Бард бол нөгчиж буй хүнд хандсан заавар зөвлөгөө юм: “Одоо чимээгүй, анхааралтай бай. Энэ амьдралыг ухамсартайгаар орхи. Үхэлд хүчээр булаалгаснаас өөрөө суллаж тавирах нь эрхэм. Юунд ч битгий хоргод. Шунан хоргодох юм бол чи үхэлтэй тэмцэлдэх болно. Төрсөн бол үхэж, ирсэн бол буцах жам ёсыг чи ялж чадахгүй. Дэмий тэмцэлдсэнээр асар чухал аз завшааныг алдахад хүрнэ.

Бүх зүйл жамаараа болог. Тайван байж, үхлийг жам ёсны тохиол, амьдралын оргил хэмээн хүлээн ав. Сэхээлэг байж, юу тохиолдож байгааг ажигла...”

Бардын хамгийн чухал зүйл нь амьдрал хэмээх өчнөөн жил үргэлжилсэн зүүд байсныг сануулдаг. Энэ зүүд одоо жаргаж байна. Чи асгарсан сүүний хойноос гашуудан уйлж магадгүй... Учир нь, хэдхэн хормын дараа өөр хэвлийд орж, өөр зүүдэнд умбана. Хоёр зүүдний дунд сэхээ орох хэсэгхэн хором байна. Хэрэв сэхээрч чадах юм бол үхлийг ялж, зүүдийг сарниах боломжтой. Энэ биеэ ухамсартайгаар орхивол өөр хэвлийд орохдоо ч ухамсар сэхээтэй орох болно. Тэгвээс чи ирэх амьдралдаа мөнх бусыг ухаарч, зүүдэн хорвоог аяндаа мэдэх тул урьдын хэвшил болсон мөрөө давтахгүй, утга учиргүй тэмцэл тулаан, шунал тачаалд автахгүй сэрэмж төгөлдөр амьдарч, туулан гэтлэх болно.

Үхлийн хоромд амьдралаа зүүд гэж ухаарахад маш дөхөм. Өөр юу ч чамд тийм хүчтэй сэрэлт өгөхгүй. Шөнийн турш үй түмэн зүүдэнд амьдарч байгаад өглөө сэрэхтэй адил. Зүүд чинь хэчнээн ч он жилээр үргэлжилсэн буйза. Энэ бүхэн зүүд байсныг Бард чамд сануулна. Чи үхэж байгаа юм биш, зөвхөн зүүд л сарниж буй. Нэг зүүднээс нөгөөд шилжихийн завсар чи байна. Зүүд үгүй, сэрүүн тунгалаг, гэгээн саруул байх энэ завсар чөлөө асар чухал. Тиймээс удаах сануулга нь энэ чөлөө учралыг алдалгүй санаж сэр.

Бардын гуравдахь сануулга нь: Хэвлийд орох болбол бүү самуур гэдэг. Ухаан сэхээтэй орж чадвал чи хийх ёстойгоо хийж, гүйцээх ёстойгоо гүйцээж чадна.

Гүн аниргүмд уусан нөгчиж буй хүн эдгээр үгсийг итгэлт багш буюу хайртай дотны хүнээсээ сонсох учиртай. Хаа хамаагүй хүний үг түүнд эргэлзээ төрүүлж мэдэх тул үйлчлэхэд бэрх. Бард болон бусад бүх арга увдис чинхүү итгэл сүсэг, хайраар уламжлагдаж байж л хүчин төгөлдөр болдог. Тийм эгзэгтэй агшинд дурдан сануулагч хүний үгэнд өчүүхэн төдий эргэлзэхэд бүх хэрэг баларна. Харин итгэл төгс, сэрэмж төгөлдөр байж, зааврыг дагаж чадвал цоо шинэ агуулга бүхий амьдралын эхийг хатгана. Тэр төрөл чиний сүүлчийн төрөл байх болно. Учир нь, ухамсар сэргэг нөгчиж, үнэмлэхүй ариун чөлөөг амталж, шинэ хэвлий рүү сэхээлгээр орсон хүний гэгээрэл баталгаатай. Түүнд үр хөврөл нэгэнт суусан учир аясаараа цэцэглэнэ.

