-Төрийн эзэмшил 51 хувиас дээш байж л эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаална-
 УИХ-ын гишүүн Н.Батбаяртай ярилцлаа. Тэрээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсгийг ахалж байгаа юм.
 -УИХ батлаад огт хэрэглээгүй Ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөхөөр ажлын хэсэг байгууллаа. Заавал өөрчлөлт оруулах ямар шаардлага байна вэ?
 -Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хууль зарим талаараа Монгол Улсын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Жишээ нь, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 50, стратегийн ордын 34 хүртэлх хувийг төр эзэмшихээр байгаа. Энэ заалт болохгүй нь, Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байна. 50 ба 34 бол "хүртэлх" гэсэн дээд хязгаар биш, "доошгүй" гэсэн доод хязгаар байх ёстой. Ингэж байж Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаа. Үндсэн хуульд газар доорхи баялаг бүх ард түмний өмч гэж заасан. Гэтэл амьдрал дээр лицензийг авчихвал тухайн хүн, компанийн өмч болчихдог. Төрийн өмчийг хувийн өмч болгож болох уу, болно. Энд хоёр л үндэслэл, арга бий.


Төрийн өмчийг үнэ төлбөргүйгээр ард түмэнд хувьчлах, эсвэл тодорхой төлбөртэйгөөр арилжаалдаг. Гэтэл газар доорхи баялаг ямарч төлбөргүйгээр хэсэг бүлэг хүнд очвол Үндсэн хуулийн заллттай зөрчилдөж байгаа юм. Хэрэв төлбөргүй л юм бол бүх ард түмэнд очих ёстой. Тийм учраас төрийн эзэмшлийн "50 хүртэл" гэдгийг "доошгүй" болгож өөрчилье гэж байгаа, нэгдүгээрт. Хоёрдугаарт, одоо мөрдөж байгаа хуульд хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг 20, 30, бүр 70 жил гэж нэлээд урт тавьсан. Ийм урт хугацаа зохимжгүй, 15 жилээс илүүгүй байхаар багасгая гэж байгаа. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын гэрээ зарим тохиолдолд хуулиас илүү хүчин төгөлдөр үйлчлэлтэй мэт санаа гарч ирээд байгаа юм.

Монгол Улсын хуульд нийцсэн гэрээ л гэж байх ёстой. Хуулийн дээгүүр давдаг гэрээ гэж байх ёсгүй. Харамсалтай нь Засгийн газар хуулиас дээгүүр үйлчлэлтэй төсөл оруулж ирсэн. Тиймээс Оюутолгойн гэрээг буцаасан. Аливаа гэрээг байгуулж болно. Гэхдээ тэр нь зөвхөн Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хуулийн хүрээнд л байна гэдгийг тодотгож өгөх хэрэгтэй болсон. Дараагийн үндэслэл нь татвартай холбоотой. Бид бүх татвараа 10 хувь болгож, дэлхийн хэмжээнд хамгийн бага татвартай орны тоонд орсон. Аль ч гэрээнд татварын энэ хэмжээгээ л мөрдөе, илүү дутуу хөнгөлөлт байх шаардлагагүй гэж үзэж байгаа.

-Шинэ өөрчлөлтийн үндсэн зарчим нь Оюутолгой, Тавантолгойн гэрээг яаж байгуулахад илүү чиглэх үү?
-Оюутолгой, Тавантолгой бол монголчуудын хувьд урьд өмнө байгаагүй том хэмжээний төсөл. Манай улсын хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх төслүүд. Энэ бол сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацааны асуудал биш, энэ улсын хөгжлийн нэгэн зууны асуудал. Тиймээс алдах эрх бидэнд байхгүй. Хамгийн гол нь энэ төслүүд монголчуудад буян хишгээ өгсөн, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийг хадгалсан байх ёстой. Би энд "тусгаар тогтнол" гэдэгт илүү их ач холбогдол өгч байна шүү. Мөнгө гэдэг цаг зуурын эд. Харин тусгаар тогтнол, эх нутагтаа эзэн байна гэдэг нь Монгол Улс мөнхөд орших, эс оршихыг тодорхойлох зарчмын асуудал.

