Олны хайртай аварга А.Сүхбат улсын наадамд зодоглоно гэдгээ мэдэгдлээ. Бөхөд хайртай монгол түмний хувьд үнэхээр сайхан мэдээ. Хурц, уран барилдаантай “жижиг” аварга барилдах нь өөрөө улсын наамдын бөхийн барилдааныг өнгө оруулж, илүү том болгодог. Алдарт сэтгүүлч Ц.Балдорж агсан нэгэнтээ “Ер нь хоёр монгол хүн тулж уулзаад муудалцаж хонь чоно болдоггүй юм. Дандаа дундуур нь хар муур гүйдэг юм” гэж байв. Түүн шиг аварга А.Сүхбат, Бөхийн холбооны тэргүүн Ц.Нямдорж нарын харилцаа дандаа ийм “хүйтэн дайн”-ы байдалтай байгаагүй нь ойлгомжтой. Аваргын гавьяатын найран дээр Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Сүхбат бол монгол бөхийн барилдааныг урлагийн төвшинд эзэмшсэн хүн ” гэж байв. Монгол хэлзүй, утга найруулгын талаас нь аваад үзвэл үүн шиг оносон зүйрлэл, үүнээс илүү үнэлэмж гэж байхгүй. Үнэхээр ч аварга А.Сүхбат бол өөрөө барилдахаасаа илүүтэй үзэгчдэд барилдаан үзүүлэх хэмжээнд уран барилддаг ховорхон бөх. Тийм учраас л бөхөд хайртай монгол түмэн Цагаан сар, улсын наадам дөхөх бүрт, “жижиг” аварга барилдах болов уу гэж бараг өөрөөсөө асуудаг хэрэг. Тийм ээ, тэр өнөө жил дахиад барилдана гэнэ.

Гэхдээ хоёр зүйл байна. А.Сүхбатын барилдах сайн мэдээг нэг муу мэдээ дагаж байна . Аваргын барилдах сайн мэдээ наамдын комиссынхон болон, Бөхийн холбооныхонд нэмэлт ачаа үүрүүллээ. Энэ нь нэг өдөр зэрэг дархан аварга цол авсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрын хэн нь зүүнийг магнайлж, хэн нь гурвын даваанд түрүүлж ам авах тухай юм. Ноднингийнх шиг дахиад л бөөн хэрүүл болох уу. Жилд ганц удаа болдог улсын наадмаа, тэр дундаа монгол эрчүүдийн эерэг төлөөлөл болдог бөхчүүд хэрэлдэнэ, хэрүүлтэй барилдана гэдэг бол цээр. Тийм учраас өнөө жил ноднингийн алдаагаа давтаж ноднингийнх шиг “улаан хэрүүл” болгохгүйн тулд Бөхийн холбоо, Улсын баяр наадмын комиссынхон бөхийнхөө эрэмбэ дараагаа үнэн зөв гаргаж түүнийгээ ягштал баримтлах хэрэгтэй. Яг үнэндээ ноднин бол А.Сүхбат аварга “хавчлаа гадуурхлаа” гэж уурлаж байгаад л зүүнийг магнайлчихсан. Гурвын даваанд аварга Г.Өсөхбаярыг амласан. Энэ нь түүний хувьд Г.Өсөхбаяр бол миний “дүү” дархан аварга юм гэдгийг олон нийтэд мэдрүүлэх гэсэн бодлогын ам авалт байлаа.Үйл явдал ингээд өнгөрч, наадам дууссаны дараа Бөхийн холбоо тайлбар гаргаж, зарим зүтгэлтэн нь “залруулга” хийсэн юм. Түүгээр нь бол Г.Өсөхбаяр аварга зүүнийг магнайлж, гурвын даваанд түрүүлж ам авах байжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаанд нь оролцсноос ч болсон уу, АН-ын гишүүн учраас ч тэгсэн нь үү А.Сүхбат дархан аварга цолоо Ерөнхийлөгчөөс түрүүлж гардсан нь зүүнийг магнайлах, Өсөхөөгөөс түрүүлж ам авах эрхзүйн баталгаа баримт биш байжээ. Ерөнхийлөгч хоёр аваргад дархан аварга цолыг нь гардуулахаасаа өмнө“ам авах эрэмбэ нь Баяр наадмын тухай хууль, Бөхийн холбооныхоо дүрэм журмаар болно шүү” гэж хэлсэн тухай Бөхийн холбооны тэргүүний нэгэн ярилцлагад бий.

Үргэлжлэлийг iToim.mn сайтаас уншина уу.