Бард ийм энгүүн арга. Гэхдээ бясалгалыг жаахан ч атугай амталсан, оюун санааны хөтөч – багштай байсан, аниргүм оршихуйн амтыг мэдэрсэн хүн л түүний үр шимийг үзнэ.

- Ошо

    Сонсгоод гэтэлгэгч судраас


Нөгчих үед гэгээн гэрлийг таниулах нь

Аяа, ... язгуурт хүү минь! Хүний ертөнцөд амьдрах хугацаа чинь дуусаад эдүгээ сайн мөрийг эрэх цаг чинь боллоо. Шороон махбод усанд шингэх үед балчиг харагдана. Усан махбод галд шингэх үед утаан үзэгдэл ургана. Гал махбод хийд шингэх үед оч бутарна. Хий махбод сүнсэнд шингэх үед зулын гэрэл мэт туяа тодорно...

Анхаарлаа сайтар хурцал. Амьсгал тасрахын алдад чиний ухаан санаа огторгуй мэт хов хоосон, сав саруул, хязгааргүй уудам, хиргүй тунгалаг болно. Тэр бол оршихуйн мөн чанар – гэгээн гэрэл юм шүү. Өөрөө өөрийгөө хүртэн мэдэх ухааны цэлмэг хоосон агаарт чи хэзээ ч төрөөгүй, хэзээ ч үхэшгүйг мэдэрнэ. Үгээр илэрхийлэх аргагүй энэ гайхамшигт төлөв бол Хотол төгөлдөр бурханы мөн чанар билээ. Бүү эргэлз, бүү түдгэлз, бүү ай. Өөрийн ухаанаар бурханы оршихуйг таньж, эргэлзэж эмээх зүйлгүй, нэгэн үзүүрт сэтгэлээр түүнд уусан нэгдэгтүн.

Хэрвээ түүнийг сэхээрэхгүй бол чи биеэс хальсан хойно нас барснаа ч мэдэхгүй гайхаж цочирдоно. Амраг садныхаа уйлан гашуудахыг сонсоод үймэрч бачимдана. Далд нуугдаж байсан үйлийн үр чинь сэргэж, дадал зуршлын эрхээр элдэв хуурмаг үзэгдэлд автах болно. Хар дарсан зүүд мэт аймшигт эрлэгийн үзэгдэл ургахаас өрсөж сэхээрэх хэрэгтэй.

Тунгалаг хоосон гэгээн гэрлийг сэхээрэх юм бол чи ямарваа хэлбэр дүрд уягдалгүйгээр шууд гэтлэх болно. Энэ нь чамд хэцүү байгаа бол гэгээн гэрлийг өөрийн шүтэн дээдэлдэг бурханы дүрээр харахыг хичээ. Усны мандалд туссан сарны гэрэл мэт тодрох түүнийг өөрөөс тусдаа гэж бүү сэтгэ. Чухамдаа чиний цэвэр ариун мөн чанар бөлгөө. Хэрэв чамд шүтдэг бурхан үгүй бол хязгааргүй энэрэл хайрын биелэл – Аръяабал бурханыг бясалга. Өмнөө тодрох бурханд чинхүү итгэлээр уусан нэгдээрэй.

Мөн чанарын зуурдыг таниулах нь

Нөгчих үед сэрж чадаагүй бол биеэ орхисон сүнс чинь хий үзэгдэл мэт тэнүүчилнэ. Үр сад хийгээд амраг нөхдөө үзэвч тэд чамайг үзэхгүй. Тэдний яриаг тодорхой сонсовч чиний дууг цаадуул чинь сонсохгүй тул уй гунигт автах вий. Бодот биегүй чамд байх, суух газар олдохгүй, элдэв дуунаас цочиж, гэрлээс айж, өнгө дүрснээс зүдэх буйза. Гэхдээ чи энэ үед сэхээрч чадах юм бол  үнэмлэхүй цэвэр ахуйд эх, хөвгүүн учирсан мэт нэгдэх боломжтой. Тийнхүү нэгдвээс нарны гэрэлд харанхуй сарних мэт сансрын үзэгдэл замхрах болно.

