Энэ удаагийн манай VIPerson зочноор ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Цэрэнчимэдийн Эрдэнэбилэг уригдлаа. Шинэхэн даргын анхны гараа эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Гараа шижигнэн эхэлж, нөр их ажил руу ханцуй шамлан орсон залуу дарга ийнхүү ярьж байна. 

-Ярилцлагаа  эхлэхийн өмнө  таны ажилд амжилт  хүсье.  Яагаад гэвэл энэ таны бас нэг шинэ гараа шүү дээ.

-Баярлалаа. 

-Өөрийн салбарын хүн, дотроосоо томилогдсонд танайхан баяртай байгаа юм билээ.  Эхлээд таныг уншигчидтайгаа танилцуулахыг хүсч байна.

-Манай салбар бол өндөр хариуцлагатай бас бахархалтай салбар. Нэг талаас бахархаж, нөгөө талаас айж л байна даа.

-Салбартаа шинэ хүн биш. Юунд нь эмээх вэ дээ?

-Хүн чинь их олон зүйлийг бодож төлөвлөж явдаг юм байна. Надад мэргэжлийн хүний хувьд өөрийн төсөл, мөрөөдөл байсан. Тэр бүхнээ хэрэгжүүлж чадах болов уу яах бол, миний бодож байсан зүйл зөв болов уу гэсэн болгоомжлол яг энэ үед их бодогддог юм байна. Би 1985 онд дунд  сургуулиа дүүргээд,  Украйны Киевийн Иргэний агаарын дээд сургуульд суралцахаар явсан. Тэр мөчөөс хойш 30 жил иргэний нисэх гэх айлтай амьдралаа холбожээ. 1990 он буюу  цагаан морин жилийн ид бужигнаж байсан сонин үед би төгсөж ирсэн. Нийгэм өөрчлөгдчихсөн, урьдийн бүх юм орвонгоороо эргэсэн байсан. Бүх зүйл хачин санагдаж байж билээ. Тэгээд яахав сургуулиа төгсчихсөн, ажиллаж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн. Шууд Булган аймгийн Иргэний агаарын тээврийн газарт томилогдоод явж байлаа.

-Хүмүүс хувийн  бизнес рүү шуурцгаасан. Зах зээлийн нийгэм хаалгаа нээж, бүгд л ганзагын гэгдэх наймаанд явцгаасан үе шүү дээ.Та хувийн бизнес хийе гэж бодож байгаагүй юм уу. Гэнэт нээгдсэн тэр шинэ хаалгаар явж оръё гэж огт хүсээгүй гэж үү?

-Үгүй. Хөдөө орон нутагт томилогдоод л шууд маргааш нь явж байсан. Булган аймгийн  Агаарын тээврийн газарт ерөнхий нягтлангаар очлоо. Очингуут дараахан нь 20 дугаар тогтоол гэгч гарч, урьд өмнө дуулдаж байгаагүй шинэ бүртгэл тооцоогоор ажлаа  хийх болсон. Ахиад л нэг том эргэлт хийгдэж байгаа юм л даа. Их ч зүйл ойлгож мэдэрч, их ч юм  сурч авсан. Дэлгүүрийн бараа картанд орчихсон. Булганы нисэх чинь төвөөсөө 10 гаруй км-ийн зайтай. Нисэх рүү явдаг нийтийн тээврийн унаа нь бензингүй, өглөө нисэгчидтэйгээ хамт явган алхаж очдог.  Хол, дээр нь Булган хүйтэн шүү дээ. Тэгээд л алхана даа. (инээв)

-Булган аймгаас ажлын гараагаа эхэлсэн юм байна. Тэр газартай холбоотой том дурсамж байдаг байх. Таныг Булганых гэж зарим хүн хэлж байсан нь ийм учиртай байж.

-Би чинь Төв аймгийн хүн. Цэцээ гүнийхээ өвөрт төрсөн хүүхэд байхгүй юу.

-Танд Булганаас өөр газар очих сонголт байсан уу?

 -Байсан. Дорнод руу юм уу, Булган руу яв гэсэн. Би Булган явъя гэж сонгоод л, маргааш нь цүнхээ үүрээд гарсан даа.

-Тэр үед аймгууд онгоцны тов хийсэн буудлуудтай байсан. Одоо харин жаахан гунигтай болчихсон шиг санагддаг юм. Хуучны онгоцууд нь хаачсан юм бэ. Одоо орон нутаг руу ганц нэг хувийн компани л нислэг хийж байгаа юу ?

-Ерэн онд намайг төгсөж ирэхэд Монголын 18 аймаг, 300 гаруй сум, суурин газарт нислэг үйлддэг нисэх хүчин байсан. Булган гэхэд л хоёр АН-2 буюу царцаа ногоон онгоцтой. Бүх сум руугаа нисдэг. Мөрөнгөөр дамжиж байгаа, баруун аймгийг чиглэсэн бүх онгоцнууд Булганд буудаг байлаа. Цэрэг, оюутан гээд бүгдийг нь онгоцоор тээвэрлэдэг. Ер нь агаарын тээврийг улс ардын аж ахуйд өргөн ашигладаг байсан. Тэгээд л цагийн эрхээр  хойно ЗХУ задарсан, АН-2 онгоцуудын ашиглалтын хугацаа ч дуусч, хуучирсан. Б-91 гэдэг бензин нь ч олдохгүй, дээр нь сэлбэг хэрэгслийн олдоц тааруу болоод ирсэн. Ер нь систем тэр чигээрээ байхгүй болж,  салбарын урьд нь буцалж байсан амьдрал зогсчихсон. Бас л эвгүй байсан шүү.

-Орон нутгийн нисэх буудлуудыг хувьчлаагүй байгаа. Одоогоор нэгж дээрх нэг нисэх буудалд хичнээн албан хаагч ажиллаж байгаа вэ. Эл хуль газрууд болсон болохоор асуумаар санагдаад байх юм.

-Цөөхөн дөө. Иргэний нисэхийн харьяа хэдэн нисэх буудлууд байдаг юм бол яг тоог нь мэдэхгүй байна. Зарим нь нөөц буудлууд гэж байна. Дээр нь чиглүүлэх холбоо, радио станцууд байдаг.

Мэдээж энэ бүхнийг сэргээх шаардлага бий. Бодлогын хувьд боловсруулсан зүйл байгаа.

-Дунд сургууль төгсөхдөө Та нисэхийн мэргэжлийг угаасаа л мөрөөдөж байв уу. Эсвэл хувь заяа л хөтөлчихсөн үү?

-Би сайн ч биш, бас муу ч биш алтан дундаж сурлагатай хүүхэд байсан. Аав, ээж маань багш хүмүүс л дээ. Аав маань нийслэлийн 11 дүгээр сургуульд багшилдаг байсан. Надад 1-5 дугаар анги хүртэл тоо физик заасан багш маань юм. Харин намайг есдүгээр ангид ордог жил ээж маань бурхан болсон. Ээжийгээ тэгж алдаад 9-10 дугаар ангидаа сэтгэл санааны хувьд их хэцүү байсан. Сэтгэл санаагаар уначихсан, хичээл сурлагаа хаях маягтай. Гэхдээ сургуульдаа нэг их мууд тооцогдож байгаагүй ээ. Гайгүй л гэгддэг байсан. Тэр үед 10 дугаар анги төгсөхөд улаан шугам гэж татдаг байсан дааа. Би Политехникийн дээд сургуульд шалгалт өгсөн юм. Явж байгаад нэг харсан чинь яг миний дээгүүр их сургуулийн хуваарь татагдчихсан байсан. Надад техникумын хуваарь ирдэг юм байна. Би тэгээд гадаадын техникумын хуваарь авч байлаа.

