УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар өөрийн үндсэн цалин гурван сая гаруй төгрөг дээр нэмж сар бүр урамшуулал, нэмэгдэл авдаг бөгөөд ингэсээр сард 15 сая төгрөг авдаг аж.  Байгууллагынхаа хямралыг харж үзээд хагасалж авчихаад байгаа баримт ч байх юм. Энэ бол ТӨХ-ны даргаар Д.Цогтбаатар ажиллаж байхад гарсан шийдвэр юм. Ийм амьжиргаатай хүн атлаа албаны 600 мянган төгрөгөөр өөртөө гутал авсныг нь гайхмаар. Гэтэл албан хэрэгцээнд зориулсан мөнгөнөөс өөртөө гутал авчихаад “Яанаа, банкинд байсан дансыг минь шалгахыг хэн зөвшөөрсөн юм бэ” гэж аальгүйтэх нь ёстой л ядруу арга гэлтэй. Угаасаа виза картад хийсэн болохоор банкны л дансны орлого зарлага болж харагдана шүү дээ. Гэвч өөрийн биш, албаны мөнгийг хууль бусаар хувийн хэрэгцээнд ашигласан бол 1 төгрөг ч байсан асуудал мөн л дөө. Харин өнөөх гутлын маргаан явсаар байгаад байр байшин, машин тэрэг болоод явчихлаа. Машин гэдэг нь Л.Пүрэвбаатар нь хувийнхаа 2011 оны хуучин “Лексус” машинаа УБТЗ-д “шахсан” хэрэг.

Цаана чинь 15 мянган ажилтан сүүлийн хоёр сарын цалингаа авчих юмсан гээд бүлтэгнэж байна. Зөвхөн үндсэн цалин биш нэмэгдэлтэй нь авах бол нэмэгдэл цалинг ч бас өгөх ёстой. Гэтэл заавал хэвлэлээр балбуулж байж үндсэн цалингаа тавьж, өшөө хорслоо Үйлдвэрчний эвлэлд гаргаж “тэндээс л намайг бичүүлээд байна” гэж харддаг энэ дарга удирдагч менежер хүн биш ажээ. 

Ажилчид нь цалингаа нэхэхээр өгөх боломжгүй гэсэн хариулт өгч байгаа энэ цаг үед Замын дарга Л.Пүрэвбаатарын алхам бүрийг Оросын тал хянаж байгаа. Бас Л.Пүрэвбаатарыг  УБТЗ ХНН-ийн дарга болгосон том ноён байгаа. Тэр бол маш хүчтэй хүн. Монголын Засгийн газарт нөлөөлж чадаад байдаг, өнөөх В.И. Якунин шүү дээ. Гэтэл Г.Батхүү нь Москвад очиж түүнтэй уулзаад, Монгол уриад их сайхан харилцаатай гэж байгаа. Л.Пүрэвбаатарыг “Г.Батхүүгийн хүн” гээд байдаг байх аа.

В.И.Якунины ихэд дэмжсэн дарга нь “гуталгүй, пальтогүй” байжээ. Хувийн мөнгөөрөө  гутал, пальто авсан гэж телевизээр яриад байв уу даа. Үгүй дээ, Л.Пүрэвбаатар аа, УБТЗ-ын мөнгөөр авсан баримтууд  нь гараад ирвэл шударгаар ажлаа өгөх зориг байна уу? гэж энэ дашрамд танаас асууя.

Бас “орон гэргүй” хүнийг Замын дарга болгоод тансаг таунд залчихсан юм биш үү гэтэл үгүй аж. Л.Пүрэвбаатар өмнө нь Магдей даргын үед УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга байхдаа УБТЗ-аас орон сууц авсан гэж байна. Уг нь УБТЗ-аас авах юмаа чамлалтгүй л авсан ажээ.

Түүнийг Засгийн газрын 147 дугаар тогтоол буюу хэмнэлтийн горимд шилжих тухай заалтыг зөрчөөд байна, “Зээлээ төл” гэснийхээ төлөө ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж ажлаа өглөө. Хэдийгээр өөрийн хүсэлтээр гэх боловч хүний гараар ажилласнаас энэ нь сайхан шүү дээ. Ажлаа өгөхдөө түүний булхайг дэлгэж “Байгууллагаа хохиролгүй болго” гэсэн албан бичиг өгснөө олон нийтэд харуулчихаад явлаа.

Засгийн газар “Алтангадас”-ынхнаар дүүрч, тэднийг төрийн өмчөөр “гараа угаахад” хэн ч саад хийдэггүй байх дүрэмтэй харшилж буй учраас Ц.Нанзаддорж ямар ч тайлбар хийлгүйгээр буцлаа.  Уг нь тэрээр өмнө нь хууль бусаар халагдсан учраас шүүхэд хандаж, ялсан учраас ажлаа авсан. Тэр төрөөр тоглоогүй, төрийн өмчөөр тоглогчдод саад болоод байгаа учраас явлаа шүү дээ.

Уг нь Засгийн газар түүнийг явуулахдаа хурдхан хуралдаад шийдвэр гаргасан шигээ нэгэн хуралдаанаараа “УБТЗ” ХНН дэх Монголын талын эрх мэдлийг Төрийн өмчийн хорооноос аваад Зам, тээврийн яаманд өгчих хэрэгтэй юм. Гэвч одоо Засгийн газар ийм шийдвэр гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй. Одоо зөвхөн Л.Пүрэвбаатарыг хамгаалах “Алтангадас”-ын төлөөлөл  ТӨХ-нд ирнэ гэж замчид таамаглаж харамсаж байна.

Одоо замчдын цор ганц найдлага нь Орос, Монголын хамтарсан санхүүгийн шалгалт орох нь гэдэг явдал. Энэ удаад хаа холын “од” Якунин ах нь түүнд туслах болов уу? Түүхэндээ Монголын замын дарга сар бүр 15 сая төгрөг авч байгаагүй. Цалингаасаа гадна гэрээний дагуух нэмэгдэл гэж тэр шүү дээ. Тэр хэрээр нь өндөр шаардлага тавих эрх Оросын талд бий. Мөн манай Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын байгууллага ч УБТЗ дээр шалгалт хийгээд үзэхэд “Гэнэт баяжих гэдсэнд цөвтэй” гэдэг үгийн үнэн батлагдаж мэдэх юм. Арав гаруй жилийн өмнө, “УБТЗ” ХНН-т санхүүгийн гэнэтийн шалгалт хийх болж, монгол нягтлан нь цонхоор баримтаа чулуудаж дор нь хүн тосож авч байсан гэдэг. Харин одоо “УБТЗ” ХНН-ийн хоёрдугаар гарын үсэг зурдаг орос нягтлан эмэгтэй ийм алхам яасан ч хийхгүй нь тодорхой.