(Зуурдын зургаан төрөл бий: Төрлийн зуурд, зүүдний зуурд, дияаны зуурд, нөгчих үеийн зуурд, мөн чанарын зуурд, сансрын буюу төрөл авах зуурд. Эдгээрээс сүүлчийн гурав нь үхлийн ертөнцөд хамаарна. Нөгчих үеийн зуурд нэгэнт өнгөрвөл мөн чанарын зуурд биежих болой.)

Анхааралтай сонс. Энэ ертөнцөөс хагацагч нь чи ганцаараа биш. Төрсний эцэст үхэж, ирсний эцэст буцах жамтай тул энэ төрөлдөө шунан хоргодох хэрэггүй... Мөн чанарын зуурдад төрөх үзэгдэл бүхнийг зүүд мэт ойлго. Харагдах өнгө, дүрс, сонсогдох дуу чимээ бүхэн чиний сэтгэлийн агаараас гарч байгаа болохоор айдас хүйдэст бүү авт. Айж сандрах юм бол чи хар дарсан зүүдний ертөнцөд улам бүр хөл алдана. Биеэс хагацах цагт нүд гялбам хурц гэрэл тодорч ирээд хаврын зэрэглээ мэт жирвэлзэх буйза. Тэр бол чиний мөн чанарын өнгө гэрэл юм. Тэр гэрлийн дотроос хоосон чанарын дуу дуурьсах нь мянган лууны хүрхэл мэт аймшигтай сонсогдож магад. Түүнийг өөрийн мөн чанараас гарах аялгуу хэмээн сэхээрч бүү ай, бүү сандар. Мах, цусаар бүтсэн биегүй чамайг дуу, гэрэл, өнгө, дүрсийн аль нь ч хорлохгүй. Чиний бие бол хий сэтгэлийн бие учраас үхэл эндлээс ангид гэж ухаар.

Нас нөгчөөд хэсэг хугацаанд чи юу ч мэдэхгүй явж магад. Гэнэт ухаан сэргээд, “Юу болов оо?” гэж эргэн тойрноо тэмтчих байх. Өөрийгөө биет ертөнцөөс нэгэнт ангижирсныг ойлгож, тайван хүлээцтэй бай. Үймэрч хямрах юм бол бүх юм буруудна. Чи мөн чанарын зуурдад байна. Энд хүртэж буй бүхэн чиний сэтгэлийн хувилгаан юм. Цэвэр мөн чанараа сэхээрэх боломж бурхадын дүрээр тодрох тул анхаарлаа хурцлах хэрэгтэй...

Амарлингуй бурхадын дүр тодрох цагт хурц тунамал гэрэл мянган нарны гал мэт тусч ирнэ. Тэр бүхнийг чи өөрийн зүрхэн төвөөс ургасан гэгээн тэмдэг хэмээн ухаар. Тэдгээр хурц гэрлээс үл айн, баясан биширч залбирвал хамаг гэрэл нь чамд шингэж, бурхан болох болно.

Билгүүн ухааны хурц гэрэлтэй хамт зургаан зїйл амьтны бүдэг гэрэл төрж ирнэ. Хэрэв чи өөрийн ариун чанарын хурц гэрлээс айгаад, сүүмийх гэрэлд баясан дурлавал зургаан зүйл амьтны аль нэгэн биеийг аваад орчлонгийн хүрднээс гэтлэх цаггүй болно. Иймээс энэрэл хайр, билгүүн ухааны хурц тод гэрэлд нэгэн үзүүрт зорин залбиртугай...

Амарлингуй бурхадын дүрээр тодорсон ариун чанарыг сэхээрч амжилгүй өнгөрвөл хилэнт догшидын дүр ургах болно. Хэтэрхий аймшигт үзэгдэлд өөрийн эрхгүй айх вий. Айснаас болж зуурдын хавцалд төөрөх тул анхаарал сэрэмжээ хурцлах хэрэгтэй...

Өөрийн сэтгэлийг л танихгүй бол бүхэл галвын туршид далай мэт судар, дандарыг уншиж судлаад, мэргэн ухаантан болсон ч бурхан болохгүй. Өөрийн сэтгэлийг илт танивал нэгэн тарнийн ганц оньсоор бурханы хутгийг олъюу.