-Ямар мэргэжлээр?

-Холбоо мэдээлэл, радио ТВ-ийн хуваарь л байсан юм даг. Тэгээд ярилцлагад орлоо. Ээж, эгч маань орос хэлний багш байсан болохоор хэл ус гайгүй байсан шиг байгаа юм. Яахав тэгээд ярилцлагаа өгчихлөө. Тэгээд тууж явтал Боловсролын яамны Дээд боловсролын хорооноос  дуудлаа. Яваад очтол, хөдөөний хүүхдүүд ярилцлагандаа тэнцсэнгүй. Тэгээд гурван хуваарь буцаж ирлээ. Нисэхийн болон төмөр замын дээд сургуулийн гурван хуваарь байна. Та сонголтоо хий гэдэг юм байна. Би бүр гайхаад, итгэхгүй байсан. Миний оноо дээд сургуульд элсч болох юм уу л гэж асуулаа. Тэгсэн өмнөх хүүхдүүд чинь хэлний шалгалтдаа  тэнцээгүй учраас гурван хуваарь орон нутгаас буцаад ирчихлээ. Одоо бол бүх хуваарь дуусчихсан. Чамд сонголт хийх боломж байна гэсэн. Тэгээд л Украйны Киев хотын Иргэний агаарын дээд сургуульд элссэн дээ. Цэвэр аз л тохиосон. (инээв)

-Иргэний агаарын тээврийн сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн юм билээ. Одоо бол чухал мэргэжил. Харин суралцаж байх үедээ мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч байв уу?

-Би багын л техник талдаа сонирхолтой хүүхэд байсан.  Тиймдээ ч инженер болно гэж мөрөөддөг байлаа. Өөрөө ч янз бүрийн юм их хийдэг, зураг авах дуртай, юм юм л оролддог хүүхэд байсан. Сургуулиа агаарын тээврийн зохион байгуулалт, эдийн засагч чиглэлээр мэргэшиж дүүргэсэн. Оюутны ширээнд суугаад л онгоцыг хааш нь нисгэх, хаана буулгах, хэдэн суудалтай онгоц нисгэх нь үр ашигтай байх вэ гээд үнэхээр сонирхолтой хичээлүүд орж эхэлдэг л дээ. Ямар онгоцыг яаж нисгэвэл үр ашигтай байх вэ, тэр байтугай хоттойгоо холбох, төмөр зам, автозам нэгдсэн тээвэртэйгээ яаж холбогдох вэ гээд л нарийн юм үзнэ. Энэ бүхэн үнэхээр сонирхолтой.

-Шилжилтийн үед ч гэсэн Орост боловсрол эзэмшсэн залуучууд МИАТ, Иргэний агаарын тээврийн боловсон хүчний гол цөмийг бүрдүүлж байж гэж хардаг. Тантай хамт Киевт хэр олон хүн төгсөж ирж байв. Одоо бүгд салбартаа ажилладаг уу?

-Иргэний нисэхийн чиглэлийн бүх л боловсон хүчин хуучнаар ЗХУ-д бэлтгэгдэж байсан. Жилд 100 гаруй хүүхэд явдаг байлаа шүү дээ. Хамгийн гол сургууль нь Киевийн Иргэний агаарын дээд сургууль. Бас Ригагийн Нисэхийн дээдэд ихэнх инженерүүд бэлтгэгдэнэ. Техникчид, нисэгчид нь Омск, Санкт-Петербург, Киевын сургуулиудад бэлтгэгддэг байсан.

-Ц.Бат инженер бас Киевт төгссөн байх аа?

-Ц.Бат инженертэй хамт суралцаж байлаа. Оюутны амьдралаа хамт өнгөрөөсөн. Одоо ч хамт л явна. Манайхны дийлэнх нь ер нь салбартаа ажиллаж байна.

 -Нисэхийн бизнест хөл тавьсан хүмүүс танайхан дотор байгаа биз дээ. Агаарын тээврийн бизнес их өвөрмөц бизнес юм шиг билээ?

-Цөөхөн дөө. Оюутан насандаа хамт явцгаасан, төгсч ирээд ч бүгд л хонины хонхортоо гэгчээр салбартаа ажилласаар 40 гарцгаалаа даа.

-Салбарын нурууг  мэргэжлийнхэн авч явдаг.  Толгойд нь харин улстөрчид л сууж байдаг. Таныг ч гэсэн хэний хүн юм бол гээд л ярьцгааж байна. Энэ ойлголтод би таатай ханддаггүй. Улс төрийн намууд баахан хүмүүсийг гаднаас аваачиж тавьдгаас улбаатай хямрал танай салбарыг дайрсан. ИНЕГ-ын өмнөх удирдлагуудаас хэрэгт төвөгт холбогдсон, бүр ял эдэлж байгаа тохиолдол ч бий. Таны өмнөх дарга ч мөнгө төгрөг идсэн гэгдэж, шалгагдаж байна. Ийм  эмзэг суудал дээр та ирлээ. Ер нь ямархуу байгууллага хүлээж авав аа?

-Иргэний нисэхийн салбарын гол амин асуудал нь нисэхийн аюулгүй ажиллагаа. Дараа нь нислэг  үйлдвэрлэл, аж ахуйн бизнес нь байх ёстой юм. Ийм л онцлогтой салбар. Сүүлийн үед аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал нь дүрэм журмынхаа дагуу явдаг ч бизнес, хөрөнгө оруулалтын асуудал нь нэг номерт тавигдах тийшээ хандчихсан байсан нь үнэн. Удирдлагуудтай холбоотой, хөрөнгө мөнгөний асуудлуудтай холбогдсон хэрэг явдлууд гарсан нь үнэн. Энэ тухай бүгд мэдэж байгаа. Намайг МИАТ-д санхүү хариуцсан даргаар ажиллаж байхад ч зорчигчдын амь насны даатгалтай холбоотой асуудал гарч ирж,  холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээсэн. Сая ИНЕГ-т томилогдож ирэхэд мөн л иргэний нислэгийн бүртгэл мэдээлэлтэй холбоотой асуудал үүсчихсэн, өмнөх хоёр удирдлагын асуудал сөхөгдөж л байсан. Гэхдээ би арагшаа биш урагшаа харж ажиллахыг хүсч байна. Би ажил хийх гэж ирсэн.

-МИАТ-ын хоёр, ИНЕГ-ын нэг удирдлага ял эдэлж байна. Энэ бол танай салбарын хувьд эмзэг түүх байх. Ер нь томилогдоход улс төрөөс ямар даалгавар,ямар захиас өгч байх юм бэ?

