Монгол  хүний  цохилох  зүрх, лугших  цусанд   бид  чинь  хэний  үр хойч  билээ,  ямар  гээч  агуу  түүх, цадигтай  үндэстэн  билээ,  бид  дээлэндээ  агшиж  биш,  дэлхийн  хоймор эзэгнэж ,  суудал  засахын  хийморь  ерөөлтэй  ард  түмэн  шүү  гэдгийг  маань  сэрээн  сануулж,  омог  бадраасан чухал  үйл  явдал  өчигдөр  Зэвсэгт  хүчний  032  дугаар  анги   дээр  болсон  юм.  

Өглөө  эртлэн  жигдрэн жагссан  цэрэг, дайчид, офицеруудын  сүр  жавхаа  эрхгүй  омогшлыг  дотоод  сэтгэлээс  өдөөх  ажээ. Энд  Батлан  хамгаалах  яам, Монголын  Зэвсэгт  Хүчний жанжин  штаб, Батлан  хамгаалах  их  сургуулийн  удирдлагууд,  Монголын  шинжлэх  ухааны  академи, түүхийн  хүрээлэнгийн  эрдэмтэд,  утга  зохиол, урлагийн салбарын  төлөөлөгч,  хэвлэл  мэдээллийнхэн  хүрэлцэн ирсэн  байлаа.



Үйл явдлыг өгүүлэхийн  учир  урьд өдөр  нь  Монголын  түүхийн  алтан  судар  “Монголын  нууц  товчоо”-г  Монгол  Улсын  Батлан  хамгаалахын  сайдаас  Монголын  Зэвсэгт  хүчний  нийт  бие  бүрэлдэхүүнд  гардуулан  өгөх  ёслол  болно  гэсэн  содон  агаад  сонирхохгүй  байхын  аргагүй  сайхан  мэдээ  сонор  мялаасан байсан  юм.

Хэд  хэдээр  нь  багцлан  гоёмсогоор  боосон  номыг  тэвхийтэл  өрсөн  нь  нүдэнд  содон  тусна.  Цэрэг,  дайчдад  бэлэглэх “Монголын  нууц  товчоо”-ны  дээж  болох  эхний  10000 ширхэг  хэвлэлтээс  гарсан  нь  энэ  ажээ.

Монгол  Улсын  Их  хурлын  гишүүн,  Засгийн  газрын  гишүүн, Батлан  хамгаалахын  сайд  Д.Бат-Эрдэнэ санаачлан монголчууд  бидний  гайхамшигт  бүтээл, соёлын  өв  болсон    “Монголын  нууц  товчоо”-г өөрийнхөө хөрөнгөөр ивээн тэтгэж  өврийн  ном  болгон  хэвлүүлж, цэрэг  дайчиддаа  ийнхүү  өргөн  барьж  байгаа  нь  Батлан хамгаалах  салбараар  эхэлж  Монголын  нийт  ард  түмэнд  хүрэх,  түгэх  учиртай  түүхэн  үйл  явдлын  эхлэл  боллоо.   Энэ  бол  нэг  үйлдвэр,  нэг  барилга  барьж  буйтай  адилтгах  үйл  явдал  биш  юм.  Зүйрэлвээс  нийт  үндэстнийг  хамарсан  том  бүтээн  босголт  лугаа  ач  холбогдолтой  үйл  болой. Тиймийн  учир  нийгмийн  салбар,  салбарын  төлөөлөл  энд  хуран   цугласан  хэрэг.