Сансрын зуурдыг таниулах нь

Аяа,.. чи анхааралтай сонс. Нэгээс таван хоногт үхэтхийгээд сэрэхэд сүнс чинь улам тодорхой болж, урьд амьд байсан шигээ бодитой сэтгэл төрөөд эрхтэн бүхэн бүрдсэн мэт санагдана...    Ухаан сэтгэл чинь мах цусаар бүтсэн биеэсээ хагацсан тул Сүмбэр уул, байшин барилга, хад чулуу юунд ч торолгүй нэвт яван чадах. Нэгэн агшинд хаа хүрэхийг хүсвээс тэр даруй тэр газраа хүрэх болно. Энэ нь бясалгалаар бүтсэн рид хувилгаан биш, заяаны хүчнээс бүтсэн хувилгаан буюу. Тиймээс ачит багшаа дурдан бясалгаж, Арьяабал бурханд залбиртугай. Ингэвэл чи юмс үзэгдлийг ариун тэнгэрийн нүдээр үзэх болно.

Өөрийн хань ижил, үр хүүхэд, садан нөхөддөө сэтгэл хоргодох нь тусгүй тул хичээн хорьтугай. Чамайг үйлийн хий үзэгдэл үлдэн хөөснөөр сүнс чинь орших оронгүй болсон тул шувууны өдийг салхинд хийсгэх мэт хийн морийг хөлөглөн тогтож ядна. Үүнийг бодитой зовлон гэж бүү сана. Чиний сэтгэлд өдөр шөнөгүй, цаг үргэлж тэнгэрийн заадас мэт зурвас цагаан зам дөчин есөн хоног хүртэл үргэлжлэн үзэгдэх болно.

Тэр цагт үйлийн үрийн догшин салхи тэсэхийн аргагүй араас тууж, их аюулт харанхуй өмнөөс угтана. Аймшигт чөтгөр, араатан амьтад элдэн хөөж, уул нурах, далай давалгаалах, түймэр шатах, шуурга хөдлөх мэт элдэв үзэгдэл, дуу гарах болно. Тэдгээрээс айж, нуугдах газар эрэхийн цагт өмнө чинь ёроолгүй гүн улаан, цагаан, ногоон өнгөтэй гурван нуур байх бөгөөд түүнд унаж үхэх мэт сэтгэгдэл төрнө. Энэ нь чиний уур, тачаангуй, мунхаг гурав болой. Үүнийг сансрын зуурд мөн байна хэмээн мэдээд Аръяабал бурхан, багш гурван эрдэнийг дуудаж, “Аюулт муу заяанд унахаас аварч хайрла” хэмээн чин сэтгэлээр залбиртугай.

Амьд ахуйдаа буян билиг үйлдэж явсан бол эд баялаг, элдэв зүйлийн жаргалан чамайг угтаж авна. Хүсэл хийгээд зовлон, жаргалан юуг ч үл хайхран, гагцхүү багш гурван эрдэнийг сэтгэлдээ бясалган залбир. Биеэсээ хагацсаны эрхээр сэтгэл чинь тогтворгүй болж, нэг газар сууж үл чадан сүнс чинь долгисох болно. Энэ үед сэтгэлээ бат тогтвортой баригтун. Ингэж эс чадвал чи үр садныхаа хайлан уйлалдах дууг сонсох буюу эд мал, хөрөнгө, хүүрэндээ хоргодох сэтгэл төрж, гутан гашуудаад өөрийн хүүрэнд есөн удаа хүртэл орохыг сэтгэнэ. Орж чадахгүйд гаслан гунихарч хад чулуу, өвс мод, эрэг ганган дор нуугдах сэтгэл төрөх нь сансрын зуурдын чанар буюу. Чи өөрийн биеийг эрэх хийгээд шунан тачаахыг тэвчиж хоосон чанарын агаарт бат нот агуултугай...