Тийм учраас эдгээр ордын гэрээг зохицуулах хуулийг нэг нам олонхиороо, эсвэл зөвхөн МАХН, АН хоёрын харилцан ойлголцлоор өөрчлөх нь учир дутагдалтай. Миний байр суурь бол эдгээр төслүүд дээр монголчууд үндэсний зөвшилцөлд хүрсэн байх ёстой гэж үзэж байгаа. Гаднынхантай хэлэлцээрт орохоосоо өмнө бид дотроо зөвшилцөж нэг амаар ярих хэмжээнд очтлоо ойлголцмоор байна. Улстөрийн намын харьяалал, төрийн түшээ, түмний хүү гээд бид өөр өөр байж болно, харин энэ хоёр ордын гэрээн дээрх байр суурь маань нэг байх хэрэгтэй байна. Ингэж байж "газар доорхи баялаг бүх ард түмний өмч" гэсэн Үндсэн хуулийн заалт амьдрал дээр хэрэгжиж, ордуудын гэрээнээс Монгол Улс, монголчууд хожно.

-Ажлын хэсэг тэгээд монголчууд, Монгол Улс хожих тэрхүү зарчмаа олсон уу?
- Ажлын хэсэг хэд хэдэн зүйлийг онцолж байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийнхаа газар доорхи баялаг бүх ард түмний өмч гэсэн ойлголтыг Ашигт малтмалын хуульдаа тусгаж үндсэн зарчим болгоё гэж байгаа. Хэрэв баялагийг хувийн хэвшилтэй хамтарч, эсвэл хувийн хэвшлийнхэн дангаараа ашиглахаар болбол тодорхой төлбөртэйгээр өмчлөлд шилжүүлдэг байхаар хуульчилж өгье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг нийт ард түмэнд хүртэхээр байвал үнэ төлбөргүй, хэсэг бүлэг тодорхой хэсэгт өмчлүүлэхээр бол төлбөртэй ашиглуулна гэсэн зарчим л даа.

-Энэ нь байгалийн баялаг ихтэй дэлхийн бусад оронд байдаг хувилбар уу?
-Бид өнгөрсөн хугацаанд гадагшаа нэлээд явлаа, судаллаа. АНУ-д 1920 онд баталсан Нүүрсний хууль гэж бий. Энэ хуулиар нүүрс бол төрийн өмч. Харин нүүрсийг ашигладаг компаниуд нь хувийнх. Хувийн хэвшлийг хамгийн их дэмждэг АНУ-д ийм байна шүү дээ. Төр өөрийн өмчлөлд байгаа нүүрсийг тодорхой төлбөртэйгөөр ашиглах эрхийг хувийн компаниудад өгдөг юм билээ. Жишээ нь, уул уурхайн компани хайгуулын ажлаа өөрсдийн зардлаар хийж, ойролцоогоор 500 сая тонн нүүрсний нөөц илрүүллээ гэж бодъё. Уг нөөцийг, ордыг ашиглах тендер зарлаж өгөөч гэж Засгийн газартаа хандана. Засгийн газар нь тендер зарлана. Тендерт хайгуул хийсэн, хийгээгүй, уг ордыг илрүүлсэн илрүүлээгүй бүх компани тэгш эрхтэй оролцоно. Газар доор байгаа нэг тонн нүүрсэнд ямар үнэ санал болгож худалдаж авах вэ гэдэг нь тендерийн хамгийн гол шалгуур. Манайхаар бол ашиглалтын лицензээ төлбөр төлж авч байгаа юм. Тендерт оролцож байгаа компани бүр 20 хувийн урьдчилгаа төлдөг юм билээ.

-Өчнөөн зардлаар хайгуул хийж уг нөөцийг илрүүлсэн компани тендерт ялагдвал яах вэ. Хайгуулын зардлыг нь буцааж өгөх үү?

-Би наадхийг чинь асуусан. Хайгуул хийсэн компанийн зардлыг төр даах уу, эсвэл тендерт ялсан компани даах уу гэж. Гэтэл хэн ч даахгүй гэсэн. Хэрэв тухайн компани геологи хайгуулын ажил хийгээд нөөц илрүүлээгүй бол зарцуулсан зардлаа зарлагдаад л өнгөрдөг шүү дээ. Харин юм олчихоод, түүнийгээ үнэлж чадаагүй бол өөртөө л гомдог гэж хариулж байна лээ. Дараа нь бид Хятадад очсон. АНУ-ын нүүрсний хуулийн зарчмыг Хятад улс 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Ганц нүүрсэн дээр ч биш, уул уурхайн гол гол баялгууд дээрээ ийм зарчим хэрэгжүүлж байна.

