УИХ хаврын чуулганаа хаахдаа намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батласан. Нийтдээ 316 төслийн дотроос шигшиж авсан 20 асуудлын эхэнд 2015 оны улсын болон хүний хөгжил, нийгмийн даатгалын сангуудын төсөв, мөнгөний бодлого зэргийг зүй ёсоор тусгасан байлаа. Харин өнгөрсөн долоо хоногийн эхэнд (2014.09.22) УИХ-ын дарга З.Энхболд энэ жагсаалтыг шинэчилж захирамжлахдаа нэн тэргүүнд АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах хэлэлцээрийг соёрхох, Төмөр замын тээврийн бодлогыг хэрэгжүүлэх ажлуудыг батлах болон Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлуудыг хэлэлцэхээр дараалууллаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын намрын чуулганд өгөгдсөн улс төрийн нөхцөл өөрчлөгдсөнийг хэлэлцэх асуудлын жагсаалт тов тодорхой илтгэн харуулж байна.

Н.Алтанхуягийн арга чарга

Ерөнхий сайд гэнэтхэн мэдэгдэл хийж, Засгийн газрын бүтцийг өөрчлөхөөр зарласан явдлыг өнөөдөр улс төрчид янз бүрээр дүгнэж байна. УИХ завсарлах хугацаанд Засгийн газрын 100 хоногийн “виза” дууссан. Ингэж хугацаа батлуулж авах шаардлага Ерөнхий сайд Н.Алтанхуягт гарцаагүй байлаа. Тэгээгүй бол тэр аль хэдийнэ огцорчихсон байх байсан юм. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг сөрөг хүчнийхэн, тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ХЯМРАЛ хэмээн тодорхойлсон. Гадаадын шууд хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр буурч, ам.долларын төгрөгтэй харьцах ханш урьд хожид байгаагүйгээр чангаран, банкууд дахь муу зээлийн хэмжээ огцом нэмэгдэн, уул уурхай, барилга, зам гүүрийн ажлууд санхүүжилтгүй зогсож байв. Инфляцийн өндөр дарамттай тулгарсан компаниуд олноороо дампуурч, хаалгаа барьсан. Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайд нарыг огцруулах асуудал ч УИХ-аар хэлэлцэгдээд амжсан.

Яваа яваандаа энэ асуудал улам “дүрэлзэж” Засгийн газрыг бүхэлд нь шинэчлэх шаардлага болон хувирсан. Цаашлаад эрх баригч намынхны дотоод зөрчил хурцдаж, “давхар дээлийг тайлуулах” тухай Ерөнхийлөгчийн түгшүүрээр өдөөгдөн уг шаардлагад ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖ бүрдэж эхлэсэн юм. Товчоор хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, АН-ын дарга Н.Алтанхуяг “нуман тулгуур”-т ороод байлаа. Хэсэгтээ ч болов чих амар ажиллах гэхдээ бодож олсон улс төрийн шийдэл нь тэрхүү эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаа байсан. Мэдээж, ийм богино хугацаанд дорвитой идэвхжил аль ч салбарт бий болохгүй нь ойлгомжтой байсан хэдий ч дээр нь нэмж засаглалыг хямраахгүй байх үүднээс УИХ шийдэж өгсөн.

Дараагийн заль мэх

100 хоногийн төлөвлөгөө хэрэгжсэний эцэст Монгол Улсын гадаад валютын нөөц ихээхэн буурсан байлаа. Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг дахиад л бууруулав. Оюутолгойд 100 сая ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлсэн хэдий ч хөрөнгө оруулалт нэмэгдэх янзгүй. Өнөөдөр төсвийн орлого 600 гаруй тэрбум төгрөгөөр тасраад байгааг Сангийн яам албан ёсоор зарлаж сууна. Засгийн газартай хариуцлага тооцох нь гарцаагүй агаад зайлшгүй болмогц Ерөнхий сайд Н.Алтанхуяг овжин арга олж намрын чуулган эхлэхээс сар шахуугийн өмнө танхимынхаа бүтцийг өөрчлөхөө мэдэгдэв. Тэгээд “шинэ” бүтцийн бүдүүвчээ өмнөх МАН-ын Засгийн газрынхаар буюу “хуучнаар” зураглан хэлэлцүүлж эхлэсэн.

Уул нь Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь унагах тухай асуудал босож ирэх байсныг тэр дээрх алхамаараа “бүтцийн шинэчлэл” буюу УИХ-ын дарга З.Энхболдын захирамждаа томъёолсончлон “Засгийн газрын гишүүнийг огцруулах” жижиг асуудал болгон хувиргаж чадлаа. Шинэ танхимын бүтэц, бүрэлдэхүүний тухай олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг өөрөөр нь оролдох санаархалуудыг мартагнуулж дөнгөнө гэсэн түүний тооцоо зөв болж ч мэднэ. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн түүний энэ “заль мэх”-ийг аль хэдийнэ анзаарчихсанаа илэрхийлж байгаа. Хэрвээ тэд намрын чуулган дээр энэ асуудлыг задалж, “гишүүнийг огцруулах” гэх жижигхэн хэмжээг тэлж орхивол гүйцэтгэх засаглалыг тохинуулах ажил хөөрхөн сунжрахад хүрнэ.

