Твиттерийн ертөнцөд шуугиантай жиргэдэг  @HalzanXYY “Эх орон, эх орон гэж гайхуулцгаах юм. Энэ дэлхий дээр чинь эх оронгүй хэн байгаа юм бэ!?” гэж жиргэсэн байна лээ. Дэлхийн бүх хүн эх оронтой байдаг. Гэвч өнөөдөр сайхан амьдарч байгаа газраа л эх орон гэж үздэг болсон гэдгийг энэ жиргээч хэлжээ. Өнгөрсөн жил манай улсад “Эх орон” нэртэй төсөл хэрэгжиж 14-35 насны залуусын дунд эх оронч үзлийн талаар ямар бодолтой явдгийг нь асуужээ. Судалгаанд оролцогсдын 11.8 хувь нь энэ талаар бодсон зүйлгүй гэж хариулсан байх юм. Өмнөх жилийн судалгаагаар ингэж хариулсан хүний тоо гурван хувь байсан гэж судлаач нь ярьсан байна лээ. Энэ судлаач цааш нь “Эх орон гэдэг яриа энэ дэлхийн долоон тэрбум хүний амнаас цөөхөн гардаг болж байгаа нь Олон улсын байгууллагуудын судалгаанаас ч харагдах болсон” хэмээн онцолсон юм.

Тэгэхээр “Хаана сайхан амьдарч байна тэр миний эх орон” гэсэн үзэл Европоос эх авч дэлхийг нөмөрч байгаа нь, шинэ үеийнхэн энэ үзэл рүү явж байгаа нь дээрх судалгаануудаас харагдаж байгаа юм. Европ яагаад тэгэв. 1980-аад оноос “Европ-Нэг орон гэр” хэмээх хөдөлгөөн өрнөж, эдүгээ 25 улс Европын нэгдсэн холбоонд багтан орсноор тэдгээрийн хооронд хил хязгаарын нарийн зааггүй, бас визгүй зорчдог, евро хэмээх нэгдсэн мөнгөн тэмдэгтэй, Европарламент хэмээх төвлөрсөн байгууллагатай, нэгдсэн Үндсэн хуультай болох төлөв бүхий байна. Үндсэндээ нэгдсэн нэг үнэт зүйлтэй болж байгаа нь дээрх үзлээс харагдаж байгаа юм. Дэлхийн хөгжлийн загвар, гол эдийн засаг, улс төрийн пирамид болсон хөгшин европт өнөөдөр эх оронч үзлийн хуучин ойлголт огт өөр болжээ. Эх оронч үзэл нэгэн улсын хүрээнээс хальж, нэг тив, нэг бүс нутаг-нэг гэр орон, улмаар энэхэн замбуулин-бидний өлгий нутаг хэмээн ярьж, бичиж тэр нь тэлж өргөжиж байгаа юм байна. Энэ тэлэлтийн хурд дэлхийн бас нэг том тив АНУ-д хүрчээ. Америк бол олон үндэстний өлгий. Тэнд энэ дэлхийн хамгийн сайхан амьдрал байгаа учраас тийш дэлхийн хүмүүс хошуурч байна. Ийм хандлагад угсаа гарвал, хэл, сэтгэлгээ, аж төрөх ёс, шашин суртал, зан заншил огт өөр дэлхийн 220 гаруй улс орон бүрэн автах хүртэл нэлээд урт хугацааг туулна хэмээн үзэж байсан судлаачид одоо бууж өгч байна. Дэндүү хурдтайгаар “Сайхан л амьдарч байвал аль нь ч миний эх орон” гэдэг үзэлд дэлхий нэгдэж эхлэв.