Гэхдээ Хятадад бол хайгуул хийсэн компани л төлбөрөө төлж ашиглалтын лицензээ авдаг. Төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газар нь тогтоож өгдөг гэсэн. Бид Хятадын Шинхуа гээд нүүрсний том уурхайтай танилцсан. Уурхайн 70 хувь нь төрийнх, 30 хувь нь хувийнх. Ерөнхийдөө БНХАУ-ын том компаниудын өмчлөлийн харьцаа иймэрхүү болсон юм билээ. Жишээ нь, тухайн компани Засгийн газрын тогтоож өгсөн төлбөрийг банкнаас зээлээр төлөхөд төр энэ мөнгөнөөс нь өөрт ногдох 70 хувийн хөрөнгө оруулалтаа хийдэг. Харин зээл нь компанид, хөрөнгө оруулсан хувь хэмжээ нь төрд үлддэг юм билээ. Бидний хайгаад байсан зарчим магадгүй энэ байж болох юм.

-Яагаад…?
-Энд хоёр зүйлийг шийдэж байгаа юм. Манайх лиценз олгохдоо талбайгаар өгдөг. Одоо тэгвэл ашиглалтын лицензийг авахдаа төрд төлбөр төлдөг болох нь. Төлбөрийн хэмжээ хэд байх нь зах зээлээсээ хамаарна. Ийм зарчимд шилжвэл тухайн компани 500 сая тонн нүүрс олборлож ашиглахаар төлбөр төлсөн бол түүнийгээ л авна, илүү авахгүй. Тавантолгойн нөөцийг анх 6.4 тэрбум гэсэн. Гэтэл одоо 6.4 биш, түүнээс их нөөцтэй гээд байна. Ингээд маргаан гардаг. Хэрэв дээрх зарчмаар ордыг ашиглавал тухайн компани төрд төлсөн мөнгөнийхөө хэмжээнд л олборлоно. Өөрөөр хэлбэл, ашиглалтын явцад нөөцийн хэмжээ өөрчлөгдөх маргааныг урьдчилан шийдэж, тухайн компанийн олборлох дээд хязгаарыг төлсөн төлбөрийнх нь хэмжээгээр тогтоож байгаа өгч юм.

Энэ бол нэг дэх зарчим. Хоёрдугаарт, Монгол орныг бүрхсэн лицензит нийт талбайн гуравны хоёр нь гаднынханд очсон байна. Хаа байна, нөгөө монгол хүн эх нутагтаа эзэн байна гэсэн нь. Иймд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмших дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй, монгол хүн, Монголын компанийн оролцох доод хязгаар 50 хувиас доошгүй байна гэдгийг хуульчилж өгье гэж ажлын хэсэг дээр ярьж байгаа. Гаднынхан манай баялагаар мөнгө босгож, үйлдвэрлэл явуулж, ашиг олж байна. Ийм байж болно оо, гэхдээ энэ баялагийн эзэн нь монголчууд, баялаг байгаа газар нутаг нь Монгол Улсынх гэдгийг мартаж болохгүй.

-Уг нь тийм, гэхдээ давуу эрхтэй ашиглах гэхээр монголчууд мөнгө, техник технологи нь алга байна шүү дээ?
Үнэн, монголчууд өнөөдөр хөрөнгө мөнгөний чадавхи багатай байна. Мөнгөгүй гээд газар нутгаа гадныхнаар сийчүүлээд, баялагаа зөөлгөөд баймааргүй байна. Тийм учраас Монголын компани ордоо гаднынхантай хамтарч ажиллахдаа " бид ордынхоо 50-иас доошгүй хувийг эзэмшинэ, манай эзэмшлийн 50-иас доошгүй хувийн хөрөнгө оруулалтыг танайх гарга. Үйлдвэрлэлийнхээ ашгаас бид буцааж төлнө" гэсэн зарчмаар гадныхантай хамтарч ажиллана. Энэ зарчмыг хэвшүүлэх арга механизмыг хуульд тусгамаар байна. . Ингэхгүй бол манайхан лицензээ хямд үнээр гаднынханд зараад байна. "Эрдэнэт"-ийг аль социализмын үед л байгуулсан. Тэгэхэд "Эрдэнэт"-ийн гэрээг 50 хувь нь Монголын төрийн өмч, 50 хувь нь Оросынх гэж хийж байсан. Бид 50 хувьдаа ногдох мөнгөө гаргахгүйгээр, оросууд бүх хөрөнгө оруулалтыг дааж, үйлдвэрлэлийн ашгаасаа бид зээлээ эргүүлж оросуудад төлсөн. Энэ зарчмыг мөрдөе гэж бодож байгаа.

