Улс орон үнэхээр хэцүү байна аа. Бараг долдугаар сар гэхэд бүгдээрээ толгой дараалан хиарах юм байх аа.  Тэрнээс өмнө л амжиж  ард түмнээ аврах гэж Засгийн газар  нойр хоолгүй ажиллаж байна, ойлгооч дээ.  Ерөнхий сайд маань анх томилогдонгуутаа л хүүхдийн мөнгө, ээжүүдийн мөнгийг өгөхгүй гэж зүтгэсэн нь  учиртай шүү. Засгийн эрхийг аваад улсын сангийн авдрыг онгойлгоод үзсэн чинь юу ч байдаггүй. Н.Алтанхуяг бүгдийг нь идчихсэн үү эсвэл аваад явсан уу хоосон.  Ингээд л ард түмнээ өлсгөхгүй байлгах аргыг хайж хайж  олсон нь  Тавантолгойг эргэлтэд оруулах  гарц.  “Энэ зөв үү”  гээд бүр ард түмнээсээ асуулаа ш дээ. Гар утасны компаниуд руу мессеж бичэээрэй гэхэд иргэд маань “Тавантолгойгоо хөдөлгө, хөдөлгө” гэснийг би хараагүй ч  (ер нь хэн ч xараагүй  ) Ерөнхий сайд маань уншаад, урам ороод  зүтгэлээ, хөөрхий.  Тавантолгойгоо эргэлтэд оруулж ард түмэндээ зуу зуун мянган төгрөг яг  тараахын даваан дээр “популистууд “хөндөлдөж хэвтээд Үндэсний аюулгүй байдал ч гэх шиг, Монгол Улсын эрх ашиг ч гэх шиг, бас нэмэрт нь хууль яриад гай боллоо.  Улс орон сөнөдгийн даваан дээр байхад юун хууль.  Хуулиар хоол хийж идэх үү. Ерөнхийлөгчийн хэлснээр “Тэр морин жилд гаргасан УИХ-ын тогтоол хонь жилд юуны хамаа вэ” .  Эрхтэн дархтангууд өөрсдөө мэдээд хуулиа зөрчөөд сайхан болгох гэж байхад УИХ-ын тогтоол, шийдвэр, Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын эрх ашиг ёстой  цаашаа шүү. Ерөнхий сайд анхнаасаа  хэлсэн.  “Нэгдүгээрт, эдийн засаг. Хоёрдугаарт эдийн засаг. Гуравдугаарт эдийн засаг” гэж.  Эх орон, хууль ёс, ном журам яриагүй. Ингээд өвөлжин өнөө муу М.Энхсайханыг  конжоомтой нь хатаан байж Тавантолгойн гэрээг үзэглэх гэтэл УИХ-ын дарга З.Энх­болд өөрийн хуулийн зөвлөх А.Гансүх­тэйгээ хамт  самраад хаячихлаа гэнэ ээ. Уг нь дөрөвдүгээр сарын 6-ны өдөр энэ гэрээнд гарын үсэг зурж   төгсгөлд нь хүний манайгүй дискодох  гээд зочдоо урьчихсан байж. Гэтэл З.Энхболд нууж байсан  гэрээний   төслийг нь  Гадаад харилцааны яамнаас аваад үзчихдэг байгаа.  Өнөөх гэрээнд нь  “ММС”-ын  охин компани болох “Энержи Ресурс”, Засгийн газартай  Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар шийдвэр гаргахгүй байх тохироо хийхийг хүсчээ. Үүнийг нь ч ёсоор болгосон юм байх. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдал, батлан хам­гаалах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зэрэг аливаа  шалтгаанаар гэрээг цуцал­бал үүргээ зөрчсөнд тооцно гэжээ. Хэрэв ийм шалтгаанаар Засгийн газар шийдвэр гаргаж гэрээг цуцалбал  л олон улсын арбитрийн шүүхэд очих юм гэнэ. Монгол улс нэгэнт “Энержи Ресурс” компанитай байгуулсан гэрээгээ зөрчсөн юм чинь олон улсын арбитрийн шүүхэд очоод л “будаа”.  