Гуравхан өдрийн (72 цагийн) настай Крымын БНУ-д хамгийн их хэлмэгдэж зовсон нийгмийн хэсэг бол лалын шашинт татаарууд ажээ. Крымын татааруудын лидер Мустафа Абдулжемиль Жемилевт тохиолдсон эмгэнэлт явдлаар үүнийг төсөөлүүлж болно. Тэрээр төрөлх Крымээ оролцуулан Оросын нутаг дэвсгэрт 2019 он хүртэл  нэвтрэх эрхгүйгээр Киевт хашигдаж үзлээ. Крымын албан бус парламент болох крымын татаарын межлисийн спикер явсан энэ эрхэм удахгүй Нобелийн энх тайвны шагналтан болох нь ч бараг гарцаагүй боллоо. Нобелийн энх тайвны шагналд хоёр удаа  нэр дэвшиж, тэгэх тэгэхдээ Крымын татааруудын бүх дэлхийн анхдугаар конгресс 2009 онд, Германы хэлмэгдсэн ард түмнүүдийг хамгаалах ассоциац 2011 онд тус тус нэр дэвшүүлж байжээ.

Тэрээр Украины ардын депутатын хувиар межлисийнхээ дэд спикер Аслан Омер Кырымла гэдгийн хамт Киев орж тэнд айлчлахаар очсон АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар яваад эргээд төрөлх нутаг руугаа орох эрхгүйгээр хугацаа заагджээ. 2014.03.16-ны референдумыг тасалдуулахыг уриалан дуудагч, тэр хэрээрээ ч татааруудыг тэр санал хураалтад оролцуулаагүйнхээ төлөө орос ах нартаа зуугдаж, Москвагийн хар дансанд ороод байсан Жемилевт АНУ-ын Дэд ерөнхийлөгч шалтаг гаргаад өгчээ гэж үзэж болохоор юм.



Энэ явдал ч багадахаар баялаг намтар Жемилевт байна. Төрсөн цагаасаа зовлон туулсан нэгэн аж. Хамгийн ихээр хэлмэгдэж зовсон гэдгийг нь ч нотлож болно. Төрөхөд нь л Крымын татааруудыг хавтгайд нь Сталин хэлмэгдүүлэн нутаг заан хөөж туун нүүлгэжээ. Татаар гэдгээрээ хавчигдан дээд сургуулиасаа хөөгджээ. 1969 онд тэрээр “СССР дэх хүний эрхийг хамгаалах санаачилгын бүлэг” байгуулалцан тэмцлээ эхэлсэн ба Зөвлөлтийн хорих газар, шорон гяндан, цөллөгөөр нийтдээ 15 жилийг туулаад байтал перестройка-той золгон 1986 онд суллагдсан байх юм. Шорон гяндан, цөллөг туулж явахдаа Андрей Сахаровтой танилцан хамтран тэмцэгч явсныг нь Сахаров дурссан байдаг. Тэгж тэгж 1989 хүрч байж төрөлх Крым, Бахчисарай хотдоо эргэж иржээ. Ирэхээсээ өмнөхөн Крымын татаарын үндэсний хөдөлгөөний байгууллагын зөвлөлийн даргын албанд эчнээ сонгогдсон байна. 1991 оны зун “Крымын татаарын Ард түмний Хурулдай” гэдгээс албан бус парламент болох крымын-татаарын межлисийн даргаар сонгогдож энэ албыг 2013 он хүртэл тасралтгүй хашчээ. Шинэ Украин байгуулагдсан эхний жилүүдэд Жемилевийн тэмцэл лалын ертөнцтэй гэхээсээ Украины Ардын Рух буюу украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбогдсон байдаг. Энэ намын жагсаалтаар Дээд Радад 1998 онд сонгогдож, 2002, 2006 онд энэ намын нэр дээр “Манай Украин” эвслээс дахин сонгогдож, 2007 оны сонгуулиар “Манай Украин-Ардын өөрийгөө хамгаалах” эвслээс дахин сонгогдож, 2012 он гэхэд “Батькивщина” намын нэрсийн жагсаалтаар Дээд Радад орж ирээд байв.

Дээрхи он дарааллын жагсаалтыг харах аваас Жемилев яалт ч үгүй гандан бууршгүй тэмцэгч улс төрч, Нельсон Манделаас дутах юм ер алга. 2014 оны Украины хямралын үед тэрээр эхлээд хүлээцтэй ханджээ. Крымыг Оросын бүрэлдэхүүнд оруулахыг тэр мэдээж үл таашаана, гэхдээ татааруудаа эсэргүүцлийн тэмцэл хийлгэхгүй эе эвээр үзье гэдэг байр суурин дээр байсан бололтой байдаг.