-Энэ зарчмыг хүлээн зөвшөөрч гаднынхан орж ирэх үү. Харин ч гадаадын хөрөнгө оруулагчдыг үргэлээ гэж зарим хүн хэлэх юм биш үү?
-Орж ирнэ ээ. 68 хувийн татварыг анх тогтооход гаднынхан орж ирэхгүй л гээд байсан, хаана байна. Орж ирж л байгаа шүү дээ. Мөнгө босгодог баялаг нь Монголд байгаа учраас орж ирээд байгаа байхгүй юу. Мөн байгалийн баялгийг ашиглаад борлуулах хамгийн том худалдан авагч нь БНХАУ. Тэр улс нь манай хөрш. Дэлхий дээр БНХАУ-тай хамгийн урт хуурай замаар хиллэдэг нь манай улс. Газар зүйн ашигтай байршлаас гадна бид татварын маш таатай орчин бүрдүүлсэн. Иймээс гаднынхан орж ирнэ ээ. Тэгээд ч саяын ярьсан хөрөнгө оруулалтын зарчим зөвхөн уул уурхайн ордууд дээр л яригдана шүү дээ.

-Стратегийн ордууд дээр ч гэсэн үү?
-Стратегийн ордуудын хувьд шалгуур арай өөр. Ийм ордод төрийн эзэмшил 51 хувиас доошгүй байх ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл стартегийн ордод гаднынхан 49-өөс дээш хувь эзэмшихгүй. Яагаад 51 хувь гэж байна вэ гэвэл манай улс жижиг, хоёр их гүрний дунд байрладаг. Бидэнд газар нутгаа, тусгаар тогтнолоо хамгаалах нь хамгийн чухал. Өмнө нь тусгаар тогтнолоо хамгаалахыг цэрэг, дайнаар төсөөлдөг байв. Одоо бол эдийн засгийн аргаар хамгаалах шаардлагатай болсон. Өнөөдөр лиценз, компанийн хувьцаа эзэмшиж эдийн засгийн эрх мэдлийг нь авах замаар тухайн улсын тусгаар тогтнолд нөлөөлдөг болсон. Ийм тохиолдол бидэнд байгаа. Тухайлбал, малын гаралтай түүхий эдээ бид гаднынханд тавиад туучихсан л байгаа шүү дээ.

Өнгөрсөн намар Германд нэг хууль гарчээ. Түүнд Германы аль нэгэн компанийн хувьцааны 25 хувиас дээшхийг гадаадынхан авбал Засгийн газар нь зөвшөөрөл олгоно гэж заасан байгаа юм. Герман бол их гүрэн. Энэ улс өөрсдийн зах зээлээ ингэж хамгаалж байна. Австралид гэхэд мөн л хувьцааны 15 хувиас дээшхийг гаднынхан авах болбол зөвшөөрөл авдаг тогтолцоо бий. Бид эдгээр жишээнээс суралцаж эдийн засгийн эрх мэдлээ алдчихгүй байх хэрэгтэй байна. Энэ утгаараа стратегийн ордод төрийн эзэмшил 51 хувиас доошгүй байна гэдэг нь улсынхаа аюулгүй байдлыг хамгаалж байгаа нэг хэлбэр юм.

-Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол төрийн эзэмшил хэдэн хувь байх вэ?
-Энэ тохиолдолд 100 хувь төрийн өмчид байна. Гаднынхантай, эсвэл дотоодынхонтой хамтарч ажиллахаар болбол төр тодорхой хувиа худалдана. Гэхдээ худалдах дээд хэмжээ нь 49 хувь байна. Хэрэв төр дангаараа чадна гэж үзвэл нэг хувь ч худалдахгүй байж болно.

-Өмнөх хуулиар стратегийн, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд гэж хоёр ангилаад байсан. Одоо тийм ангилал байхгүй болно гэсэн үг үү?
-Стратегийн, ердийн орд гэж л ангилах зарчим барьж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо Тавантолгой ч, Оюутолгой ч стратегийн орд болно гэсэн үг.

-Тэгвэл стратегийн ордын жагсаалтаа дахиж батлах уу?
-Тэгж таарна, ямарч гэсэн стратегийн ордын тодорхойлолтоо илүү тодорхой болгоно. Одоо бол хэт ерөнхий байгаа. Хэн ч харсан энэ орд зайлшгүй стратегийнх юм байна гэж ойлгох хэмжээний тодорхой болгоно.

