Монголд  уул  уурхайн  хөгжлийг  дагаад  нийгэмд  тун халгаатай   бүлэг  хүмүүс  бий  болсон  юм. Яагаад  халгаатай  юм  вэ? гэвээс  тэд  өөрсдийгөө  хязгааргүй  эх оронч  сэтгэлтэй  хүмүүс  хэмээх  агаад  яг  мөн  чанартаа  бол  зүгээр л  дээд  зэргээр  мэргэшсэн  луйварчин, айлган сүрдүүлэгч,  рекэтчин, шантаажлагчид  байдаг  юм. Тэд  төр, засгийн  бодлого  шийдвэрийг   сөрж, зөвхөн өөрдөдөө  ашигтай  нөхцлөөр  ямагт  популизм  хийж  унац  унагаахыг  амьдрах  аргаа  болгоод  бүр  гаршчихсан  нөхдүүд.  Ихэвчлэн  иргэний  хөдөлгөөн  гэх  нэрийн  дор  ийм  бүлэг  хүмүүс  бусдад  мөнгө  төгрөг  тараан  элдэв  цуглаан, жагсаал  хийж,  эс  бөгөөс  өлсгөлөн  хүртэл  зарладаг  хэвшмэл  арга  барилтай. Эцэст  нь  ямар  нэгэн  албан  тушаал, тодорхой  тохиролцоонд  хүрч  мөнгө  нэхдэг.

Хамгийн  харамсалтай  нь  тэдний  энэ  махинацыг  мэдсээр  байж  эрх  баригчид  өөгшүүлдэг,  ямар  нэгэн  байдлаар  буулт  хийж  ирснээр  халгаатай  бүлэглэл  улам  оодорч , давардаг  болсон. Ялангуяа  уул  уурхайн төсөл, хөгжил  яриад  эхлэхээр  тэд  эсэргүүцээд  эхэлдэг.  Ерөөсөө  энэ  бүхэн  тэдний  амьдрах  арга,  бизнес  гэдгийг  нь  олон  нийт  мэддэг  болсон  шүү дээ. Олон, олон  жишээ  баримт  дурдаж  болох байна. Ийм  аргаар  зарим нэг  нь  хууль  тогтоох  байгууллагад  хүртэл  шурган  орцгоож  чадсан. Тэгээд  санасандаа  хүрмэгцээ  нөгөө  гайхалтай  халуун  “эх  орончид” таг  дуугүй  болчихдог  нь  гэм  биш зан болсон.

Хамгийн  сүүлийн  жишээ  гэхэд  л  Сэлэнгэ  аймгийн  Мандал  сумын нутаг  дахь Гацууртын  алтны  ордыг  ашиглахтай  холбоотойгоор  үүссэн  үйл  явдал  болно. “Ноён  уулаа  аваръя”, “Босоо хөх Монгол” энэ  тэр  нэртэй  хөдөлгөөнийхөн  аанай л  төр, засгийг  шантаажлаад  эхэллээ.  Ямар  юмныхаа  хөдөлгөөн  байхав, хэдхэн  хүний  улс  төр, эдийн  засгийн явцуу  сонирхол  л  нийгэмд  тогтворгүй  байдал  үүсгэхийг  хүсэж  байна.  Тэрхүү  өлсгөлөн  зарласан  “эх  орончид”-ыг  Сэлэнгийн  Мандалынхан  танихгүй  байгааг  юу  гэж  тайлбарлах  вэ?

Одоо  эрхбиш  бид  иймэрхүү  ард  түмний  нэр  барьсан  рекэтчдийг  ялгаж  салгахтайгаа  болсон. Улс  орон  хөгжих  хэрэгтэй. Хөгжихийн  тулд,  монгол  хүн  сайхан  амьдрахын  тулд  уул, уурхайн  үр  ашигтай, сайн  төслүүдийг  даруй  хэрэгжүүлж, эдийн  засгийнхаа  эргэлтэд  оруулахгүйгээр  яах  ёстой  болж  байна. Алтан  дээрээ  сандайлсан гуйлагчны  үлгэрээр  дахиад  хэдий  болтол  замнах  болж  байна вэ? тэгээд. 

Шантаажлагчдыг  давруулдаг  явдлыг  одоо  болих  хэрэгтэй. Эдгээр  нийгэмд  халгаатай  бүлгийн  ард   турхиран  өгдөөж   улс  төр  хийдэг  улстөрчид  байдгийг  ч  бид  мэддэг  болсон. Үүнийг  монголчууд  ойлгож  байгаа.

Өнгөрсөн  долоо  хоногт  сэтгүүлчид  Мандал  сумынхантай  уулзаж, тухайн  маргаантай  асуудлаар  нутгийн  ард  иргэд  ямар  санаа, бодолтой  явдгийг  тодруулахад  нөгөө  сайн  дураараа  өлсөж, цангаад  байгаа  этгээдүүдээс  шал  ангид  байр  суурьтай  байгааг  харлаа.

