Тэмүүжинг сайд болсноос хойш манай хууль зүйн салбар  сэрүүн дотортой орчин байхаа болилоо. “Ногоон малгайт” гэдэг муу нэрээ хусаж, цагдаа нар энгийн нарны малгай өмсчихлөөр нүдэнд дулаахан харагдаж байна  шүү. Үүгээр хэрэг төвөг тарьдаггүй хүмүүс үзэгдэн,  өрнөж буй хуулийн шинэчлэлийг сонир­хох боллоо. Залуу насны харгайгаар  танхайрч хальтрагсад, угийн балмад хоёрт тохирсон шийтгэл оноо­дог болсноор хожмын зам мөр өш хонзонгоор үргэлжлэх нь татрах өнгөндөө оров. Энэ мэтчилэн өөрчлөх маш чухал заалтууд зөндөө бий.

Мөн түүнээс гадна уг  хаалт­тай ертөнцийг нээгээд орхи­тол  дотроос нь цулайтлаа баяж­сан цагдаагийн хурандаа, шоронд хийдэг “борхиор”, авлигачин шүүхийн авгай нар гээд эрүүгийнхээсээ илүү гарахааргүй есөн шидийн өт хорхой дүнгэнэлдэн гарч ирж үнэр танар нь найгаа алдав. Хүмүүс  хамар амаа таглан бушуухан буцаагаад тагла, яршиг зүгээр, Тэмүүжинг ч болиулъя хэмээн хэсэг шуугив. Архаг хулгайчаас “Ингээд шургаад үз” гэсэн зөвлөгөө авсан мэт.

Дотоод яам дотоод явдлаа адилхан монголчуудаасаа чадлынхаа хэрээр нуудаг байсан даа. Бидний нүдэн дээр тэдний хонь ямаа, орд харш ил харагдах нь ямар хэцүү байдаг бол. Өмнөх  “До, НАХ”-ын үеэс энэ том шинжлэх ухааныг битүүмжлэн үл ойлгогдом орооцолдсон үг хэллэг, бичлэгтэй болгон, албатуудаа харь гаригийн мэт гаж сэтгэхүй, хөрзгөр дүрэнд хэвлэсээр ирсэн. Ингээд зогсохгүй олон ний­тэд үсчин, цахилгаанчин, дугуй нөхдөг газартай адил байнгын хэрэгцээтэй бүхэл бүтэн үйлчилгээний салбарыг аваачаад  хүнд суртлын үүр уурхай болгож орхижээ. Одоо шинэ ба хуучин хуулиудаас өөртөө хамаатай хэсгийг цаг заван­даа дахиж эргэж хармаар л бай­гаа юм. Хэрэв шударга нийгэм цогцлоож байгаа бол хуулийг иргэдээ өмөөрч засаглалыг нүд үзүүрлэсэн чиг хандлагатайгаар засварласан байх ёстой. Тэгж үү, үгүй юу. Цаашилбал байгаль нийгмийг өөрийнхөө эрхшээлд ягштал оруулдаг сонирхолтой зүй тогтлууд байдаг нь эдэнд ч бараг хамаагүй асуудал байх. Мөн л ялгаагүй зөрчишгүй хууль дүрэм, ёс суртахуунтай. Байгаль ч яахав өөрийн гэсэн билэг танхай хуультай. Харин хүний нийгмийн амьдралд айхаа байг гэхэд анхаарч явбал аминд өлзийтэй элд­вийн цондон ямар их таарал­дана вэ. Тэрний нэг болох энэхүү “Паркинсоны” гэгч зүй тогтолууд Тэмүүжин, Нямдорж хоё­рын хэрүүлийн хажуугаар барьцалдан “Намайг ч бас сонс. Намайг дагаад цэнгэ цэнгэ...” гээд байх юм.

Хууль  зүйн  ертөнц талаа­саа нэн саяханд тооцогдох ХХ зууны дунд үед Английн Н.Паркинсон гуай төрийн ба хувийн байгууллага, иргэдэд байнга тохиолддог хуульд тусгагдаагүй хүнд суртал бас бус зөрчлүүд дээр тогтож ажилласан байна. Энэ хүний тухай товч танилцуулахад Кембрижид сурч түүхч болсон. Арав гаран жил Британийн усан цэрэг явж  хоёрдугаар дайн дуусгаад хошууч болоод халагдсан  дайчин эр.  Дараа нь Ливерпуль,Харвард, Иллинойс,Калифорни, Синга­пурийн их сургуулиуд гээд дандаа ланжгар газруудаар удирдахуйн  ухааны багш хийжээ. Улс төрийн өндөр алба хаших боломжуудаас сайн дураараа татгалзан оронд нь дуулиан тарьсан олон нийтлэл бичсэн юм.

