Энэ 7 хоногт
Хүсэлтэйгээ тэнцэхүй
“Монгол хөгжих ёстой” гэдэг бол Должин эмээ ч хэлж чадах цэцэрхэл юм. Харин хөгжих их хүсэл нь түүнтэй тэнцэх их мөнгийг шаарддаг талаар олонхи ярихгүй байна.
Хязгааргүй нь тодорхой хоёр зүйл бий.
Одот ертөнц ба хүний тэнэглэл.
Albert Einstein
Одот ертөнц ба хүний тэнэглэл.
Albert Einstein
Хүсэлтэйгээ тэнцэх мөнгө олж байж л хөгжнө
“Монгол хөгжих ёстой” гэдэг бол Должин эмээ ч хэлж чадах цэцэрхэл юм. Харин хөгжих их хүсэл нь түүнтэй тэнцэх их мөнгийг шаарддаг талаар олонхи ярихгүй байна. “Далай шиг баян улсын 3 сая хүрэхтэй үгүйтэй хүмүүсийг жаргаагаад, ийм улсыг хөгжүүлчих юухан байхав дээ, уг нь” гэж ирээд л сүгсэлзэх ардын баатрууд хөгжилд хүргэх галт тэрэг болсон мөнгийг хаанаас босгож, хэрхэн зарцуулахаа бодож байдаг болов уу. Популистууд үр дүн нэхэхээс бус түүнд хүрэх замын талаар огт ярихгүй байгаагаас харахад тэдэнд хөрөнгө оруулалт, санхүүгийн наад захын ойлголт алга шиг байдаг. Тийм болохоор “ардын баатрууддаа” жоохон ойлголт өгөхөөр үүнийг тэрлэв.
Хөгжлийг тэтгэх мөнгө хаанаас гардаг вэ?
Хүн төрөлхтний хөгжлийн түүхээс харахад хөгжилд шаардлагатай мөнгийг босгодог гуравхан л арга бий. Өөрсдийн хуримтлал, нөөцөөс гаргах, ирээдүйд орох орлогоо барьцаалж зээл авах, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах эдгээрээс өөр аргыг одоогоор бодож олоогүй байна.
Эхний арга бол бидний хувьд боломжгүй. Хөгжиж байгаа, ядуу орнуудын эгнээнээс дөнгөж мултрах гэж ядан байгаа монголын эдийн засагт нийт хуримтлалын хэмжээ тун бага. Хүн ам цөөнтэй, түүнийг дагаад айл өрхийн хадгаламжийн хэмжээ ч сайнгүй. Орлого олдог том салбарууд хөгжөөгүй учраас хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлэх ямар ч бололцоо байхгүй. Гэтэл популистуудын хүсээд шаардаад буй эдийн засгийн хөгжилд хүрч, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орчин үеийн аж үйлдвэр, дэд бүтэцтэй болоход ойрын 5 жилийн хугацаанд наад зах нь 60 их наяд төгрөг хэрэгтэй. Өнөөдөр монголчууд нийтээрээ зүтгээд жилдээ 14 их наяд төгрөг (ДНБ-2013 оны байдлаар) олдог, тэрнээс хэд нь бидэнд үлдээд, хэд нь хуримтлал болох вэ гэх зэргээс тооцоод үзвэл бидний одоогийн орлогоос 10 дахин их мөнгө хэвийн хөгжилд хүрэхэд шаардагдаж байна.
Тэгэхээр өөрийн хөрөнгөөр хөгжих тухай бодох ч хэрэггүй аж. Ингээд зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёрт л найдах үлдэнэ. Гэтэл популистууд ийм хэлбэрийн хөрөнгө оруулалтыг цаг ямагт өөрсдийн өндөрт үсрэх тавцан, алдрын индэр болгосоор хөрөнгө оруулалтыг үргээж, зээлдэгчдийг жигшээж дууслаа. Монгол улсын зээлжих зэрэглэл буурна гэдэг бол хөгжилд илүү үнээр хүрэх болно гэсэн үг. Тэр илүү төлбөрийг популистууд хармаанаасаа гаргахгүй нь даан ч тодорхой байх.
