МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат даваа гаригт хэвлэлийн бага хурал зарлаж, “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрөөс 14 тэрбум төгрөг завшсан байх магадлалтай” хэмээн мэдэгдэв. Багануурын нүүрс 1 тонн нь 27500 төгрөг байхад Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 1 тонн нүүрсийг иргэдэд 80 мянган төгрөгөөр борлуулж, дундаас нь 52500 төгрөг завшсан байх талтай гэнэ. Ингээд “талх” Ганхуяг, “мах 1200”-гийн араас “нүүрс” Ж.Мөнхбат хэмээх бас нэг эрхэм улс төрд шинээр мэндэллээ. Ердөө нэг, хоёрхон жилийн өмнө гэр хорооллын айлууд тонн нүүрсийг өвөлдөө 150-200 мянган төгрөгөөр үнэлж авдаг байсансан. Харин Н.Алтанхуягийн үед 27500 төгрөг болтлоо буураад байсан бол цаадах нь жинхнээсээ эдийн засгаа “аварсан” болж таарах нь.

Гэхдээ одоогийн нөхцөл байдалд хамгийн хоржоонтой зүйл нь тоонд биш, харин МАН-ын генсек уг мэдэгдлийг хийхдээ “АТГ-ын мэдээллээс” хэмээн иш татсанд байгаа юм. Ердөө хоёрхон жилийн өмнө, Ардчилсан нам засгийн эрхэнд гарсны дараа МАН-ын нөхдүүд “Хэзээ бидний гэдсийг хүүлэх бол” хэмээн өмдөндөө дусааж байсан даа. Гэтэл юм ингэж эргэх гэж. Хонь, чоно хоёр хэзээ нэг тогооноос хооллодог болчихов оо...

Ер нь бол засгийн эрх нэг намаас нөгөө намд шилжих тоолонд шинээр гарагсад нь хуучнынхаа идсэн уусныг уудлах замаар нийгэмд “шударга ёс”-ыг тогтоодог уламжлалтай. Харин энэ засгийн үед хууль, хүчний байгууллагууд өөрчлөгдөж, өөрсдийг нь томилсон нам, хүчний эсрэг тэмцэх зүрхтэй болов. Засаг солигдсоны дараа сөхөгдөж эхэлсэн МАН-ын луугаруудын хэрэг хавтастайгаа тоосонд дарагдаж, оронд нь Н.Алтанхуягийн Засгийн газрын бараг бүх сайд нарыг толгой дараалан шалгаж эхэллээ. Бүр Ерөнхий сайдыгаа хүртэл. Мундаг байна гэж магтья, Монголын тусгай албадын дээр хөх тэнгэрээс өөр юу ч алга.

Хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан Г.Сарангэрэл гэж эмэгтэйд өнгөрсөн долоо хоногт шүүхээс ял оноожээ. Жил зургаан сарын ял оноож, цагдан хорих төвд өнгөрүүлсэн таван сарыг нь хасаад жил нэг сарын ялыг биечлэн эдлүүлэхээр болсон байна. Мэдээж өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчээ “гэм буруугүй” хэмээн үзэж, дараагийн шатанд давж заалдахаа мэдэгдсэн. Шүүх хурал болгоны дараа хийдэг улиг болсон мэдэгдэл. Гэхдээ энэ удаад нэг зүйл анхаарал татдаг. Энэ нь шүүх хурлын өмнө Г.Сарангэрэлийн өмгөөлөгчдийн нийтэд үзүүлсэн бичлэг буюу цагдаагийнхан хэргийн сэжигтэн болоод шүүхийнхэнтэй хэрхэн хэрэг наймаалцаж байгаа талаарх баримт.