Түүний бичсэн нийтлэлүүд нийт­дээ жар орчим боть болон хэв­лэгд­сэн гэхээр Ленинээс дутахааргүй нөхөр болоод байгаа юм. Дэлхийд хамгийн алдаршсан нь “Паркинсоны хуулиуд”-ыг гэдэг. Тэрээр олон жилийн турш тэвчээртэй цуглуулсан шинжилгээ судал­гаагаа нэр алдар бүхий эрдэмтэдтэй хамтарч математик загварчлалд оруул­сан нь эдүгээ “Паркинсон судлал” гэсэн шинэ чиглэл хөгжих суурийг тавьжээ.

Ингээд “Паркинсоны хуу­лиуд”-аас гуравхан хундагыг  татчих уу? Ер нь хууль зүгийн юм гэхээр огт наргиангүй байх ёстой ч биш аж.

Их мөнгө буюу сонирхлын уналт

...За одоо цөмийн реак­торийн төслийг хэлэлцэцгээе. Дэлгэрэнгүй мэдээллийг бичгээр өмнө нь тараасан байгаа. Бодвол эрхэм ноёд сайтар тунгаагаа биз ээ. Юутай ч Сангийн эрхлэгч профессор Мак Фишн сайшаасан шүү. Нийт­дээ 10 сая доллар ...Гишүү­дээс лавлах зүйл байвал дуртайяа хариулахад бэлэн байна.

Ноён Исааксон:-Төсөл хэрэг­жүүлэгчдэд ихээхэн найд­лага тавьж буйгаа юуны өмнө илэрхийлье...Гэхдээ профессор Левигийн зөвлө­гөөг даган Давид, Голиаф нарыг гүйцэтгэгчээр сонгосон бол хамаагүй дээр байсийм...

Хурал даргалагч: -Ажлын төлөө таны санаа зовж байгааг ойлгож байна аа. Бид бүр эрт гэрээ байгуулаад  чамгүй их мөнгө зарцуулаад байгаа юм л даа. Одоо дахиад санал унавал дахиад л мөнгө урсана гэсэн үг...(Энэ үед бусад гишүүд амандаа бувтнан тол­гой дохицгоож байв)

-Исааксон миний үгийг протоколд тэмдэглэхийг шаардаж байна.

-Тэгэлгүй яахав. Харин одоо ноён Брикворф ямар бодолтой байгааг сонсъё.

Энд байгаа Брикворф, Исааксон хоёроос бусад нь цөмийн реактор гэж юуг хэлээд байгааг ч мэдэхгүй нөхдүүд аж. Брикворфийн хувьд яривал их л юм байх санж. Даанч түүний хэлснийг хэн ч сонсохгүйгээс  гадна ойлгохгүй. Уг нь бол ганц өрөөг тохижуулахын тулд бүхэл байшин нурааж тэрэндээ 10 саяыг ичих ч үгүй цохих гэж байгааг хэлмээр л...

-Надад хэлэх үг алга аа.

Хурал даргалагч:

-Гишүү­дээс өөр хэлэх хүн байна уу? Байхгүй бол батлах уу. За баярлалаа. Одоо 11 дүгээр зүйлийг хэлэлцэх ажилдаа орцгооё.

Ажилчдын унадаг дугуйнд зориулсан зориулсан саравч барих төсөлд 2350 доллар төсөвлөчихөж. Энэ тухай тараа­сан материалыг хоёр минутад багтааж уншаад  шийдчихэж болохоор байсан. Гэвч цөмийн реактор дээр үг хэлж чадаагүйдээ санаа зовж, хурал өндөрлөхөөс өмнө өөрийгөө бага сага ч атугаа харуулах хэрэгтэйгээ мэдэрч байв.

Унадаг дугуйны саравч гэхээр ямархуу юм  байхыг муухан төсөөлөөд байнаа. Одоо л маргаан эхлэх нь. Энэ талаар 45 минут мэтгэлцсээр 300 доллар хэмнэн 2000-д багтаан барихаар тохиролцож гишүүд сая нэг юм санаа амарч суудалдаа тухлав. Ёох ёх.

