УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдтой ярилцлаа
.



-УИХ төсвийн тодотголыг баталлаа. Цалин, тэтгэврийг яаж нэмэх вэ, хувьчлах уу, тэгштгэж нэмэх үү?

-Засгийн газар бол цалинг нэмэхгүй гэж төсөл оруулж ирсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дээр хэлсэн л дээ. Арван мянга хүртэл орон тоо цомхотгоод цалин, тэтгэврээ нэмэх боломж байна. Ид өвлийн хүйтнээр цомхотгол хийлтэй биш, тэрний оронд цомхотгол хийхгүйн тулд цалин, тэтгэврээ нэмэхгүйгээр явъя гэж. Харин чуулганы хэлэцүүлгийн явцад гишүүд цомхотгол ч хийхгүй, цалин тэтгэврээ ч нэмье, яаж нэмэхийг Засгийн газар өөрөө мэд гэсэн. Бүх хүнийг жигд нэг процентоор нэмэх хувилбарыг УИХ сүүлийн жилүүдэд сонгоогүй. Энэ удаа ч бас бага цалин тэтгэврээ дээш нь татах байдлаар нэмэх байх.

-2015 онд шинээр хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх үү. 21 шинэ сургууль барих сураг гарсан.
-Шинэ бүтээн байгуулалтыг зогсоосон.     Өмнө нь хийгээд дуусчихсан бүтээн байгуулалтын өрийг эхлээд төлж дуусгая гэж шийдсэн. Тэгэхгүй бол зээл авч ажил хийчихээд улсаас мөнгөө олж авч чадахгүй эргээд банкныхаа өрөнд орж байгаа олон компани бий боллоо. Тэдний мөнгийг эхлээд өгнө. Харин дуусаагүй байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа дуусга гэдэг байдлаар хөрөнгө оруулалт хийгдэнэ. Шинэ сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн тухайд БНХАУ-аас авах тусламжийн мөнгөөр барина. 92 орчим тэрбум төгрөг болж байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр бол ямарч шинэ барилга эхлэхгүй байхаар баталсан.

-Тусламжийн мөнгө гэдэг нь Хятадын даргын амласан нэг тэрбум доллар уу?

-Үгүй, тэр бол хөнгөлөлттэй зээл. Хятадын тал жил бүр 300 сая юанийн тусламжийг таван жилийн турш үзүүлэхээр болсон юм. 2014 онд ногдох 300 саяыг 2015 онд зарцуулах юм. Хаана эмнэлэг, сургууль барих жагсаалтыг одоо Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо гаргаж өгнө.

-Жишээ нь, аймгуудыг автозамаар холбох ажил явахгүй юу, энэ жил…

-Тэр бол явна, энэ жил үлдсэн бүх аймгийг нийслэлтэй автозамаар холбож дуусна . Мөнгийг нь Чингис бондоос гаргана.

-Бондын мөнгийг дэд бүтцийн төсөлд биш, бизнесийн төсөлд оруулж байж ашиг олно. Одоо 2017 онд төлж эхэлнэ, төлбөрөө яаж олохоор төлөвлөсөн бэ?
-Бондын мөнгийг анхнаасаа дэд бүтцийн төсөлд оруулна гэж зээлж авсан. Тийм учраас энд хуулийн зөрчил байхгүй. Харин төлөх тухайд 500 сая, нэг тэрбум гэж хоёр хувааж төлнө. Нэг тэрбум долларыг нь 10 жилийн дараа төлнө, тэр үед эдийн засаг угаасаа томорчих учраас асуудалгүй төлж чадна. Харин 500 саяыг нь 2017 онд төлнө. Аймгууд руу тавьсан замаас ашиг олохгүй нь үнэн л дээ. Тэгэхээр өөр эх үүсвэр л бодож олох хэрэгтэй.

Үргэлжлэлийг iToim.mn сайтаас уншина уу.