Цонхон дээр суусан ялааг
                                                          Цохиод чи алж чадна
                                                          Цохлоод ирсэн үйлийн үрийг
                                                          Цохиод буцааж чадах билүү?

Нилээд хэдэн жилийн өмнө одоо алга болсон Туул рестораны дэргэд байсан хуучин номын дэлгүүрээс  дууны шүлгийн түүвэр харж зогстол  ийм дөрвөн мөр олж үзээд үнэхээр үнхэлцэгээ хагартал баярлаж билээ.

Энэ 4 мөр бол “Цонхон дээр суусан ялаа” хэмээх хүрээ дуунд байдаг олон бадгын төгсгөл хавьд байх бөгөөд төдийлөн энэ мөрүүдийг дуулдаггүй ажээ. Үйлийн үр, хувь тавилан гэж бид их ярьдаг ч яг ингэж айхтар товч, энгийн  хэлсэнийг өмнө нь би олж үзээгүй явжээ.

Тэгээд энэ бодлоо тээж явсаар эхлээд 9 дууны шүлэг бичиж үйлийн үрийн тухай концепт альбом хийх хүсэлтэй болсон юм. Шүлгээ маш олон хамтлаг дуучдад өгсөн ч хэн ч зориглон барьж авалгүй бараг 7 жил өнгөрчээ.

Харанга, Нисванис, Монгол поп гээд явж байсан өнөө төрийн шагнал хүртсэн Д.Болд …зэрэг олон хүнд үзүүлсэн ч зарим нэг нь огт ойлгохгүй, үлдсэн нь ганц нэг шүлгийг салгаж авч дуу хийе гэсээр байлаа.

Бас ч гэж Монгол телевизэд ажиллаж байсны буянаар 30 гаруй дууны шүлэг бичсэний ихэнх нь чадалтай дуучид, хөгжмийн зохиолчдын хүчээр одоо ч дуулагддаг сайн дуунууд болсон билээ. Соёл- Эрдэнэ хамтлагийн дуулдаг “Амин насны урсгал” Б.Сарантуяагийн дуулдаг “Аниргүйн шивнээ” Т.Ариунагийн дуулдаг “Дурлал шиг асна” талийгч Б.Бадарууганы дуулдаг “Хонин цагаан үүл” гэх зэргээр жагсаавал бараг тал нүүр юм болно.Камертон, Хар сарнай, Нисванис…гээд олон хамтлаг дуучид миний үгтэй дууг дуулдаг.

Гэтэл хоёр жилийн өмнө миний охин “А саунд” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнг дагуулан ирэхэд би түүнд эхний нэг дууны шүлэгээ өгөөд явуултал тэрээр маш аятайхан ая хийгээд ирдэг юм байна. Ингээд охинтойгоо нийлж аваад энэ ажил эхэлсэн билээ.

Концепт альбом гэдэг нь орчин үеийн  хөгжмийн хэлээр шүлэг утга санааг зангидаж, нэг ерөнхий сэдэв буюу нэгдсэн түүхийг зохиомжлон хийсэн студийн цомог юм. Ердийн цомогт янз бүрийн сэдэвтэй янз бүрийн хэмнэлтэй дуу орсон байдаг бол сэдэвт цомог нэг л сэдвээр нэг шугамтайгаар мөн кино шиг, уран зохиол шиг эхлэл, өрнөл, тайлалтай хийгддэг.

1930-аад оны үеийн АНУ-ын цагаач ажилчдын хүнд хүчир амьдралын тухай намтарчилсан байдлаар бичигдсэн Вууди Гутрийсын Dust Bowl Ballads (1940)  ийг яг анхны сэдэвт цомог болсон гэж хөгжмийн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байх юм билээ.           1950 иад онд Рок н Ролл  үүсч, мөн жааз хөгжим хөгжиж байх үед Фрэнк Синатра Wee Small Hours  зэрэг хэд хэдэн сэдэвт цомог гаргасан байдаг. Үүний дараа Жони Кэйш, Бийч Бойс, Фрэнк Заппа зэрэг олон хамтлаг дуучид ийм оролдлого хийсээр байсан бөгөөд 1967 онд Битлс Sgt. Pepper"s Lonely Hearts Club Band  хэмээх концепт альбом гаргаж бараг мартагдах гэж байсан нэг сэдэвт цомогийг дахин амилуулсан ажээ. Үүнээс хойш олон хамтлаг ийм цомог гаргасаар улам хэлбэр агуулгын хувьд баяжиж рок дуурь гарч ирэх эхлэлийг тавьжээ.