Манай улс Тавантолгойгоо өгсөн биш нэмж дээрээс нь олон зуун тэрбум долларын өрөнд орох нь байж. За иймэрхүү нэг гэрээ олоод  хэвлэлд дэлгээдэхэж. Тэр гэрээ нь 2015 оны 2 дугаар сарын төсөл гэх. Гэтэл М.Энхсайхан “Хөөе хөөе, найзууд аа...  тоглож байхад дээ. Наадах гэрээ чинь биш ээ, 2 дугаар сарын төсөл байна. Жинхэнэ нь энэ байна...” гээд бас нэг гэрээ гаргаад ирж. Тэр нь 4 сарын 6 гэж  он сараа тавьжээ. Тийм байлгүй дээ, Монгол Улсын сайд хүн  арай ч ийм гэрээ хийхгүй байлгүй. За тэгээд яасан байх нь уу  гэхээр “одоо жинхэнэ гэрээгээ УИХ-д өргөн барина “ гэв. Аль дөрөвдүгээр сарын 6-нд л байгуулахад бэлэн болчихоод Ерөнхий сайд нь зориг төгөлдөр мэдэгдэл хийж байсан  гэрээ таг чиг. Бүтэн 11 хоног алга болж ,  болж дөрөвдүгээр сарын 17 нд  бас нэг хувилбар УИХ-д өгөөдөхлөө. Одоо мөн л байдаг байгаа даа. Миний тоол­сноор лав гурван өөр гэрээ гараад ирлээ. Энэ гурван гэрээ бүгд хоорондоо ялгаатай заал­туудтай гэсэн. Ард түмнээс санал авч үүрэг хүлээгээгүй ( УИХ-ын гишүүн биш...) зуйгуул М.Энхсайханд ийм том гэрээг гардан хийх эрхийг нь олгосон АН-ыг гайхаад байдаг юм. Энэ хүнээс намаа салгах гэж 2005 онд АН  яаж баларч байснаа тэд мартсан юм бол бид мартаагүй. УИХ-д бүлэг ч үгүй болж, МАХН (өнөөгийн МАН) -ын бүлэгт толгой хоргодон байж Засгийн газарт орж байж билээ. Удалгүй МАН-д хулхидуулаад УИХ-д АН-ын зөвлөл нэртэй хэдэн агсан юмнууд байж байснаа санаасай.  М.Энх­сайхан намын  дарга болмогцоо хамаг лидерүүдээ шахаж Эх орон намтай эвсэн тойрог зарах технологийг  нутагшуулж байв даа. Өөрийнхөө гар нийлж ажиллаж байсан Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гансүхдээ хүртэл тойрог өгөлгүй хөөгөөд явуулж байсан. Энэ тухай Н.Алтанхуяг өөрийнхөө дурсамж  номондоо “Манай АН нам М.Энхсайханыг намын дарга байх үед “хортой нөхцөл”-д ажиллаж байсан даа. Тэгээд хоорондоо “хортой нөхцөлд ажиллаж байгаа юм чинь сүү  уу” гэж хошиг­нодог байлаа...” гэж бичсэн нь бий. Харин өнөөдөр  өнөөх нь  АН-ыг биш Монгол Улсыг  “хортой нөхцөл”-д оруулах нь.  Яршиг  оруулж л байг уу.  Ерөнхий сайдаар ажиллаж буй Ч.Сайханбилэг юу бодож суудаг аавын хүү юм бол доо...  Баахан зурагт хуудас, эмблем  бүхий пи ар зохион байгуулж твитер фэйсбүүкээр нэг хараал жатга хөврүүлж,  бүх телевизээр нэг нэвтрүүлгийг байн байн гаргаад л... Дэлхийн хэмжээний том төслийг хууль дүрмийн дагуу хөдөлгөнө үү гэхээс пи ар хийж хөдөлгөхгүй гэдгийг мэдэж л баймаар.  Эсвэл  “ард түмнээ аврах “  уриалгынхаа дор улаан цайм дээрэм хийхээр шийдээ юү.  Анх Ерөнхий сайдад дөнгөж нэр дэвшиж байхад нь  “Гоомой сонголт”  хэмээх  нийтлэлээ   2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр baabar.mn сайт дээр түүнд зориулан  бичиж байжээ.  Тэнд зөвхөн Тавантолгойг MCS -д өгөхийн төлөө Ерөнхий сайд болох гэж байгаа  тухай бичсэн юм. Яг л номоороо болж байна....

