Үүнээс 12 мянга орчим хүүхэд амь насаа алдсан үүнээс багагүй тооны эмэгтэйчүүд хорвоог орхисон гэсэн судалгаа ч бий.

Сирийн сөрөг хүчин өрнө­дийнхний тус дэмийг багагүй хүртлээ. Энд ч дайн, тэнд аллага. Байдал эвгүйтэж эхэлс­нийг бусад орны жишээ­нээс харсан Башар Асад Оро­соос зэвсэг базаасан нь Сирийн сөрөг хүчнийг бусад орны сөрөг хүчнүүд шиг азтай байлгаж чадсангүй. Одоо тэд ч цуцаж, бас ард түмэн дотоодын зөрчил сайн зүйл авчрахгүйг ухаарах бол­жээ. Энэ сарын 3-ны өдөр бол­сон Ерөнхийлөгчийн сон­гуу­лиар Башар Асад ялалт бай­гуулсан. Хэдийгээр санал хураалтад хангалттай сонгогчид оролцоогүй гэсэн шүүмжлэл байгаа ч нийт оролц­сон хүмүүсийн 88.7 хувь нь өнөөх Асаддаа итгэл үзүүлсэн байгаа юм. Олон жилийн сонгуулийн түүхэнд өөр намын нэр дэвшигч өрсөлдөж байгаагүй энэ сонгуульд анх удаа нэр дэвшсэн нөгөө хоёр нэр дэвшигч нь 3.2, 4.3 хувийн санал авчээ. Босогчид голдуу байх хотууд, бүс нутагт санал хураалтыг явуулаагүй гэсэн шүүмжлэл байгаа ч олон улсын ажиглагчид тус сонгуулийг шударга, чөлөөт сонгууль болсон гэж дүгнэсэн байна. Сиричүүдийн сонголт сөрөг хүчин байсангүй. Сирийн сөрөг хүчин бол терро­ристууд гэдгийг хэн ч мэднэ. Тэр ч үүднээсээ тэдэнд итгэл үзүүлбэл олон улсын тавцанд нэр хүндээ алдах аюултай гэдгийг иргэд ойлгосон байж болно. Бас башир ч гэсэн Башар нь тэднээс дээр гэж тэд сонголтоо хийжээ. Сири бол эртний төрт ёсны уламжлалтай ард түмэн. Тийм ч болохоор хоёр жил гаруйн турш өрнөж буй гадна дотны мөргөлдөөн тэднийг асуудлаа өөрөөр харахад хүргэжээ. Тэдэн дээр хоёр жилийн турш явуулаад бараа­гүй аргыг Украинд хэрэг­жүүлэхэд юу болов. Украин гэдэг улс үндсэндээ байхгүй болчихлоо. Харин сиричүүд зүтгэсээр байгаад нэг талдаа гарч өнөөх Башар Асадаа сонгож байна. Тэр дахиад долоон жил төрийн тэргүүний албыг хашна. Тэгэхээр сиричүүдийн сонголт бол муу ч гэсэн урцандаа, муухай ч гэсэн Башартайгаа үлдэх явдал болжээ. Үнэндээ дэлхий дээрх хамгийн олон дүрвэгчтэй улс Сири болсон. Бараг манай улсын хүн ам тэр чигээрээ буюу 2.5 сая хүн нь хөрш зэргэлдээ улс руугаа дүрвээд байна. Гэхдээ суурин иргэншлийн дэлхийн түүх болсон энэ улсад сайн сайхан өдрүүд дахиад ирэх биз ээ.

Хэчнээн өлсч, хэчнээн хэцүү байж болох ч гадны хатгаасаар хоорондоо эв эвд­рэл­цэж болохгүй шүү гэд­гийг эрт холын түнш Дамаск нутгийнхан маань бидэнд сануулаад байх шиг. Гаднаас хөдөлгөх хар гар дандаа байж байдаг. Зөвхөн өөрсдөө л эвтэй бол тэр гар ямар ч хүч­гүй гэдгийг бид санах ёстой юм.