-Засгийн газраас даалгавар, тодорхой үүрэг чиглэл өгсөн. ИНЕГ-аас нисэх буудлын үйчилгээ, бусад үйлчилгээний чиг үүргийг салгаад Иргэний нисэхийн корпораци байгуул. Тэнд нь аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа нь явагдаг. Иргэний Нисэхийн газрыг нь үндсэн чиг үүргийнхээ дагуу хяналт зохицуулалтаа гүйцэтгэдэг мэргэжлийн агентлаг болго гэсэн. Би дээрх чиг үүргийг маш зөв гэж үзэж байгаа. Одоо биелүүлэхээр ажиллаж байна. Удахгүй Иргэний нисэхийн газар маань жинхэнэ мэргэжлийн байгууллага болох байх.  Бизнесээ хийдэг,  үйлчилгээ үзүүлдэг газар нь тусдаа  үйл ажиллагаагаа явуулна. Олон улсын жишигт нийцсэн зөв тогтолцоо руу орно гэсэн үг. Ийм даалгавартай ирсэн. Даалгаврыг хийж гүйцэтгэнэ.

-Ажлын хэсэг гаргаад ажиллаж байна уу ?

-Тийм. Зам тээврийн яамтай хамтран корпорацийнхаа дүрэм журмыг хийж байна. Ер нь бүх үйл ажиллагаа эрчтэй явагдаж байгаа. 

-Манай агаарын тээвэр ашиггүй ажиллаж байгаа гэх дүгнэлт сүүлийн жилүүдэд бүр тогтчихсон. Үнэн хэрэгтээ бидний бодит хүчин чадал ямар байгаа юм бэ. Өөрөө өөрийгөө авч явж чадаж байна уу ?

-Иргэний агаарын тээврийн жилийн орлого 200-240 сая доллартай тэнцэхүйц байдаг. Үүний 70-80 сая  доллар нь манай дээгүүр дамжин өнгөрдөг нислэгүүдийн татвараас. Үлдсэн нь нисэх буудлын орлого, 100 гаруй сая нь агаарын тээврийн компаниудаас ордог. Энэ орлого бол маш бага орлого л доо. Агаарын тээврийн компаниуд маань санхүүгийн хувьд хүндрэлтэй, маш их алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Энэ маань зах зээлийн хязгаарлагдмал байдалтай холбоотой. Манай орон гурван сая хүнтэй. Тэдний маань зорчдог хэсэг нь хэд билээ. Жилд 700 гаруй мянган зорчигч л тээвэрлэдэг гээд бод л доо. МИАТ, “Корей эйр”, “Туркиш эйрлайнс” нийлээд тэр шүү дээ.

-“Туркиш эйрлайнс” хамгийн сүүлд нээгдсэн агаарын тээврийн шинэ гарц. Ашигтай ажиллаж чадаж байна уу?

-“Туркиш эйрлайнс”-ын хувьд хүчин чадал сайтай авиа компани. Ашигт хүртэл ямар ч хэмжээний алдагдал үүрэх потенциальтай учраас зах зээл рүү маш хүчтэй түрж орж ирж байна. Дээр нь манай зах зээл бага, 6-8 сар буюу зуны улиралд л оргил ачаалалтай байдаг.  Оргил үе буюу тэр гурван сард л зорчих үйлчилгээнийхээ 49  гаруй хувийг тээвэрлээд, үлдсэн үед нь сул зогсчихдог. Ийм байдлаа өөрчилье. Бид чинь хоёр том гүрнээр хүрээлэгдсэн улс шүү дээ. Орос, Хятадын дунд. Хойд талд мөн Сибирь гэх том зах зээл байна. Урд талд аялал жуулчлалын том бааз болох Хонгконг, Макоа, Хайнань, Чэжү, Япон, Солонгосын аялал жуулчлал худалдааны том зах зээл байна.Эдэнтэй хөл нийлүүлж чадвал манай агаарын тээвэр өндөр ашигтай ажиллаж чадна. Тэр байтугай манай улсын эдийн засагт уул уурхайтай тэнцэх хэмжээний үүрэг хүлээдэг том салбар болох боломж хангалттай бий. Би сүүлийн таван жил энэ боломжийг судлах судалгааны ажил хийлээ. Тооцоогоо хийчихлээ. Мөрөөдөж хүсч байсандаа хүрэх боломж гарсан дээр энэ зүгт анхаарлаа хандуулж ажиллах хүсэл зориг байна.

-Парламентын энэ бүрэн эрхийн хугацаанд хувьчлагдах томоохон аж ахуйн нэгжүүдийн жагсаалт гарсан. Тэнд МИАТ байгаа. Зарим нь иргэний агаарын тээврийн компаниа хувьчлах нь буруу гэх. Зарим нь бушуухан хувьчилж, өөр менежмент рүү шилжүүлэхгүй бол болохгүй нь гэж ярьдаг. Таныг томилохдоо хувьчлалын талаар Засгийн газраас тусгай чиг үүрэг өгсөн үү ?

-Одоохондоо өгөөгүй. Гэхдээ агаарын тээврийн эдийн засагч, МИАТ компанид 20-иод жил ажилласан хүний хувьд энэ талаар боддог зүйл байлгүй яахав. Их ч боддог, өөр хоорондоо ч маш их ярилцдаг. Янз бүрийн л санаа оноо байна.  Мэдээж Төрийн 100 хувийн мэдэлд байхад хүндрэлтэй зүйл их байдаг. Тодорхой хэмжээгээр хувьчилж, хувьцаагаа арилжиж хөрөнгө татах ёстой юу гэвэл  ёстой. Эхний ээлжинд энэ компаниа үнэ цэнтэй болгох хэрэгтэй. Зөвхөн гаднаас Улаанбаатарт, Улаанбаатараас гадагшаа явж байгаа энэ урсгал биш. Транзит зах зээлд гаргаад компаниа үнэ цэнтэй болгоод өндөр үнээр, том хөрөнгө оруулагч оруулж ирж болно. Тэгэхгүй яг энэ чигээр нь хувьчлах юм бол үнэ цэнгүй. 1990-ээд оны үед хийгдсэн хувьчлалууд шиг л юм болно. Энэ бол  үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар. Монголыг Европ, АНУ, Япон, Солонгостой холбох ганц гүүр нь. Тэр утгаараа маш болгоомжтой байх ёстой. Үнэ цэнтэй, ашигтай ажиллаж чаддаг болсон тэр цагт тодорхой хэмжээний шийдлийг гаргах хэрэгтэй. IPO хийдэг ч юм уу, хувьцаа босгох замаар олон улсад ил тод хөрөнгө босгох байдлаар менежментийг өөрчилж болно. Тэгэх ч шаардлагатай.

-Иргэний нисэхийн 90 жилийн ой хэзээ болох гэж байна вэ. Энэ хямралын үед баярын уур амьсгал гэж ер нь орж байна уу ?

