Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө НҮБ-ын чуулганд оролцохдоо дэлхийн удирдагчидтай хамт зургаа татуулсан. Тэгэхэд Обамагийн далласан гар манай улсын төрийн тэргүүний нүүрийг халхалж таарав. Үнэндээ энэ нь Обамагийн алдаа байлаа. Үүнийхээ төлөө Америкийн тал уучлалт гуйж алдаатай зургаа даруй залруулсан юм. Намханаа мэдэхгүй Обамагийн ард очиж зогслоо гэж монголчууд бид эндээ хувь хүн Ц.Элбэгдорж руу нь дайрсан бол, тэнд америкууд дипломат ёсны алдаа гаргалаа гэж Ерөнхийлөгчөө буруутгасан юм.



Дэлхийн хоёрдугаар дайны их ялалтын 70 жилийн цэргийн парад Москвад сүр дуулиантай болж өнгөрлөө. Тэнд манай улсын төрийн тэргүүнийг дэлхийн удирдагчдын төгсгөлд суулгаж, цэцэг өргөхдөө хоёрдугаар эгнээнд зогсоожээ. Үүнд нь монголчууд бид мэдээж дурамжхан байв. Учир нь энэ дайнд хамгийн түрүүнд Москвагийн холбоотон болж, хамаг л байдгаа фронтод илгээсэн нь манай улс. Тийм учраас Орос агуу гүрэн ч ялалтын энэ өдөр бидэнд ач санаж Ерөнхийлөгчийн суудлын эрэмбээр Монгол Улсад баярлаж буйгаа илэрхийлэх учиртай гэж олон хүн үзэв.

Ерөнхийлөгчийн нүүрийг Обама халхалсан, Москвад суулгасан суудлын байрлал нэг зүйлээр адилхан, бас нэг зүйлээр ялгаатай. Адил тал нь, НҮБ-д зураг авахуулахдаа хаана зогсох, Кремлийн индэрт хаагуур суухаа Монголын Ерөнхийлөгч өөрөө мэддэггүй. Ерөнхийлөгч нь хэн байхаас хамаарч хувь хүнд нь зориулж суудал заадаггүй. Харин Монгол Улсыг хаана эрэмбэлэх нь дипломат ёс, тухайн улсын төрийн бодлого байдаг. Ялгаатай нь гэвэл, Обамагийн халхалсан гар санаандгүй алдаа байсан бол, саяын Кремлийн суудлын хуваарилалтыг Москвагийн бодлого гэж болох үндэстэй.