Хөдөлмөрийн баатар Намхайнямбуугийн хүү Н.Содномдаржаа, охин Н.Оюунчимэг нартай аавыг нь дурсан ярилцлаа.


-Аавын тань тухай дурсамжаар яриагаа эхэлье.

Н.С: -Бидний аав бол тэр нийгмийн сайхан цаг үед түмэн хонийг өсгөж өгнө гэж 16, 17 настайдаа амлалт өгч төлөвлөгөөнөөсөө дөрвөн жилийн өмнө давуулан биелүүлж байсан. Түүний зэрэгцээ бидний есөн хүүхдээ өсгөж өдий зэрэгтэй гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Үнэхээр их хөдөлмөрлөж 29 насандаа хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм цолыг авсан байх. Аавыгаа хэзээ унтаж хэзээ сэрдгийг огт мэддэггүй, биднийг унтахад сэрүүн л байж байдаг. Өглөө босоход сэрүүн л байдаг. Цаг наргүй л хөдөлмөрлөдөг хүн байж.

-Аавын тань бичсэн ном байдаг. “Хонины хишиг” нэртэй ном байсан санагдана. Өөр ном бий юу?

Н.С: -Өөр жижиг товхимлууд бий л дээ. Туршлагаас нь оруулсан.

-Хүүхдүүдээс нь аавынхаа мал маллах ухааныг өвлөсөн хүн бий юу?

Н.С: -Байхгүй дээ. 1992-1996 онд их хуралд суусны дараа есөн хүүхдийнхээ хотонд зуу зуун хонь үлдээх үү, толгойд нь зуу зуун мэдлэг үлдээх үү гэдгийг л аав, ээж хоёр минь ярьж байж хот хүрээ орохоор шийдсэн. Одоо бол мал бидэнд байхгүй. Ер нь хувьдаа айхтар хөрөнгө малтай айл байгаагүй. Дандаа л нэгдлийн мал маллаж байсан шүү дээ, аав минь. Мал хувьд очоод удаагүй байхад аав минь УИХ-ын гишүүн болж ирсэн. Нутгийн ахан дүүс дээр хэдэн малаа тавиад нийслэлд ирж байлаа. Нэг их олон мал ч байгаагүй ээ. 1996 онд нийслэлд ирээд Гачууртад хоёр жил өвөлжсөн. Тэгээд сүүлтэй, сүүлгүй чононд хэдэн малаа алдаад, аав минь бие нь дийлэхээ байгаад үлдсэн тав арван малаа эмчилгээ энэ тэрдээ зориулаад дууссан даа.

-Аавын тань хэлсэн гайхалтай сайхан үгнүүд бий. Та нарт ч бас сургаал үгээ хэлдэг байсан байх.

Н.О: -“Бэрхшээл бол хүнд ялагдах л гэж ирдэг. Бэрхшээлийн ялагч нь ганцхан эзэн нь байдаг юм” гэж хэлдэг байсан. “Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй” гэж хэлдэг. “Монгол оронд ямар ч төр тогтлоо гэсэн Монголын хөгжлийн үндэс мал аж ахуй байх болно” гэж хэлж байсан. Хөдөлмөрийн баатар болчихоод “Баатарын минь алтан соёмбо хоттой хонин дотор минь байсан” гэж хэлсэн байдаг. Амжилт үргэлж хажууд байдаг гэдгийг л илэрхийлсэн үг болов уу.

-Үр хүүхдүүд нь хаана юу хийцгээдэг вэ?

