-фельетон-

Хүмүүс эхлээд ухаалаг гар утсаа буруутгаж байж. Баасан  гаригийн орой найзуудтайгаа доргихоор төлөвлөсөн залуугийн утаснаас эхнэр рүү нь мессеж нисч “Танай хүн чинь ууж идэх л юм сэдээд байна, бушуухан залгаач” хэмээн сануулснаас эхэлж.  Итгэлтэй нэгэндээ явуулсан “Найздаа ганц сая төгрөг зээлээч, долоо хоногийн дараа өгье” гэсэн мессежийн араас “Хайран мөнгө, баян хүн өөрөө л мэдэж дээ. Шудрага ёсыг дээдлэгч Айфон анд чинь” гэсэн сануулга дагаж очоод байхаар чинь тэгж бодолгүй яахав дээ.

Улмаар гишүүн Бямбацогтын утсанд байсан гэх “гишүүн Зоригт манай талд орох гэж байна” гэсэн маягтай мессеж гишүүн Зоригтод өөрт нь “Энд нэг ийм шударга бус юм болоод байгааг хэлэхгүй өнгөрч тэвчсэнгүй. Танд үнэнч Самсунг” гэсэн дагалттайгаар нисээд хүрч.

Өөрөөс нь айхавтар утастай болсноо ухаарсан гишүүд “ухаалаг гар”-аа халцгааж, хуучны  нокиа 3210, 3310, хориод жилийн өмнөх  Сиймэнс, моторолаг зах дээрээс олуулан барьж эхэлжээ. Гэтэл “Нарийн цариг бүхий төмөр замыг дэмжиж хятадыг дэмжих нь тодорхой болов. Ард түмээн юу бодож байна. Нокиа чинь өчив”, “Хайран сайхан эх орныгоо баллах монголчуудаа зүгээр харж тэвчсэнгүй. Зүрхний анд Моторола нь” гэсэн  мессеж цувраад эхлэв.

Гишүүд тэвчээртэй улс боловч “Танайхаас сонгогдсон гишүүд ийм асуудал дээр дуугүй суугааг сонгогч та юу гэж үзэж байна. Ард түмний талд зогсогч Сиймэнс” гэсэн мессеж хөдөөгүүр тарахын хэрд тэвчээрээ баран “тэр Сиймэнсийг баривчил”  хэмээн үүрэгджээ.

Тагнуулынхан шалгаж үзээд “Румын гэгч уг мессежийг тараасан” болохыг тогтоосон ба яг баривчлах гэтэл  хаяг нь Зүүн европт байжээ. Уурсаж бухимдсан гишүүд “Ямар чадахгүйн зовлон байх биш, тэр румыныг хулгайлаад аваад ир” хэмээн шаардав.   Гэтэл тэр нь улс болж таарав. Гишүүд ч шантарсангүй  яг л “Ардын элч” кинон дээр “Сайхан хүүхэн л тааралдвал бариад байх” гэдэг шиг “Румын хүн л тааралдвал бариад ирэхэд юу нь хэцүү байгаа юм бэ” хэмээн шахамдуулсан гэх.

Тагнуулынхан “Ай, баахан амаргүй ажил бөлгөө. Манай улсын иргэн бүр таван румын олзлоод ирлээ гэж бодоход цаана нь дахиад таван сая румын ял завшин үлдэх бөлгөө” хэмээн мухардуулжээ.

Хуурамч явдал мессежээс хальж, гэрээ хэлэлцээр рүү дэвшив. МАХН-ны дарга Н.Энхбаяр, АН-ын дарга хоёр хоорондоо “Харилцан үл хагацалдах” гэрээг гэнэтхэн байгуулж олныг гайхшруулав.  АН-ын олон мянган гишүүд “ намын даргын хуурамч явдалтай шийдвэртэй тэмцэнэ” хэмээн үймэлдэж эхэлсэн бөлгөө.

Гэтэл хуурамч явдал өөрөө хуурамч болж таарав. МАН-ын хар пиарчид нь нэг хархүүгээ1 шараар будаад манай Алтанхуяг руу явуулсан. Явуулахын өмнө “Наанаас чинь Энхбаяр очиж явна. Энхбаяраас чинь” гэсэн хуурамч мессеж илгээсэн гэх.  Цаадахь үнэмшээд гэрээ байгуулаад хаясан. Жинхэнэ Энхбаяр солонгостоо байсан, наашаа ирээгүй гэж байна.

Өөр нэг эх сурвалжид “Ерөнхий сайд тэгж гэнэдэх хүн биш. Энхбаярыг ирэх сургаар төрийн хар хайрцаганд ороод нуугдчихсан. Харин “хүргэн” Дэнзэнгийн нүүрэнд чацарганы шүүсээр гримм хийгээд яг өөртэйгээ адилхан болгочихоод МАН-ны мэхэнд хариу барьсан гэж ирээд л цуурч байна.

МАХН, АН хоёр нийлж 2024 хүртэл “Махнан”(тавнан гэдэг шиг сонсогдож байна) болох тэр гэрээг МАХН-ын жолоодогч Н.Энхбаяр, АН-ын удирдагч Н.Алтанхуяг нар хоорондоо байгуулаагүй. Харин “Үндэсний хуурамч долоо хоног”-ийн хүрээнд  МАН-ын хархүү, АН-ын хүргэнхүү хоёр зүсээ хувилган байж хоорондоо хийсэн угаасаа хуурамч гэрээ. Иймээс уг гэрээг буруушаах, хүчингүй болгох асуудал байж болохгүй. Хуурамч гэрээг буруушаах нь үнэнээсээ ийм гэрээ байвал сайн гэсэн утгатай болно. Бас хуурамч  гэрээг хүчингүй болговол харинч жинхэнэ болон хувирч мэднэ. Иймд тайван амгалан байцгаа гэж байна.

Зарим нэг сурвалжууд “Нарийн яривал Дэнзэн гэдэг хүргэн ерөнхий сайдад байхгүй. Алтанхуяг өөрөө “Хутагт багшийн залуужих бясалгал” хийсээр байгаад орь насандаа эргээд очсон. Тэгээд хутагт багшаас Дэнзэн хэмээх сахилын нэр авсан хэрэг. Харин олон түмнийг цочирдуулахгүй байх үүднээс өглөө бүр ахимаг төрхөө сэргээсэн “мэйк ап” хийлгээд ажилдаа ирдэг юм” гэж ирээд цуурч байна...

Гэхдээ долоо хоног тэр аяараа хуурмаг байсан гэвэл нүгэл болно оо. Утасны төлбөр нэхсэн мессеж ирэхээр нь  худлаа л байж таарна гэж бодоод, бодоод зогссонгүй “ Та нар хуурах хүнээ олсонгүй, арай тэнэг нэгнийг хайж үз. Амжилт хүсье” гэсэн хариугаар даапаалчихаад хичнээн маадгар суусан гэж бодно. Явж утсаа залгуулахаас...

1Хархүү гэдэг нь хар царайтай залуу гэсэн үг биш. Идэр хөвүүдийг нэрлэх язгуурын монгол үг болохыг сануулах юун.