Төрийн албаны хүлээзнэл

Шинэчлэлийн Засгийн газар яах аргагүй данхар. Төрийн албан хаагчдын тоо ч бусад Засгийн газруудынхаас хамаагүй давсан. Зарим яамдын ажил үүрэгт давхардал багагүй байгааг олон нийт ч шүүмжилж буй. Шинэчилж өөрчлөх шаардлага Ерөнхий сайдыг огцруулахаас илүү чухал байгаа. Ач холбогдлын энэ эрэмбийг олж харсан Ерөнхий сайдын бас нэг “заль” нь хаа хамаагүй эртнээс зарлаж байгаа үйлдэл нь юм. Энэ сарын 8-нд МҮОНТ-ээр, эфирийн оргил цагаар хийсэн түүний мэдэгдлээс хойш Засгийн газрын бүтцийн байгууллагууд бүх ажлаа хойш тавин, бужигнаж эхэлсэн. Ийм тохиолдолд яам, агентлагийн сайд, дарга нар төдийгүй ажилтан, мэргэжилтнүүд нь хүртэл ажлаа хийхээ болиод, хувь заяа нь хэрхэн шийдэгдэхийг хүлээн цаг хугацааг нөгцөөж эхлэдэг. Үлдэх, зайлуулагдахаа үзэлцэх гэсэн бяцхан өрсөлдөөн тэрүүхэн тэнд чимээгүйхэн өрнөнө. Хэн ирж, хэн явахыг анаж тандан, бие биенийхээ улыг шагайх үзэгдэл гаарч, бүрдэж эхэлж байсан хамт олон сарнина. Юун салбарын ажил үйлс, төрийн үүрэг хариуцлага манатай, хоногийн хоол, маргаашийн уушгиа сэтгэж гарна. Яг одоо яам, агентлагуудад байдал нэгэнт ийм болчихсон байгаа.

Намрын чуулганд өгөгдөж байгаа бас нэг нөхцөл бол яах аргагүй энэ. Дээр дооргүй алдагдсан хариуцлага, ажил хийдүүлж назгайрсан хандлагыг цэгцлэхэд улс төрийн тогтворжуулалт хэрэгтэй болно. Хөрөнгө оруулагчдыг үргээчихээд эргүүлж чадахгүй, итгэлийг нь сэргээж дөнгөхгүй байгаатай энэ нөхцөл огтхон ч өөрцгүй. Жил гаруйхны дараа тэртэй тэргүй дахин бужигнах төрийн захиргааны байгууллагуудад албан хаагчдын тогтворшил ямар түвшинд бүрэлдэхийг тааж таамаглахад түвэгтэй.

Бодлогын ухралт

Бүрэн эрхийнхээ эхэнд Н.Алтанхуяг АН дахь фракцууд болон МАХН, МҮАН, ИЗНН-д эрх мэдэл хуваарилсан. Хэтэрхий олон талын ашиг сонирхлыг эвцэлдүүлэн зохицуулах гэсэн оролдлого нь түүнийг эцсийн эцэст арга барагдуулсан байж мэдэх юм. Ялангуяа АН-ын доторх эрх мэдэл булаалдсан элдэв санаархлууд зорилго, шинэчлэлийг нь замхруулсаар, ийнхүү дуусгав бололтой. Яам, агентлагийн тоо, үүрэг функцийн хуваарилалт бол зүгээр нэг бүтцийн график төдий зүйл биш. Засгийн газрын танхимын хувьд энэ нь бодлого, стратегийг нь илэрхийлж байдаг. Тиймээс өөрчлөхөөр шийдсэн Засгийн газрын тэргүүний шийдэл түүний ухралт, магадгүй ялагдлыг илтгэж байх шиг.

Анх тэрээр 11 яамыг 16 болгож, “төрийг данхайлгалаа” гэх шүүмжлэлийг сөрөн гарахдаа “төрийн чадавхийг нэмэгдүүлэх, нөөцийг зөв хуваарилан, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ” гэж байсан. Эдийн засгийн хөгжлийн бодлогыг Засгийн газрын “түрийвч” гэгддэг Сангийн яамнаас салгаж, хөрөнгө оруулалт, зээл тусламж, гадаад худалдаа, технологи, инновацийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал, зохицуулалтыг хариуцуулсан нь оновчтой шийдвэр байв. Энэ яам сүүлийн 20 жилд байгаагүй их хэмжээний хөгжлийн санхүүжилт босгож, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг хөдөлгөж чадсан ч гэлээ өнөөдөр цомхотгогдоход хүрээд байна. Хамгийн их хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсан сайд Н.Батбаяр өнгөрсөн хоёр жилийн дотор таван ч удаа огцрох эсэхдээ тулсан нь Монголын парламентын түүхэнд шинээр тогтоосон рекорд гэж болохоор. Үнэндээ тэр энэ Засгийн газарт байгаагүй бол улс орны эдийн засаг 100 хоногийн виза авахаас нь хагас жилийн өмнө сөхөрчихсөн байх байсан ч байж ч мэднэ.