Хурал даргалагч: Эрхэм  гишүүдээ 12 дугаар зүйлд анхаарлаа хандуулна уу. Хуримт­лалын фондын хурал­дааны зардал. Сар бүр 4.75 доллар.

-Ямар зардлын тухай яриад байгаа юм бэ?

-Кофены тухай юм л даа.

-Сар бүр ийм зардал гар­гана гэдэг чинь одоо жилдээ 57 доллар болно гэж ойлгох нь зөв үү?

-Яаг зөв байна.

-Ойлгомжтой байна. Гэх­дээ үүнийг зөвшөөрч болно гэж үү.Тэр фонд чинь тэгээд хичнээн жил хураагддаг юм бэ?... Маргаан цааш улам ширүүсэв. Кофе  гэж юу, хаа­н­аас худалдаж авах, ер нь худалдаж авах нь зөв эсэх дээр  дурын дурак ярьж чаддаг юм байна. Цаг гаран үзэж тараад мэдээлэл хангалттай бус байна  гэж үзээд санал унаж дараагийн хурал хүртэл хойшлогдохоор болов. Уг асуудал дээр хаширууд гэнэ алдаж бүгд ам амандаа хашгиралдан босч ирцгээжээ. Мөн цэцэрхэх юмаа олов оо. Английн парламент дээр болсон уг адал явдал хожим дэлхийгээр нэг амны зугаа болон онигоонд орчих юм гэж яаж санахав.

Хэрэв үүнээс бага 20, бүр 10$-ын түвшний асуудал гарч ирсэн бол хэлэлцэх хуга­цаа пропоцианалиар өсөх байсан эсэхэд ноён Пар­кинсон нар жуумалзан  судалгаандаа тооцож загвар гаргажээ. Энд тодорхой бол­сон юм нь гэвэл явж явж арван саяыг шийдэх асуудал арав хүрэхгүй 4.75 долларын хэрүүлээс ч амархан байсан. Хууль тогтоогчид Паркинсоны хуу­лийг л ягштал баримталсан боло­хоос татвар төлөгчдийн үлэмж их хуримтлалыг эрүүл саруул зохицуулах чадамжгүйг олж харав. Ард түмнийг төлөөлж шийдвэр гаргагчдын цагийн гарзад тооцох мулгуу тохиолдлуудыг цуглуулаад үр дүн гаргахад хэрэггүй ч юм биш. Юутай ч хүний л оролцоотой үйлдлээс хойш хүн төрөлхтөнд хамаатай нь эргэлзээгүй хэмээн бах­тайяа тавалсан байдаг. Манай парламент дээр эмэг­тэй гишүүд тамхидалтыг зохи­цуулах хуулиа хэрхэн баталж байсан нь энийг уншихаар санагдлаа байна. Нийтлэлийн төгс­гөлийн үгийг одоо санасан дээ­рээ хэлэхэд жинхэнэ хууль мөн бол түр зуурын арга хэмжээ биш дараагийн үеүдэд ч хуучирдаггүй мөнх эд ажээ. Паркинсоны жишээнүүд гэхэд л саяхан ийм явдал хаа боллоо гэж эндүүрмээр ойрхон.  

Инжелитит гэх байгууллагын саа өвчин

Төр, бизнесийн олон бай­гуул­лага дээр босс нь сөхөртлөө ажиллаж байхад дараагийн шатныхан нь хов ярьцгааж тэрний доод тушаалтнууд дүрсгүйтэж тог­лон өдрийг өнгөрөөдөг нийтлэг дүр бий. Энд бидний мэдэхгүй бас юу гээч өөр хэмжээс бүхий хууль үйлчлээд унав. Байгуул­лага “Инжелитит” гэдэг өвчин тусчээ. Оношлох амархан эмчилэхэд хэцүү дээ.

