Монголын улс төрд өөрийгөө “лидер” гэж боддог тэр хүрээлэлд байсгээд л “бөөрнөөс хутга шаах” тухай ярьдаг нэг эрхэм байдаг юм. Нөгөөх нь түүнтэй нэг нутгийнх, мөн “Түгжилдэх” гэдэг нэр томьёо гаргаж ирсэн. Тэгвэл МАН- ын Бага хурлын өмнө “Түгжилдэж”, бас “Бөөрнөөс хутга шаасан” үг чулуудсан хүн бол “Увс” буюу өхөөрдсөн нэрээрээ UBS фракцийн ноён Ц.Нямдорж юм. Тэрбээр Засгийн газарт орох эсэх зөвшилцөл улс төрийн соёлын дагуу тайван өрнөж байхад гэнэт давчдаж намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нараа “бөөрөнхий”, “бөмбөг”, өмнө нь арай гэж нэг бөөрөнхийгөөс салсан гэхчлэн ярьжээ.

Энэ бүхэн өнгөц харахад улс төрийн зарчим ярьж буй мэт, их зөв зүйтэй гарц руу залуурдаад ч байгаа юм шиг боловч цаагуураа Ч.Сайханбилэг гэдэг хувь хүнд дурамжхан байгааг харуулав. Учир нь Ч.Сайханбилэг урт удаан хугацаагаар Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, үүнд нь МАН хамтрахад ноён Ц.Нямдорж дургүй байгаа аж.

Түүнд таалагдуулъя гэвэл ерөөсөө Ерөнхий сайд маань Увсын хүн л байвал боллоо. UBS фракцийн тухайд тэрбээр “Тийм фракц манай улс төрд, тивд, дэлхий дээр байхгүй. Байсан бол “манай” Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар орж таарна шүү дээ. Гэтэл тэд өөр намынх учраас хардах хэрэггүй. Харин урлаг, спорт, бөхөд бол фракцийн дайтай нутгархаж дэмждэг” гэж тайлбарласан.

Ц.Нямдоржид итгэх нэг нь итгэнэ л биз. Харин яг эндээс хардлага эхлэх ёстой юм гэж харагдаад байгаа юм. Өөр, өөр намынх ч байсан Увсынх бол дэмжинэ гэсэн зарчим увсынхны цусанд нь шингэсэн араншин. Үүнийг монгол хүн бүр хэлдэггүй л болохоос мэддэг юм. Нэгэнт Н.Алтанхуягийг Ц.Нямдоржийн хүсэл тачаалыг үл харгалзан огцруулсан болохоор Д.Дорлигжавыг Ерөнхий сайд болгох ёстой байж л дээ. Тиймээс Ч.Сайханбилэгээс Р.Амаржаргал дээр гэж үзсэн. Одоогоор Хууль зүйн сайдаар томилогдох магадлалтай гэцгээж буй ч биелэлээ олдог ч байлаа гэсэн Ц.Нямдоржид таалагдахгүй нь. Хамгийн олон удаа Хууль зүйн сайд хийснээрээ аархдаг түүнд энэ суудал нутгийн найзад нь багадах юм даг уу даа.

Олны аманд бэлэн байдаг “Р.Амаржаргалын магтаал”-аар халхавчлан нам дотроо ганцаардсан нөхрийг түлхэхэд амархан хэмээн тооцоолсон байж. Гэтэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдчихлоо. Одоо түүнийг маш хурдан хугацаанд түлхэн унагаж Д.Дорлигжавыгаа томилох төлөвлөгөөтэй байтал МАН дотор Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тогтворжуулах гэсэн “чөдөр”-үүд тааралдаад байна. Энэ л Ц.Нямдоржийг “Түгжилдэх”, намын даргынхаа бөөр руу “яах”-д хүргэв бололтой.

Энэ төлөвлөгөөнд тэрбээр нам дотроо цөөнх болчихоод байгаагаа ойлгомогц олон нийтийн сэтгэхүй дээр тоглолт хийж “Оюутолгойн 34 хувийг, Тавантолгойн тендерийг алдмаар байгаа бол яая гэхэв” гэхчлэн сайтар жүжиглэж байна. Ард түмний амьдралыг сайжруулах “сүүлчийн нөөц бололцоо” гэж үздэг энэ ордуудын тухай ярихаар олон нийт ихэд хямардаг. Уурладаг. Үүнийг ашиглая. Мөн намын жирийн гишүүд /тээр дор байгаа нь/ тэр чигээрээ Ц.Нямдоржийг дэмжиж байгаа тул ирэх сонгуулиа бодоорой хэмээн тэрбээр ярилцлагаараа сануулга өглөө.

Ямартай ч МАН-ын Бага хурал хуралдаж таарна. Хурлыг товлолоо гэж Ц.Нямдорж “лидер” бас загнасан л даа. Гэхдээ хуралдах нь гарцаагүй. Уг Бага хурал дээр харин юу болох бол. “Намаас гарах өргөдөл” шидэж дүвчигнэх үү. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нараа огцруулах асуудлыг өргөн барих болов уу. Монгол төрийн өндөр албан тушаалд ногоон гэрлээр томилогддог байсан Ц.Нямдоржийг МАН гомдоосон гэхэд хэн итгэх вэ. Гомдсон бол “Арвиндчихгүй” юу. АН-ын фракцуудыг шүүмжилдэг хэрнээ  МАН дотор хамгийн аймшигтай фракцийг толгойлдог, тэр нь бүр АН-ынхантай хутгалддаг юм чинь тийм мундаг үүх түүхтэй “лидер” ирж байхад тэврээд авах биз.

Ийнхүү дуулиан дагуулахгүйгээр хуралддаггүй МАН-ын Бага хурал ямар гээчийн хувьсал дагуулах бол гэдэг нь сонирхолтой байна. “Өвлийн халуун өдрүүд” гэмээр огт үзэгдээгүй хачин жигтэй мэдээ дуулгах вий.