-Монгол Улсад Нисэх хүчин үүсч, байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ тавдугаар сарын 25-ны өдөр тохионо. Миний хувьд их билгэшээж байгаа. Би чинь 1990 онд төгсөж ирээд л салбартаа  ажилласан хүн. Их ой тохиож буй үед энэ том айлын дарга нь болоод сууж байна. Аавын хүү болгонд тохиогоод байдаггүй хувь тавилан гэж бодож байна. Ажлаа аваад л 90 жилийн ойгоо зохион байгуулах ажлыг барьж авсан. Энэ ажлыг хаячихсан, учир зүй нь олдохоо болчихсон байсан. Би хийх юмаа хийнэ. Төлөвлөгөөгөө боловсруулсан, тэр дагуу ажиллана. Би ажлаа авсан анхны өдрөө иргэний нисэхийн газрынхаа бэлгэдлийг сольсон. Манай ажилтнуудад ч, хүмүүст ч таалагдаж байгаа бололтой.  Ялангуяа ахмадууд маань  баярласнаа илэрхийлж байна. Дараа нь түүхт ойн арга хэмжээгээ зохион байгуулах төлөвлөгөөгөө боловсруулсан. Нэлээд ажлуудыг цэгцэлж авлаа. Нисэх буудлын үйлчилгээний асуудал дээр хуримтлагдсан, тулгамдчихсан олон зүйл байсан. АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажилтай холбоотойгоор Зам тээврийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, холбогдох яамны сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэгт төлөвөлгөөгөө танилцуулж батлуулсан. Одоо ажлынхаа бэлтгэлд ороод явж байна. Ямар ч гэсэн АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр иргэний нисэхийн буудлын үйлчилгээний асуудал шийдэгдсэн байна. Мөн бүтцийн өөрчлөлтийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. ИНЕГ  бүтэц, чиг үүргийн хувьд өөрчлөгдөж, гол нислэгийн үүргээ дангаараа хариуцахаар болж байгаа. Энэ өөрчлөлтийн ажил надад ногдож байна. Нисэхийн байгууллагын аж ахуй бизнесийг салгах гэдэг бол том ажил, том өөрчлөлт. Энэ амаргүй ажлын ард гарна л гэж бодож байна. Корпорацийн хувьд бол цоо шинэ ажил.

-Байгууллагын үйл ажиллагааг чиг үүргээр нь салгаж байгаа болохоор байрлах байрнаас эхлээд зохицуулах зүйл их байгаа байх?

-Байрны асуудлаа шийдчихсэн. Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба гэж тусдаа нисэхийн хамгийн анхны шовгор хуучин байранд байрладаг байсан юм. Тэр албаа татаад, нислэгийн үйлчилгээний газар болгоно. Албадуудаа шовгор байр руугаа нүүлгэнэ. Өөрөөр хэлбэл хуучин байр маань корпорацийн байр болох юм. Одоо зөвхөн дүрэм журам нь батлагдаад, хүмүүсээ нааш цааш нь шилжүүлэх, төсөв, өмч хөрөнгөө салгах л ажил байгаа гэж ойлгож болно.

-Би олон хүмүүстэй уулзаж ярилцдаг. Аль ч салбарынхан улс төрөөс хамаатах зовлонгийн талаар ярих юм. Хүн ав гэж шахдаг, шахааны хүмүүс нь ажил унагадаг гээд л. Ийм шахалт танд хэр их ирж байна вэ. Ний нуугүй хэлж болох уу?

-Өөрийн чинь хэлсэн шиг төсөөлөлтэй л ажил авч байлаа. Ажлаа аваад л Н.Төмөрхүү сайдтай уулзаж, ИНЕГ-ын үндсэн ажил нь нисэхийн аюулгүй байдлын хяналт зохицуулалт байдаг.Тэгэхээр би Хяналт зохицуулалтын даргаа өөрчилье. Мэргэжлийн баг, хүн ажиллах шаардлагатай гэдэг санал тавьсан. Сайд шууд л зөвшөөрсөн. Одоо нисэхийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтын албанд мэргэжлийн баг ажиллаж байна. Өөрөөр энийг ав, тэрийг хал гэсэн тулгалт ирээгүй. Өнөөдөртөө надад улс төрийн гэх ямар нэг дарамт ажиглагдсан зүйл алга. Өөр газруудад ийм шинжтэй дарамт байдаг эсэхийг би мэдэхгүй байна.

-Ашгүй дээ. Хүнийг томилчихоод ажиллах боломж олгохгүй, элдэв зүй бус гуйлтаар дарах нь зохисгүй явдал. Би тантай ярилцахынхаа өмнө нисэхийнхнээс таны тухай асуусан. Нисэхийн амьдралын хүнд хэцүү үед томилогдож, ажил нугалж явсан залуусын нэг дээ гэж жишээ нь, нэгэн ахмад ажилтан хэлж байсан. Та нисэхэд 30-аад жил ажиллаж байна. Эргээд харахад хамгийн хэцүү үе хэзээ тохиож байв?

-Сургуулиа төгсөөд Булган аймгийн Агаарын тээврийн газрын ерөнхий нягтлангаар томилогдож очоод ажиллаж байхдаа анхны бэрхшээлтэй нүүр тулсан.

