-Манай гурван өндөрлөгийн “гурамсан” хөрөг-

УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газраар шийдүүлэхгүй гэдгээ аль эрт хэлчихсэн. Хэлсэндээ хүрэхийн тулд УИХ дээр ажлын хэсэг ч байгуулсан. /Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-нд гаргасан УИХ-ын даргын захирамжаас харна уу/.  Ажлын хэсэгт хэн хэн орсныг олон түмэн бэлхнээ мэдэж, тэртэй тэргүй муушаах нь муушаагаад эхэлчихсэн болохоор нэмж нурших нь цагийн гарз. Харин томилогдсон нөхдүүд нь тохоосон ажлыг хийж чадахгүй нь л жаахан гомдолтой. Яг үнэндээ бол Тавантолгойн гэрээг хэн шийдэх гээд байгаа нь чухал биш, харин хэрхэн шийдэх гээд байгаа нь асуудал болоод байна. Түүнээс биш өнөөдрийн хувьд УИХ энэ гэрээг хэлэлцэх ёстой юу, Засгийн газарт эрхийг нь өгсөн үү гэдэг маргааны сэдэв биш.



Ерөнхий сайд Ч.Сайханбилэг одоогоос нэг сарын өмнө, УИХ-ын намрын чуулганы нээлтийн өмнөх орой ард түмэндээ хандаж мэдэгдэл хийснийг телевизийн бүх сувгаар дамжуулсан. Тэр энэ мэдэгдэлдээ “Эдийн засагт эргэлт гарлаа. Тавантолгойн гэрээг зурахад бэлэн болов. Оюутолгойн ордын далд уурхайн хөрөнгө оруулалт хийгдэхээр боллоо” хэмээн зарласан билээ. Хэдхэн цагийн дараа хаврын чуулганы нээлт дээр хийж болох байсан энэ мэдэгдлийг яагаад өмнөх орой нь яаруу сандруу хийсэн шалтгаан харин маргааш өглөө нь тодорхой болсон доо. УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн гар дээр очоогүй гэрээний төслийн “булхайг” чуулганы нээлт дээр дэлгэж, “Хууль зөрчсөн сайд нарыг огцруулна” гэсэн нь УИХ-ын 76 гишүүний төлөөлж спикер дангаараа “ялын тогтоол” уншсан анхны тохиолдол болсон юм. Монголын парламентын түүхэнд... Уг нь бол спикер гэдэг гишүүдийн дарга биш, зүгээр хурал зохион байгуулах л үүрэгтэй хүн шүү дээ.

Харин гэрээ байгуулахаар Засгийн газрыг төлөөлж ажилласан сайд М.Энхсайхан “УИХ-ын дарга хөрөнгө оруулагчидтай ярьсан хэлэлцээрийн түвшний саналыг нийтэд дэлгэж, улс төрийн алдаа гаргалаа, үүнд нь түүний хууль зүйн бодлогын зөвлөх А.Гансүх буруутай” хэмээн мэдэгдсэн. Ингээд “УИХ-д 76 гишүүн хэрэггүй, тэдний орон тоог хэмнэе. УИХ-ын дарга зөвлөхтэйгээ байхад парламент хаваасаг” гэдэг хэлц үг гарсан билээ. Гэвч түүнд зөвлөхөөс нь гадна бүхэл бүтэн нам байгаа гэдгийг зарим нэг хүн мартсан байж. УИХ-ын даргын гаргасан захирамжийн араас залгуулан АН-ын генсек Л.Эрхэмбаяр “Тавантолгойн ордын 51 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой компанид эзэмшүүлэх” Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсан тухай мэдээлэв. Гүйцэтгэх зөвлөл энэ асуудлаар УИХ дахь намын бүлэгт үүрэг өгсөнөөс болж АН тарж бутрах дээрээ тулж, намын бүлэг нь хуралдаж чадалгүй арав хонолоо. АН хэрвээ энэ асуудлаар Засгийн газартаа чиглэл өгч, шийдвэр гаргах л байсан юм бол Засгийн газрыг хэлэлцээрт орохоос өмнө энэ байр сууриа тулгахгүй яасан юм. Тэгсэн бол М.Энхсайхан, Ч.Сайханбилэг хоёр хөрөнгө оруулагчдын хөлд сууж, цаг хүчээ дэмий барахгүй “51 хувийнхаа хөрөнгө оруулалтыг босгоод ир ээ” гээд Л.Эрхэмбаяр, З.Энхболд хоёрт үүрэг өгчихөөд сууж байхгүй юу. Одоо түүнээс нь болоод З.Энхболд, М.Энхсайхан хоёрын хэн нь илүү “хужаа” вэ гэдэг хэлэлцүүлэг сошиал медиагаар шуураад эхэлчихсэн байна. 