Ажиглаад байхад  Ерөнхий сайдын албан тушаалд томилогдож байгаа хүн хэзээ ч “Сайхан ажил авлаа. Сангийн авдар дүүрэн байна. “ гэж хэлдэггүй. “Маш  муу эдийн засагтай яахаа алдчихсан улсыг л  та нарыг ав гээд байхаар чинь  л авлаа шүү. Одоо яана.... нэг юм хийхгүй бол ч болохоо байлаа даа...” гэж хэлдэг. Манайд бүү хэл дэлхий дахинд  ч  ингэдэг.  Манайд бол  аль нэг  уурхай, хайгуул хийх зөвшөөрөл энэ тэрээр хөөцөлддөг  бол тэр баруунд дайн  хийдэг.   Энэ бол зүгээр л эдийн засаг,  улс төрийн төрөлжсөн  дээрэм, хулгайн технологи.  Ч.Сайханбилэг  урьдаас бэлдсэн бүр 2007 оноос хэрэгжсэн   технологиор явж байна. Айлгах төлөвлөгөө амжилттай дундаа орж байна. Дахин хэлье. Долдугаар сар гэхэд улс нийтээрээ өлбөрч үхэх аюулд оржээ. Юун наадам. Иймээс  бүгдээрээ өлбөрөхгүй байж  улсын  наадмаа сайхан тэмдэглэхийн тулд    Тавантолгойгоо хууль, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх ашиг энэ тэр гэхгүйгээр Хятадын “Шинхуа”, түүний даган баясагч “Энержи Ресурс” компанид өгчихье. Төр засгийн эрх мэдлийг эзэмшиж буй Ерөнхийлөгч , Ерөнхий сайд нар хэзээ ч хуулиар амьдардаггүй. Харин  жирийн иргэд л хуулинд захирагдаж  үйлээ үздэг юм шүү дээ.  Тэгэхээр Тавантолгойг эргэлтэд оруулах сайхан нэрийн дор дээрэм хийхээр улайрч байгаа нь энэ. Манийгаа аврах нэрийн дор хийж байгаа албан ёсны дээрэм.   Энэ үнэн болохыг   гэрээ батлагдсаны  дараа Тавантолгой дээр тэдний хийх ажлыг  хараад л монголчууд ойлгоно. Гэхдээ яаж ч чадахгүй. Маргах гэвэл Лондонд очиж арбитрын шүүхэд англи хэл дээр  маргана аа гээд үндэсний хөрөнгө оруулагч  “Энержи Ресурс” маань тунирхана.Мэдээж энэ маргаанд бас л нэг гаднын том компанийг хөлслөхийн тулд та бидний татварын мөнгөнөөс хумсална. Маньд ашиггүй ч тэдэнд бол дээд зэргийн ашигтай гэрээ байх болно. Засгийн газрын хийх гэж буй албан ёсны дээрэм бол энэ л юм даа.

Жич: Заавал ингэж хууль зөрчиж, хуйвалдахгүйгээр хууль дүрмийнхээ дагуу  гэрээгээ хийгээд Тавантолгойгоо ашиглаад явж болдоггүй юм байх даа  ( за... за, ингэж  хэлэхээр л популист гээд алчих гээд байгаа шүү.....!!!!!!  )