Мандалчууд  Гацууртын  ордыг ашиглалтад  оруулахыг  хүсэж  байна. Эдийн  засаг, санхүүгийн  хямралтай  энэ  үед  иргэд  ажилтай, орлоготой  байх  нь  төр, засагт ч, орон  нутгийнханд  ч  амин  чухал. 27  мянган  хүн  амтай  Мандал  сумын  иргэд  өөрсдөө  эл  ордыг  эргэлтэд  оруулах  саналыг  анх  гаргаж  төрд  хандсан  атал,  энэ  нутагт  амьдарч  ч  үзээгүй  эрхмүүд  нутгийнхны  нэрийг  барин  улайран  эсэргүүцээд  байгаа  нь  хачирхалтай.  Ноён  уул  эл  ордыг  ашигласнаар  сүйрэх  аюулд  орох уу?  гэж  нутгийн  иргэдээс  асуулаа. Шууд  л  ” Үгүй”  гэж  байна. Тэгээд  юу  сүйрэх гээд  байна.  Нөгөө  л  “эх  орончид”-ын  явцуу  эрх  ашиг  бусдаас  шантаажлан  мөнгө  салгах  гэсэн  төлөвлөгөө л   сүйрэх  гээд  байгаа  хэрэг.

50  тонн  алтны  нөөцтэй  гэх  эл  орд  дээр  “нинжа” нар  аль  хэдийнэ  нутагшин  ёстой л  тэр  хавийн  газар  шороог  жинхэнэ  утгаараа  сэндийчэн “идэж”  эхэлсэнтэй  тэдгээр  “эх  орончид” тэмцэхгүй  байгаагийн  шалтгаан  юу  билээ.
Тэдний  асуудал  болгон  тавьсан  Хүннүгийн  булш,  бунхан  олборлолт  хийх  ордоос  7-10 км  хол  байдгийг,  Гацууртын  ордод  ямар  ч  хамаагүй  болохыг  эрхбиш  нутгийн  иргэд  нь  мэддэг  байлгүй  дээ. Тийм  ч  болоод  эл  ордыг  ашиглах  санал  гарсан биш үү.

Аливаад  талцан  маргаж, цаг  хугацаа  алдан, ямар  ч  утгагүй  улстөржиж  байдаг  цаг  өнгөрсөн. Ганц  нэг  хүний  хийрхлээс  шалтгаалж  ард  иргэд,  улс  орон  хохирдог  байж  боломгүй.

Мэдээж  бид  Гацууртын  ордын  төслийг  хэрэгжүүлэх  Канадын “Сентерра  гоулд” компанид  байгаль  орчинд  аль  болох  ээлтэй  технологи  ашиглан,  нөхөн  сэргээлт  ямагт  хийж,  орон  нутгийн  хөгжилд  үр  өгөөжтэй  байх  талаас  нь  хатуу  болзол  тавих  ёстой.  Гаднын  хөрөнгө  оруулалтыг  ялих  шалихгүй  шалтгаанаар  өөнтөглөн  буцаахын  горыг  бид  улс  үндэстнээрээ  одоо  ч  амсаж  л  байна. 

Өнгөц  харахад  эх  орноо  гэсэн  мэт  боловч  цаанаа  улс  төрийн  ашиг  хонжоо  харсан  цөөнхөөс  болж  Монгол Улс  маань, монголчууд  бид  бишгүй  хохирч  ирснээ  л  бүү  март. 

Манай  улстөрчид  гээд  байгаа  хүмүүсийн ихэнх  нь  хөгийн  аймхай,  хулчгар,  бөөрөнхий  “амьтад”  байдаг  болохоор  яг  ийм  асуудалд  хэзээний  үхээнц  ханддаг.  Тэд  ийм  үхээнц  байдаг  болохоор  л  шантаажлагчид  давраад  байдаг  юм. 

“Ноён  уулаа   аваръя”,  “Босоо  хөх  Монгол”  гэсэн  хөдөлгөөнийнхөн  мөнгө  өгч  өлсгөлөн  зарлуулсан,  200  бөө,  удган  цуглуулж,  хүн  тус  бүрт  200  мянган  төгрөг  өгсөн  гэдгийг  Сэлэнгийн  мандалчууд  ярьж  байгааг  үнэний  ортой  гэж  бодож  байна. 

Үзэл  санаа,  ёс  суртхууныхаа  хувьд  ингэтлээ  доройтож  болох  уу? 

Төр, засаг  гаргасан  шийдвэртэй  ядаж  энэ  удаа  ийш  тийш  гуйвж, дайвалгүйгээр  хатуу  зогсоосой  билээ.  Гацууртын  ордыг  стратегийн  ордод  хамруулан  ашиглалтад  оруулснаар  Сэлэнгэ, мандалчууд  төдийгүй  Монголын  ард  түмэн  хожих  болно.