Дотоод бурханаа танихгүй, бясалгал хийхгүй алгасарбал эдүгээ чиний хамт төрсөн тэнгэр амьд ахуйдаа үйлдсэн буяны чинь хэмжээгээр цагаан чулуу, хамт төрсөн чөтгөр хилэнц хийсний хэмжээгээр хар чулуу аваад тус тус угтаж ирнэ. Хэрэв чи буян хийсэн бол цагаан чулуу нь их, нүгэл хилэнц хийсэн бол хар чулуу нь их байна. Тэр цагт чи маш ихээр айн чичирч, би нүгэл хийгээгүй гэж худал хэлбэл тусгүй болно. Учир нь эрлэгүүд толь дэнсэндээ үзэж, чиний буян хилэнцийг илт мэдэх буюу. Тэндээс эрлэгүүд цалам уяагаар хүзүүнээс чинь боомилж, төмөр дэгээгээр эгэмнээс чинь гогодож чирээд хүзүүг чинь огтлох, зүрхийг сугалах, гэдсийг цувуулах, тархийг бяцлах, цусыг уух, махыг идэх, ясыг чинь хэмхлэвч үхэхгүй. Биеийг чинь хэдэн хэсэг огтчин хуваасан ч ахин дахин эдгэж, хэмжээлшгүй зовлон амсана. Тиймээс чулуу авч ирэхэд айж сандарч, булзаж мэлзэх гэж бүү оролд.

Чи сэтгэлийн биет болсон тул алах, хэрчих, огтчих боловч үхэхгүй. Энэ бүх үзэгдэл өөрийн сэтгэлээс үүдэлтэйг ухаар. Сэтгэлийн бие хоосон чанарт бөгөөд аливаа үзэгдэх эрлэг чөтгөр, аймшигт дүрс зэрэг нь бодитой бүтээгүйг мэдэж, Оршихуйн нэгдмэл чанар - Махамутрын дияаныг бясалгатугай. Үзэгдэл, хоосон хоёр нь салшгүй чанартайг гүн гүнзгий ухаар. Ухаарч чадвал дөрвөн биеийг огоот туулсан бурхан болох нь магад. Энэ цагт алгасарвал эцэс төгсгөлгүй зовлонгийн балчигт унах болно. Тэр мэт бясалгалыг мэдэхгүй бол бурхан, ном, буяны саданд чин сэтгэлээсээ биширч, их нигүүлсэгч Аръяабал бурханд сүсэглэн залбиртугай.
Эдүгээ чиний сэтгэлд нэгэн эгшний төдийд зовлон хийгээд жаргалан чавхны чулуу мэт үсэрч ирэх тул уурлах, тачаах хоёрыг хатуу тэвч. Хэрэв чи дээд язгуурт төрөх бол өндөр язгууртны өнгө үзэгдэнэ. Чиний араас өглөг тахил үйлдэхэд зориулж, олон амьтны амь тасалбал чамд ариун бус эндүүрэх сэтгэл үүсч, догшин уур төрснөөр тамд унах болно. Өөрийн ард үлдсэн эд таваарт хоргодоод түүнийг бусад хүмүүс эдлэхийг үзээд чи хармын хар сэтгэл, шунал тачаал тєрүүлбэл там, бирдийн орны аль нэгэнд төрөх вий. Иймээс эдлэх эрхгүй болсон эд юмсаас сэтгэлээ даруй чөлөөл. “Тэр бүхнийг би вээр багш гурван эрдэнэд тахил болгон өргөе” хэмээн бат сэтгэтүгэй. Бас хойно хоцорсон ураг садан, үр хүүхэд, дотно нөхөд чинь нүгэл хилэнц эс холилдсон цагаан номын үйлс, буян хөгжөөхийг үзээд түүнд дуршин баясвал эвэршээлт муу заяанд уналгүй, эрхэм дээд язгууртанд төрөх болно. Амьд ахуй цагтаа үйлдсэн буян, ухаарсан номоо дурдан бясалга...

Энд сэхээ оролгүй доош унах аваас зургаан зүйл амьтны гэрэл ургана. Үйлийн хүчээр аль оронд төрөх бол түүний гэрэл үзэгдэнэ. Тэнгэрийн гэрэл бүдэг цагаан, асурын гэрэл бүдэг ногоон, хүний гэрэл бүдэг шар, адгуусны гэрэл бүүдгэр бараан, бирдийн гэрэл бүүдгэр улаан, тамын гэрэл сүүмгэр утаа мэт өнгөтэй.