Н.С: -Аав минь дөрөвдүгээр ангийн л боловсролтой хүн шүү дээ. Өөрөө ч номон дээрээ бичсэн байдаг. Ямар сайндаа л Их хурлын гишүүн байх үед нь олон ангит Халтар царайт гэж кино гардаг байлаа. Тэр киноны Королия гэж үг дуугардаггүй хүний дүр гардаг даа. Аавыг минь тэр дүрийн нэрээр хочилчихсон байсан шүү дээ. Гэхдээ аав минь хааяа нэг дуугарахдаа нэлээд жинтэй дуугардаг байсан. Аав минь хожим “Хүнд боловсрол их хэрэгтэй юм байна гэдгийг би Их хуралд сууж байхдаа ойлгосон. Тийм учраас хүүхдүүддээ хонь мал хотонд нь үлдээх биш тархинд нь мэдлэг үлдээх нь зөв гэж шийдсэнээ хэлдэг байлаа. Тэгээд ч тэр үү, бидний дундаас мал дагасан хүн байхгүй. Бүгд дээд сургуульд сурсан даа. Манай том ах Хаянгарав Төмөр замын цагдаад ахмад цолтой ажиллаж байна. Би өөрөө СООС олон улсын хүүхдийн байгууллагад ажил-лаж байна. Миний дараагийн дүү Наранцэцэг маань Эрүүл мэндийн яаманд нягтлан, Жамьянсүрэн гэж дүү маань хувиараа юм хийдэг, Оюунчимэг маань СУИС-д ажиллаж байна. Доржжүгдэр гээд дүү маань Баянзүрхийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, Германд Отгонлхам гэж дүү маань сурч байгаа. Батсүрэн гээд Сүхбаатар дүүргийн цагдаад бас нэг дүү маань ажилладаг. Хамгийн бага дүү Хоролсүрэн маань “Шавь” цогцолбор сургуульд бага ангийн багш. Ээж маань ач зээ нараа хараад л байж байна даа. Одоо таван ач, хоёр зээтэй болсон. Би гэхэд өөрийн хоёр хүүхэд дээр гурван хүүхэд өргөж аваад таван хүүхэдтэй болсон. Ингээд бид улам л өнөр олуулаа болоод байгаа.

-Зан чанарын хувьд таны аав ямар хүн байсан бэ?

Н.С: -Хэлэх гэсэн үгээ тоглоом шоглоом мэтээр ёжилж хэлдэг хүн байсан. Алгадаж гар хүрч байгаагүй ч үгээрээ аргадаж үгээрээ зэмлэж ухааруулдаг. Ямар ч хүнийг ялгадаггүй. Хүүхэд ч байсан яриад л, инээж хөхрөөд явж байдаг. Хөгшин хүн байсан ч, залуу хүн байсан чиг л адил харьцана. Нэг хэлсэн үг нь хүчтэй цохиод авснаас илүүтэй тусдаг байсан. Миний санаанаас гардаггүй нэг дурсамж бий. Би аавыгаа 2000 онд хүнд өвчтэй байхад нь Солонгос руу насилкин дээр түрээд авч явлаа. Явахаасаа өмнө лам багшдаа очиж арц хүж авсан. Би тэр үед тамхи татдаг байлаа. Тамхи нууцаар татаад л араас нь нөгөө авч явсан арц хүжээ асаагаад шүдээ угаагаад мэдэгдэхгүй гэж хичээнэ. Нэг удаа аав эмнэлгийн орон дээр буруу хараад л хэвтэж байсан юм. Гэтэл буруу харсан чигтээ аав ”Содномдаржаа миний хүү ухаантай байгаарай “ л гэсэн. Тэгэхэд тархин дундуур тас буугаад авсан юм шиг л болж би тамхинаас гарч байлаа. Дараа нь аав минь бөөрний дутагдал, зүрхний шигдээс гэдэг оношоор 2003 онд мөнх бусыг үзсэн юм шүү дээ.

-Ингэхэд таны аавд мал маллах ухааныг ямар хүн заасан юм?

Н.С: -13 наснаасаа л мал малласан. Аав, ээж нь ядуу амьдралтай малчин хүмүүс байсан. Аавын угсаа гарал нь тайж удамтай. Аавын өвөө Жамжаа гэж тайж байж. Хэвтээ хонь босгодоггүй, тийм номхон тайжууд байсан юм билээ. Бас их номтой хүмүүс байсан гэж аав ярьдаг байсан. Аавын аав буюу бидний өвөө их даруу хүн байсан гэдэг. Сүүлд хэлгүй болчихсон гэх юм билээ. Тэгээд эрхиэ эргүүлээд л суудаг байсан гэж өвөөгийн тухай аав ярьдаг байсан. Аав минь айлын зургаан хүүхдийн дээрээсээ дөрөв дэх нь. Гурван том нь охин, гурван бага нь эрэгтэй. Ер нь бол аавын талынхан хүү цөөнтэй байсан болохоор хамгийн анх аав минь хүү болж төрөхөд их эрхлүүлж газар тавилгүй өсгөсөн гэдэг. Бас их өвчин ороодог хүүхэд байсан гэнэ лээ. Аав, ээж нь аавд минь Чулуунбат гэдэг нэр өгсөн. Тэгээд өвчин ороогоод байхаар нь тэр нутгийн Агаа гэдэг хүн орос эмч авчирч үзүүлж. Орос эмч үзчихээд эрхий хуруугаа гозойлгоод “Хорошо, хорошо” гээд нэлээд их юм оросоор яриад байж. Агаа нь орчуулж өгөөд “Танай хүүхдийг зүгээр байна гэлээ. Гэхдээ “нэрийг нь соль гэлээ” гэсэн юм билээ.

