Бүх зүйлийг хүний чадах хамгийн дээд түвшинд тултал хийх ёстой гэж Япончуудыг хүмүүжүүлдэг бололтой. Тэндхийн хот, хөдөө хаана ч гэсэн, дэд бүтэц, барилга, бараа, үйлчилгээ юунд ч гэсэн нүд хуурсан, хагас дутуу, аргацаагаад өнгөрсөн гэхээр юу ч хайгаад хайгаад олдохгүй юм. Аргалаад өнгөрдөгт дасчихсан Монгол хүнд бол бүр эгдүү хүрмээр. Ер нь яахаараа энэ Япончууд бүгдээрээ ажлаа ийм сайн хийж, амьдрал, хөдөлмөртөө бүх чадлаараа, үнэн голоосоо ханддаг юм бэ?

Асуултын хариуг олох гэж хот хөдөөгүй аялж, олон хүнтэй уулзан, орон гэрт нь хонож, түүх соёлыг нь судлан, сүм хийдээр нь орж, нийгмийн бараг бүх давхаргын төлөөлөлтэй уулзах завшаан дахин тохиов. Хэмжиж болохгүй бол удирдаж болдоггүй гэж удирдлагын ухаанд ч заадаг. Шаргуу хөдөлмөрлөж онцгой амжилтад хүрсэн улс орон, компани, хувь хүн үйл ажиллагааныхаа явц, үр дүнг хэмжиж чадаад байгааг уншигч та анзаарсан байх. Хэмжиж болохгүй бол удирдаж болдоггүй гэж удирдлагын ухаанд ч заадаг.

Япончууд ч бас бүхнийг хэмждэг бөгөөд жишээ нь, хамгийн төгс, төгөлдөр зүйлийг арвын тоогоор үнэлдэг аж. Энэ түвшинд буй бүхнийг бурхан, тэнгэр бүтээсэн гэж үздэг бөгөөд хүний хүрч чадах түвшинг гайхамшиг гээд наймын тоогоор үнэлдэг. Хачи (наймын тоо) гэсэн ханз (/ \) нь өөрөө уул, оргил гэсэн утгыг бас агуулдаг аж.

ТӨГС ТӨГӨЛДӨРТ ХҮРТЭЛ...

Японы суурь шашин Шинто нь тэнгэр, уул, ус, ер нь байгаль эхийг шүтэж, байгалийн хуулийг тахьдаг уламжлал тогтоожээ. Зөвхөн байгалийн бүтээл л хамгийн төгс төгөлдөр байдаг учир хүн хүрэх боломжгүй, гэхдээ төгс төгөлдөрт хүрэхийн төлөө хичээнгүйлэн зүтгээд байвал гайхамшгийг бүтээж чаддаг. Тэд амьдрал, ажил хөдөлмөрийг зорилго гэхээсээ илүү үйлдэл, явц гэж харах юм. Энэ ханзыг хэрэв дээрээс нь харвал тасралтгүй, чин сэтгэлээсээ ажилласан хүн яваандаа баян, чинээ-лэг болдгийг доошлох тусмаа өргөжиж буйгаар илэрхийлдэг гэж тэд бас үздэг.

Хүн бүр өөрийн биеэр юмыг туршиж, мэдэрч л сурах ёстой гэж Шинто шашин үздэг тул хүүхдийг багад нь эрх зоргоор нь байлгаж, юу хийх, хийхгүйг тулгадаггүй аж. Үйл явцыг үр дүнгээс илүүд үздэг учир хүүхдэд “Чамайг тэнгэр харж байгаа шүү” гэж сануулдаг гэнэ. Аливаа юмыг сайн төлөвлөж, зөв хийвэл үр дүн өндөр байдаг тул “Яаралгүй шамд”, эсвэл “Яарвал тойр” (исогава маваре) гэсэн зүйр үгийг өргөн хэрэглэх юм.

Япончууд сайн, муу зүйлийг тодорхой хэлбэр, шугамаар илэрхийлдэг уламжлалтай. Сайн, зөв бүхнийг тэгш, шулуун, харин муу зүйлийг тойруу, муруй шугамаар төсөөлдгийг Японы уламжлалт болон орчин үеийн гар урлагаас ч харж болно. Барилгын дизайн, мужаан, зураг, оёмолд шулуун, энгийн зураасууд нь тойруу, хэцүүгээс илт давамгай байх юм. Тэд юуг ч хэтрүүлж биш, дутуу илэрхийлэхийг илүүд үздэг аж.

ХАКҮХО ХАЧИД ХҮРНЭ

Бүхий л үйл хөдлөлдөө Япон хүн даруухан, тэвчээртэй байхыг эрхэмлэх юм. Хамгийн их бүтээмжтэй, өгөөжтэй байхын тулд хүн бүр ухаан, бие, сэтгэл гурваа тэнцвэртэй байлгахыг хичээдэг юм байна. Үүний тод жишээ бол сүмогийн тэмцээн. Ялсан ч, унасан ч сэтгэл хөдлөлөө барьж, тайван байж чаддагийг тэмцээний дараа бөхчүүд ёслох үеэр харж болно. Сүмод барилдаж буй Монгол бөхчүүд мөн ийн хичээдэг. Ер нь манай сүмо бөхчүүд Монголын тухай Япончуудын мэддэг, төсөөлөлд онцгой нөлөөлж байна. Уулзсан хүн бүр Монголчууд үнэхээр ясны бөхчүүд, манай сүмогийн үзүүр түрүү бөхчүүд дандаа л Монголчууд болсон гэж ярьж байлаа.

Миний уулзсан Япон хүн бүр Монголын сүмочдын тухай, ялангуяа Хакүхо /М.Даваажаргал / аваргыг магтан ярих бөгөөд улс төрийн томоохон нэгэн албан тушаалтан Хакүхо аварга хачи түвшинд хүрэх байх гэсэн юм. Сүмогийн түүхэнд тасралтгүй 69 давсан их аварга Футабаяма нь хачи түвшний бөх байжээ. Энэ аваргын төрсөн нутаг Ойта мужийн Уса хотод Хакүко айлчилж, бахархаж явдаг аваргадаа хүндэтгэл үзүүлэн сүмогийн дэвэх ёслол үйлдсэн байна. Хакүхо аварга 34 удаа түрүүлж сүмогийн түүхэн дээд амжилт тогтоосон ч даруухан хэвээрээ, бэлтгэл дасгалаа урьдын адил сайн хийж буйг хүмүүс ярьж байв.

Жил бүрийн гуравдугаар сарын эцэс, дөрөвдүгээр сарын эхээр тоорын мод (сакура) цэцэглэдэг бөгөөд Япончууд доор нь цуглан тойрч суугаад сакэ ууж, дуу дуулан хаврын баяраа тэмдэглэж байлаа. Дөрөвдүгээр сард хүүхдүүдийн хичээл, санхүүгийн шинэ жил эхэлдэг учир сакура цэцэг шинэ эхлэлийг бэлгэддэг. Япончуудын хувьд энэ бол эрч хүчээ яаралгүй нэмэгдүүлэх нэгэн агшин юм. Яаралгүй шамдах Япончууд хөгжил дэвшил, сайн сайхан амьдралын хачи түвшин өөд урагшлан итгэл төгс алхаж, хүний гараар гайхамшгийг бүтээсээр байна.