Оюутны ширээнээс дөнгөж өндийсөн би хоёр онгоц, дөрвөн экипажтай, 50-60-аад ажилтантай байгууллагад ажиллах болж, данс даалууг нь хөтлөх болсон нь эхлээд хэцүүхэн байсан. Яг үнэндээ “99 данс”  гээчээ ч мэдэхгүй амьтан очиж байгаа юм. Хоёр, гурван сар нухсан.  Сүүлдээ,  МИАТ-ийн тухайн үедээ хамгийн мундаг санхүүч байсан Халзан гуайг халамжлан хүмүүжүүлэгчээр минь томилж,  надад багшлуулж  сургаж байлаа. Тэгээд ажилдаа овоо зүгширч байтал 20-дугаар тогтоол гэдэг гараад нөгөө баланс тайланг чинь хоёр нугалаад урьд хожид үзэж хараагүй юмтай нүүр тулж, үнэхээр их сандарч байж билээ. Гэхдээ ямар ч байсан давж гарсаан. (инээв) Хагас жил орчим ажиллаж байтал манай МИАТ компанийнхан намайг тоосон юм шиг байгаа юм. Гадаад төлбөр тооцооны хэлтэст татаж авчирсан. Тэр үед нийгэм зах зээлд шилжээд, иргэд зээл авч Эрээн  рүү ганзагын наймаанд явдаг болчихсон байсан. Би ч гадаад төлбөр тооцооны кассанд ажиллалаа. Өдөр болгон ханш өөрчлөгддөг. Манайхан Москвагаар дамжаад Европ руу, Бээжингээр дамжаад ХонгКонг руу явдаг яг тэр үед л дээ. Бас Монгол дээгүүр өнгөрөх навигацийн орлогыг хураахаас эхлээд янз бүрийн л ажил эхлүүлж, хийж явлаа. Яг тухайн үетэй давхцаад Азийн хөгжлийн сангаас 30 сая долларын зээл авч Буянт-Ухаа боомтыг өргөтгөх болж, анхны эдийн засагчаар нь томилогдлоо. Бид чинь цаасан дээр бичсэн тайлан баланстай, Азийн хөгжлийн сангийнхан олон улсын жишигт нийцсэн тайлан  баланстай. Тооцоо тоогоо нийлүүлэх их л зүдэргээтэй ажил дээр тохоогдсон. Удаах сорилттойгоо  2003 онд учирсан даа. Хамгийн том сорилт байсан. Азид  сарсын ханиад дэгдээд хүндхэн  ч үе байлаа. Бээжинд сарс дэгдчихсэн, Сөүл, Токиогийн  нислэгүүд жуулчидгүй, нислэгүүд хойшлогдож, цуцлагдаад л, нисэх буудал дээр цагаан халад,  масктай  хүмүүсийг л тосч авдаг. Дээр нь МИАТ-ийн данс улайчихсан. Банкууд нь дансаа хаачихсан. Орж ирсэн бүх мөнгөө шууд авдаг үе л дээ. Тэр хүнд үед надад итгэл хүлээлгэж,  МИАТ компанийн санхүү хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор шууд томилдог юм байна. Хямралаас компаниа авар гэх үүргийг өгсөн хэрэг. Хоёр  долоо хоногийн турш байдлыг танадахаар биечлэн явж судаллаа. Агентуудын өр авлага, хувь хүний данснаас авах ёстой мөнгө төгрөг гээд бүгдийг цуглуулж, санхүүгийн хатуу бодлого явуулсны үр дүнд  хүндхэн зуны ард гарсан даа.  Азаар тэр үед Солонгост монголчууд олон байдаг байлаа. Монголчуудын илгээмж явуулах тарифыг буулгаж, онгоцыг зорчигч биш, доод талын ачааг дүүргэх тал дээр анхаарсны хүчинд  аврагдаж билээ. Тэгээд дараа нь Ирландын менежерүүдийн баг Монголд томилогдож ирсэн. Тэд 1.5 жил ажилласан. Тэр үед мөнгөн сангийн менежер гэх мөнгөний болоод менежерүүдийг зохицуулдаг албанд бас л намайг томилж байлаа. Бас л амаргүй байсан. Гэхдээ ямар ч байсан давж туулсан. Их эрсдэлтэй үеүдийг туулж гарах үүрэг ногдож байсан. Дараа нь Иргэний нисэхийн газрын хэлтэс анх байгуулагдахад анхны хэлтсийн даргаар нь ажиллалаа. МИАТ-ийн АН-24 буюу орон нутгийн нислэгүүд зогсчихсон, ганцхан онгоцтой болчихсон байсан. Нислэг тасалдах эрсдэл нүүрлэх гээд байдаг. Ингээд хувийн хэвшлийнхнийг иргэний агаарын тээврийн салбарт татан оруулах бодлого явуулсан. Аэромонголиа компанийн оруулж ирсэн Фокер онгоцыг орон нутгийн нислэгт явуулж эхэллээ. МИАТ-ийн тариф маш алдагдалтай байсныг өөр дээрээ хариуцлага үүрч байгаад тарифыг чөлөөлүүлсэн. Тариф чөлөөлсний хүчинд хувийн хэвшлийн авиа компаниуд байгуулагдаж 17 онгоцтой болж байлаа. Тэгээд дээр нь дүрэм журмаа  боловсруулах ажил руу орсон.  Эдийн засаг, статистикийн дүрэм, тарифийн дүрэм боловсруулсан. “Агаарын тээврийн компанийн эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх журам” гээд боловсрууллаа. Хяналт шалгалт явуулдаг болсон. Ингэж байтал 2010  оны таван сарын хорьдоор манай инженер техникийн ажилчид А-300, А-310 онгоцуудад хүнд хэлбэрийн засвар хийчихээд, онгоцоо чиглүүлэх гэж байгаад данхраадаа унагаж, онгоцны далавчаа цоолоод хаячихдаг юм байна. Ажилдаа хайнга хандсан инженер, техникийн ажилтнуудад хариуцлага тооцсон чинь гурав хоногийн ажил хаялт зохион байгуулж, олон улсын нислэг анх удаа гурван өдөр зогссон. Засгийн газрын хэмжээнд асуудал үүсч, МИАТ компанийг мэргэжлийн хүнээр удирдуулахаар болж, Ц.Орхон захирлыг томилсон. Ц.Орхон захирал ажлаа аваад дараахан нь намайг МИАТ компанид санхүүгийн даргаар ажиллаач гэсэн санал тавьсан. Зуны нислэг эхлэх гэж байхад онгоцгүй болчихсон байсан учраас Туркийн нэг авиакомпаниас гурван сая доллараар онгоц түрээсэлчихсэн байсан. Тэр онгоцны түрээсийн төлбөрийг шийдэх, МИАТ компанийн  санхүүгийн хүндрэлтэй байдлыг арилгах, дээр нь парк шинэчлэх асуудлыг шийдвэрлэх зорилготой нөр их ажил хүлээж байсан. Шургуу ажилласны хүчинд яг жилийнх нь  ой дээр анх удаа Монгол улсад БОИНГ-767-300 онгоцыг сарын 200 мянган доллараар түрээсэлсэн. 2013 онд шинээр авах шинэ онгоцны гэрээ хэлэлцээр дээр удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу тооцоо судалгаа хийж  ажиллалаа. Ямар ч байсан 2013 онд шинэ онгоцоо хүлээн авсан даа. Зөв бурууг мэдэхгүй. Янз бүрээр л ярьдаг юм. Юутай ч тухайн үед Монголын нисэх хүчин онгоцгүй боллоо, шинэ онгоц ав гэсэн  Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу л ажилласан.

-Одоо манай улсын нисэх хүчний парк шинэчлэл хэр хийгдэж байна. Хичнээн төрлийн онгоцтой, хүчин чадлын хувьд ямар төвшинд байна вэ?

-МИАТ компани өнөөдрийн байдлаар БОИНГ-7, БОИНГ-300 гэдэг 200-264 хүний суудалтай хоёр том онгоцтой. Улаанбаатараас Лондон руу шууд нисэх хүчин чадалтай. Шинээр авсан онгоц маань Улаанбаатараас АНУ-ын Санфранциско руу шууд нисэх хүчин чадалтай. БОИНГ-7, БОИНГ- 800 гээд 168-174 зорчигчийн суудалтай, дундын зайн нислэг үйлдэх хүчин чадалтай, Улаанбаатараас Москва хүртэл шууд нисэх бололцоотой гурван онгоц бас байна. Мөн Фокер-50 онгоц маань дотоодын нислэгт явж байгаа. Түүнээс гадна Аэромонголиа, Хүннү эйр зэрэг дотоодын авиа компаниудын эзэмшлийн нэг онгоц бий. Харамсалтай нь жаахан хуучирчихсан, 90-ээд оных л доо. Харин МИАТ компанийн онгоцны насжилт харьцангуй залуужсан. Нэг нь хоёр жил, нөгөө нь цоо шинээр авсан, жил ч болоогүй байна. Бусад нь 2002 оноос хойшхи гэхээр насжилтын хувьд харьцангуй залуужсан. Тэр хэрээр үйл ажиллагааны эрсдэл багассан гэж ойлгож болно.

-Боловсон хүчний хувьд ихэвчлэн гадаадад төгссөн байдаг байх. Ер нь боловсон хүчин бэлтгэх бодлогын залгамж хэр байдаг юм бэ. ИНЕГ-аас сургуулийн төлбөрт зориулж их хэмжээний мөнгө гардаг тухай, тэд нь ихэнхдээ улстөрчдийн хүүхдүүд байдаг баримтууд ил гарч нийгмийг эгдүүцүүлж байсан удаатай ?