Дэлхий ийм байхад монголчууд л өөрсдийгөө дэлхийгээс тусгаарлачих шахан “Эх орон минь” хэмээн халаг­лаж, эх оронч үзэл ярин хийрхэцгээж байна. Ийм байлаа гээд бид юу хожсон юм бэ? Юу ч хожоогүй бай­на шүү дээ. Бусдаас онцгойрох гэсэн улс төрийн хийрхэлтнүүдийн нэг арга нь эх оронч үзэл байдаг байна. Цаг хугацаа, орон зайн баримжаагүй хүмүүсийн үг гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам ойлгогдож байна. Тавин жилийн өмнө “Оюу толгой”-г өнөөдрийнх шиг өмгөөлж, хойч үедээ үлдээнэ гэж ярьж болох байлаа. Одоо бол юмыг үнэ цэнтэй байгаа дээр нь үнэд хүргэж зарсан нь хөгжиж байгаа дэлхий. Хөгжилтэй орнуудын хөгжсөн түүх үүнийг харуулдаг. Үнэндээ эх оронч үзэл өөрөө биегүй зүйл. Гэтэл бид биет зүйлийг өдөр тутам хүсч байна. Тэр нь мөнгө. Монголын өнөөдрийн “эх орончид” байгалийн баялагаа хойч үедээ үлдээнэ хэмээн ярьдаг. Өнөөдрийн бид нар хойч үе биш юм уу. Ерэн онд мал хувьчлах үед малыг хувьчилж болохгүй хэмээн хамгийн их эсэргүүцсэн нэгдлийн дарга “эх орончид” гарч ирсэн. Мал хувьчлахад тэдгээр “эх оронч” нэгдлийн дарга нар хамгийн түрүүнд очиж эрхийн бичгийг нь авч нэгдлийг хувааж идсэн. Одоо Оюу толгой өгөөжөө өгөөд эхэлбэл хамгийн түрүүнд өнөөдрийн “эх орончид” гар дүрэх байх. Манай түүх өөрөө ийм юм чинь.

Дэлхий дахинаас өөрс­дий­гөө тусгаарлаад, эх оронч үзэл гаргалаа гээд юу ч хождоггүй, харин ч алддаг гэдгийн хамгийн том нотолгоо Венесуэл улс. Уго Чавес гэдэг “эх оронч” Ерөнхийлөгч нь гарч ирээд, гадаадын бүх хөрөнгө оруулагчдыг эх орноосоо “найрсгаар” хөөж гаргасан. Тэгээд эх орон хийгээд үндэсэрхэг үзлийг онцгойлон авч үзсэн. Яг л өнөөдрийн манай эх орончид шиг. Үр дүнд нь өнөөдөр Венесуэл улсад нэг талхыг сая төгрөгөөр авч идэж байна шүү дээ. Инфляцаа ингэж тэнгэрт гаргаад сүйрлийн ирмэгт хүрээд байна. Монголын “эх орончид” ихэдвэл Монгол ч бас удахгүй Венесуэлийн араас орох байх.