Болзошгүй эрсдэл

Улс төрд ойр зарим нэгний таамаглаж байгаачлан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Зам тээврийн сайд А.Гансүх нарыг чөлөөлөх төдийгөөр энэ хэрэг явдал шувтрахгүй байх магадлал бий. Нийтлэлч Баабар “МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР” гэсэн дундын шийдэл санал болгож байгаа зэргээс харвал АН дотроо эв зүйгээ олж чадахгүй байдалд хүрчихэж үү гэж таамаглахаар байна. Энэ намд Ерөнхийлөгчийн гэх фракц нэгэнт бий болсон төдийгүй Засгийн газарт суудалтай гэж үздэг. Ийм өнцгөөр харвал Эрх мэдлийн давхардлыг арилгах тухай “Давхар дээл”-ийг тайлуулах санаачилгаа Ерөнхийлөгч зүгээр “тавьж туугаад” улс төрчийн рейтингдээ хор учруулах хүн биш. “Шинэчилж өөрчлөх л гэж байгаа бол нэгмөсөн засаж залруул” гэвэл Засгийн газрыг эмхлэн бүрдүүлэх ажилд бас нэг том тээг үүсч мэднэ.

Энэ мэт улс төрийн тодорхой бус, шийдэлд хүрээгүй байдлаас болж Засгийн газрын асуудал удааширвал цаана нь байгаа хугацаа тулгамдсан олон төсөл, ажил, тэр дундаа ирэх оны төсөв батлах асуудал хойшлогдох эрсдэлтэй. Хуулиар Засгийн газар төсвөө 12 дугаар сарын 1 гэхэд батлуулсан байх учиртай. Төсвийн хэлэлцүүлэг өөрөө хугацаа, ажиллагаа, дээрээс нь бас л улс төрийн тохироо шаардана. Энэ жилийн гүйцэтгэл хэр тааруу гарах төлөв ажиглагдаж буй өнөөдрийн нөхцөлд дараагийн төсвийн хэлэлцүүлэгт зарчмын зөрчилдөөн үүсэх магадлал их байна.

Төсвийн суурь нөхцөл

Аймаг, орон нутагт төсвөө бие даан шийдвэрлэх, өөрсдөө удирдан зарцуулах эрхийг түлхүү өгөх байдлаар ирэх оны төсвийн төслийг бэлтгэж байгаагаа Ерөнхий сайд яамд, агентлагийн удирдах ажилтнуудтай хийсэн цахим хурлынхаа үеэр танилцууллаа. Ингэснээр сайд нарын төсвийн багц орон нутаг руу нэлээд тарах байдалтай байгааг ярьсан. Урсгал зардлыг багагүй танаж, хэмнэлтийн горимоор ажиллах, үүний тулд салбар тус бүрийн худалдан авах ажиллагааг нэгтгэх зэргээр ажлын давхардлыг арилгана гэж төлөвлөжээ.

Энэ оны төсвийн гүйцэтгэлийн наймдугаар сарын мэдээнээс үзвэл татварын орлого 718.1 тэрбумаар тасарчээ. Үүн дотроо аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 128.5 тэрбум, дотоодын бараа үйлчилгээний НӨАТ-ын орлого 148.4 тэрбум, импортын барааны НӨАТ-ын орлого 51.6 тэрбум, суудлын автомашины онцгой албан татварын орлого 49.3 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 68.3 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан байна. Татвар төлөлт багасаж, төсвийн орлого хумигдах нь бизнесийн үйл ажиллагааны үр ашиг хомсдож байгаатай шууд уялдаатай. Хэдийгээр эдийн засаг, санхүүгийн олон учир шалтгаан байдаг ч ерөнхийлөн дүгнэвэл нийт эдийн засгийн маань “эрүүл мэнд” тааруу байгаагийн илэрхийлэл гэж болно. Төсвийн зарлагын гүйцэтгэл 75,1 хувьтай буюу 1.3 их наяд төгрөгийн дутагдалтай явааг энэ хэмжээний ажил, үйлчилгээ хийгдээгүй байна гэж дүгнэхэд хилсдэхгүй. Монголбанк наймдугаар сарын эхнээс бодлогын хүүг 12.0 хувь болгож, арилжааны зээлийг хязгаарласан. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр инфляцийн түвшин өнгөрсөн сарын эцэст 13.7 хувьтай гарлаа. Ам.долларын ханш энэ сард 1802-1840 төгрөг рүү өгсөн, гадаад валютын улсын нийт нөөц 1,3 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 55 хувиар буурсан ийм нөхцөл байдалд дараа оны төсвийн төсөл бэлтгэгдэж байна.

“Үндэстний ТОЙМ” №38, 39 (241, 242)
2014.09.29

http://toimsetguul.mn