-Би гэхэд л төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бодлоготойгоор боловсон хүчнээ бэлтгэж байсан үеийн бүтээгдэхүүн. Таван жил суралцаж ирээд, салбартаа 25 жил ажиллаж байж л өнөөдөр нэг юм авиа  компанийн нисэхийн үйл ажиллагаа гэдгээ бүрэн ойлгохтойгоо болж байна. 20 жилийн турш бэлтгэгдэж байна гэсэн үг. Нисгэгч нарын тухайд тэрнээс олон жил бэлтгэгдэх ёстой. Дадлага туршлага сайтай болж байж л том онгоц барина шүү дээ. Эхлээд АН-2 дээр бэлтгэл хийнэ, туслах нисэгч хийж байгаад цаашлаад АН-2 онгоцны дарга, тэгээд том онгоцны хоёрдугаар нисгэгч гэх шатлалаар нисгэгч нарын ур чадварыг сайжруулах замаар бэлтгэдэг байлаа. Одоо боловсон хүчин бэлтгэх асуудал үндсэндээ үгүй болсон. Жилдээ ганц нэг хүнийг гадагшаа явуулж суралцуулна. Бидний үеийнхэн нэг хэсэг энэ салбарыг  чирсэн. Одоо нас 40 гарчихлаа. Дунд нь нэг үеийн зай гарчихсан байна. Төр засгаас анхаарч, гурав дөрвөн жилийн өмнөөс эхлээд боловсон хүчнээ бэлдэхгүй бол горьгүй нь. Дээр нь шинэ нисэх буудал барьж байна, агаарын шинэ урсгал нээнэ, шинэ БОИНГ-ууд  буюу орчин үеийн онгоцууд авч байна. Түүнчлэн тоног төхөөрөмжөө шинэчилж байна. Одоо боловсон хүчнээ гадаадад бэлтгэх асуудал дээр анхаарлаа хандуулах цаг болсон. Хөрөнгө мөнгө хаяхаас ч өөр зам байхгүй. Бэлтгэж сургахаас гадна дадлагажуулах, мэргэшүүлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Мөнгө төгрөгөө төлөвлөхдөө  бодлогоор энэ асуудлыг суулгаж  хэрэгжүүлэх ёстой.

-Нисэхийн боловсон хүчнүүдийг “арын хаалга”-аар бэлтгэх боломж бага гэсэн үг үү. Үнэхээр нарийн мэргэжил учраас хэцүү байх л даа?

-Боловсон хүчин бэлтгэх бодлого бол зөв. Гагцхүү сонгон шалгаруулалт явуулахдаа алдаа гаргаад байгаа хэрэг. Хариуцлагатай хандах шаардлагатай. Олон хүний амь насыг хариуцна. Дээр нь манай улсын агаарын хилээр хэчнээн орны авиакомпаниуд дамжин нисч  байгаа билээ. Тэр утгаараа өндөр мэргэжлийн чадвартай хүмүүсийг бэлтгэх шаардлагатай. 

-Анх таны тухай Ц.Эрдэнэбилэг их айхтар залуу даа. Хамт ажиллаж байсан олон удирдлага нь санхүүгийн хэрэгт унасан.  Өөрөө санхүүгийн бодлого барьж байсан ч тэр болгоны дундаас нэр цэвэр гарч ирж чадсан гэх дүгнэлтийг сонсч байсан. Удирдлагууд тань хэрэгт холбогдож байхад таньд юу бодогдож байв. Хүнд байдлаас яаж өөрийгөө цэвэр авч гарч чадав гэж асуумаар байна?

-Хүний хүмүүжил, төлөвшлийн асуудал их чухал зүйл юм байна. Ажлаа сайн хийх, хэзээ ч туулсан түүхээсээ нүүр улайхгүй амьдрах л миний зарчим. Өөрийнхөө өссөн орчин, төлөвшсөн хүмүүжил, эзэмшсэн боловсрол, олж авсан туршлагаараа бахархах бахархал надад бий.  2010 онд МИАТ  компанийн санхүүгийн даргаар долоон сар ажилласан байдаг юм. Ажлаа аваад ажиллаж байхдаа “Дайны эрсдэлийн даатгал”  нэрийн дор мөнгө гаргаж байсан асуудалтай учирсан. Асуудлыг  Ц.Орхон захиралд танилцуулж, зөвлөлдөж байгаад  зогсоосон. Болохгүй юмыг болохгүй гэж хэлэх ёстой шүү дээ. Захирал дээр шууд бариад л орж байсан. Ийм юм байхгүй, энийг шилжүүлж болохгүй гэж хэлсэн. Захирал ч шалгая, үзье. Гэрээгээ дүгнэе гэсэн. Энэ бүхний үр дүнд өнөөдрийн байдлаар 10 гаруй тэрбум төгрөгийн орлого МИАТ компанид оруулсан.

-Түүнээс гадна гадаадын олон оронд МИАТ-ын төлөөлөгчийн газар ажилладаг. Ихэнх төлөөлөгчийн газар ашиггүй ажилладаг юм байна гэж хардаг. Бээжинд суугаа төлөөлөгчийн газар бол сайн ажиллаж ирсэн. Нэг хэсэг дөрөв таван нислэгтэй ч  болсон. Одоо хумигдаж, нислэгийн давтамж буурч байгаа юм билээ. Энэ олон төлөөлөгчийн газрыг гал цогтой ажилллуулах талаар та юу хийж чадах вэ. Яагаад заавал улс төрийн томилгоо хийж, мэргэжлийн бус хүмүүс аваачиж, тонгочуулж байдаг юм бэ. Нөгөөтэйгүүр энэ олон амьгүй  төлөөлөгчийн газрыг ажиллуулж “үргүй зардал”  гаргах хэрэг байна уу ?

-ИНЕГ-ын үйл ажиллагаанд төлөөлөгчийн газар хамаагүй. МИАТ компанийн төлөөлөгчийн газар учраас МИАТ хариуцах ёстой. Дотор нь ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, төлөөлөгчийн газруудад хэрэгцээгүй, шаардлагагүй хүмүүс, ах, дүү амраг садан нь л голдуу ажилладаг нь нууц биш. Борлуулалт хийж байгаа атлаа төлөөлөгчийн газруудад санхүүгийн орон тоо байлгадаггүйг  бас би гайхаад байдаг юм. Тэрүүгээр чинь хэдэн ч сая долларын гүйлгээ орж, гарч борлуулалт хийгдэж байгаа шүү дээ. Гэтэл тэр тооцоог нь төвдөө авчихсан байж байдаг. Гол газартаа санхүүч байдаггүй. 

-Сонин л юм. Монголд хөл тавьж байгаа жуулчдыг угтдаг манай хамгийн анхны нүүр царай бол “Чингис хаан” буудал. Манай буудал үнэхээр хүнд. Онгоцон дотор ч олон асуудал хөглөрч явдаг. Өөрөөр хэлбэл Монголын нэр хүнд хөндөгдсөн. Нисэхийн ажилчдын хувцас хунар хүртэл шүүмжлэлд өртсөөр л байна. Үйлчлэгчдийн харилцаа, хоолны амт, сав баглаанаас эхлээд маш их шүүмжлэгддэг. Ядаж л хоолоо өөрчлөх хэрэгтэй санагддаг. Энэ асуудал таны ажил үүрэгт хамаарах уу?