-Тэгээд нэрийг нь сольсон хэрэг үү?

Н.С: -Солихоор барах уу даа. Нөгөө орос эмч Володя гэж нэр өгсөн байгаа юм. Эмээ, өвөө хоёр Володя гэж дуудаж чадахгүй Болоож гэж монголчилж дуудсаар аав маань Болоож гэж нэртэй болсон.

-Сонирхолтой юмаа. Чулуунбат нь Володя, Володя нь Болоож болж. Тэгээд хэдийдээ Намхайнямбуу болсон хэрэг вэ?

Н.С: -Сургуульд ордог жил нь орос нэртэй хүүхдүүдийн нэрийг монголчлох аян явагдаж байсан юм шиг билээ. Тэгээд ангийн багш Нямдорж нь аавд хандан “Чамайг Намхайнямбуу гэж дуудаж байя. Ямар санагдаж байна” гэхэд аав тэр үед юу ч хэлээгүй ч дотроо “Их сайхан нэр байна” гэж бодсон тухайгаа номондоо бичсэн байдаг. Өөрөө ч бидэнд ярьсан. Магадгүй хүний хувь заяа гэж сонин юм хойно. Дуурсах нэрийг эцэг эх, дурсагдах алдрыг өөрөө олдог гэдэг шиг өнөөдөр Володя, Чулуунбат гэдгээрээ байсан бол ингэж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болох байсан ч уу, үгүй ч билүү хэн мэдэх билээ. Аав Их хурлын гишүүн байхдаа алхаад л эсвэл автобусаар л явдаг байлаа. Хүмүүс ааваас “Та чинь Намхайнямбуу баатар уу” гэж ирээд л асууна. Эсвэл “Та чинь хэн билээ. Харсан хүн шиг” гээд асууна. Аав “Өө би Намхайнямбуу” гэж огт хэлдэггүй, “Намайг Болоож гэдэг” гэж хэлчихээд л яваад өгдөг. Хүмүүс төөрөлдөөд л, инээх гайхахын завсар үлддэг байсан. Харин манай хамаатнууд, дүү нар нь бол аавыг Амбаажав гэж авгайлдаг. Аав өөрийгөө харин Намхайнямбуу гэж ер хэлдэггүй, утсаар хүн асуусан ч “Болоож байна” гэдэг байж билээ.

-Аавын тань тухай домог ч юм шиг, үнэн ч юм шиг түүхүүд их ярьдаг. Заримаас нь хуучлаач...

Н.С: -Намайг бага байхад нэг их зуд болж манайх Завханы Сонгинохайрханд өвөлждөг байсан. Тэрнээсээ цааш Сантын нутаг руу Хөшигийн үзүүр, Хоёр маргаз уулын хавьд өвөлжиж байсан юм шиг байгаа юм. Завханы Тэсийн тэжээлийн аж ахуй гэж байсан. Тэр аж ахуйгаас аавд тусламж гэж хоёр трактор өвс явуулж. Орой цасан шамрагатай үед нөгөө хоёр трактор өвс нь ирсэн байгаа юм. Тэгээд аавтай таараад нэрийг нь асуухад аав өөрийгөө Болоож гэж танилцуулж. Нөгөө хоёр жолооч “Намхайнямуу баатарынх аль вэ” гэж. Тэгэхэд аав “Та хоёр одоо яваад баатрынхыг олохгүй. Манайд хоночихоод өглөө яв” гэж хэлж. Тэгээд нөгөө хоёр манайд хоноод ээж хоол цай хийж өгөөд аав тэр хэд шөнөжин ярьж сууж. Тэр үед нөгөө өвс ачиж ирсэн хоёр “Манай дарга нар ч гэж дарга нар. Тэр баатар нь ч гэж баатар. Баатар гэхээр л манай дарга нар хөлөө хугалчих гээд заавал өнөөдөр багтааж хүргэж өг, тэгэхгүй бол болохгүй гээд тушаал буулгаад...” гэж ирээд л аавыг баахан муулж. Тэгээд өглөө босоод нөгөө хоёр “Баатрынхыг заагаад өгөөч” гэж гуйхад “Тэр чинь би шүү дээ” гэж аавыг хэлтэл нөгөө хоёр хүн үг дуу ч үгүй ум хумгүй өвсөө буулгаад алга болж өгсөн гэсэн. Дараа нь манай нутгийн хүмүүстэй таараад “Танай баатар ёстой айхтар хүн байна лээ шүү” гэж хэлсэн гэдэг. Энэ мэтээр дамшиглах бол олон шүү дээ. Тэгээд л хүмүүс домог шиг нэмж хачирлаад ярьдаг байх. Аав ер нь л их энгийн даруу, хөдөлмөрч хүн байсан. Ертөнцөөс тасарчихсан хүн байгаагүй. Ямар сайндаа л их хуралд дөрвөн жил суучихаад Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн оюутны байранд жижүүр хийж байсан.