Бонд боломжийн арга
Гадаадын хөрөнгө оруулалтын өөр нэг хэлбэр - портфолио буюу хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцаа, бондыг худалдан авах, санхүүгийн хөрөнгө оруулалт манайд дөнгөж эхлэлийн шатандаа байна. Шууд бус хөрөнгө оруулалт, бонд үнэт цаасны хөрөнгө оруулалт нь төслийн үйл ажиллагаа, аж ахуй нэгжийн менежмент зэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй, хяналт тавьдаггүй, зөвхөн тохирсон зээлийн хүү, хугацаагаараа л хариуцлага хүлээдгээрээ давуу талтай.
Монголын санхүүгийн салбарт 1991 оноос хойш ердөө л 31 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орж байжээ. Харин Хөгжлийн банк байгуулагдснаар хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг богино хугацаанд хүү багатайгаар татаж чадсан. Засгийн газрын бонд эргэн төлөгдөх найдвартай гэж тооцогддог болохоор учир хамгийн эрсдэл багатай үнэт цаас хэмээн үнэлэгддэг. Тийм учраас Засгийн газрын бондын хүү хамгийн бага байж, үнэт цаасны зах зээл дээрх суурь хүүг тогтоодог юм.
Хуримтлал ихтэй нийгмийн Хөрөнгө оруулагчид хөгжиж байгаа улсуудын засгийн газрын бондыг авах, эсвэл эрчтэй хөгжиж байгаа салбарын хувьцаанаас авах шийдвэрээ хэр их эрсдэл хүлээх чадвартайгаас хамааруулан гаргадаг. Ихэнх тохиолдолд бондыг чухалчилдаг юм. Бонд нь зээлийн хүү, хугацааны шахалт, эргэн төлөгдөлт зэрэг дарамт бий болгодог ч, энэ бүхний давж гараад бүтээн байгуулалт, үйлдвэржилтээ жигдрүүлчихбэл хөрөнгө оруулалтын өгөөж, ашиг нь бүхэлдээ монголд үлддэгээрээ зүйрлэшгүй давуу талыг бий болгож байгаа юм.
1996 оны 10-р сарын 25-нд Засгийн газрын Бондын арилжаа анх эхэлж байсан. Дорвитой том бондын арилжаа эхлэсэн түүх нь Хөгжлийн банк нь 2011 онд Дунд хугацааны eвро бондын хүрээнд 20 сая ам.долларын бондыг 1 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр арилжсан явдал байлаа. Дараа нь 2012 оны 3 дугаар сард 5 жилийн хугацаатай, 580 сая ам.долларын бондыг жилийн 5.75 хувийн хүүтэйгээр арилжаалсан. Хөгжлийн банкны бондыг худалдаж авахаар 300 гаруй хөрөнгө оруулагчдаас 6.25 тэрбум ам.долларын захиалга ирж байсан нь гаргасан бондын дүнгээс 11 дахин их байв. 2013 онд Засгийн газар Чингис бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр гаргасан. Тухайн үедээ энэ нь хамгийн хямд эх үүсвэр болсон юм. Одоо Чингис бондын хоёрдогч зах зээлийн хүү 7 орчим хувьд хүрч өссөн нь АНУ-ын эдийн засгийн сэргэлттэй холбоотой ажээ. Чингис бондын хугацаа нь 5 болон 10 жил. Ийм үед “Самурай” бонд гаргасан нь хүүгийн хувьд харьцангуй хямд тусчээ.
Бонд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаас өмчийн баталгаа биш, харин өрийн баталгаа гэдгээрээ ялгаатай. Хувьцаа эзэмшигч, шууд хөрөнгө оруулагч нь монгол дахь хөрөнгийг шууд утгаараа хамтран эзэмшигч мөн. Бонд эзэмшигч бол ердөө л хөрөнгө зээлдүүлэгч юм. Тийм учраас бондын гэрээ хэлцэл нь хөрөнгө оруулалтынх шиг сунжирч, цаг алдах, үл ойлголцол үүсгэх, төслийг гацаах эрсдлээс ангид байдаг.