Мэргэжлийн боловч чад­вар­гүй нөхрийг тэр жил ажилд авснаас хойш хамаг муу  юм эхэлж орон гэр бузартжээ.Ер нь ямар нэгэн төрөлхийн гоц авьяасгүй нөхрийг өөрийгөө томд тооцогсодтой цуг удаан байлгаж болдоггүй. Аяндаа л цаанаасаа атаа жөтөө нь хөдлөөд нөгөөдүүлээ  ёстой алж өгдөг. Аливаа муухай ааш зангууд үйлдлээсээ хамаарч салангид илэрдэг ба тэр нь бусдад төдийлөн нөлөөгүй, тэгээд ч хүн бүр л их бага хэмжээгээр аашилж л байдаг даа. Атаархагч өөрөө хичээвэл бусдаас дутахааргүй хөөрхөн хоолойтой бол хамт олныг гойд бусниулахгүй болоод л байдаг. Харин атаархуу чадваргүй хоёр нэгэн биед давхацчихлаар инжелитэнс гэгч шинэ бодис үүсч аюул тарьдаг гэнэ.

 Муу үйл хийх угаасаа амархан агаад жаахан увайгүй бай­хад л болоо. Энийг олоод мэдчихсэн  Инжелэнттэй этгээд хажуудахаа элдвээр матаж, удирдлагын итгэлийг хүлээн төв аппарат руу  дэвшсэнээр хагарлын үрийг тарьжээ. Тийм хүмүүст дээрээсээ тоологдох чухал хэргэм зэрэгний аз яагаад таараад байдаг нь судлууштай. Энэ хооронд аль шударга сайн гэгдэх боловсон хүчнүүд ганц нэгээрээ цувран алга болсоор л, босс огт хар аваагүй анзаараа ч үгүй. Харин нөгөө этгээд энгийн царайлж хамт олонтойгоо гольф ярин, чанга чанга хөхрөн, заримдаа бичиг баримтаа мартана. Тэгээд нэг сайхан нартай өдөр том албанд очлоо л бол хамаг багаа хуу татан хаяж шулмын дүрд хувилан бусдыг хүүхэлдэй болгон тоглож эхлэнэ дээ. Байгууллагын бүтцийг оюунлаг талаас нь дөрвөн зэрэглэлд хуваадаг бол төв аппаратаас бусдыг нь манай хампаан нэг нэг шатаар буу­руулж амьтан болгож орхив. Түрүүчээсээ  даргадаа таалагдах гэж зориуд тэнэгийн дүр эсгэж ивээлд нь багтжээ.  Байгууллага ийм болчихоод байгаад л байна.  Ажилчид Топранк даргын мэдлийн цай­ны газрыг магтаад л бидэн­дээ болж л байна ш дээ. Яахав жаахан заваан л байх юм. Сүүлдээ хүмүүс гэрээсээ идэх юмаа авчран цайны газрынхаа ширээн дээр овоолон хээ шаагүй амьдралд дасацгаана. Конторын үүдэнд дөрвөн жилийн өмнө хадсан зарлал солигдоогүй хэвээрээ, крантнаас ус гоожоод тогтохоо байсан, ноён Брауны хаалган дээр Смит гэсэн нэр хадаастай, Смитийнх дээр Робинсон гээд эв хавгүй биччихсэн. Түүнийг солих санаа хэнд ч төрөхгүй. Хагарсан цонхоо картоноор таглажээ. Цахилгаан шат эвдрээд удаж байна. Доод подвалийг ашиглалгүй хаячих­сан түүнээс зэрлэг муур чар­лал­дах нь зэвүүн.

Төв аппаратад тушаал дэвшсэн дэд захирал ноён Топранк удирдлагын түвшинг өвчлүүлэн мунхаг ой санамжиндаа тохирсон өчүүхэн зорилго тавьдаг бол­сон тул хурган дарга нар бүгд биелэлтээ давуулан сэт­гэл хангалуун явах бол­лоо.”Манай дарга тулаад нөхөрлөвөл гайгүй хүн шүү” гэцгээнэ. Хараа нь больж байгаа Топранкад тааруулж буудлагын байг алд дэлэмээр тэлж томруулж өгөв. Бүгдээрээ л мэргэн цэцэн болцгоож яг “арав”-т оносноо харилцан магтацгаана.
Яаж ч өөрсдийгөө хуурсан байгууллага цаагуураа биш болоод байгаад үе үе цухалдан  шалгалт шүүлэг хүртэл авч үзэв. ДДТ гэдэг ялааны хор цацсан. Хэсэг намжаад л бахь байдгаараа. Янз бүрийн л эм тарилга гадуур дуулддаг.  Тэр бүр нь компанийг аварч байсан тохиолдол тун цөөн. Накиформ Сак, Катлер Валпоул нар өвчилсөн хэсгийг мэс засал хийн авч хаясан нь хамгийн шалгарсан арга байлаа.