-Лиценз олголтыг яаж журамлах вэ, арай өндөр шалгуур тавьж болохгүй юу?
-Лиценз олголтыг журамлах зайлшгүй шаардлагатай. Сая хортой архинаас болж арав гаруй хүн амиа алдсан эмгэнэлтэй явдал боллоо. Архины тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгодог. Гэтэл ашигт малтмалын тусгай лицензийг нэг агентлагийн кадастрын алба олгож байна. Ингэж болохгүй. Архи чухал уу, ашигт малтмал чухал уу. Цаашид лицензийг Засгийн газар олгодог болж, дуртай хүнд нь олгодогоо хязгаарлах өөрчлөлтийг хуульд оруулна.

-Энэ хууль буцаж үйлчлэх үү. Жишээ нь, Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалтай холбоотойгоор Асгатын ордыг энэ өөрчлөлтөөс өмнө, одоо мөрдөж байгаа хуулиараа шийдэх гээд байгаа юм биш үү?
-Тийм юм байхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар стратегийн нэг ч ордын асуудлыг шийдээгүй байгаа, шийдэх ч үгүй. Одоо бүх ордыг хуулиа өөрчилж байж гэрээг нь шийднэ. Тавантолгой, Оюутолгой, Асгат бүгд орно. Бусад орд ч орно.

-Хэрэв сая таны ярьсан зарчмыг хуульчилбал одоо Оюутолгойг ашиглаж байгаа "Айвенхоу"-гийнхон, Тавантолгойн лицензийг эзэмшиж байгаа "Энержи ресурс"-ийнхэн дуудлага худалдаагаар тухайн ордоос эзэмших хувиа худалдаж авах нь, тийм үү?
-Тэгнэ, 49 хүртлэх хувийг худалдаж авна. Хэдийг нь өөртөө үлдээж, хэдийг нь зарахаа төр өөрөө мэднэ. Засаг өөрөө 100 хувь авч болно шүү дээ. Гэхдээ энэ бол ажлын хэсгийн эцсийн шийдвэр биш шүү, ярьж санал солилцож байгаа л хувилбар.

-УИХ энэ өөрчлөлтийг хэзээ хэлэлцэх вэ. Ээлжит бус чуулганыг хэзээ зарлах вэ?
-Ээлжит бус чуулганыг хэзээ зарлахыг ажлын хэсэг төслөө бэлэн болгоод өргөн барих үед л яригдана. Ажлын хэсэг ажиллаж л байна, одоогийн байдлаар санал солилцох төвшинд явж байна. Олон талаас нь ярьж байна. Дэд ажлын хэсэг байгуулж байгаа. Олон нийтийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оруулна.

-Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд баталж чадах уу, энэ өөрчлөлтийг?
-Зорилт бол батлахын төлөө байгаа.

-Улстөрийн өнцгөөр харах хандлага байна уу, үгүй юу. Сонгууль өнгөрөөгөөд магадгүй танай нам ялчихвал өөрсдөө засгийн эрх барьж байгаад шийднэ гэдэг ч юм уу?
-Манай ажлын хэсэг намуудын төлөөлөл бий. Бүр Ерөнхий сайд С.Баяр өөрөө ч орсон. Намынхаа квотоор энд орлоо гэх ойлголт, сэтгэл зүй манай ажлын хэсгийн гишүүдийн хэнд нь ч байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Бид аль болох өргөн төлөөлөл оруулсан, үндэсний зөвшилцлийн хэмжээний, Монголын төлөө санаа зовсон, зүрх нь цохилсон бүх хүний хамтын бүтээл гаргахын төлөө байгаа. УИХ-ын ажлын хэсэг үүний үндсэн санааг нь л гаргаж байгаа юм. Нөгөөтэйгүүр үлдэж байгаа хэдхэн сарын хугацаанд энэ ордуудыг ашиглана гэж байхгүй. Иймэрхүү асууддал бол сонгуулийн сэдэв биш ээ. Монголын хувь заяаны асуудал учраас монголчууд бид бүгд санаа нэгдээд нэг хүн шиг байх ёстой.Хамгийн гол нь эрхзүйн орчноо л эхлээд зөв болгоё, Үндсэн хуульдаа нийцүүлье гэж байгаа. Дүрэм нь шударга байвал тоглоомонд булхай гардаггүй биз дээ.