1969 онд The Who хамтлаг Томми хэмээх анхны рок дуурийг хийсэн бөгөөд үүний дараа “Исус Христ супер од” хэмээх алдарт рок дуурь төрөн гарсан билээ.

Мэдээж концепт альбомыг Пинк Флойд хамтлаг 1970 аад оноос хүчтэй хийж эхэлсэний хамгийн алдартай дөрөв нь  The Dark Side of the Moon (1973), Wish You Were Here (1975), Animals (1977) The Wall (1979) дөрөв юм.

Далаад оны хамтлагуудын ихэнх нь ийм сэдэвт цомог гаргасан ч Пинк Флойд шиг амжилт олж, нэрд гарч чадаагүй билээ.

Одоо ч Green Day, Nine Inch Nails, Protest the Hero, The Creator,

Linkin Park, Arcade Fire, Coldplay, Radiohead зэрэг олон хамтлагууд ийм сэдэвт цомог гаргасаар л байгаа билээ.

Аливаа юм цаг нь болохоор гарч ирдэг ном ёсоороо л ийм нэг анхны сэдэвт цомог төрж гарлаа. Энэ цомогийн 8 дахь Цаг нь болохоор дуунд;

Уул ч нурж элс болон хувирна
Цаг нь болохоор
Ус ч ширгэж үүл болно
Цаг нь болохоор
Хайр өөрөө урсан ирнэ
Цаг нь болохоор

Одоохондоо чи бид хоёр хамт
Үүлэн дээр унтаж, гэрлэн дунд хөвж байна
Нэг л мэдэхэд шөнө өнгөрч өглөө ирэн
Нартай хамт зүүд сарнин чи явна
Цаг нь болохоор

Мод шатаж шороо болон хувирна
Цаг нь болохоор
Нар жаргаж шөнө ирнэ
Цаг нь болохоор
Аз жаргал  үүдийг минь тогшоно
Цаг нь болохоор

Одоо хийсэн сайны хариуг шууд бүү нэхээрэй
Олон жилийн дараа үр нь боловсроод
Нэг л мэдэхэд зовлон өнгөрч жаргал болоод
Санаандгүй явахад чинь хүрч ирнэ
Цаг нь болохоор  
гэж дуулдаг юм.

Өчүүхэн миний бие авъяаслаг залуусын хүчинд дулдуйдан Монголчуудын эртнээс ярьж ирсэн Бурханы шашин, зөв амьдрах ухааныг чадлынхаа хирээр оруулж ийм нэгэн сэдэвт цомгийг англи, монгол хоёр хэлээр чадан ядан, өөрөө охинтойгоо нийлж хөрөнгө мөнгө босгон эрхлэн гаргасанаа та бүхэнд товч танилцууллаа.

Дашрамд хэлхэд энэ цомог маш өндөр өртгөөр бүтсэн бөгөөд хамгийн сүүлчийн мастеринг, миксингийг АНУ ын “Revolver recording” студид хийлгэсэн бөгөөд энэ студи Лос Анжелес хотод 30 гаруй жил мэргэжлийн түвшинд ажилласан студи бөгөөд бидны өмнө Британийн “Смоуки” хамтлаг мастеринг хийлгээд гарсаны араас залгаж манай цомог орсон билээ.

Энэ нийтлэл гарч байх үед цомог iTunes ээр дэлхийн нээлтээ хийж дараа нь манай худалдаагаар гарч эхлэхийг дуулгахад таатай байна.

Урлаг тэр дундаа хөгжим хүн бүр амин хувьдаа өмчилж болдог нийтийн өмч билээ. Бидний бүтээл одоо та бүхний хувийн өмч болж байна.

Хүлээн авч таалан соёрхоно уу!