Сонинг “Ардын Эрх” нэртэй байх үед хуучнаар ЗХУ-ын Горбачев даргыг сурвалжлагч андуураад биччихжээ. Маргааш нь өдөр турш редакц руу хүний мууд дуртай уншигчид утасдаад салахаа байв. “Горбачевыг мэддэггүй юм уу, наад сэтгүүлчээ юм унш гэж хэл, хал. Танай сонин Горбачевын талаар ийм ноцтой алдаа гаргасныг би сая олж харлаа...” Зайлуул тухайн үеийнхний  мэддэг гадаадын улстөрч нь М.Горбачев байж л дээ. Хэрэв Коста-Рикаг улс биш хүн болгоод андуурчихсан байвал анзаарахгүй чимээгүй өнгөрөх байсан биз.

Ноднин УИХ-ын хэсэг гишүүд “Тамхины хяналтын тухай” гэдэг хууль санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Хэрэггүй дэмий наадахаа боль гэж байгаа юм биш.  Тамхилахыг нэн яаралтай зохицуулах тийм шалтгаан шалтаг ч гараагүй л санагддаг юм. Нэгэн том тогтолцооноос нөгөөд шилжихээр шинэчилж буй олон хууль ёс суртахууны хажууд энэ бол өчүүхэн асуудал нь ойлгомжтой. Уг хуулийг өнгөрсөн оны гуравдугаар сараас мөрдсөнөөс хойш салбар байгууллага бүхэнд байдаг өчүүхэн юмнууд хэлдэг үг, хийдэг ажилтай болцгоож үгүй мөн их томорч байна аа. “Хууль гарсныг мэдээгүй юм уу чи, хуулиа дээдэл, дам тамхидалттай цаашид ч хатуу тэмцэх нь зохилтой...”

Замын-Үүдээс галт тэргэнд суусан өвгөн замдаа хоёр вагоны холбоос хоолойд зогсож байгаад янжуураа асаатал эргүүлийн цагдаад нь гардуулчихлаа. Төмөр замын цагдаа, галт тэргэний үйлчлэгчид зорчигч нуувраар тамхи татаж буй эсэхийг мөшгихдөө ер ундууцахгүй юм. Энэ дашрамд хэлэхэд сүүлийн үед урд хөршөөс их хэмжээний хар тамхи галт тэргээр орж ирдэг болсон гээд байгаа. Мөн энэ тамхины хуультай яг нэг өдөр хэрэгжих болсон хүнсний тухай тун чухал хууль гарсансан. Өнөөдөр Эрээнээс нааш төмөр замаар тээж буй хүнс хувцас, бүх л эд барааг шалгах юм бол энэ хуулийн шаардлагыг биелүүлсэн эрүүл цэвэрхэн, химийн хор энэ тэргүй бараа бараг байхгүй дээ.

Амандаа тамхи зуусан өвгөнийг илрүүлсэн хууль хэрэгжүүлэгч нар арай л баривчлахаа алдан торгох юм болов. Өвгөн дуугүй байсангүй. “Хүн байтугай гөрөөс ч харагдахгүй эзгүй говьд давхиж яваа вагон яахлаараа “олон нийтийн газар” болчихдог юм. Тэгээд ч би хажуудах хүмүүсээсээ холдоод бусдад төвөг учруулалгүй энд зогсож байна” гэж адрав. Тэгээд эхний  удаадаа шийтгэлгүй өршөөв.

-Вагон удахгүй Сайншандын вокзал дээр зогсоно. Тэгэхлээр буугаад гадаа татвал хэн ч таныг торгохгүй гэх юм. Харин тэр чинь жинхэнэ түм түжигнэсэн олны газар мөн баймаар. Ер нь энэ хууль нь өөрөө гойд чухал зорилгогүй. Манийг хүүхэд байхад уран зохиолын багш нар “Бяцхан ном” хийлгэж дүн гаргуулдаг байж билээ.

Тэрэн шиг Их хурал дээр хэдэн шинэхэн гишүүдийг “Та нар юугаа ч мэдэхгүй дэмий суухаар үүнийг оролдоод үз” гэснээр л энэ тамхидалтыг зохицуулах зохиомол проблем гарчих шиг боллоо. Энэ хуулийг мөчидхөн бодлоор цэгнэхэд гэмгүй цагаахан, хэн ч зөв зөв гэхээр. Тэгсэн атлаа цаанаас нь муухай хорон санаа, өс хонзон ч юм уу гэмээр сэдэл гараад байгаа нь л зэвүү хүргээд байгаа юм. Хууль цагдаа болон хэрэг  төвөгт ерөөсөө холбогддоггүй сайн сайхан яваа хүмүүсийг харахаас нүд нь хорсож явдаг “тамын тогоочингууд” яасан ч их байдаг юм. Аль авьяаслаг, уран бүтээлч, инженер зураач барималч нар голдуу л тамхиа баагиулаад суудаг цорын ганц  дутагдалтай.  Их зохиолч Д.Нацагдорж, Бямбын Ренчин, Бавуугийн Лхагвасүрэн гээд л...Тийм хүмүүс бусдын  хул­гай зэлгий, шударга бусыг тэвчиж чаддаггүй мөртлөө өөрсдөө тамхины хууль зөрч­сөн байгаа биз. Гэтэл хэдий танхай балмад яргачин ч гэлээ тамхинд ороогүй сайн талтай аль олон эрүүгийн элементийг хэлж барахав. Ийнхүү тамхи гээч ганц ду­тагд­лыг нь атгаж аваад гэрт гадаагүй улаан хэрүүл хийх болцгоолоо. Хэдийдээ тийм айхтар нийгмийн ха­риуцлагатай болчихоов гэмээр.

Хууль тогтоогчид, түү­нийг хэрэгжүүлэгчдийн хэн нь юу хийж чаддагийг нь сайхан харуулж өглөө. Жаахан чадварлаг нь ийм “пионерын ажил”-д тоож хут­галдахгүй байгаа юм. Өөрөөр нийгэмд хяналт тавин, хууль хэрэгжүүлэх нүүргүй, хулгайч авлигач нараа толгой дээрээ гаргачихсан юмнуудад өөр дээрэлхчихмээр объект олдо­хоо байчихгүй юу. Тэгээд мундаг хууль сахиулагчид сайн дураараа энд тэнд тод­роод л ашгүй нэг хийх ажилтай болцгоожээ. Тэнд  бөөн хэрэг мандаад байхад айгаад очихгүй мөртлөө энд өвгөдийн гаанстай ноцолдож суугаа хууль сахиулагч ингэс­нээрээ өөрийгөө доош нь хий­гээд буйгаа мэдрэхгүй нь өрөвдмөөр. Энэ сэдвийг хөө­рөгдөн бичих ч ичгэвтэр л юм.

Ажил байдлын тодор­хойлолт дээрх “ял шийтгэл” гэсэн хүснэгтэд тамхи татсан гэж мянган удаа бичээд ч байгуулсан гавьяаг нь эмтэлж чадах юм уу. Гэхдээ энэ хуулиар далимдуулж нийтийг бусад хуулийг ч мөн адил ингэж шаардаж сурцгаа гэж сайн барьцвал харин зүгээр шүү. Монголын энэ хууль гурван сарын нэгэнд эхлээд “дөрвөн сарын нэгэн” гээд  гууль болно биз гэж бассан нь том эндүүрчээ.