“Үзлийн амьтан” гэдэг үгийг арай түрүү үеийнхэн мэдэх байх. Эх оронч үзэл нь улс төрийн үзэл суртал. Харин “Үндэсний үзэл” гэдэг нь “Хүн ядрахаараа ургаа, Тураг ядрахаар уулаа” гэдэг шиг ядарч ягдсан үедээ л үгүйлдэг үзэгдэл, тэрхэн зуур аврал болж санагалзах үзэл гэж манай нэг нэртэй эрдэмтэн хэлсэн байна лээ. Үндсэрхэг үзэл нь ямагт асар их сэтгэлийн хөдөлгөөнийг дагуулж байдгаараа аюултай аж. Улс орныг удирдаж, бодлого тодорхойлж байгаа хүмүүст сэтгэлийн хөдөлгөөн шиг аюултай зүйл байдаггүй байна. Хэт үндсэрхэг үзэл зонхилж, сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдсаны үр дүнд улс төрийн хагарал, нэг улс нөгөө улстайгаа зөрчилдөх нөхцөл бүрдсэний тод жишээ фашизм гэж үздэг юм билээ. “Германыг хайрла” гэсэн сэтгэлийн хөөрөл бүхий уриа хэт давалгаалсан нь дэлхийн II дайныг эхлүүлж 100 сая хүний амийг авч одсоныг түүхчид онцгойлон бичдэг. Одоо энэ “Монголыг хайрла” гэсэн уриа юунд хүргэх бол. Монгол Улсыг хэрхэн сүйрүүлэх бол гэхээс айдас хүрч байна. “Монгол Улсыг Орос-Хятад хоёр удахгүй эзлэх гэж байна, Монгол Улс уул уурхайгаасаа болж барууны орнуудын эрхшээлд орж, хар Африк шиг боолчлох гэж байна” хэмээн эх орончид ярьж байна. Ийм юм огт болоогүй шүү дээ, болох ч үгүй. Эх оронч үзэл ингэж л хэтрэхээрээ хэт үндсэрхэг үзэл болдог. Япончуудын хайр хүндэтгэл, буян хишгийг хүртэж, хүнээс илүү яваа Хакухо сумод түрүүлж шагналаа авахдаа монгол хэлээр “Эх орон нэгтнүүддээ...” гэж мэндчилгээ дэвшүүлсэн нь үнэндээ япончуудын сэтгэл рүү ус цацсан үйлдэл болсон юм. Япон үндэстний бахархал болсон спортод нь түрүүлсэн түүнд монголчууд ямар хамаатай юм бэ. Зөвхөн япон үндэстэнд хамаатай. Тэдний хөөр баяр, бахархал. Гэтэл хань хамаатахгүй монголчуудад зориулж мэндчилгээ дэвшүүлж байгаа нь орон зай, цаг хугацаагаа мэдэрдэггүй монгол хүний эх оронч гэх сэтгэлгээ нь хэтэрсэн, үндэсэрхэг царай харуулж буй хүдэг хийрхүү, муухай зан араншин юм. Дэлхийн хамгийн алдартай Оксфордыг төгсөж буй монгол залуу ганцаархнаа монгол дээл өмсөж, Монголын төрийн далбааг бариад явж байгаа нь таатай харагдахгүй байна. Бусад орны төгсөгчид яагаад тэгээгүй юм. Үүнийг эх оронч гэх үзэл хэтэрсэн нэг хэлбэр гэж үзэж болно. Тэр сургууль өөрийн олон зуун жил тогтсон стандарттай. Тэр стандартыг нь бүх орны төгсөгчид дагаж байхад манай нөхөр ганцаараа “эх оронч” царайлж байгаа юм. Хөгжилтэй орны хувьд эх оронч үзэл ийм хоцрогдсон үзэл болоод байгааг тэр орчинд нь байгаа монголчууд яагаад ойлгохгүй байна.

Энэ дэлхийд эх оронч үзлээрээ хамгийн алдартай нь оросууд. Гэтэл Орос орон жаргалтай байна уу. Дайн самуун, террорист халдлага, салан тусгаарлагчид, эдийн засгийн хямрал, гадаад ертөнцийн шахалт... бүгд уналттай байна. Дэлхийн чиг хандлага ийм байхад монголчууд бидэнд эх оронч гэж цээжээ дэлдэх нь тэнэг хэрэг болоод байна. Тэртээ тэргүй бидэнд хүн төрөлхтний түүхээс хэзээ ч арилашгүй их түүх байна, төрт ёсны 2000 жилийн түүх байна. Даравч далдайх, булавч бултайх их түүхтэй монголчуудын хувьд эх орон, эх оронч үзэл ярьж тунхаглах нь муухан шиг бараагаа зах зээлд худалдах гэж ядаж байгаа худалдаачин лугаа харагдана.

Харин жинхэнэ эх оронч үзэл бол иргэн хүн татвар төлөхөөс эхэлнэ. Татвар төлж байгаа хүн хүчирхэг байдаг. Хүчирхэг иргэнтэй улс орон хүчирхэг байдаг. Орчин үед эх орон гэдэг ойлголт, эх оронч үзэл гэдэг ийм л өөр ойлголт болоод байна. “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж” гэж Британийн зохиолч, түүхч  Сэмуэль Жонсон 1775 оны дөрөвдүгээр сарын 7-ны орой нэгэн том хүлээн авалт дээр үндсэрхэг үзлээсээ болж улсаа хүнд байдалд оруулж байсан либерал улстөрч Эдмунд Бёркэд хэлсэн байдаг юм. Энэ нь эх оронд “эх орончид” илүүдэж гай болдог гэдгийг хэлсэн хатуу үнэн үг хэмээн түүхэнд тэмдэглэжээ.