Шууд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явц ямар урт хугацаанд, яаж сунжирч, түвэг болж явагддагыг монголчууд Оюутолгой төсөл дээр харсан. Татварын орчныг тогтворжуулах, ногдол ашгаа хэрхэн хуваарилах гэх мэт тохиролцоог хийх амаргүй байдаг. Харин бонд нь ийм эрсдлээс ангид бөгөөд зээл авах төслүүдийн үр ашиг, хэрэгцээ шаардлага, эргэн төлөгдөх боломж, барьцаа хөрөнгө зэрэг бодитой зүйлсийг үндэслээд хурдан хугацаанд шийдчихдэгээрээ өнөөдөр монголын эдийн засагт шаардлагатай байгаа хамгийн боломжит санхүүгийн эх үүсвэр юм. Засгийн газрын бондоор босгосон хөрөнгөнөөс зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд зээл олгож байгаа. Тийм болохоор бондын эргэн төлөлтийг хийж дуусах тэр цагт өнөөгийн монголчууд бид ирээдүй хойч үеийнхээ сайхан амьдралын суурийг цутгах их хөгжлийг бүтээгчид байхаас гадна цаашид монголчуудын төлөө ажиллах өмчийн 100 хувийн эзэн нь хэвээр үлдэх билээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтанд ийм давуу тал байдаггүй.
Шууд хөрөнгө оруулалт шулах Мангас биш
Орчин үеийн Монгол улс үндсэндээ гадаадын шууд хөрөнгө оруулалтаар бий болсон юм. 1980 он хүртэл эдийн засагт тухайн үеийн ЗХУ-аас шууд хөрөнгө оруулалт хийж байсан. Харин монголчууд гадаадын хөрөнгө оруулалт гэж үздэггүй, ойлгодоггүй байв. Ахан дүүсийн найрамдлаар халхлагдан ирээдүйн үр дагаварыг нь төдийлөн ярьдаггүй байсан энэ хөрөнгө оруулалтын төлбөр нэхэгдэж эхлэсэн үеэс л гэнэт хэмжээлшгүй өртэйгээ ухаарч, жагсаж цуглаж эхлэсэн билээ.
Зөвлөлтийн хөрөнгө оруулалт нь иргэншсэн ертөнцөд үл ойлгогдох хэлбэрээр хийгдсэн, тооцоо, өр авлагын данс нь будлиантай хэн нь хэндээ өгцөө, авцаатай нь ойлгомжгүй 10 тэрбум шилжих рублийн өрийг бидэнд үлдээснээр дуусгавар болсон. Хожим нь Их өр тэглэх гэж бас нэг дуулиантай ажил өрнөж байлаа. Тов тодорхой зүйл нь Зөвлөлтийн шууд хөрөнгө оруулалт үр дүнгээ өгсөн. Өнөөгийн хөгжлийн суурь болох зүйлийг бий болгосон гавъяатай юм. Өглөг, авлагын тооцоогоо бодож чадаагүй нь тусдаа асуудал.
Буурай хөгжилтэй орнууд бүгд гадаадын хөрөнгө оруулалтанд тулгуурлаж хөгжихөөр өрсөлдөж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нь хүү, барьцаа, хугацаа зэрэг дарамт байхгүй, эрсдлийг хөрөнгө оруулагч үүрдэг гэдгээрээ таатай. Сул тал нь хөрөнгө оруулсан тал өмчийн эзэн болдог. Жишээ нь Оюу толгой төслийн 76 хувийг өмчлөгч нь гадаадын хөрөнгө оруулагч-Рио Тинто юм. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад технологийн болон удирдлагын мэдлэг, туршлага орж ирдэг нь жам билээ. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь хүний хөрөнгөний өгөөжийг хүртэхийн тулд өөрийн нөөц, орлого, ашгаа өгч байгаа хэрэг учир бодолтой хандах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч ашгаа бодох нь зүй, бид өгөөжөө нэмэгдүүлэх гэж хичээх нь жам. Монголчууд ажлын байртай, сайн цалинтай, монголын төр татвараар дамжуулан төсөвт орлого хуримтлуулах замаар иргэддээ өгөөжийг түгээх, дэд бүтэц, нийгмийн салбарт хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, техник технологийн болон менежментийн мэдлэг туршлага дамжуулах гээд бидний хүртэх өгөөж олон. Харилцан ашигтай байх, хоёулаа ялагч (win-win) болох зарчим дээр суурилах нь урт хугацаанд өгөөж, ашиг үр дүнгээ өгдөг болохыг түүх харуулж байна.