-Агаарын хөлөг Монголын далбаатай  байдаг гэдэг утгаараа биднийг тэр чигээр нь  илэрхийлж  явдаг. Монголоо төлөөлж явдаг гэдэг утгаараа энэ бүх шүүмжлэгдэж байгаа зүйлс өөрчлөгдөх ёстой. 2010 онд МИАТ-д байхдаа өөрчилж сайжруулахаар ажиллаж байсан.Үйлчлэгчдийнхээ хувцас хунарт анхаарч байсан. Би бол мөнгө санхүүгийн асуудлыг нь шийдэлцсэн. Харамсалтай нь санасан хэмжээнд хүртэл өөрчлөгдөөгүй. Тэгээд ч би шийдвэр гаргах төвшний хүн байгаагүй.

-Энэ асуудал таны ажил үүргийн хуваарьт багтдаггүй гэсэн үг үү?

-Нисэх буудлын үйлчилгээ л манай ИНЕГ-т хамаарна. Бусад нь хамаарахгүй. Үйлчилгээ, хоол, хүргэлтийн ажил нь бүгд МИАТ-ийн асуудал.

-Хоол, шатахуун хоёр дээр гэхэд монополь эрхтэй нэг нэг компани л ажиллаж байдаг юм биш үү?

-Үнэн. Ийм асуудал байгаа. Ахин хэлэхэд энэ бүхэн манайд хамаардаггүй. Харин нисэх буудалтай холбоотой бодлого төлөвлөлт бол надад байна уу гэвэл байна. Одоо байгаа нисэх буудал маань үндсэндээ түрээсийн оффис,  дэлгүүр л болчихсон. Олон улс, орон нутаг нь хоорондоо холилдчихсон. Зун жуулчид ирж байхад, цүнх саваа үүрчихсэн хөндөлдөөд л, таксинууд нь замаа таглаад зогсчихсон бөөн холион бантан. Өөрчилж шинэчлэх төлөвлөгөө боловсруулж байсан. Одоо гарч ирж байгаа нэг боломж нь АСЕМ-ийн чуулга уулзалтын хүрээнд нисэх буудлыг өөрчлөх Засгийн газрын тогтоол гарсан явдал юм. Үүнтэй холбоотойгоор одоо байгаа гурван давхар нисэх буудлаа тэр чигээр нь транзит заал болгоод, орон нутгийн  нислэгийн үйлчилгээгээ  тусад нь гаргаж, олон улсынх болгох төлөвлөгөөгөө батлуулчихаад байж байна. Тэгж чадвал ямар ч байсан олон улсын нислэгийн нэгдсэн үйлчилгээтэй болчихно. Үйлчилгээний соёл ч тэр хэрээр сайжирч, өндөр төвшинд хүрнэ. Таны хэлж байгаа үнэн. Гадаад ертөнц биднийг сонирхож  байна. Энэ үед л агаарын тээврийн салбараа газар зүйн байрлалын хувьд асар ашигтай гэдгийг онцолж сурталчлах хэрэгтэй байна. Олон улсын сонирхлыг төрүүлж, шуналыг нь   хөдөлгөхүйц хэмжээнд очих хэрэгтэй. Монголын газар зүйн байрлал бидний алтан боломж юм. Транзит тээврийг хөгжүүлэх алтан гарц. Манайхан ч үүнийг мэдэрсэн учраас шинэ нисэх буудал барихаар шийдсэн хэрэг.

-Шинэ нисэх буудлын явц ямархуу шатандаа явж байна вэ?

-Төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Тэгээд транзит заалаа монголчуудын  бахархал болсон өвөрмөц байдлаар тохижуулах ёстой. Чингис хаан, үүх түүх уламжлалаа харуулсан өвөрмөц байдлаар тохижуулна гэж бодож байгаа. Тэгж байж л олны сонирхлыг татна. Транзитын өрөөгөө гэр хэлбэрээр тохижуулчихад жуулчид хэдхэн цаг үдлэхдээ бидний бусдаас ялгарах онцлогийг мэдрээд л буцна. Тэр хэрээр эргэж ирэх сэдэл төрнөө дөө. Өнөөдөр манай нисэх буудалд үндэсний гэх шинжтэй юм юу ч алга.  Магадгүй энэ нь дэлхийд өөрсдийгөө таниулах  боломж ч байж болно шүү дээ. Гадаадын улс орнууд ч транзит үйлчилгээнээс олох орлогоо нэмэгдүүлэх арга эрж хайсаар л байна.

Цөөн хүн амтай хэр нь 180 орчим нислэг үйлдэх хүчин чадалтай, манай нэг аймгаас ч илүү гарахгүй бага нутаг дэвсгэртэй орон л дээрх үйлчилгээг төгс хийж гүйцэтгээд байна шүү дээ. Бид юугаараа дутуу юм бэ. Дутаад байх зүйл байхгүй шүү дээ. Сингапур, Арабын Эмират улсын нисэх хүчин яаж ийм өндөр хөгжилд хүрэв гээд судлаад үзэхэд, олсон  орлогынхоо дийлэнхийг агаарын тээвэртээ зарцуулсан байдаг. Газарзүйн байршлын давуу талаа ашиглаад Европоос Араб, Катараар дамжуулан Зүүн Өмнөд Ази руу нислэг үйлдэж чадсан байна. Тийм том нисэх буудалтай, асар том агаарын тээврийн компанитай болчихсон. Одоо бид 2017 онд шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулахаар зүтгэж байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг тэр чигээр нь транзит заал болгохоор төлөвлөснөө дээр хэлсэн. Дээр нь ирэх есдүгээр сараас оросуудыг урагш нь зөөхөөр болж байгаа. Болгож бүтээхээр зүтгэхээс өөр зам алга. Тэгж байж л агаарын тээврийн салбар маань алдагдалтай, тав зургаахан онгоцтой байна гэж шүүмжлүүлэхээ болино. 500-600 гаруй онгоцтой, тав зургаан сая хүнд хүрч үйлчилж чаддаг том нисэх хүчин болж, тэлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Шинэ төлөвлөгөөгөөр одоо ажиллаж буй ресторан, оффис, дэлгүүрүүдийг гаргаж чөлөөлнө. “Хүннү эйр” треминалаа бариад байна. МИАТ манай газар гээд хэл ам хийгээд л яваад байдаг юм. МИАТ-ийн газар дээр нөгөөхөө барьчихсан юм байна лээ. Тэр газрыг ашигладаггүй л байсан шүү дээ.  Ашигтай болонгуут нь манай газар гэж хэл ам хийгээд эхэлж байгаа байхгүй юу. Танайд энэнээс өөр газар бишгүй л байна. Сул газраа орон нутгийн хэсэг болгох хэрэгтэй гээд л хэлээд байгаа.

-“Изинес”-ийн үйл ажиллагаа нь нэлээн жигдэрчихсэн байсан ч хүчээр шахуу татан буугдчихлаа. Өөр хувийн хэвшлийн авиа компаниуд үйл ажиллагаа явуулж л байна.  Хувийнхнаа бодлогоор хэр дэмждэг юм бэ?

