Бид өөрснөө ч мэдэхгүй гэр бүлийн хүчирхийлэгч.
Мөн өөрснөө ч мэдэхгүй хүчирхийлүүлэгч.

Осолгүй хүүхэн хүчиндэхийг бол хүчирхийлчлээ гэхээс бусдыг нь бол байх асуудал гээд гудиггүй явдаг ард түмэн бол бид билээ. Гэт эл хүний нүднээс далд гэр бүлийн хүчирхийлэл гаарч, аав ээж болоход үл тэнцэх сэтгэлгээний доройтолд орсон хийгээд сэтгэцийн өвчтөнүүдийн гарт ирээдүйгээ яргалуулдаг болоод уджээ. Аавын алганы гэх мэт үндэсний гэр бүлийн уламжлал, онцлог зэргийг ярих хүмүүс бий ч яаралтай таягдан хаяуштай суртахуунууд бидэнд бий. Хананы цаана хашгиралдан алалдаж байсан ч зурагтаа улам чангалаад хэвтээд байдаг хүмүүс бол бид. Үүний үндэс нь “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх балрын үзэл санаа болоод байна.

Гэр бүлийн хүчирхийлэл

Гэр бүлийн хүчирхийлэл нь эдийн засгийн, бэлгийн, сэтгэл санааны, бие махбодын гэсэн төрлүүдтэй байдаг аж. Эд бүгд өрөөлийг өөрийн дарамтанд байлгах адгийн хүсэл сонирхол, эсвэл хүнийг тамлан зовоох гаж таашаалаас үүдэлтэй. Хохирогчид маш их гарз тохиох ба сэтгэл санаа бие эрхтний хохирол нь нөхөгдөшгүй. Үүгээр зогсохгүй хохирогч нь хэрэв хүүхэд бол дараа нь мөн тийм дарамтлагч болон өсдөг байна.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл http://child.ub.gov.mn/?p=2168 энэ линкээр орж хараарай.

Гэр бүлийн хүчирхийлэл Монголд

Орчин цагийн энэ ойлголт дэлхий ертөнцөд үүсээд удсан ч бид тэр талаар ямар ч ойлголтгүй байгааг өдөр бүр харж болно.  Илүү цалингаараа дарангуйлан дургих бол манайхны хувьд  асуудал биш.  Сэтгэл санааны хүчирхийлэл гэж байдгийг үл анзаарна. Харин бяр чадал муутай нэгнээ бие махбодийн болоод бэлгийн хүчирхийлсэн үйлдсэн бол эрхбиш нийтээрээ жигшинэ. Гэсэн ч “мэдээний цаг” дуусаад л мартана. 

Аливаа гэмтнийг гэсгээх хууль манайд хангалттай ч гэртээ хүчирхийлэл үйлдэгчийг бол толгойг нь илээд л явуулдаг байна. Хөршийнхөө тухай цагдад мэдэгдсэн ч “эхнэр нөхөр хоёр тэгээд болно биз дээ...” гээд ирдэггүй тухай амтай болгон ярина. Цагдаа нь болохоор, “энд тэнд нэгнээ хутгалж дээрэмдэж байхад айлын хэрүүл зохицуулаад явж байх зав алга” гэж өөрснийгөө зөвтгөнө. Агсан тавигчийг үсрээд л нэг шөнө эрүүлжүүлээд буцаана, эхнэр хүүхдээ зодогчийг хэдхэн хонуулаад л хариулна. Өнөө хэд нь гэртээ хариад “Цагдаа дууддаг яасан овоо п...  вэ!” гээд өмнөхөөс хэд дахин илүүгээр хүчирхийлнэ. Нөгөө хэд нь ахиж цагдаа дуудах зүрх зориг няад болно. 

Хууль нь боловсронгуй биш тул дан цагдааг буруутгах бас аргагүй. Учир нь манай улсад гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 1995 онд анх гарсан нь ганц хоёр хуудаснаас хэтэрдэггүй “тэмдэглэл” байдаг аж. Хожим 2004 онд ахин нэг хууль баталсан нь овоо “номорхуу” зузаан болж ирсэн боловч хүчинд автагчийг аврах гэхээсээ хүчирхийлэгчийг улам догшруулан дургиулах шалтаг төдий болов. Энэ хуулийн хүрээнд ажилласан манай цагдаа нар дээр хэлснээс илүүг хийх арга байхгүй гэж хуульчид ярьж байна.  Гэр бүлдээ эр бяраа гаргагч адгийн амьтдын үйлдлийг “зөрчил”-д тооцдог нь угаасаа л гэр бүлийн хүчирхийллийг манай нийгэм “ялимгүй явдал” гэж хардагийн тусгал. 

