Хошин үзэгдэл элбэгшиж хяруутай улс төр иргэдийн сэтгэлийг царцаасаар...Уг нь сонгогчид тун ухаантай л даа. МАН болохоо байгаад давраад ирэхээр дарж авах санаатай АН-ыг сонгосон ухаантай. Гэхдээ олонх болгож болохгүйг гадарлаад МАН, МАН-ыг ойролцоо хувьтай гаргаад ирмэгц эвсэхээс аргагүй байдалд орсон. Ингээд Засгийн газраа байгуулах болоход АН-ынхан МАНАН байгуулахгүй санаатай нэлээд тэсэв.

Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх дуртай хэдий ч түүний сонголт, түүний танхим дэндүү оновчгүй байв. Ядахдаа хамаатан саднуудаа холоос тэжээж тэтгэхдээ Н.Энхбаяр шиг гаршаагүй болохоор гэнэн хонгор царайлаад Засгийн газар, яам, агентлагуудаар шавуулчих юм. Тэд нар нь дуугүй ажлаа хийхгүй алдаа гаргах. Өнөөхийг нь хаалтын гэрээгээр хаах гэж байгаад баригдах. Дээр нь хэдэн сайд нь, эсвэл зөвлөх нь хүртэл фактлаад тогтож суухад тун хэцүү. Манай Ерөнхий сайд шиг тэсвэр тэвчээртэй, хатуужилтай хүн биш бөгөөс бушуухан тамгыг нь хүлээлгэж өгөөд тэрийж хэвтээд амармаар тийм л төвөгтэй нөхцөлд ажиллаж байна шүү дээ.

МАН-ынхны хувьд сөрөг хүчний дамжаанд суралцаж унаж бүдэрсээр одоо овоо дадлагашиж байна. Азаар Засгийн газар дэндүү инээдэмтэй, эмгэнэлтэй алдаагаар сөрөг хүчнийхнийг уйдаасангүй. Ерөөсөө сөрөг хүчнийхэн дээр сонгогчдын урам хугарсан байдал хүч нэмж урьдын адил иргэний хөдөлгөөн гэлтгүй хүчээ авсаар байгаа хэрэг л дээ.  Сүүлдээ АН-ынхан хүртэл хүч нэмэх болов. Сайндаа ч биш, Ерөнхий сайд, намын даргаасаа ичих эрээ цээртэй, шударга ёсны төлөө ярьж гарч ирсэн нам арай ч ийм байж  болохгүй гэж бодсон зарим нь сөрөхөөс яах вэ.

Тэдний хүч дээр “Ард түмний” Ерөнхийлөгч хүчээ нэмэв. “Арай дэндлээ” гэдэг дохиог хамгийн зөөлнөөр өгсөн Ерөнхийлөгчийн өмнө Ерөнхий сайд “Намрын чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилнө” гэж амласан юм билээ. Хэцүү амлалт. Гэвч намрын чуулган эхлэхгүй хаачих вэ. Бантахдаа “ЭЗЭН-100” хөтөлбөрийн тайланд ярьснаар нь бол хамгийн гол ажлыг нь хийж хамгийн сайн ажилласан сайдуудаа хамаад огцруулихдаг юм байна. Ингээд “ЭЗЭН-100”-д ч гавьтай гавьяа байгуулаагүй, дуугардаг ч үгүй, хөдөлдөг ч үгүй хэдэн “хөлдүү”-тэйгээ үлдэх сонголтыг хийв шүү дээ.

