Бизнесийн залуу үеийнхний төлөөлөл болох “Ласти интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал А.Лхагвасүрэнтэй ийн хөөрөлдлөө.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Нийгэмд бодитой баялаг бүтээж, ажил
лаж хөдөлмөрлөж яваа, зорьсон зорилготой, шинэ үеийн бизнес эрхлэгч өнөөгийн залуусын төлөөлөл болгож Тантай ярилцаж байна. Өөрийгөө эхлээд товч танилцуулахгүй юу?

Намайг Ааяагийн Лхагвасүрэн гэдэг. Эхнэр хүүгийнхээ хамт амьдардаг. Би Завхан аймгийн харъяат, аав маань Завхан аймгийн Яруу, ээж Алдархаан сумын хүмүүс. Миний хувьд зам, гүүрийн инженер мэргэжлээр сургуулиа төгсч уул уурхай, барилга, хөрөнгө оруулалт, худалдааны салбарт 2009 оноос хойш ажиллаж байна.

Анх бизнес эрхлэхэд гардаг хүндрэл бэрхшээл юу байсан вэ? Хэрхэн давж туулж байв?

Бизнес эрхэлж байгаа хүн өдөр тутам ямар нэг асуудалтай тулгарч, мөн тухай бүр уг асуудлаа зөв, оновчтой байдлаар шийдэх шаардлага гардаг. Манай орны хувьд шинэ тутам бизнес эрхлэх, эхлүүлэхэд хөрөнгө оруулалт, санхүүжилтын асуудал их хүндрэлтэй байдаг гэж боддог.Үнэт цаасны зах зээл хангалттай хөгжөөгүй учир бизнес эхлүүлж байгаа хүмүүс хөрөнгө босгохын тулд тэргүүн ээлжинд банкинд ханддаг.Гэтэл арилжааны банкуудын зээлийн шалгуур маш өндөр, цоо шинэ аж ахуйн нэгж, мөн шинэ бизнес эрхлэгчдэд хэдий сайн барьцаа хөрөнгөтэй, хэдий сайн бизнес санаа байгаад ч зээл олгодоггүй учир арга буюу хадгаламж зээлийн хоршоо, эсхүл хувь хүмүүст хандахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Хувь хүмүүс болон, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү маш өндөр, хэвийн буюу дүрмийн дагуу бизнес эрхлээд бизнесээ босгоод авсан зээлээ буцаагаад төлөх боломж маш муу, түр зуурын шинжтэй нэг удаагийн санхүүжилтэд л зориулагдсан байдаг.Өөрөөр хэлбэл дээр дооргүй бидний ярьж заншсанаар нэг удаагийн шахааны бизнест, эсвэл өвчин зовлон туссан, хүнд байдалд орсон яаралтай мөнгө хэрэг болсон хэрэглэгчид рүү л чиглэсэн санхүүгийн тогтолцоо юм. Миний хувьд ч гэсэн мөн л хувь хүмүүс, хадгаламж зээлийн хоршооноос зээл авч анх бизнесээ эхлүүлж байсан.Дээр дурдсанчлан нэгэнт өндөр хүүтэй зээл авсан учир бусдын адилаар нэг удаагийн шинжтэй худалдаа наймаа хийж, үндсэн бизнестээ дэм болох асуудал ямагт байсан, одоо ч байдаг.Энэ л гол хүндрэл бэрхшээл юм даа.

Төрийн зүгээс бизнес эрхлэгчдийг хэр дэмжиж байна гэж боддог вэ? Тухайлбал жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зээлийн талаар онцлон асууж байна?

Үнэнийг хэлэхэд төрийн зүгээс энэ тал дээр дэмжлэг гэх юм огт байдаггүй л дээ. ЖДҮДЗээл нь хүүгийн хувьд харьцангуй бага боловч төр арилжааны банкуудаар дамжуулан олгодог тул банк мөн л миний дээр дурдсан шиг хүнд болзол шалгууруудыг тавьдаг учир уг зээл нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд бус том бизнес эрхлэгчдийн түр зуурын санхүүгийн хэрэгцээнд оччих нь элбэг байдаг юм.

Одоо танай компани ямар бүтээн байгуулалт хийж байна?

Эдийн засаг, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан уул уурхайн салбар дахь бизнесээ түр зогсоогоод байна. Өнөөдрийн байдлаар манай “Ласти интернэшнл” ХХК-ийн анхаарлаа хандуулж байгаа гол ажлуудын нэг бол Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчдад зориулсан 144 айлын “Ласти таун” орон сууцны барилгын ажил юм. Бид энэ хавар тавдугаар сард эхлүүлж, одоогийн байдлаар барилгын ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөсний дагуу ажил маань амжилттай явж байна. Төрийн албан хаагчдыг богино хугацаанд, хямд үнэтэй орон сууцаар хангах энэхүү хөтөлбөрийг санаачлагч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар бөгөөд, эрхэлсэн ажилдаа эзэн болсон, зөв менежмент,сайн зохион байгуулалттай, гол нь аймгийнхаа оршин суугчид, төрийн албан хаагчиддаа хий хоосон амлалт өгдөггүй, тэднийг дэмжсэн бодитой ажил зохион байгуулж байгаа ажил хэрэгч хамт олон болохоор бидний ажил урагштай явна. Тиймээс төслийг санаачлагч Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хамт олондоо танай сониноор дамжуулан талархаж байгаагаа илэрхийлье.