Хэдий хугацаанд ямар өртөг зардал, үнээр, юуг алдаад, юу авч байгаагаа жинлэж үзэж байж, юунд аль салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахаа бодох шаардлагатай болдог. Хамаг нөөцөө, түүнийг дагуулаад газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнолоо тавиад туучихгүйн тулд гадаадын хөрөнгийг зайлшгүй хэрэгцээт салбартаа л татаж, хүмүүсээ сургаж, гадаад зах зээлийн мэдлэгтэй болгох, алсдаа уг салбарт монголчууд бие даан ажиллах чадвартай болохын төлөө л гадаадаас хөрөнгө татах ёстой юм. Бүх салбар, бүх төсөл дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж хичээхээсээ илүүтэй шаардлагатай цөөн салбар, төсөлд л тэдэнтэй хамтран ажиллахыг чухалчлах гол шаардлага нь гэрээ хэлцэл урт хугацаа авдаг, өмчийн эзэн нь гадаад хөрөнгө оруулагч болдог, хөрөнгө оруулагчид нэмэлт хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хэрэгтэй болдог, ашиг орлого хөрөнгө оруулагчийнх болдог зэргээс улбаатай юм.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжснээс хойшхи 25 жилд 100 гаруй орноос 7 тэрбум орчим ам.долларын хөрөнгө татжээ. Монгол дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын энэ хэмжээ нь бусад шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад зүйрлэшгүй бага аж. Энэ хөрөнгийн гуравны хоёр нь уул уурхайн салбарт орсон байгаа нь гадаадын хөрөнгө Монголын уул уурхайн нөөцөөс ашиг унагах сонирхолтой байгааг илтгэж байгаа юм. Гэвч энэ хөрөнгийг популистуудын “баатарлаг” үйлсийн ачаар үргээгээд гаргачихсан. Алдарт хүрэх хүсэлдээ шатсан популистуудын арми гадныхныг монголын баялгаас “ашиг унагах” гээд байна гэж ихэд зүхдэг. Ашиг үнэртэхгүй л бол хаана ч нэг долларын хөрөнгө оруулалт орохгүй. Үүнийг уг нь аль дээр цагт Адам Смит “үл үзэгдэх гар” гэдгээрээ тайлбарлаад хэлчихсэн юм.
“Bloomberg” агентлагийн сурвалжлагчид Michael Kohn, Yuriy Humber нар “Монгол орныг гадаадынхан их элсэн цөл, тал нутаг, ашигт малтмалын арвин их нөөцөөр нь мэддэг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд зарим нэг гадаадынхан Монголыг арай өөрөөр мэддэг болж байна. Тодруулбал, дэлхийн хамгийн том шорон. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг “түлхэх” болсон…” гэх зэргээр дэвэргэн тарааж байгаа нь дотоодын популистуудын дүвчигнэлтэй хавсран монголын нэр хүндийг хөрөнгө оруулалтын чиглэлд навс унагаж байгаа билээ.
Үр дүнд нь өнөөгийн санхүү, хөрөнгө оруулалтын хямралт нөхцөл бий болсон.
Популистуудад хаяглах үг
Хөгжүүл гэж шаардах мөртөө хөрөнгө оруулалтыг үгүйсгэх, цалин нэм, ажил олго гэж шаагилдах мөртөө санхүүгийн хэрэгслүүдийг ашиглахыг боомилох зэргээр хэлсэн үг, хийсэн ажлууд чинь зөрөөд, улсаа хорлоод, иргэдээ зутраагаад байгаагаа зогсоогоочээ. Иргэд нэг үеэ бодвол хэн нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа болсон. Популизмын төлбөрийг төлж, амьдрал нь уруудаж байгааг мэдэж, мэдрэх болсон. Та нарыг галзуурал даамжирвал та бүхэнтэй хариуцлага тооцох чадвар тэдэнд байгаа. Тийм болохоор ярьж байгаа үг, хийж байгаа үйлдлээ нийцүүл.
Хөгжихийг хүсвэл мөнгийг хүс, мөнгийг хүсвэл хөрөнгө оруулалт тат. Энэ бол амьдралын жирийн логик. Шинэ юм бодож олох гээд нэмэргүй. Олдохгүй. Тэнэглэлд хязгаар байхгүй гээд та бүхний дүвчигнэлийг үргэлжлүүлээд, хараад суухыг эдийн засгийн нөхцөл тэсэхгүй нь ээ.
Г.МӨНГӨНЧИМЭГ
Зочин