“2014.03.16-ны референдум”-ын үеийн Жемилевийн идэвхи гэж панфлет болчихоор их түүх байна. Зах зухаас нь сөхье. Крымыг хавсарган нэгтгэх гэж байж Чеченийн цуст мөргөлдөөнийг давтуузай хэмээн Орост анхааруулахаа тэр мартаагүй. Бүр ийм ятгалга хийхээр Москва орсон ба 2014.03.12-нд Москвад Татарстаны Ерөнхийлөгч асан Минтимер Шаймиевтай уулзжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар Жемилев Путинтэй утсаар хүртэл ярьсан байна. Крымд Оросын цэрэг байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч үгүйсгээгүйгээр барахгүй, тусгаар тогтносон Украиныг анх тунхаглахдаа СССР-ээс салж гарах процедурын хэм хэмжээг зөрчсөн хэмээн 1991 он руу ухарч Украиныг буруушаажээ. “Украины фронтуудаас ирсэн мэдээ” гэх энэ ховор сайтын мэдээнээс  үзвэл, В.Путин болон Оросын өнөөгийн удирдлага 1991 онд СССР тарсныг хууль бус хэмээн үзэж, Оросоос бусад 14 улсад буруу өгсөөр байгаа юм байна гэж үзэж болох мэт. Крым тусгаар тогтнодогоороо тусгаар тогтноно, тэр үеэр элдэв эксцесс (гэнэтийн будлиан) гаргуулахгүй байхаар үүрэг чиглэл өгсөн гэдгээ ч Путин Жемилевт хэлж ойлгуулсан аж. Путинтэй ярьчихаад тэндээсээ Европыг зүглэжээ.



2014.03.14 гэхэд НАТО-гийн төв штабт зочлон ятгалгаа үргэлжлүүлжээ. “2014.03.16-ны референдум”-ыг хийлгэхгүй байхын тулд европын улс төрчид, цэргийнхэн, дипломатчдыг амаа цангатлаа ятгаад НҮБ-ын энхийг сахиулах цэргийг Крымд оруулъя гэдэг санал дэвшүүлээд дэмжлэгийг эс олжээ. Үл шантрагч Жемилев тэндээсээ Турк орж Ерөнхий сайд Р.Т.Эрдогантай уулзан ятгалга ухуулгын ажлаа үргэлжлүүлжээ. Дэмжлэгийг тэр эс олон, харин араар нь төрөлх Крым нь БНУ болон тусгаар тогтнож тэр дороо ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэж оров. Түүний үзэж байгаагаар Крымын хойг бус, крымын орос үндэстнүүд нь л ОХУ-д нэгдэж орох ёстой аж. 2014.03.31-нд тэрээр НҮБ орж, Литва, Украины санаачилгаар чуулсан Аюулгүйн Зөвлөлийн албан бус уулзалт дээр үг хэлжээ. Крымд нүүдэллэн ирсэн, хожуу суурьсан иргэд бус уугуул хүн ам нь л өөрийгөө эзэн мэдэж тодорхойлох эрхтэй тухай тэнд ярьжээ. Крымын референдум нь улайм цайм, ичгүүр сонжуургүй, бүр шал тэнэг хэрэг хэмээн хэлэхээ ч мартсангүй. Өөрийнх нь гаргасан судалгаагаар бол, Крым дэх референдумын ирц 82 хувьтай бус, 32.4 хувьтай байсан тул хүчингүй хэмээн тэрээр Нью-Йоркт зарлав. Аргаа барсан Жемилев 2014 оны 4 дүгээр сарын эхээр дахин Туркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдоганд хандан Босфорын хоолойг хааж, оросын цэргийн хөлөг онгоцуудыг оруулж гаргахгүй байх, улмаар туркийн байлдааны флотыг Крымд дөхүүлэн байрлуулж, орост дарамт учруулахыг уриалаад тусыг эс олов. Жемилевийн хүсэлтэд Турк хариу өгөхдөө Босфорыг хаах алхам нь усан тээврийн тухай олон улсын хэлэлцээрийг зөрчих тул бүтэшгүй хэмээн ойлгуулжээ. Хоёр дахь хүсэлтийн тухайд НАТО ерөнхий шийдвэрээ гаргаж байж туркийн флот хөдөлдөг юм гэв. Одоо Жемилевт олон улсын том шагнал хүртээд Киевт тэтгэвэртээ суух л үлдлээ.