“Өнөөдөр миний сэтгэл их  хөдөлж  байна.  Энэ сайхан үйл явдлыг хараад хоёр  зүйл  бодогдлоо. Д.Бат-Эрдэнэ  сайдын  хэлсэнчлэн  монголчууд бидэн  шиг  агуу  түүхтэй   ард  түмэн  энэ  дэлхийд  ховор. “Монголын  нууц товчоо”-г  улс  орны  маань  тусгаар  тогтнолыг  батлан  сахиж , эртнээс  цуутай  монгол  цэргийн  яруу  алдрыг  өнөө  ч  даян  дэлхийд  алдаршуулан   нэр  төртэй, хийморьлог  авч  яваа  цэрэг , дайчиддаа гардуулж  байна  гэдэг  халуун  эх  оронч  үзэл  санааг  түгээн  төлөвшүүлэхэд   асар  ач  холбогдолтой  арга  хэмжээ  юм.  Энэ  номыг  цэрэг  дайчид  уншиж, судлаад  зогсохгүй,  халагдаад  харихдаа  гэртээ  аваачаад  бурхан  тахилынхаа  хамт,  эцэг  эхийнхээ  зургийн  жаазны  хажууд  зэрэгцүүлэн тавих  болно. Аав, ээжүүд  нь  уншина. Ах, дүүс,  үр  хүүхдүүд нь  унших  болно. Яаж  өвөг  дээдэс  маань  өнөөдрийн  энэ  Монгол Улсаа  байгуулсныг,  ямар  хатуу  бэрхийг,  тэмцэл тулааныг  туулж  байж  бидэнд  хүргэснийг, бид  яагаад  эх  орноо,  тусгаар  тогтнолоо,  эрх  чөлөөгөө  амь  наснаасаа  илүү  эрхэмлэх  учиртайг  ойлгож, мэдэж  авах  болно.  Үр  хойчдоо  өвлүүлэн  ухааруулах  болно.  Энэ  чинь  л  ямар  ч  хүчирхэг  зэр  зэвсэг, техникээс  илүү  Монголын  тусгаар   тогтнолыг  батлан  сахихад  ач  холбогдолтой  хүчтэй  зүйл  шүү  дээ. Энэ  сайхан  санаачлагыг  гаргасан  Д.Бат-Эрдэнэ  сайдад  баярлалаа  гэдэг  үгийг  хэд  дахин  хэлэхэд ч багадахгүй ээ...”  хэмээн  Монгол Улсын  Ардын  уран  зохиолч, яруу  найрагч П.Бадарч  гуайн  хэлсэн  үг  эл  үйл  явдлыг  ямар ч тайлбаргүйгээр ойлгуулах  буй  за.

Даяаршлын  энэ  цаг  үед  монгол  хүн  үүх, түүх,  хэл  яриа,  уламжлал, соёл, зан  заншлаа  үл  мартах  аваас  Монгол Улс,  бидний  тусгаар  тогтнол,  монгол  үндэстэн мөнхөд орших  болно. Үүх  түүхээ  эс  мэдэх  хүнд  эх  оронч  сэтгэл  зүрх хэрхэн орших  билээ.  Чухам  үүний  учрыг  эл  арга  хэмжээн  дээр  хэлсэн  Монгол Улсын  их  хурлын  гишүүн, Засгийн  газрын гишүүн, Батлан  хамгаалахын  сайд  Д.Бат-Эрдэнийн  хэлсэн  үг  ухааруулах  буюу. Энэ  нь  зөвхөн  цэрэг,  дайчдад  бус  монгол  хүн  бүрт  хамаатай,  монгол  хүн  бүрт  хандсан  үг,  уриа  дуудлага  байлаа.  Тэрбээр  ийн  хэлсэн  юм.

