-Тэрбээр Л.Сайнтөгсийг АХБ-ны 320  сая ам.долларын төслийн зохицуулагчаар томилуулахаар шавдуулж эхэлжээ-

Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн ерөнхий зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс томилогдохоор зэхэж байна. Тэр тусмаа “экс” хүргэн ахынх нь рейтинг унаад байгаа энэ өдрүүдэд түүнийг томилсон тушаалыг хурдан гарга гэж холбогдох албаныхныг яаруулсаар байгаа аж. Харин эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Ажлаа дэмжүүлэхийн тулд Ерөнхий сайдын шахалтаар уг төслийн ерөнхий зохицуулагчаар Л.Сайнтөгсийг л томилохоос” хэмээн ярьсан гэнэ.

Уг нь журмаараа бол АХБ-аас уг төслийн ерөнхий зохицуулагчийг сонгон шалгаруулалт зарлаж, Үнэлгээний хороо байгуулан сонголтоо хийж тухайн ажилтантай гэрээ байгуулдаг.  Харин Лувсандагвын  Сайнтөгс бол Ерөнхий сайдын анхны эхнэр Лувсандагвын Ганчимэгийн төрсөн дүү. АН-ын ҮЗХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгчөөр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон тэрбээр ХААИС-ийг эдийн засагчаар төгссөн ч “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн ерөнхий менежер,  “Метро экспресс” компанийн ерөнхий менежер, “Говь” ХК-ийн нягтлан бодогч, “Ардын эрх” сонины вэб сайт бэлтгэгчээр ажиллаж байжээ. Энэ бүх дадлага, туршлага нь Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих 320 сая ам.долларын төслийн ажлыг удирдахад давуу тал болж чадах уу. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын дундуур “Хаан жимс” амралтдаа чацарганын ургац хураалтын баяр гэгчид өдөр тутмын сониныхныг урьж “жимс түүлгэж” байхдаа ч энэ төсөлд ажилламаар байгаагаа ярьж байсан гэдэг.

Уг төслийн тухайд 2012 оны нэгдүгээр сарын 17-нд Сангийн сайдаар С.Баярцогт ажиллаж байхдаа АХБ-тай хамтран хэрэгжүүлэх гэрээг танилцуулан гарын үсэг зурж байв. Энэ төсөл нь Улаанбаатар хотын хурдацтай тэлж байгаа гэр хороололд ажлын байрыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх цорын ганц том хэмжээний хөрөнгө оруулалт болж байна. Санхүүгийн зохицуулах хороонд үзүүлж байгаа буцалтгүй тусламжаар хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагааг сайжруулан, орчин үеийн санхүүгийн боловсролыг олгох болно. Уг хоёр буцалтгүй тусламжийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын иргэдийн ирээдүй илүү баталгаатай болж, хөгжин цэцэглэх болно хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр хэлж байсан.

Энэ үеэр “1.5 сая ам доллар бүхий Улаанбаатарын хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр, мөн 2.5 сая ам долларын санхүүжилт бүхий бүх нийтэд хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг бага орлоготой өрхүүдэд хүргэх буцалтгүй тусламжийг Ядуурлыг бууруулах Японы сангаас (ЯБЯС) тус тус санхүүжүүлж байна. ЯБЯС нь Япон Улсын Засгийн газраас АХБ-аар дамжуулан хөгжиж буй Азийн орнуудад туслалцаа үзүүлдэг санхүүгийн суваг юм” хэмээн уг ёслолын үйл ажиллагаанд байлцсан Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизү, Нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Мияшита нар ярьж байсан.

Мөн 2013 оны арванхоёрдугаар сарын 11-нд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Есөн жилийн хугацаатай хэрэгжих энэ хөтөлбөр иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах, бичил санхүүжилтийг дэмжих зэрэг олон талт зорилтыг дэвшүүлсэн байдаг.

Түүнчлэн цэвэр, бохир ус, дулааны хангамж, хатуу хучилттай автозам, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэгийн үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой ажлуудыг хийж тохилог гэр хорооллыг бий болгох учиртай. Энэ үеэр АХБ-наас 224 сая ам.доллар, Монголын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тохиролцсон байдаг. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд АХБ-наас хийх санхүүжилт нь хөнгөлөлттэй зээл, энгийн эх үүсвэрээс санхүүжих арилжааны зээлээс бүрдэх бөгөөд хөнгөлөлттэй зээл нь 25 жилийн хугацаатай, үүнээс үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, жилийн хоёр хувийн хүүтэй байх аж. Мөн Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувь болгон нэмэгдүүлсэн тохиолдолд төсөл хэрэгжих бодит нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байдаг юм билээ.

Тэгэхээр өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувьд хүртэл нэмэх гээд байгаа нь ч, АХБ-тай гарын үсэг зуралцсан Сангийн сайд асан С.Баярцогт, Эдийн засгийн хөгжлийн сайдын ажлаа саяхан өгөөд байгаа Н.Батбаяр нар ч мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат нарт Ерөнхий сайдаас ирж буй “шахалт”, “найраа” зэргээс харахад АХБ-ны уг төслийн ерөнхий зохицуулагчаар Л.Сайнтөгсийг томилохдоо холбогдох журмын дагуу томилоогүй нь тодорхой болж байна. Харин “Экс” хүргэн ахаа сайн явааг нь маш сайн ашиглаж чадаж байгаа НИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮЗХ-ны гишүүн Л.Сайнтөгс шинэ ажлаа улс төрийн албан тушаал, хувийн эрх ашгаасаа хэрхэн ангид хашиж, тавьсан зорилтыг нь ажил хэрэг болгохыг цаг хугацаа л харуулах биз ээ.