Уг нь бол М.Энхсайханы ярьж байгаагаар Засгийн газрын хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлцэлд “Тавантолгойн ордын тэд эдэн хувийг та нарт өгнө” гэсэн юм байхгүй. Нүүрсээ олборлуулаад, төмөр замаа бариулаад, түүгээрээ дэлхийн зах зээлд нийлүүлээд, тэр бүх шат дамжлагаас нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа бүх төрлийн татварыг нэг бүрчлэн авч, бас дээр нь борлуулалтын орлогоос хувь хүртэнэ л гэж байгаа. Ингэвэл Монголын тал нэг төгрөг ч заралгүйгээр нийт ашгийн 50-иас илүү хувийг нь монголчууд хүртэх боломжтой юм байна. Тэгэнгээ гадаад зах зээл дээр тавьсан өр төлбөрөө ч гэсэн хөрөнгө оруулагчдаар төлүүлэхээр боллоо” гэдэг л тооцоог хэлсэн. Төмөр замаар тээвэрлэвэл нүүрсний үнэ өсөхгүй байлаа ч бүтээгдэхүүний өртөг буурч, өрсөлдөх чадвар нь нэмэгдээд, илүү их нүүрс борлуулах боломжтой болно шүү дээ.

Харин З.Энхболд, түүний хуулийн зөвлөх нар М.Энхсайхан болон хөрөнгө оруулагчдын хийсэн энэ тооцооноос нэг ч “но” олоогүй мөртлөө “Сратегийн орд болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төсвийн зардлаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордын 51 хувийг төр заавал эзэмших ёстой” гээд гүрийгээд суучихлаа. Үнэн хэрэгтээ тэртэй тэргүй 100 хувь төрийн өмчид байгаа энэ ордын 51 хувийг заавал төр өмчилнө гэж шаардах нь зүгээр л энэ гэрээг Оюутолгойн гэрээний араас оруулж, хэдэн жилээр ч хамаагүй гацаах гэсэн л санаа. Хувьчлах бол хэзээ ч хийж болох зүйл. Харин одоо бол монголчуудын хувьд энэ ордыг яаж ийж байгаад эргэлтэд оруулах, эдийн засгийн үр шимийг нь хүртэх, гаднаас хөрөнгө оруулалт татах, хүмүүсээ ажилтай, орлоготой болгох явдал нэн түрүүний асуудал болчихоод байгаа. Тиймдээ ч Засгийн газар чуулган завсарласан хоёр сарын хугацаанд чөмгөө дундартал зүтгэж байж энэ хэлцэлд хүрсэнийг тааж ядах юмгүй. Энэ чинь З.Энхболдын биш, Ч.Сайханбилэгийн, М.Энхсайханы Засгийн газар шүү дээ. Ял, гавьяа хоёрын аль нь ч байсан энэ хоёр хүний л толгой дээр бууна.

Тиймээс намын даргын Гүцэтгэх зөвлөлөөсөө гаргуулсан “төрийн өмчийн 51 хувь” гэдэг бол зүгээр л хэлэлцээрийг зогсоож, хугацаа хожих гэсэн явган заль болж харагдаад байна. Олборлолтоо яаж зогсоочихгүй байх вэ гэдэг дээр толгой өвдөж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанид ордын 51 хувийг шилжүүллээ гээд түүндээ дүйцэх хөрөнгө оруулалтыг хаанаас яаж босгох юм. Иргэнд өмчлүүлсэн 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх гэдэг ч зангууны үлгэр.

“Буян”-гийн Жагаа л хэлсэн болохоос “Ардчилсан нам дотоод ардчиллаа анхаарах цаг болжээ. Намын дарга нь ганцаараа том толгойлоод идэж уух, алдаж асгах ажил хийх гээд зүтгээд байж болохгүй” гэдэг л үнэн. Бусад нь бол худлаа. Угаасаа одоо сонгууль болоход ганцхан жил үлдчихээд, улстөрчдийн ид онгод нь ордог үе. Хэн ч юу ч ярьж, шилний цаанаас чихэр долоолгож чадна.