Нэгэнт дампуурах шин­жин­дээ орчихсон компани удирдлагын хяналтнаас бүрэн гарч үйлчлэгч манаач нь хүртэл муугийн халдвар авчихсан тул цөмийг нь үлдээлгүй сольж цоо шинээр эхлэхээс өөр аргагүй болжээ.  Эдийн засгийн хэллэгээр темп хожих гэгч арга хэмжээ аван хуучин нэрийг ашиглах, зарим ажилчнаа авах гээд ч хэрэггүй. Хуу­чин байгууллагынхаа боловсон хүчнүүдэд гайгүй тодорхойлолт бичиж өгөөд өрсөлдөгч байгууллага руу­гаа явуулаад эд хогшлоо бөөгнүүлэн шатаа. Байшин үнс нурам болсны дараа л өвчний нян дарагдлаа гэж амсхийж болно.

 Манайдаа танил болсон гадаад, дотоодын тоотой хэдэн группуудээр орж гарч явахад  кадруудаа зүгээр шахуу байхад нь байсгээд л “цус сэлбэж” халж сольж байгаа харагддаг. Ийм л учиртай юм байна л даа. Ялангуяа хамгийн илүүтэй долигоногчид эхний сэлгээгээр чөр­хөө эвхүүлэх зуураа “Мон­голын (юу) зүтгэсэн хүндээ хатуу  гэж үнэн юм даа” гэхийг сонсоод өрөвдөж явлаа. Яаж ч сайдаж муудахад аливаа юманд “Арай ч тэгтлээ юу юм бэ” гэсэн хэмжээс зааг байдаг гэсэн шүү. Энэ нөхөр цаад хамтрагчдаасаа энийг хүртэл надад нуулгүй хэлдэг яасан эвгүй гар вэ. Хэрэв дараагийн ээлжинд намайг бас ийн мурьж таарна гээд”Топранк”-аасаа үтэр салчихдаг аж.

Паркинсон сартваахи захихдаа “Хэт найдвартай хүний эрэлд хатаж өөрөө тулж ажиллахаас халширч буйг тань чадваргүй атаачид анаад сууж байдаг юм. Тэд гарын чинь үзүүрээр гүйх дашрамдаа байр сууриа авч хадгалахын эрхэнд  өөртэйгөө таарсан юмнуудыг өөд татсаар байгаад хамаг соруудыг чинь хөөгөөд явуулчихдаг. Энэ тохиолдолд ямар ч хүчирхэг байгууллага эгшин зуур эргэлт буцалтгүй сүйрдэг” гэжээ. Бодлогоор л мандуулж өгөхгүй бол бор зүрхээрээ гавихгүй дуучид манайд юусан билээ гээд санахад илүүдэхгүй л юм.

Тэтгэврийн нас

Тэтгэвэрт гарах насыг 55-75-ын хооронд янз бүр тогтоосон байна. Хүний цог хийморь энэ хооронд буурдаг ч гэлээ яг 55-уу, эсвэл 57-тойгоосоо юу гэдгийг хаа ч судалж барьсан юм байхгүй. Ерөнхий хандлагын хувьд бол голдуу л насыг наашлуулсаар ирсэн уламжлалтай. Энд тэтгэвэрт гарах гэж байгаа нь биш харин түүний ажлыг горилогчид л тэтгэврийн нас хэд байвал зохимжтой талаар илүүтэй санаа тавьдаг нь сонирхолтой. Яахав хөөрхий компанийн ноён нуруу болсон эсвэл болсон ч юм шиг имижтэй  буурлуудыг  хэн орлож чадах тухай үгүй ядаж цуу явж л байдаг. Гэтэл өвгөн дал гарчихаад сэмбэлзэж байхад бэлдэж байсан  “бодлого”-ын хүн маань аль хэдийнэ тавь гараад жар руу шааригдаж явбал яана вэ. Компанид удахгүй хоёулаа хэрэггүй болох нь. Сая сургууль төгссөн нялзрайд хамаг ажлаа  даатгаж орхивол аж ахуйг  шулуухан тараана гэсэн үг.

