Урианхай гуайн хэлсэн мэргэн үг. Дугуй, мотоцикл урагшаа явж байхдаа л тэнцвэртэй, явахгүй бол тогтохгүй шиг. Агаарт шидсэн чулуу нисч байхдаа л агаарт үлдэнэ, нисэхгүй бол унах шиг. Coca Cola, Google, BHP зэрэг дэлхийн аварга компаниуд нэг их шуналтайдаа, эсвэл мөнгө нь илүүдсэндээ бусад компаниудыг худалдаж аваад, залгидаг юм биш. Өөр сонголт байхгүй учраас л тэр. Хэчнээн том, шилдэг байлаа гээд хэдхэн жилийн дотор л мартагдахын жишээ нь “Siemens”, “Nokia”, “Sony”, “Yahoo”. Заавал гадны гэлтгүй Монголын жишээ ч олон, хэдхэн жилийн өмнө олны анхааралд явдаг байсан “Буян”, “Эрэл”, “Алтжин”, “Сэрүүлэг” сонин, “Banjig.mn” сайт... хаачсан юм бүү мэд. Пүүс компаниас хальж улс орнуудад ч “нисвэл ниснэ, тогтвол тогтохгүй” гэдэг хууль үйлчилнэ. Монголын эзэнт гүрэн цэрэг илүүдсэндээ байлдаад, газар мундсандаа дэлхийг эзлээд явсан хэрэг биш болов уу. Гадагш дайн тулаантай үед Монголчууд эв нэгдэлтэй байна. Магад энэхүү эв нэгдлээ хадгалж үлдэхийн тулд тасралтгүй гадаад улсуудыг дайлж эзлэх хэрэгтэй, даанч дэлхий хязгаартай хойно. Гадагшаа дайтахаа болиод “төд удалгүй” эзэнт гүрэн хуваагдсан билээ. “Нисвэл ниснэ, тогтвол тогтохгүй” гэдэг хууль Монголын эзэнт гүрэнд үйлчилжээ. Энэ хуулийг товчхондоо инноваци гэх.

Орчин үед ганц эрдэмтэн нээлт хийдэггүй, учир нь орчин үеийн нээлт бүтээл хэтэрхий нарийн, хэтэрхий хүчирхэг. 18 –р зуунд нэг хүн агуулахдаа сууж байгаад оёдлын машин зохион бүтээчихдэг байсан бол өдгөө тийм биш. Ганц хүн, за бүр ганц компани ч дангаараа юу ч хийж чадахгүй. Самсунгийн утасны деталь бүрийг өөр компаниуд үйлдвэрлэдэг. Орчин үед хайр дурлалаас бусад нь багаар ажиллах чадвар шаардана. Зөвхөн багаар ажиллахаас гадна маш их хурд шаардана. Өнөө цагт том загас биш, хурдтай загас нь бусдыгаа барьж иднэ гэсэн хэлц гарчээ. Монголчууд гэхээрээ л багаар ажиллахдаа муу, удаан гэсэн ойлголт олонд түгсэн нь жаахан өрөөсгөл. 13 –р зуунд Монголчууд багаар ч сайн ажилладаг, бас дэндүү хурдтай байсан учир том гүрнүүдийг залгиад явчихсан түүхтэй. 

Саяхан фээсбүүкээр 30 минутын нэг нэвтрүүлэг олж үзээд дээрхи сэтгэгдэл төрлөө. Нэвтрүүлийн ур хийц жаахан тааруу ч агуулга болоод хэлэх гэсэн санаа давгүй юм. Хэн ч мэддэг юм шиг мөртлөө бас хэн ч мэддэггүй ч юм шиг сэдвүүд. Цаашдаа 14 хоногт 1 нэвтрүүлэг  бэлтгэнэ гэж FB –тээ бичжээ. Гол сонирхолтой санагдсан нь үе тэнгийн дөрвөн залуу 72 цагийн дотор бэлтгэсэн гэх. Үнэхээр эрчээ алдалгүй долоо хоног тутам явж чадах болов уу? Тэгвэл жилийн дараа хир сайжрах бол? Тэд үнэхээр 72 цагийн дотор маш чанартай 30 минутын нэвтрүүлэг хийдэг болчихвол “Монголчууд багаар ажилладаггүй”, “удаан”, “чадваргүй”... гэх зэрэг ойлголтыг жаахан ч гэсэн няцаах болов уу? Эсвэл зүгээр л сонгууль ойртсон учир ийм зүйл сэдээд байна уу? “Зохиол, найруулга, эвлүүлэг, бас зарим дуу оруулалт” –ыг Г.Бат-очир гэж нөхөр эмхэлжээ, цаашид толгойноос нь юу гарахыг хармаар байх юм. Бүгд цахим орчинд олон нийтэд юм юмны зах зухаас иймэрхүү зөв ойлголт өгөөд эхэлбэл Сарандаваа, Ганбаатар, Уянга нарт тархиа базуулагсад цөөрөх биз гэж найдна.