Дараагийн Засгийн газраа байгуулахаар “дайтаж” байхад нь гэнэтийн зочин мэтээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэв. Тэдний гол зорилго болсон “Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг тогтоон үлдээх, Н.Энхбаярыг гэмт хэрэгтэн бус болгох” хоёрдугаар шатны том гэрээг ийн үзэглэв. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах санал УИХ-ын даргын гар дээр оччихсон юм чинь яаралтай хийхээс өөр арга байсангүй.
Н.Алтанхуягийн хувьд том эрсдэл. Тэр бол АН-ын дарга хүн. Өнөөх сонгуулийн мөрийн хөтөлбөр болгон ярьж байсан “А”-нууд ч дүүрч, ерөөсөө л “Алтанхуягийг аваръя”. Өөр зүйл байхгүй. Юун, яасан баруун, зүүний үзлийн ялгаа. Хорь гаруй жил өргөн тээж, магнайдаа залж хүндэлж явсан Ардчилсан намын үнэт зүйл. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр хүндтэй хамт хөсөр унав.

Н.Энхбаярын хувьд тэр бол шийдсэн хүн. Яг одоохондоо бол МАН-ынхнаас л өшөөгөө авахын тулд яахаас ч буцахгүй болчихоод байгаагаараа Н.Алтанхуяг мэтийн “жараахайтай” хүртэл ганзага нийлж, гарын үсэг зуралцаж яваа нь энэ. Нэрийг нь сонсоод зүрх нь базлах хүн өнөөгийн улс төрд олон байгааг тэр мэдэрч байна. Гэхдээ итгэлтэй байсан учраас тэр Монголд эргэн ирээд Төрийн ордны хаалгаар итгэл төгс гишгэсэн юм шүү дээ. Нуулгүй хэлэхэд Н.Алтанхуяг хүнд байдалд байгаа нь, түүнийг аврах хүч зөвхөн өөрт нь л байгаа нь түүнд нэн таатай байгаа тул гэрээнд гарын үсэг зурсан. Тэр гэрээг ил болоосой ч гэж бодож байв. Учир нь Н.Алтанхуяг хүнд байдалд орох тусмаа Н.Энхбаярт таатай төдийгүй ашигтай. Тэр аврагч байх дуртай. Бусдыг аврах боломж, чадвар нь Н.Энхбаярыг  хүчтэй болгодог.

Одоо АН-ын гишүүд дэмжигчид, тус намын төлөө саналаа өгсөн сонгогчид, ерөөсөө “Ардчилал”-д хайртай хүн бүхэн бачуурч, гашуудаж байна. Н.Алтанхуяг гэдэг хувь хүн “адгийн шаар” байж болно. Харин түүний сүүлчийн “хоргодох байр” нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний нам байна гэж хэн ч санасангүй.

Яасан итгэлтэй, 2024 он хүртэлх холыг харсан, албан тушаалд хайртай өвгөчүүл вэ. Тэднээс мөрөөдсөн ялалтыг нь булаагаад авах залуус Монголд, улс төрийн аль ч хүчинд алга уу. Ардчиллын үнэт зүйлийг Н.Алтанхуягаар устгуулчихаад энэ намаар хаяглахаас ичихгүй байна уу, АН-ынхан! Н.Энхбаяр бол өөрийн нэр хүндийг боломжит хэмжээнд нь өсгөж чадсан улстөрч. Түүнийг ядаж ч дэлхий танина. Энэ нь “Дэлхийн хүн” гэсэн үг биш боловч Н.Алтанхуягийнхаас арай олон гадаад дэмжигчтэй. Түүнийг шавар шавхайд хутгалдах алхам хийсэн ч гайхах юмгүй. Учир нь тэр гарцаа мэднэ. Хэнийг ч гуйхгүйгээр хүнд байдлаас өөрөө гардаг. Тиймдээ л ийм амаргүй байдалд хүртэл Монголын хамгийн том эрх мэдэлтэй, улс төрийн хүчний удирдагчийн “хоргодох байр” нь болж чадаж байгаа юм. Эцэст нь хэлэхэд АН-ынхан үнэхээр ардчилалд хайртай л бол ҮЗХ-оо хуралдуулж Н.Алтанхуягаа энэ намаас, төрөөс зайлуулж өгч Монголын бүх сонгогчдын өмнө буян үйлдэж өгөөч гэж гуйя!