Харин 2014 онд шинээр өргөн барьсан багц хуулийн төсөлд багтсан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд цаг үедээ зохицсон арга хэмжээнүүд явж байгаа. “Зөрчил”-д тооцдог байсныг гэмт хэрэгт тооцдог болгож, хохирогчийг хамгаалалтад авах, зоддог тамладаг этгээдийг тусгаарлах зэргээр ахин хүчирхийлэл үйлдэх нөхцлийг нь хаасан амьдралтай, аргатай олон заалт бий. Харамсалтай нь Их хурал дээр дэмжигдээгүй. Аавын алганы амт... гэсгээд маанайж суудаг хуучинсаг “аав” нар одоо эрхбиш цочроо байлгүй дээ. Эсвэл дэмжээгүй хүн нь гэр бүлийн хүчирхийллийг дэмждэг гэсэн логик өөрөө гарах нь байна.

Хууль гарангуут “хууль гарчлаа томоожыдоо” гээд хүчирхийлэхээ болихгүй ч  урьдчилсан сэргийлэх нөхцөл орчныг эрс сайжруулахад ус агаар шиг хэрэгтэй.  Хүчинд автаж буй нь ч гэсэн хүчирхийлүүлж байна гэдгээ ойлгож зоригтойгоор хуулийн байгууллагад ханддаг болох нь байна. Үүн дээр нэмээд цагдаагийн албанд Эдийн засгийн цагдаа гэж нэмэгдсэн шиг Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох алба гэсэн бүтэц бий болговол хүн хүч хүрэхгүй байна гэхчлэнгийн шалтгаанууд арилах байх.

Эмэгтэй гишүүд

Манай эмэгтэй гишүүд бол дундаа нууцтай, тусдаа бодолтой, бусадтай төсгүй, бие даасан хүмүүс. Тиймээ, Монголд бич, хомосапиенс нараас гадна гуравдагч төрөл байдаг манай парламентийн “Эмэгтэй гишүүд”. Алчуур мөрөн дээрээ тохож энд тэнд бөөгнөрөн сууж зурагаа авахуулна, арга хэмжээн дээр очоод эгнэн зогсож зурагаа авахуулна, “эмэгтэй гишүүд бид бодохдоо...” гэж ирээд л ярина. Тэр байтугай баяр ёслолоор хувцсаа жигдэлж ирнэ. Эдний дунд дуучин, бүжигчин, хувьсгалч  хүртэл байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлаар санаачилсан хуулиудыг хамгийн сайн ойлгох нь эмэгтэй гишүүд. Тэдний дэмжлэггүйгээр энэ төрлийн асуудал шийдэгдтэлээ удна. Хувийн сонирхол амбицаа хойш нь тавиад хүүхэд эхчүүдийн ирээдүйг аврах хүмүүс бол чухам та нар.  Гэхдээ эдний дунд цогтой хувьсгалч ч бий гэгчээр нэг хүүхэд онц авсан ч гавьяаг нь өөртөө наах гээд байдаг гэмтэй хүн бий. Хууль өөрийнх нь нэрээр л гарахгүй бол бойкотлож чадах нь ч бий гэлцэж байна. Аа бас үнэхээр сэтгэл өвдөн, хуулийг яаралтай батлуулахаар хөөцөлдөж байгаа нь ч байна. Хүмүүс нэвт шувт л харж байна даа. Нэг өдөр хойшлогдсон ч нэжгээд хүүхэд эмэгтэйчүүд хохирч, зодуулж, хүчирхийлүүлж байгаа энэ цагт эрхэм бүсгүйчүүдийн хүчийг л харах үлдлээ.