Ажлын эгзэгтэй хэсгийг хэн гуайгаас өөр төгс хийчих хүн байхгүй. Харин хэн гуай насандаа суухгүй удах тусам хожим хэнээр үргэлжлүүлэх нь улам бүрхэг болсоор л. Байгууллагын удирдлага сэтгэлийн хөөрөлдөө автан залуусыг зоригтой дэвшүүлэх эсвэл хэт хаширлаад “үнэр” ортол нь нэг суудалд хадах аль аль нь уршиг тарьдаг. Паркинсоны хуулинд хэмжээ тоо томьёотойгоо бичээстэй байгаа “ажил алба өгсөх шат”-аар бодлогын хун тайжийг анги үсэргэлгүй, улираалгүй зугуухан явуулах ёстой. Орчин цагийн Хятадын төрийн бодлого ийм зарчим барьснаараа коммунист нийгмийг хүртэл амжилтанд хүргэсэн гол нууц нь энэ юм. Хүнд тушаал дэвших, ажил хариуцах, шийдвэр гаргах, амжилтанд хүрэх, туршлага суух, хүндэтгэл хүлээх, ухааны оргилд хүрдэг нас цаг үеүд эрэмбэ дэс дараатай ирдэг. Энэ расписанаар “Хүн”-ээ явуулж байтал замд нь “Өвгөн” өтөлдөг ч үгүй, паакталдаг ч үгүй  шавар хаачихлаа. Одоо цагт бол бүр залуу авгай аваад үсээ будчихсан цохиж явна гээч. Шийдвэр гаргах насан дээрээ ирсэн мэргэжилтэн маань “дарга болох”-ыг  хүлээсээр байгаад гүйцэтгэх ажилдаа түүртэн шилжилтийн насны охин шиг ааштай болчихов. Юм хийхээ байж хамаг цагаа харандаа үзүүрлэхэд зарцуулж ч байх шиг, хажуудах пацаануудад наад поорчик хаа  одоо нээ гэхчилэн даргадаа гаргасан уураа энд гаргана. Ингээд дамжих ёстой ажил амьдралын шат нь сэтгэлээр унах, атаархах, сайн дураараа ажлаа хаях, хэнд ч тоогдохоо байх нас болон өөрчлөгддөг. (Энд архинд орох, одон тэмдэг зүүх бол үүнтэй огт хамаагүй асуудал)  Тэгэхлээр компани нь эзэн  өөрийгөө ч бодсон, хамт олноо ч бодсон гэмгүй яваа хөөрхий настанг бушуухан золигт гаргаж нүгэл хийх л болох нь. Харин яажшуухан цэвэр аргаар ах хүүгээс салах арга бол бий бий.

...Даргаа сая зөвлөл хурал­даад таныг энэ сард Хельсинкид бага хуралд, дараа нь Оттавад форумд, тэгээд Манилад бас нэг арга хэмжээнд оролцуулахаар боллоо.

Дарга дотроо “Байгуул­лагын нэр хүнд аргагүй л миний нэр хүнд дээр тогтдог болж дээ. Өөр хэн явах юм” гэж онгироод нисч гарна даа. Цагийн зөрөө, элдэв маягт бөглөх, бараг дэлхийг бүтэн тойрох онгоцны тамын нислэг, буунгуутаа хүлээн авалт, хэрэг­тэй хэрэггүй хурал цуг­лаанаар хижээл эрийг сар орчим бөмбөгдчихлөөр яаж бие нь дийлэхэв. Ирэнгүүтээ л мань эр “За даа ах нь ч барахаа  бай­жээ” гээд өргөдлөө өөрөө бичээд унана. Харин ингэж байгаад нэгэн чулуу шиг биетэй хөгшний доозыг хэтрүүлээд чад болгочихсон тохиолдол гарсан гэсэн шүү. Сураг сонсоход гадаадад хүлээн авалтын дараа нарийн бичгээрээ түшүүлчихсэн яваа дуулдсан. Тэгээд ирээд удаагүй. Амьдралаа гэж.  Ахмад үеэ бид иймэрхүү маягаар тэтгэвэрт нь гаргачихдаг л юм байна. Харин бидний ээлж ирэхэд хойч үе маань өөрсдийн бэлдсэн бэлгийг барих байх даа.

(Б.Баясгалангийн эрхлэн гаргадаг математикийн “Олонлог” сэтгүүлд “Паркинсон” бүрэн эхээрээ бий)

2014-06 14. Хөх хот.