“Дэлхийн түүхийг мэдье гэвэл Монголын түүхийг мэд. Монголын түүхийг мэдье гэвэл цэргийн түүхийг нь мэд” хэмээх  гайхамшигт үгийг энэ өдөр би онцгойлон тодотгож  хэлмээр  байна. Яагаад  вэ?  гэвэл  үе үеийн монгол цэргийн баатарлаг замнал, монгол жанждын суу билэг, яруу алдар Монголын түүхийн амин ундарга, эх булаг нь байж ирсэн юм. Дэлхий дээр бидэн шиг гайхамшигтай, бас бахархалт түүхтэй үндэстэн олон биш ээ. Бид даян дэлхийд төрт ёсыг анхлан таниулж,  дэг ёс, журам тогтоож явсан өвөг дээдсийн үр сад,  Их эзэн Чингис хааны удам, хойч билээ. Бидний энэ хосгүй түүх  маань бахархал  төдий биш,  Монгол Улсын  тусгаар  тогтнол мөнхөд оршихын үндэс, баталгаа болдог юм. Тиймээс бид түүхээ юу юунаас ч илүү мэддэг байх ёстой. Мэдэхийн тулд энэ ертөнц дээр өөр ямар ч улс үндэстэн бий болгож чадаагүй, ухаж ойлгож баршгүй онцгой гүн ухааныг бүтээн, үр хойчдоо гэрээс сургаал, зарлиг болгон бичиглэн үлдээсэн “Монголын нууц товчоо”-г монгол хүн бүр, тэр тусмаа эр цэрэг, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн сайтар судлан, сэтгэлдээ хоногшуулан, оюун бодолдоо шингээж, утгыг тайлсан байх учиртай. Уншиж, судлан утгыг тайлаад зогсохгүй, айл өрх бүр “Монголын нууц товчоо”-гоо хоймортоо хүндэтгэн залж, шүтэн дээдэлж, үр хойчдоо уламжлуулан  өвлүүлж, санаж  сэрж  явах  алтан  сургаалиа  болгох ёстой  юм.

Цэрэг, дайчдаа 

“Монголын нууц товчоо”  бол морьтон Монголын үл давтагдах соёл, эрин зууныг эзэлсэн их туульс, тэсвэр тэвчээр, ялан дийлэхийн ухаан нэвт шингэсэн баатарлаг түүх, он дарааллын баримт төдийгүй төрийг засах нууц ухааны түлхүүр, Монгол үндэстэн мөнхөд тэнгэрлэг, хийморьлог байж, мандан бадрахын утга учрыг шингээсэн  Монгол философи  юм. Бидний агуу түүхийн үнэ цэнэ энд оршдог оо.

Монголын төдийгүй хүн төрөлхтөний оюуны хосгүй бүтээл болсон энэ алтан судрыг эх орныхоо түүхийг бүтээж, тусгаар тогтнолоо хамгаалан, яруу алдраа даян дэлхийд дуурсгаж яваа жавхаа хийморь төгс цэрэг, дайчиддаа үргэлж нандигнан авч явах үнэт өв тань байх болтугай хэмээн өргөн барьж байна.   Монгол  цэргийн  жанжин  ухаан, Монголын язгуурын их гүн ухааныг хойч үедээ өвлүүлэн залгамжлуулах нэр төртэй эрхэм үүргээ ямагт санаж явахад тань тус болох болтугай.

Монгол төрийн сүр хүч, цог хийморь болсон цэрэг дайчид та бүхэн Монгол цэргийн, Монголынхоо түүхийг эцэг эхийнхээ нэр, удам судар шигээ сайн мэддэг байх ёстой.

Цаашдаа Зэвсэгт хүчний бие  бүрэлдэхүүний  дунд “Монголын нууц товчоог  хэн сайн мэдэх вэ" сэдвээр уралдаан, тэмцээнийг  жил  бүр явуулж байх  болно оо.

Та бид өвөг дээдсийнхээ бүтээсэн  баатарлаг  түүхийн  залгамжлагчид юм.

Монгол цэргийн түүх, Монгол Улсын минь түүх мөнхөд үргэлжлэх болтугай.

Монгол түмний минь өлмий бат оршиж, монгол цэргийн сүр хүч, суу билиг, хийморь жавхаа үеийн үед ялан дийлж, даян дэлхийд дуурсан цуурайтаж байг.

Монгол мандтугай. Хурай

Тиймээ, үнэхээр монгол хүн бүрийн сэтгэл зүрх халуун эх оронч үзлээр булиглан цохилж байх цагт монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ мөнхөд дуурснаа. Энэ цаг мөчөөс эхлэн монгол айл бүрийн хойморт Монголын алтан түүхийн судар нууц товчоо маань залагдаж, монгол хүн бүрийн судсаар агуу эх оронч үзэл ямагт урсаж байг.