Шинэ төмөр зам тавих бүхий л нөхцөл бүрдсэн, УИХ бодлогоо баталж, хөрөнгө мөнгө ч төсөвлөгдсөн байв. Тэгээд яагаад Монгол Улс одоо болтол өргөн ч үгүй, нарийн ч үгүй, 200 сая ам.долларын өртөгтэй гэх овоолсон шороотойгоо сууж байдаг юм бол. Уртаас урт түүхийн нэгээхэн хэсгээс баримт сөхье. Энэ иш явсаар Өршөөлийн хуультай холбогдох магадлалтайг уншигчид анзаарах буй за.

АН 2012 оны сонгуульд ялж, Н.Алтанхуягийн Засгийн газар шинэхэн дээрээ, эдийн засаг нааштайг хэлэх үү, удаан дуншсан төмөр зам хөдлөх цаг. Төмөр замын бодлогын “загалмайлсан эцэг” Х.Баттулгын 5.2 тэрбум ам.доллар босгох ажил ёстой л оволзов. Тэрбээр өөрийн шадар нөхөр А.Гансүхийг Зам тээврийн сайд болгосон нь “шижигнэсэн” хослол байлаа. 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд байгуулагдаж, арванхоёрдугаар сарын 26-нд Монгол Улсаас аж ахуйн нэгжийн гэрчилгээгээ хүлээн авсан БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эс Си Ти И Си Эм” ХХК 2013 оны босгон дээр Гашуунсухайтад төмөр зам барих 482 сая ам.долларын ажлыг авав. “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийг Өмнөд Солонгосыг бар болоход үүргээ гүйцэтгэсэн “Самсунг”  Монголд байгуулсан мэтээр ойлгуулсныг онцлох нь зүйтэй. “Самсунг”-чууд 2012 оны сонгуульд АН ялахаас өмнө МАН-д нөлөө бүхий “Энержи ресурс” ХХК-тай Ухаа худаг- Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замд хамтран ажиллах тохиролцоотой 540 сая ам.долларын үнийн санал өгсөнийг баримтууд гэрчилнэ. Гэвч  “Женко”-гийн нам сонгуульд ялсны дараа солонгосчууд А.Гансүх сайдын оролцоотойгоор “Эс Си Ти И Си Эм” ХХК-иараа дамжуулан уг ажлыг авч чадсан юм. Уншигч та анх өгсөн үнийн санал 540 сая ам.доллараас хамаагүй бага 482 сая ам.доллараар “Монголын төмөр зам” ТӨХК-тай гэрээ хийснийг өнгөцхөн харахад олон сая долларын хямд гэрээ гэж харагдахаар боловч үнэндээ гэрээний дүнгийн үнийн задаргааг хартал барилга байгууламжийн ажил 68.3 сая ам.доллар, дохиолол эрчим хүч, харилцаа холбооны 73.6 сая ам.долларын ажлууд хийгдээгүй юм. Энэ бүхнийг тооцон үзвэл Самсунг компани “Монголын төмөр зам” ТӨХК-тай анх Энержи Ресурст өгч байсан үнийн дүнгээс 45 сая ам.доллараар илүү дүн бүхий гэрээ хийсэн нь харагдаж байна. 



Монголд “Самсунг” шиг бизнесийн лидер төмөр зам барих нь сайн хэрэг. Ийм компанийг дагаад шилдэг менежмент, өндөр чанар, ажил хэргийн соёл гээд сайхан зүйлс манайд нутагшина гэж найддаг. Харин төмөр замд “Самсунг”-аас үлдсэн зүйл гэвэл ердөө л Ухаа худаг-Гашуунсухайтын төсөлд нэгдэж ажиллаад, тэднээс хөлсөө авч чадаагүй Монголын 13 компанийн дампуурал. Ингэхэд “Монголын төмөр зам” ТӨХК хулхи “Самсунг”-д залилуулчихаагүй биз?

Монгол Улс дахь Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээнд “Samsung CT Corporation” хэмээн тэмдэглэжээ. Харин бидний мэддэг мөнөөх бизнесийн лидерийн албан ёсны нэр нь дээрх “Samsung CT Corporation” бус, “Samsung C&T Corporation” юм. Монголын бүртгэлийнхэн & буюу монголоор “ба” утга илэрхийлдэг тэмдэгтийг бичихээс түвэгшээн орхисон ч байж болох. “Samsung C&T Corporation” буюу “Самсунг”-ийн албан ёсны вэб хуудас руу уншигч та зочлоод үзээрэй.  http://www.secc.co.kr/eng//html/company/global_network02.asp#katar02/ Самсунг C&T компани нь хувьцаат компани бөгөөд ямар учраас Монгол Улсад хийгдэж буй хагас тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын ажлаа нууж байгаа нь сонирхол татаж байгаа биз? БНСУ-ын санхүүгийн зах зээлийн нэртэй тоглогчдын нэг бөгөөд сүүлийн үед нэр хүнд нь унаж байгаагийн хэрээр хувьцааны нь ханш суларч байгаа компани. Тиймээс цахим хуудастаа хаана, ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаараа тогтмол мэдээлж, идэвхтэй ажилладаг. “Монголын төмөр зам” ХК-ийн захирлаар тухайн үед ажиллаж асан П.Батсайхан “Самсунг”-ийн монгол охин “Эс Си Ти И Си Эм” рүү мөнгө шилжүүлж байхдаа Сөүл дэх төв оффис руу Монгол дахь үйл ажиллагааны талаар хоёр удаа захидал явуулсан боловч ганц ч хариу аваагүй байна. Удалгүй түүнийг шинэ сайд Н.Төмөрхүү чөлөөлсөн байдаг.  Жинхэнэ Самсунг энэ ажлыг хариуцахгүй нь тодорхой бол хэн хариуцлагыг үүрэх ёстой вэ? 480 сая ам.долларын ажлыг гэрээлсэн Самсунгийн Монголд байгуулагдсан охин компани гэгдэх “Эс Си ти И Си Эм” ХХК нь 139.650 ам.долларын дүрмийн сантай энэ компани хариуцлага хүлээх чадвартай юу?

Энэ бүхнээс үзэхэд, “Женко” Баттулга болон А.Гансүх нар мөнгө угаах зорилгоор “Эс Си Ти И Си Эм”-д Гашуунсухайтын тендерийг олгосон хэрэг биш байгаа гэсэн хардлага төрж болох. Өршөөлийн хуулийн анхны хувилбар өөрчлөгдөж, авлига, албан тушаалын хэрэг зүйл ангиараа гэнэт нэмэгдэн батлагдсан үйл явдлын далд эздийн тоонд мань хоёр давхиж байгаа юм биш биз.  Эх орончдын Жүдо бөхийн холбоонд зарцуулж буй гэх жилийн 2 тэрбум төгрөг юу ч биш гэдэг нь үүнээс харагдана. 

Б.ЭНХЦЭЦЭГ