Тэгэхээр АН-ын дарга Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлнэ, төрийн өмчийн хувь хэмжээг тогтооно гэсэн нь ирэх сонгууль хүртэл гэрээг гацааж байгаад сонгуулийн дараа өөрийн хүмүүсээр хэлэлцээрийг хийлгэх, уул уурхайд хяналтаа тогтоож мөнгөтэй болох, тэр мөнгөөрөө улс төрд хэн байх байхгүйг тодорхойлж, эрх мэдэлд эгнэгт эзэн суух л гэсэн санаархал гэж харагдаад байна. Яг Н.Энхбаяр шиг /Түүнээс биш З.Энхболд гэдэг хүн дөрвөн аргын тоонд толгой эргэхээр дорой эр биш л дээ. Өөрийнх нь томилсон ажлын хэсгийнхнээс бол тохой илүү боловсролтой хүн/. Итгэхгүй бол Засгийн газарт хамтарч байгаа МАН-ын даргыг л хараад үзээрэй. Уг нь бол М.Энхболд гэдэг хүн АН-ын хоёр “толгой” Тавантолгойгоос болж хэрхэн хэмхэлдэхийг хажуугаас нь хараад суух биш, “АН Тавантолгойгоо явуулж чадахгүй бол Ардын нам засгаас гарна” гээд айлгаж байх учиртай хүн. Эдийн засгаа өөд нь татах гэж л энэ засагт хамтарсан гэдэг биз дээ, МАН... Харамсалтай нь тийм биш байсныг өчигдрийн биш, өнөөдрийн МАН-ын даргын гудийхгүй байдал хэлээд өгнө. Түүний тооцоолсноор АН дотоод зөрчлөөсөө болж ирэх сонгуулиар “үсгүй” болтлоо ялагдана. МАН олонхи болж аваад уул уурхайд өөрийн хяналтыг тогтооно, мөнгө, эрх мэдэлд ч хүрнэ. Энэ бол хоёр Энхболдыг нэг цэгт уулзуулж байгаа нийтлэг эрх ашиг. Жинхэнэ шилдэг хоршил.

1996 оны сонгуулийн дараа ч яг л ийм байсан. З.Энхболд ТӨХ-ны дарга, А.Гансүх түүний хуулийн зөвлөх байхад Монголын төрийн өмчийн бүх компани хувьчлагдсан. Өнгөтэй өөдтэй бүх үйлдвэрийг “Женко” Баттулга хувьчлал нэрээр авч, М.Энхболд гэдэг хүн нийслэлийн Засаг дарга байхдаа Улаанбаатарын бүх газрыг зарсан. Түүний “мөрөөдлийн баг”-т бас нэг хоршил байгаа нь Д.Дорлигжав. Тэр ТӨХ-ны даргын тушаалаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдож, Ш.Отгонбилэгийг хаалгыг сүхдэн тамгыг нь авч байлаа. Ялгаатай нь тэр үед З.Энхболд төрийн өмчийг хувьчлахаар ханцуй шамласан байв. Харин одоо төрд тоночихоор юм юу ч үлдээгүй учраас уул уурхайг нийгэмчлэхээр ажиллаж байна. Төрийн өмч гэдэг нь эзэнгүй өмч гэсэн үг. Эзэнгүй зүйлд хэн ч, хэзээ ч эзэн сууж болно шүү дээ.

Тиймээс Ч.Сайханбилэгийн хувьд намын даргынхаа энэ тоглоомоос гарахыг хүсвэл яг одоо огцрох өргөдлөө өгөөд танхимаа тараах л үлдэж байна. Нэр төртэйгээр. Эдийн засгаа хөл дээр нь босгоно, Тавантолгойн асуудлыг шийднэ гэж Ерөнхий сайд болсон хүн тавьсан зорилгоо биелүүлж чадсангүй гээд саналаараа огцрох нь харин ч нэр төрийн хэрэг. Намын даргынхаа тоглоомын хүүхэлдэй болж, өрөвдөлтэйгээр түүхэнд үлдсэнээс л хавьгүй дээр.

Хэрэв Ерөнхий сайд нь өргөдлөө өгч чаддагүй юм бол намын дарга нь өөрөө “Би энэ Засгийн газар, Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй” гэж хэлээд огцруулах саналаа УИХ-д оруулах хэрэгтэй шүү дээ. Угаасаа тогтсон уламжлал, хууль журмаа бодсон ч намын дарга нь Ерөнхий сайдаа аваад явах зөв. Ерөнхий сайд болсон хойноо ямар шийдэл гаргах нь ч гэсэн тэр л хүний хэрэг. Угаасаа туулах ёстой мууг эртхэн туулаад өнгөрвөл эргэж сэргэх нь ч хурдан гэдэг биз дээ. 

Гэхдээ энэ тоглоомд хамгийн их ялагдал хүлээх хүн нь Ерөнхийлөгч. Н.Алтанхуягийг намын даргаа өгөхгүй гэж байхад нь хүчээр өгүүлсэн хүн бол Ц.Элбэгдорж өөрөө. Магадгүй тэр үед АН-ын даргыг ч, Ерөнхий сайдыг ч хүссэнээрээ зална, зорьсон бүхнээ хийнэ гэж тооцсон байх. Харамсалтай нь З.Энхболд намын даргаа авсаны дараа Ерөнхийлөгч ч, ер хэн ч байсан түүнийг захирч чадахааргүй болсон юм. Эцэст нь Ц.Элбэгдорж гэдэг хүнийг төр барьж байх үед Монголын эдийн засаг урьд өмнө байгаагүйгээр унаж мөлхлөө. Түүний хүсч байсан гадаад нэр хүнд, олон улсын тавцанд гарах эрмэлзэл ч талаар болж, эргэж ирээд нам дотроо орж зодолдох л ганц зам үлдэж байх шиг... 

2015.05.07