Эдгээрийн аль нэг нь ургах цагт Аръяабал буюу дотоод ядам бурханыг бясалгавал төрлийн хаалгыг хаах болно. Ингэж эс чадвал сансраас үл гэтлэн, умайд орох учраас умайн үүдийг хаах увдисыг мэдэх хэрэгтэй.

Умайн үүдийг хаах арга

Нэгдүгээрт: Хармын хар сэтгэлийг тэвчин багшаа эцэг, эх ядам (дотоод арга билгийн нэгдэл) болгон бясалгаад “Би эдүгээ сансрын зуурдад төөрч явна. Аварч хайрла” хэмээн залбир. Энэ үеийн шинж нь: ус хийгээд толин дотор чиний өнгө дүрс үзэгдэхгүй бөгөөд биеийн сүүдэр үгүй болсон байна.

Хоёрдугаарт: Чамд эр, эм лүгээ тачаадах сэтгэл төрөх болно. Энэ үед тачаах сэтгэлийг тэвчин, гүрү багшаа бясалган мөргөөд, сэтгэлээрээ тахил өргөж, чин бишрэлээр номд баясах сэтгэл төрүүлбэл умайн хаалгыг хаах болно.

Үүгээр хааж эс чадвал (3-рт): Уур, тачаалыг хариулах увдисыг мэдэх хэрэгтэй. Уур тачаалаас болсон дөрвөн зүйлийн төрөлт байна. Үүнд: Өндөгнөөс төрөх, умайнаас төрөх, хувилж төрөх, чийг дулаанаас төрөх. Өндөгнөөс төрөх хийгээд умайнаас төрөх хувь адил буй.

Тэр цагт эр, эм хоёр хурьцалдахад уур, тачаалын эрхээр умайн хаалгаар ороод адгуус, шувуу, хүн тэргүүтний аль нэгэнд төрнө. Хэрэв эр төрөл бөгөөс өөрт эр сэтгэл төрнө. Эцэгт догшин уур төрөөд, эхэд харам хийгээд тачаангуй сэтгэл төрнө. Хэрэв эм төрөл бол өөрт эм сэтгэл төрнө. Эцэгт тачаах бөгөөд эхэд уурсан эмгэнэх сэтгэл төрнө. Улмаар үр тогтох хоромд түр зуур тэгш баясгалан төрөөд, сүнс нь бие лүгээ нөхцөнө. Тэндээс бие гүйцэж, төрөх цаг болсноор мунхагийн чанараар элдэв зүйлийн зүдүүр эдэлнэ. Тийм учир уур тачаал, хармын сэтгэлийг тэвчиж, Багш хийгээд дотоод (ядам) бурханыг бясалгаарай. Үүгээр умайн хаалгыг хаах болно.

Дөрөвдүгээрт: Дээрх аргуудыг умартан умайд орохыг завдвал хуурмаг илбэ мэт увдисаар хаах хэрэгтэй. Сансрын зуурдад чиний үзсэн элдэв аймшигт үзэгдлүүд нь бодит мєн чанаргүй, зүүд зэрэглээ мэт билээ л. Худлыг үнэн хэмээн баримталж, илбийг бодит хэмээн эндүүрвэл орчлонд төөрөн өнө удаан хугацаанд элдэв зовлонгийн балчигт унах болно.

Энэ мэт хамаг үзэгдэл нь үзэгдэвч усанд туссан дүрс мэт, сонсогдовч цуурай мэт, баригдавч зүүд мэт хуурмаг хэмээн нэгэн үзүүрт сэтгэлээр бясалгаж чадвал умайн хаалгыг хааж чадна. Үүгээр хааж чадалгүй бас дахин умайд орохыг завдвал үүсэл, устлаас ангид гэгээн гэрэл, арилсан сэтгэлийг бясалгаарай. Хэрвээ үйл түйтгэрийн хүч ихэдсэнээр умайг хааж чадахгүй бол төрлөө зөв сонгох аргыг хичээ. Эдүгээ аль төрөлд төрөх бөгөөс түүний шинж тэмдэг ургана. Анхааралтай бай...