Яагаад заавал Дархан-Уул аймагт гэж? Улаанбаатар хотод хурдан хугацаанд барилга барьж иргэд, төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах нь чухал байна шүү дээ.

Энд хоёр, гурван шалтгаан, хүчин зүйл бий. Нэгдүгээрт:Улаанбаатар хотод агаарын бохирдол их байна, яаралтай орон сууцжуулах хэрэгтэй байна гэж бүх хүн ярьдаг атлаа бодлогын хувьд харин эсрэгээрээ байдаг. Барилгыг чинь нэг хүн барихгүй шүү дээ.Тодорхой туршлага бүхий мэргэшсэн баг хамт олон, өөрөөр хэлбэл барилгын компаниуд барьдаг. Гэтэл хотод барилгын компаниуд эрх бүхий байгууллагуудаас бүх зөвшөөрлөө хурдан хугацаанд шийдүүлэх асуудал нэн төвөгтэй бөгөөд маш олон дарга нар бүхий олон шат дамжлага дамждаг учир хууль эрх зүйн хүрээнд шудрагаар барилга барихад наад зах нь 2-3 жилийн хугацаа шаардана.

Нөгөө талаас Улаанбаатар хотод газар төлөвлөлт гэж огт байхгүй учир газрын үнэ асар өндөр байдаг.Барилгын компаниуд нэгэнт бизнес эрхэлж байгаа учир тэр өндөр өртгийг барьж буй барилгадаа шингээх замаар худалдан авагчдаар төлүүлдэг.Гэтэл төрийн албан хаагчдын цалин юу билээ гээд бодохоор Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын хэрэгцээг хямд үнэтэй барилгаар хурдан хугацаанд хангах боломж маш муу.Тиймээс хотын шинэ удирдлага, баг хамт олны зүгээс арга буюу гэр хорооллын дахин төлөвлөлт гээч зүйлийг эхлүүлсэн.Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр бусдын өмчийн газарт барилга барих онцгой эрхийг цөөн хэдэн том компаниудад өгсөн нь их том алдаа болсон. Хүн өөрийн өмчийн газартаа өөрөө юмуу эсвэл хэн нэгэнтэй хамтраад барилга барьмаар байдаг. Гэтэл газрын эзэн эзэмшил газартаа барилга барих бол  нэгэнт уг газар дээр барилга барих онцгой эрх авсан барилгын том компаниудаас заавал зөвшөөрөл авахгүй бол барилга барих боломжгүй болсон. Харин нэгэнт уг газар дээр барилга барих онцгой эрх авсан барилгын салбарын том аж ахуйн нэгжүүд газрын эзнийг үнээ хямдруулахыг хүлээдэг.Хэн ч өөрийн өмчийн газраа үнэгүй шахуу бусдад өгөхийг бодохгүй шүү дээ.Ингээд барилгажих бодлого биш эс барилгажуулах бодлого бий болсон.

Тэгээд яавал дээр гэж боддог бэ?

Бүсчилж том компаниудад сонгон шалгаруулалт нэрээр барилга барих онцгой эрх олгосон нь буруу. Энэ нь нэг талаасаа хүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэх үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдаж байгаа явдал юм.Үүний оронд Улаанбаатар хотын зүгээс иргэдэд өөрийхөө газар дээр өөрөө юм уу бусадтай хамтраад барилга барих бодит боломжийг нь нээж өгөх ёстой байсан.Харин барилга барих, барилгажилтын стандартыг төрийн зүгээс нарийн тогтоож өгөх нь зүйтэй гэж боддог. Энэ бүх асуудлыг л Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын зүгээс Монгол Улсын хууль тогтоомжоор өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд зөв зүйтэй оновчтой байдлаар шийдэж өгсөнд л гол учир нь байгаа юм.

Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчид ямар үнэтэй орон сууцаар хангагдах вэ?

Тус аймагт баригдаж буй “Ласти таун” орон сууцны хотхоны 1 м.кв талбайн үнэлгээ 990 мянгаас нэг сая 200 мянган төгрөг байгаа. Өнөөдрийн байдлаар арилжааны банкны ам.долларын ханш – 1832төгрөг байгаа.Барилгын материалын ихэнх хувийг импортоор гадаад улсаас оруулж ирдэг онцлог бүхий орны хувьд энэ ханш хамгийн бодитой бага үнэ юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод орон сууцны м.кв-ийн дундаж үнэ хоёр сая 500 мянган төгрөг байгаа шүү дээ. Ийм бага үнээр барилга барихаар ашигтай ажиллаж чадах юм уу?

