“Ардчилсан нам сөнөж байна” гэсэн мессеж миний утсанд ирлээ. Хариу бичих үгээр энэ нийтлэлээр дайхаар шийдэв. Уучлаарай, Та бүхэнд “Хохь чинь” гэж хэлье. Ганц муу “урвагч”, маш муу ажилласан Ерөнхий сайд, хариуцлагагүй намын дарга, намаасаа хамгийн өндөр албан тушаалуудыг авчихаад дэндүү олон удаа хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчил гаргасан албан тушаалтантай намын дүрмээ баримтлаад ҮЗХ-гоо хуралдуулж дийлэхгүй байгаа намд өөр ямар үг хэлэх юм бэ.

Ардчилсан намынхан намын даргаа хайрлаж албан тушаалд нь авч үлдэхээр болжээ. Намынхаа нэр хүндийг яасан хямдхан худалдчихдаг ардчилагчид вэ. Жирийн гишүүд дэмжигчид нь надад гомдох хэрэггүй шүү, наад дарга нартаа л гомдоорой. Та бүхний өмнөөс хариуцлага хүлээдэг учраас тэр шүү дээ.

АН-ын дарга одоогоос зургаан жилийн өмнө буюу 2008 оны сонгуулийн дараа тэрхүү сонгуулиас үүдэлтэй үймээнээс болж таван хүний амийг таван сайхан сайдын суудлаар арилжчихаж билээ. Тэр үед намаа командлан эрх баригч намын даргын өмнө толгой гудайлгаж байсан бол одоо өөрөө нам толгойлж яваа. Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар өөрөө томилогдож арай гайгүй тархитай залуусыг чирээд эрх баригч намынхны өвөрт чичирч орсон тэр гунигт шийдвэрээс болж ард түмэн сөрөг хүчингүй найман жилийг туулж билээ.  Харамсалтай нь цаадах чинь  одоо хүртэл албан тушаалын төлөө ардчиллын үнэт зүйлсийг ганцаараа дур мэдэн арилжчихдаг хэвээрээ шив дээ.

“АН-ын дарга, Ерөнхий сайдыг авч үлдэх болов уу. Арай үгүй байлгүй дээ, ҮЗХ ухаантай” гэж өнгөрсөн амралтын өдрүүдэд улстөрчид төдийгүй ардчилалд хайртай хүн бүхэн горьдсон талаар өнгөрчээ. Ардчилсан намын нэр хүндийг уландаа гишгээд ч хамаагүй, шинэ дүрэм зохиож байгаад ч атугай намын дарга, Ерөнхий сайд хэвээрээ үлдэхэд хүрсэн байна.

Дүрэмгүй ардчилал гэж байдаг юм уу. Ийм ахмадтай хөлөг онгоцоор АН-ынхан хэр хол явах бол. Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2010 оны намар билээ. Одоогийн АН-ын дарга “Би огцрох өргөдлөө яасан ч өгөхгүй” хэмээн мэдэгдэл хийж, үүнтэй зэрэгцээд эдүгээ УИХ-ын даргаар ажиллаж буй нэгэн “лидер”-ийн зүгээс  “Би намын даргад өрсөлдөнө. Намын дарга болмогцоо АН-ыг Засгийн газраас гаргана” гэсэн “дуэт ярилцлага”-уудаа цуврал болгон хэвлүүлэн шившгээ хутгаж байв. Нэг нь тухайн үеийн МАХН-ын Засгийн газрыг цээжээрээ хамгаалж, нөгөө нь намаа аврагчийн дүрд тоглосон эл хошин шогоос хойш АН-ын ҮЗХ хуралдаагүй. Тэглээ гээд Засгийн газар ч АН-ын даргаар хамгаалуулаагүй, “Би АН-ын дарга болно” гэсэн нөхөр ч намаа самраагүй юм даг.

Харин одоо “Би АН-ыг аварна” гэх зоригтой хүн ховордож. Байгаа хэдийг нь үнэнхүү дарамталж байгаа бололтой. Надад мессеж бичсэн нөхрийг ч гэсэн дарамталсан болоод л, урам нь хугарсандаа дөрөв дэх засаглалын төлөөлөл гэдэг утгаар “уй гашуу, уур бухимдлаа” хуваалцсан нь энэ биз.

“Албан тушаалд Н.Алтанхуяг шиг аргаар хаанчилдаггүй” гэдгийг АН-ынхан мэддэг л баймаар. Муу нэртэй Н.Энхбаяр хүртэл хэчнээн цог жавхлантайгаар хаанчилж байлаа. Түүнийг өөртэй нь нэр холбогддог хэн нэгнийг эргээд шоронгийн цонхон дор эргэлдэж байгаад сэтгүүлчдэд “гардуулах”-ыг та нар харсан уу. С.Баярыг хар. Намын дарга, Ерөнхий сайдын албаа өгчихөөд байхад түүнээс хойших нэг жилийн хугацаанд рэйтинг нь байнга “ТОП-10”-ын нэгдүгээрт бичигдэж байсан.

Түүнтэй жиших дургүй байвал эдүгээгийн Ерөнхийлөгчийг хар. Нэг үг хэлэхэд нь нэлээд хугацаанд хэлэлцэгдэж үг нь жинтэй тусдаг түүний эрхэм чанар АН-ын ирээдүйн лидерүүдэд даанч алга. Намын дарга, Ерөнхий сайд нь “ТОП-10”-т сураг ч үгүй байж гайхашруулж билээ. Сүүлдээ “ТОП-10”--ын аравдугаарт ч атугай жагсахын тулд Конрад Аденаурын санд хахууль өгөлтэй биш аргаа бардаг. Ийм Ерөнхий сайд, намын дарга Монголын түүхэнд байсан болов уу. Лав л “Сант марал”-ынхан судалгаа хийдэг болсноос хойш “үзэгдээгүй юм” гэгч болж байна.

Ардчиллынхан өнөөдөр судалгаа буюу толинд итгэдэггүй болж. Толинд муухай харагдахаараа толины буруу гээд хага шидчихдэг болсон байна. Жирийн гишүүд байтугай ҮЗХ-ны гишүүд, намаасаа сонгогдсон  УИХ-ын гишүүнийхээ үгийг сонсдоггүй боллоо.  Хэвлэл мэдээллийнхнийг хавчин гадуурхаж байна. Энэ бүхэн бидний хүсээд байсан ардчилал биш ээ. Сонгох эрх сонгогчдод буй ч тэднийг мэдээллээр хангах үүрэг бидэнд бий. Тиймээс АН дотор байгаа хатиг бүхнийг хөндөж шахах болно. Мэдээж намынханд эмчлэх эрх, эсвэл боломж нь байхгүй болсон учраас тэр шүү дээ.

Ямартай ч УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө ардчиллыг нухчин дарж булшилсан намын даргад нь болон түүний нөхдөд “БАЯРЛАЛАА” гэе. Ийм ардчилалтай байснаас байгаагүй нь дээр.