Г.Сарангэрэл гэж эмэгтэй үнэхээр хар тамхины хэрэгт холбоотой юу, үгүй юу гэдэг энд гол биш. Харин Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга н.Ариунболд, тасгийн дарга н.Ууганбаяр, хэлтсийн дарга н.Аадарсүх нар хэргийн сэжигтнийг айлган сүрдүүлэх, худалдаж авах, сэжигтэнтэй тохиролцох замаар өөр нэгэн хэргийг зохион байгуулсан явдал. Зохион байгуулсан хэргийнх нь хохирогч болсон Хууль зүйн сайдын албан тушаал, эрх хэмжээний тухай ярихаа түр азная. Учир нь түүний оронд хэн ч байж болох шүү дээ. Жирийн иргэн та, би, эсвэл ноён Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд дараачийн золиос хэн байхыг, эсвэл өмнө нь хэн золиос болсныг хэлж мэдэхгүй. Хамгийн гол нь хууль сахиулах байгууллагын удирдлагууд өөрсдөө зохион байгуулж санаатайгаар бусдыг гүтгэсэн, салбарын сайдынхаа эсрэг зохиомол хэрэг үүсгэж /Х.Тэмүүжиний гэх хавтаст хэрэг хэдийн бий болсон гэдгийг цагдаагийнхан өөрсдөө зарласан/, үүндээ өөрсдийнх нь эрхшээлд байгаа гэмт хэргийн сэжигтэнийг ашигласан нь олон нийтэд хэдийн ил болсон. Үүнийхээ төлөө Г.Сарангэрэлд мөнгө төлсөн гэдгийг ч өмгөөлөгчид нь хэлж байгаа. Тэдний үг үнэн эсэхийг шалгаж тогтоох биз. Харин шалгах ч шаардлагагүй нэг зүйл бол Эрүүгийн цагдаагийнхан өөрсдөө зохион байгуулж Г.Сарангэрэлээр хуурамч мэдүүлэг өгүүлсэн явдал. Үүнийг Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга н.Ариунболдын өмгөөлөгч н.Батбаяртай хийсэн ярианаас үзэж болно.

-Гол нь ерөөсөө л тэгж хэлүүлэх хэрэгтэй ш тээ. Заавал ......рүүгээ хийлгэдэг барьдаг гэж хэл гэхгүй. Надтай гаж маягаар секс хийдэг, би дургүй байсан. Тэмүүжин өөрөө дурладаг байсан учраас би хүслийг нь дагадаг. Надад их эвгүй байсан. Та нарын шударга ариун гэж бодож байгаа тэр хүн чинь үнэн хэрэгтээ гаж донтон. Би маш их гомдож байгаа. Одоо үнэн байдлыг дэлгэе, нэр төрөө сэргээлгэнэ... Өчигдрийнхөө яриан дээр нэмэлтээр ийм хоёр, гурван өгүүлбэр хэлүүлмээр байна... Хэн гэж сэтгүүлч очино гэлээ, Ууганбаяр дарга аа...? Отгонжаргал гэж хүн очих юм байна шүү. Нэмэлтээр саяны хэлсэн санааг л оруулчий. Тэгээд л болоо, за юу...

Харин энэ яриа болохын өмнөх өдөр Эрүүгийн цагдаагийнхан Г.Сарангэрэлийг өмгөөлөгчийнх нь оролцоогүйгээр шүүхийн захирамж гаргуулан суллаж, зочид буудалд өрөө захиалж байгаад телевизэд ярилцлага өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хар тамхины хэргийн сэжигтэн “Би Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай” хэмээн 2-р суваг телевизээр ярьсаны дараа ЭЦГ-аас өмгөөлөгч рүү утасдаж, нэмэлтээр ийм мэдээлэл өгүүл гэж дарамталсан байна. Захиалга өгсөн цагдаагийн дарга болоод захиалга авсан сэтгүүлчийн нэр бүгд бичлэг дээр тов тодорхой үлдсэн байдаг. Гэсэнч ийм тодорхой баримт байхад шалгах ёстой газар ажлаа хийж байна уу.

Өмнө нь шүүх эрх мэдэл болоод хууль сахиулах байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай холбоотой хэргийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгадаг байв. Харин энэ хаврын чуулганаар УИХ хуульд өөрчлөлт оруулж /тухайн үед Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Ш.Түвдэндоржийн санаачилгаар/, шүүх эрх мэдэл болоод хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай холбоотой авлига, албан тушаалын хэргийг АТГ-т харьяалуулан шалгахаар болсон билээ. Ингэснээр АТГ-ын эрх мэдлийг зузаатгаж,  хууль, шүүхийнхний хөлсийг чийхруулж байсан цаг саяхан. Алив тэгээд ажлаа хий л дээ! АТГ-ын дээр хөх тэнгэрээс өөр юу ч үгүй ...