Мэдээж ажил хийж байгаа юм чинь тодорхой хэмжээний ашиг байлгүй л яахав гэхдээ энэ ажлын зорилго нь өндөр хэмжээний ашиг биш юм.Энэ төсөл чинь бусад барилгын компаниудын ажлаас өөр онцлогтой ажил шүү дээ.Учир нь бусад барилгын компаниуд иргэдээс шууд захиалга авах замаар санхүүжилтээ босгоод ирдэг гэтэл төрийн албан хаагчдын хувьд орон сууцны урьдчилгааг төлж захиалга өгөх чадвар тэр бүр байхгүй.Өнөөдрийг хүртэл бид өндөр хүүтэй зээлээр санхүүжилтээ босгож, өөр бусад бизнесээрээ энэ ажлаа дэмжих замаар эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж барилгын ажлын гүйцэтгэлээ талаас илүү хувьтай болгоод байгаа.Ингээд бодохоор барилга баригдаж дууссаны дараа уг барилгад зориулж авсан зээлээ хүүтэй нь буцаагаад төлөхөөр ашиг гээд байх юм бараг байхгүй болж байгаа юм.

Харин энэхүү төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр нэг талаас тодорхой зорилтот ажил бөгөөд хоосон амлалт биш төрийн албан хаагчдыг дэмжиж буй бодитой дэмжлэг учраас бид бүхэн ажилласан.Энэ нь нэг талаас бид бүхний бахархал, манай компанийн бизнесийн нэр хүнд, хамгийн гол нь бид бүхний хожим сэтгэл тэнүүн дурсаад ярих хийж бүтээсэн цагаан зам мөр гэж бодож байгаа. Ер нь би залуу хүмүүс хоосон яриад цэцэрхээд суух биш хийж  бүтээчихээд түүнийгээ хараад бардам алхаж байх ёстой гэж боддог юм.

Сая та барилгын материалын үнэ ханшийн өсөлтийн талаар ярьлаа. Ер нь бизнес эрхэлж буй залуу хүний хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцлийг та юу гэж дүгнэж байна?

Аливаа хүн, өрх гэр, улс орон заавал хөлсөө гарган хөдөлмөрлөж байж амьдардаг шүү дээ. Оюуны юм уу биеийн хүчээ, эд бараа, эд зүйлээ зарцуулж байж хэрэгцээгээ хангадаг.Манай орны хувьд өөрсдөө үйлдвэрлээд экспортод гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүнүүд маань юу билээ, хэн хэдээр авч байгаа билээ, өнөөдрийн байдлаар хэдий хэмжээгээр зарж байгаа билээ гээд бодохоор ойлгомжтой байх. Одоогоор хүндхэн  байна гэж би хувьдаа дүгнэдэг.

Эдийн засгийн ийм нөхцөл байдлаас яаж гарах вэ?

Эдийн засаг хүнд байгаа нь бүх шатны бизнес эрхэлж байгаа хүмүүст ойлгомжтой байгаа шүү дээ. Гэхдээ энэ нь нийгмийн эдийн засгийн харилцааны нэг үзэгдэл болохынхоо хувьд эхлэлтэй, бас төгсгөлтэй. Харин энэ хүнд хугацааг улс орон эрсдэл багатай туулахын тулд, түүнчлэн бизнес эрхлэгчдээ сөхрүүлчихгүйн тулд худалдан авалтыг бүх талаар дэмжих бодлого баримтлах ёстой. Ийм үед  төрийн зүгээс иргэдийн цалин, тэтгэвэрийг нэмэх замаар худалдан авалтыг дэмжих, ийнхүү худалдан авалтыг дэмжсэнээр иргэдээрээ дамжуулан өнөөдөр зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдээ хамгаалж үлдэх нь төрийн зүгээс хэрэгжүүлж болох илүү зохистой бодлого гэж би боддог.

Цаашид танай компани юу хийхээр төлөвлөж байна.

Юуны өмнө одоо хийж буй Дархан-Уул аймаг дахь ажлаа хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх ёстой. Цаашид өөр олон шинэ салбарт, мөн өмнө ажиллаж байсан уул уурхайн салбартаа ч хийж бүтээхээр төлөвлөсөн ажил их байна. Энэ бүхний тухай хийж бүтээснийхээ дараа ярьвал  дээр байх.

Уншигч залуусдаа хандаж, эсвэл уриалж хэлэх зүйл байна уу?

Би тийм их мундаг эрдэмтэй мэргэн хүн биш шүү дээ. Жирийн нэг бизнесмэн хүн.Тийм учраас үе тэнгийн залуусаа сургах, уриалах нь ч юу юм.Харин нэг зүйлд жаахан эмзэглэдэг юм.Хараад байхад бидний дотор сав л хийвэл жагсаал цуглаан хийдэг, эсвэл төрийн бус байгууллага байгуулаад тийм ч юм болохгүй байна ийм ч юм болохгүй байна гэж гомдол нэхээд бусдад туниад суучихдаг хүмүүс их байх шиг байна.Залуу хүмүүс бол жагсаж цуглахаасаа илүү завгүй ажиллаж байх ёстой, гомдож тунихаасаа илүү шарлахаж урагшилж байх ёстой гэж боддог.