-Тэр тухай асуух гэж байлаа. Яагаад тэнд жижүүр хийсэн юм бэ?

Н.О: -Тухайн үед бид нар “Ааваа жижүүр хийгээд яах юм” гэхэд өнөөх л “Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голж болохгүй” гээд халгаагаагүй. Тэндээсээ ногооны хальс энэ тэрхэнийг ганц тарлан үнээндээ тэжээл болгоод аваад ирнэ. Сургуулийн жижүүр хийж байхдаа ундаа, гөөхий зардаг байсан. Ээж маань харин “Ардын эрх” сонинд ажиллаад сүүлд Гадаад хэргийн яаманд үйлчлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ээжийг сургуульд нярваар авах гэхэд аав зөвшөөрөөгүй.

-Аав тань дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн гэдэг ч маш их ном уншдаг, бичгийн их соёлтой хүн байсан гэж сонссон...

Н.О: -Ном сониноос ер салдаггүй хүн байлаа. Орос хэлийг бие дааж, малын бэлчээр дээрээ л сурсан байдаг. Ямар ч байсан ойлголцдог байсан. Яагаад орос хэл сурсан нь бас их сонин. Орост малчин залуучуудын уулзалтад оролцохоор явсан юм билээ. Орост очоод дэлгүүрээс дуран авах гээд хэл нэвтрэлцэхгүй авч чадаагүй ирсэн гэдэг юм билээ. Тэндээс ирээд л орос хэл бие дааж үзсэн байдаг. Хүн бол аливаа юмыг бие дааж сурахад чадахгүй зүйл байхгүй гэж хэлдэг. Лениний бүх л ботийг уншсан хүн шүү дээ. Сонин хэвлэл их уншина. Биднийг хажуудаа суулгаад цээж бичиг хийлгэнэ. Уншуулна. Орой болохоор бурхны өрөөнд оруулаад нэг нэг гудас хаяад цаг хараад өөрөө хажууд мааниа уншаад л дөч орчим минут мөргүүлдэг байв. Тэр нь бидэнд их хэцүү санагддаг байж билээ. Бас бидний дунд зөв бичих, унших, цээж бичгийн уралдаан зарлаж алдаж, муухай бичсэн нь гэрээ цэвэрлэж хоолоо хийх шийтгэлтэй. Гэрээ цэвэрлээд шүүрдэхээр араас дахиж шүүрдэж үзүүлдэг байсан. Бид сайхан цэвэрлэлээ гэж бодсон байхад хаанаас тийм их хог үлдсэн юм, аавыг цэвэрлэхээр дахиад зөндөө хог гараад ирдэг байж билээ. Тэгэж л бидэнд ажил сургаж байж.

-Хэдэн настайгаасаа мал маллаж эхэлсэн юм бэ?