Хүүхдэд ээлтэй хөрш

Урьдчилан сэргийлэх, цагдаа цуухад цаг алдахгүй мэдээлэх гол суваг нь хороо хорины бүртгэл хяналтаас илүү хөршийн мэдээлэл гэнэ. Үүнийг ч мэдэрсэн хэсэг улсууд “Хүүхдэд ээлтэй хөрш” хэмээх санаачлага үүсгэн уриалаад эхэлжээ. Одоогоор манайд гэмтнийг гэсгээхээсээ ч чухал үйл болох урьдчилан сэргийлэх асуудал маш дутагдалтай, авсан арга хэмжээнийх нь тархалт, сурталчилгаа туйлын хангалтгүй байгаа. Байсан бол саяны эмгэнэлт явдал, түрүү түрүүчийн ч тохиолдлууд гарахгүй байж ч болох. Яаралтай дуудлагын 107, 108 дугааруудыг алхам тутамд дээрх уриатай хамт байршуулан иргэдэд сануулна. Мэдээлэгчийн тухай нууцлал эрхбиш байх биз.

Бид яаж байна?   

Ц.Элбэгдорж, эсвэл И.Нарантуяаг буруутгах зах сэжим байж болох ч шууд эчнээ яллах, үзэн ядах нь бас л хийрхэл шүү дээ. Амнаасаа хөөс сахруулсан галзуу хүчирхийлэгчийнх гэлтэй коммэнт, пост, жиргээ интернэтээр дүүрэн. Учир дутагдалтай ажилладаг ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл гэж байдаг тухай нийгэмд хонх цохисоор байдаг газрын нэг бол чухам Хүүхдийн төлөө үндэсний газар. Энэ байгууллагад ажилладаг хүмүүсийг харгис эцэг эхийнхээ гарт өртсөн хүүхэд бүрийн гэрт хараад сууж байх ёстой байсан мэтээр яллан гутаах нь утга учиртай юу.

Харин бид өөрснөө гудамжинд нүд нь хөх няц болсон хүүхэдтэй таарвал яасныг  нь асуух билүү гэдгээ санацгаая. Анзаарах ч гүй өнгөрдөг. Гэтэл тэр хүүхэд өдөр бүр бохь зарж олох ёстой 5 мянган төгрөгөө дутаагаад зодуулж, айдаст автаж, согтуу аавдаа шөнөжин агсан тавиулчаад гүйж байгаа. Манай нийгэмд хүчирхийлэл төдийгүй авилгалыг устгах, гудамжны соёлд суралцах, үндэсний соёл уламжлалаа хадгалах, жуулчдад элэгсэг хандах гэхчлэн олон тулгамдсан асуудал бий. Бид энэ бүхнийг огт тоодоггүй хэрнээ нэг асуудал гарахад л хариуцсан даргыг нь байдгаараа баалж таашаал авдаг болж. Нийгмийн эс болсон хүнийх нь ухамсар дээшлэхгүйгээр хөгжилд хүрсэн улс орон гэж байдаггүй. Та бид өөрсдийгөө толинд харах цаг болсон.

Чимээгүй цуглаан

Дөрөвхөн настай  жаал охин дэндүү харуусалтайгаар хорвоог орхисон. Залуус сошл мэдиагаар давалгаалж,  хэд хэдэн газар товлон эхийн эмгэнэлийг хуваалцан хүүхэд, эмэгтэйчүүд мөн эрчүүдэд ч тохиолддог гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чимээгүй цуглаан хийхээр тогтсон юм.

Өмнө нь зарим асуудлаар ийнхүү цуглах яриа гардаг ч амжилтанд хүрээгүй тохиолдлууд бий тул тэр жишгээр харж байсан нь олон. Гэвч энэ удаа Нийслэл хот төдийгүй хөдөө аймгуудад ч зул өргөн цуглаж, лам нар, цагдаагийн албан хаагчид хүртэл зул өргөн залбирч байсан нь манай нийгэм хүчирхийллийн тухай мэдээнд дасаад гөлийчөөгүй байгааг харууллаа. Энэ нь тайтгарал, итгэл, ирээдүй авчирсан. Цуглана гэдэг шийдэлд хүрэхийн үндэс. Энд л чимээгүй цуглааны гол ач холбогдол, утга учир байгаа юм. Сошл мэдиагийнхан ч цуглаж, давалгаалж, мэдээлэл түгээж чадахаа илтгэв.