Замбу тивд төрөх бол сэтгэлд зохистой сайхан байшин үзэгдэнэ. Түүнд орж болно. Тэнгэрийн оронд төрөх бол элдэв зүйлийн эрдэнэсээр бүтсэн ахуй хийгээд сэтгэлд зохистой орд харш үзэгдэх болно. Түүнд зохисоор хичээн ортугай. Асур нарын оронд төрөх бол балар ширэнгэ хийгээд галын хүрдэн эргэх үзэгдэнэ. Түүнд бүү ор. Адгуусны оронд төрөх бол хадны хөндий, газрын нүх, харанхуй будан манан үзэгдэнэ. Түүнд бүү ор. Бирдийн оронд төрөх бол хувхай хоосон цөл, өндөр ганга эрэг, харанхуй тив үзэгдэх болно. Тийш хэрхэвч бүү ор. Тамд төрөх бол муу заяаны гаслах дуун сонсогдох ба хав харанхуй тив, хар байшин, улаан байшин тэргүүтэн үзэгдэнэ. Түүнд яавч бүү ор.

Чи өөрөө үл орохыг санавч үйлийн эрлэгүүд хойноос хөөж, амь таслагч эрлэгүүд өмнөөс хөтлөх ба харанхуй манан, улаан шуурга, аянга нүргээн, хур бороо, догшин мөндөр тэргүүтнээс айж, буруулах сэтгэл чамд төрнө. Айснаас болж хаа нэг газар нуугдвал чөтгөр шулмын биед төрөх шинж болно. Түүгээр аль нэг доорд биеийг аваад элдэв зовлонг цаглашгүй эдлэх тул хамаг муу бүгдийг үнсэн товрог болгогч ядам бурхадыг сэтгэлдээ үүсгэ. Тэдгээрийн адистид хийгээд нигүүлсэхүйн хүчээр чи эрлэгийн яргачнаас ангижирч, умайн хаалгыг хаах болно.

Аяа, бас самадийн бурхад нь бясалгалын хүчээр тєрьюү. Бирд хийгээд чөтгөр шулмын бие, наян мянган ад тэргүүтэн хамаг дурын бие нь зөвхөн сэтгэлийн чанарт болой. Тэр цагт хоосон чанар Махамутрын утгыг санан, Аръяабал бурханыг бясалгаснаар төгс жаргалангийн биет туулсан бурханыг олох болно. Хэрвээ гэтлэх мөр буруудан орчонд эргэн төрөх болбоос өөрийн аль таалсан ариун оронд дуршин санаад, нэгэн үзүүрт сэтгэлээр баясан биширвээс тэр орондоо төрөх болно.

Тэгж чадалгүй, умайд зайлшгүй орох болбол умайн хаалгыг сонгох нэгэн увдис бий тул анхааралтай сонс. “Аяа, би хамаг амьтны тусын тулд Загарвардын хаан ба номын үндэст, хиргүй язгуурт, их сүсэгт эцэг, эхийн шидэт хөвгүүн болон төрж, хотолд туслан явах буянт биеийг авсугай” хэмэн дурших сэтгэлээр ерөөн зорь. Орох хэвлийгээ тэнгэрийн хязгаарлашгүй орд болгон адислаад, арван зүгийн бурхан бодисадва нар болон Аръяабал бурханд залбирч “Авшиг хайрлана уу” хэмээн хүсээд ор. Тэр үед муу зуршлын эрхээр умайг сонгохдоо эндүүрэх нөхцөл гарах вий. Сайныг муу, мууг сайн хэмээн эндүүрэх тул сайнд үл шунан, мууг үл голон алагчаалах үзлээс ангид тэгш сэтгэлийн чанараар онох хэрэгтэй...
“Зуурдад сонсгоод гэтэлгэгч” энэ номыг зохих ёсоор нь шүтвэл маш гүн буюу. Хэзээ ч үхэж магадгүй тул энэ номыг уншин бясалгах аваас үхэх шинжээ илт мэдэх увдистай болно. Амьд тэнхлүүн цагтаа үгийг нь тогтоож, утгыг нь сэтгэлдээ шингээн бясалгавал ач авралыг илэрхий үзнэ. Ум мани бадмэ хум.


Эх сурвалж: “Агнистын гэгээ” цуврал 13 – “Нирваан”