Н.О: -13 настайгаасаа мал маллаж Лхасүрэн гэдэг хөгшинтэй хот руу тууварт явж байсан. Бие чилээрхлээ гэж нэг удаа ч хэлж байгаагүй. Аав минь 54 настайдаа бурхан болсон. 1995 онд Их хуралд байхдаа баруун талдаа нэг харвасан юм. Багахан хэмжээний харвалт болоод чуулганаас түргэн дуудаж эмнэлэгт хүргүүлж байсан. 1997 оны долдугаар сарын 11-нд Хужир буланд байхдаа бас харвасан. Тэгээд даралт ихэддэг байснаас өвчин хэлж байгаагүй. 1999 онд гэнэт өвдөөд хоёрдугаар эмнэлгийн сэхээнд ороход л хоёр бөөр нь эмчилгээгүй, эцсийн шатандаа орж гэж байсан. Тэрнээс хойш гурав дөрвөн жил эмнэлгээр яваад жаахан гайгүй болохоор л аав “зүгээр зүгээр” гээд эмчилгээгээ хийлгэхгүй орхичихдог байсан. Бүр эмнэлгээсээ такси бариад зугтаагаад гэртээ ирж байсан. Аав маань өнгөрөөд 12 жил болж. Гэхдээ энэ хугацаа саяхан юм шиг санагддаг. Аавыг минь дурсаж ярьж байгаа олон хүн байдаг. Хүмүүс нутаг нугаа ярихаар аавын тухай асууна, аавыгаа хэлэхээр сүйд болно. Баатарын хүүхэд юм уу гээд сайхан байдаг. Бас аавынхаа нэрийг байнга хэлэхээс эмээдэг. Аавынхаа нэрийг гутаачих вий гэж эмээж явдаг шүү.

-Хүмүүсийн зарим нь мартагддаг. гэхдээ үхсэн хэрнээ амьд юм шиг хүмүүс байдаг гэдэг дээ. Тэрэн шиг л та нарын аав тийм сайхан дуурсалтай хүн байж. аавынхаа дурсгалд зориулж жил бүр арга хэмжээ зохион явуулдаг гэж байсан.

Н.О: -Сайхан аавын үр хүүхэд болсон минь хувь заяа шүү. Аавыгаа өнгөрсний дараа бид юу хийж үйл хэргийг нь үргэлжүүлэх вэ гэж ярьцгаагаад аав минь “Намайг бага байхад нутгийн буурлууд “Энэ их малд нүдтэй хүүхэд” гэж хэлдэг байсан. Тэрэнд нь их урамшдаг байсан” гэж ярьдаг байсныг санаад “Намхайнямбуу сан” байгуулж жил бүр 10-16 насны хүүхдүүдээс “Малд нүдтэй хүүхэд” шалгаруулж шагнал өгдөг болсон. 11 жил зохион байгуулаад байна. Энэ жил Сэлэнгийн Баянгол сумын 15 настай хүүхэд шалгарсан. Хэвлэлээс хүмүүс энэ тиухай олж үзээд материалаа явуулдаг. Тэрнээс нь шүүгээд хүүхдээ шалгаруулдаг. Шагналаа гардуулахдаа бид тэр нутагт очиж гардуулдаг.

-Аавыг тань хүндээр өвдөхөд намын нөхөд нь туслаагүй юу. нэг л чимээ аниргүй байж байгаад бурхны оронд явчихсан юм шиг...

Н.О: -УИХ-ын гишүүн асан Нямзагд ах, ардын эмч Ж.Хатанбаатар, Сансарын 3 а байранд хуучин Их хурлын гишүүд байсан хүмүүсийнх байдаг байлаа. Тэд нараас эхлээд олон хүн тусалсан. Би аавыг өнгөрөхөд УИХ-ын даргад ааваас нуугаад өргөдөл бичиж байлаа. Солонгост эмчлүүлэх гэж байгаа тухай нь бичээд тусламж гуйсан юм. Тэр үед Төмөр-Очир гуай их хурлын дарга байсан. Намайг хүлээж аваад “Ийм тохиолдолд өгдөг мөнгө байдаггүй юм байна. Тиймээс би үүнийг хувиасаа өгье” гээд 100 мянган төгрөг өгч байсан нь их сайхан санагдсан. Мөн Н.Багабанди гуай жил бүр аавд ирж золгодог байлаа. Ерөнхийлөгч байхдаа ч бөөн хамгаалалт машин болоод манай гэрт ирдэг байсан. Аав амьдралынхаа сүүлийн жилүүдэд намаасаа жаахан өөр зүйл хүсч байсан юм шиг санагддаг. “Намайг Хөдөө аж ахуйн яаманд зөвлөхөөр ч гэсэн авчихгүй дээ” гэж нэг удаа дуугарч байсан юм.