-Хувийн хэвшлийнхэн улсын байгууллагаас илүү хурдтай ажиллаж чаддаг. “Изинес” гэхэд л өчнөөн олон онгоц оруулж ирээд туршиж үзсэн компани шүү дээ, уг нь. Хамгийн олон онгоцтой хувийн хэвшлийн компаниар тодорч явсан аж ахуйн нэгж. Бас “Хүннү Эйр” байна. Бангкок гэхчлэн холын замд шууд нислэг хийж, туршлагажиж яваа компани. Сайн үйл ажиллагаа явуулж байсан, байгаа хувийн хэвшлийнхнээрээ бахархах бас харамсах  сэтгэл төрдөг. Зах зээлийг нь бүрдүүлж чадаагүйн улмаас зарим нь зах зээлээс гараад явчихлаа.   

-МИАТ-ын захиралтай бодлогын зөрчилдөөнтэй байвал таны ажил явахгүй. Г.Жаргалсайхан захиралтай хэр харилцаатай вэ?

-Г.Жаргалсайхан захирал бол удам дамжсан нисэхийн салбарын зүтгэлтэн. Гавьяат цолтой нисгэгч. Аав нь нисэхийн салбарын тулгын чулууг нь тавилцсан, мундаг хүн. Бас Монгол улсын гавъяат нисгэгч. Өмнө нь Г.Жаргалсайхан даргын нягтлангаар ч би ажиллаж л байсан. Хамтарч ажиллахад түшигтэй сайн хамтрагч. 

-Таны өөрийн тань өссөн гэр бүл алдартай хүмүүсээр дүүрэн санагдсан. Таньж мэддэг хүн ч дуулдаж байна лээ. Харин та өөрөө багш нарын гэр бүлд өссөн гэхээс өөрийг ярьсангүй. Өдий болтол Ц.Эрдэнэбилэг гэдэг хүнийг элдэв болж бүтэхгүй юмнаас хол цэх явахад хамгийн том нөлөөлсөн зүйл өссөн төрсөн гал голомт байх. Мэдээж таны аав хүүгээрээ бахархаж суугаа биз. Тэгэхээр гэр бүлийнхнийхээ талаар ярьж өгөөч ?

-Би найман хүүхэдтэй айлын зургаа дахь хүүхэд. Манай аав 10 жилийн математикийн багш хийж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байна. Ээж маань орос хэлний багш хүн байсан. Биднийг өсвөр насандаа байх үед хорт хавдар гэх аймшигт өвчнөөр бурхан болсон. Том эгч маань Монгол Улсын гавьяат багш хүн байдаг. Хүмүүнлэгийн ухааны дээд сургуульд олон жил ажилласан, Монголын анхны Шинжлэх ухааны доктор эмэгтэй, профессор хүн бий. Дараагийн ах маань биеийн тамирын багш. Хуучин Ажилчны районыхон мэднэ дээ. Бямбаа гэж. Харамсалтай нь ах маань бас бурхан болсон. Дараагийн ах маань зураач хүн бий. Репиний нэрэмжит уран зургийн академи төгссөн. Одоо багшилдаг. Бас Шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Дараагийн эгч бид хоёр мэргэжил нэгтэй. Ленинградын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Төв аймагт олон жил аудит хийсэн мэргэшсэн нягтлан бодогч. Яг миний дээд талын эгч эмч. Анагаах ухааны сургууль төгссөн. Анагаахдаа олон жил багшилж байна. Анагаах ухааны доктор цолтой. Дараа нь би. Миний яг доод талын дүү бас эдийн засагч, ЭЗ-ийн ухааны магистр. Нэгэн үе манай нисэхэд орчуулагчаар ажиллаж, иргэний багц дүрмийг боловсруулахад гар бие оролцож байсан. Одоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа. Хамгийн бага дүү маань багадаа осолд ороод бие муутай болчихсон, гэр зуур л байдаг юм. Би ийм л орчинд хүмүүжсэн хүн дээ. Аав, ээж маань сурган хүмүүжүүлэгч улсууд учраас биднийг загнаж зандраад байдаггүй байсан. Хоорондоо ч ам зөрж байхыг нь хараагүй. Тэд маань биднийг өөрсдийн тэр үлгэрээрээ хүмүүжүүлсэн юм болов уу. Ах, эгч нар маань ч биднийг загнаж зандарч хүмүүжүүлээгүй. Мэдээж амьдрал л юм болохоор хоолтой хоолгүй хонох үе бас байсаан байсан. Бусдын жишгийн л амьдралтай, энгийн сэхээтний гэр бүлд би өссөн.

-Ингэхэд танайхан угаасаа л Төв аймгийнх юм уу?

-Манай аавын тал Өвөрхангай аймгийн Хайрхан уул талдаа улсууд. Өвөөгийн үед малаа тушаагаад наашилсан юм шиг байгаа юм. Маш олон малтай баян айл байсан гэдэг. Нэгдэлжих хөдөлгөөний үеэр малаа тушаагаад төв суурин газар бараадсан гэдэг. Ээжийн тал гэвэл зарим нь одоо ч Улаан-Үдэд байдаг гэсэн. Сэлэнгэ талын л хүмүүс. Ний нуугүй хэлэхэд би ээжийнхээ төрөл саданг сайн мэддэггүй юм аа. (Инээв)

-Тэгвэл одоо Ц.Эрдэнэбилэгийнх гэдэг айлын талаар сонирхож болох уу?

-Манай эхнэр балетчин хүн л дээ. 1989 онд Пирмийн балетын сургууль төгссөн. Хар багадаа буюу есхөн настайдаа л тэнд суралцахаар очсон  юм билээ. Төгсөж ирсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл балетдаа л бүжиглэж  байгаа. 40 гарчихсан ч бүжиглээд л явж байна. (инээв) Манайх хоёр хүүхэдтэй. Хүү маань яг миний мэргэжлээр иргэний нисэхийн эдийн засгийн чиглэлээр Канадад суралцаад, одоо дипломоо авчихсан байж байна даа. Харин охин маань 10 жилийн сурагч. 12 настай. Охин маань газрын теннисээр хичээллэдэг, спортын нэгдүгээр зэрэгтэй. Улсын аваргыг хоёр, гурав хийчихсэн. Хотын аварга энэ тэр гээд олон тэмцээнд оролцсон тамирчин гэж байгаа. Одоо тэгээд бид хоёр чинь охиноороо бахархаад л сууж байдаг хоёр ш дээ.

-Бахархахаас аргагүй охин байна. Танд, танай гэр бүлд сайн сайхныг хүсье. Бас манай сонинд цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.

-Баярлалаа. “Open door” сонины хамт олонд амжилт хүсье, уншигчидад тань мөн сайн сайхныг хүсье.

 Ц.Эрдэнэбилэг Иргэний нисэхийн салбарт хамгийн хүнд бэрх үеүдэд ихэвчлэн томилогдон ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл үүрэг хүлээлгэхэд үүрч чаддаг зүтгүүр аж. Одоо ч гэсэн тэр ИНЕГ-т том өөрчлөлт хийхээр ирээд байна. Удахгүй Нисэхийн үйлчилгээний үндэсний корпораци байгуулагдана. Агаарын транзит тээврийн асуудал цоо шинээр хөгжинө. Олон олон шинэчлэл хийгдэнэ.

Иргэний нисэхийн салбарт 26 жил ажиллахдаа агаарын тээврийн салбарын санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалт, төлөвлөлт, тооцоо судалгааг амжилттай хийж, байгууллагын санхүүг тогтворжуулах, алдагдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ийм шижигнэсэн залуу ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм байна. Түүнд амжилт хүсээрэй, манайхаан...