Монголчууд өнөөгийн иргэншлийн ертөнцийн орь залуу үндэстний нэг юм. Төрт ёсны хоёр мянга гаруй жилийн уламжлалтай, их гүрний найман зууны түүхтэй, нүүдэлчний соёл, урлахуйн сургууль нь мөн л мянганаар хэлэлцэгдэх монголчууд яагаад залуу, нялх үндэстэн болж байгаа хэрэг вэ!

Монголчуудын иргэншлийн туршлага, суурьшлын чадварын хувьд маш залуу үндэстэн бөгөөд эрчимтэй хотшин амьдарч эхлээд зуун жил ч болоогүй байгаа юм.

ХХ зуунд коммунист дэглэм тогтож, малыг нь хүчээр хураан авах хүртэл мянганы тэртээгээс уламжлалтай нүүдэлчин хэвшлээ хадгалж явжээ. Монголчуудын байгуулсан хүчирхэг төр улсын менежментээс эхлээд иргэний аж төрөх арга барил нь нүүдлийн хэлбэртээ тохирон хөгжиж иржээ.

 Аян дайн, ав хоморго, дайн тулааны салбарт нөхөрлөлийн баялаг уламжлалтай боловч бүтээн байгуулах, баялаг үйлдвэрлэх салбарын хамтын ажиллагааны өв туршлага байсангүй.

1959 онд малыг нь хураан нийгэмчилснээс хойш эрчимтэй суурьшин амьдрах болсон ч социалист гаж тогтоц нь хувийн эрх ашиг, эрх чөлөөг үгүйсгэсэн дэглэм байсан тул хамтын амьдралын үндсэн зарчмаас жигшээхэд хүрсэн юм.

1990 оны Ардчилсан хувьсгалын дараагаар сая хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг жам ёсны дагуу иргэншин суурьшиж, хотшилын урлагт жинхэнэ ёсоор нь суралцах боломж гарсан билээ. Энэ утгаараа Монголын соёл мянганы түүхтэй ч соёл иргэншил буюу суурьшин амьдрах урлагт суралцсан хугацаа цөөхөн жилээр хэмжигдэнэ. Төр, хууль цааз, соёл, урлахуйн нэн урт түүх, иргэншлийн суурьшлын ахархан туршлагын цогцлол нь өнөөгийн Монголын соёл, үзэл суртлын ер бусын төрхийг илэрхийлж байна.

Монгол хүний сэтгэл оюунд гарсан хувирал нь суурьшин иргэншиж эхэлсэн ХХ зуунтай холбогдох учраас эл номын гол агуулга БНМАУ (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-тай холбогдоно. Энэ номыг 2008 онд анх хэвлэгдсэн Б.Цэнддоогийн Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин бүтээлийн үндсэн санааг баяжуулах, дэлгэрүүлэх замаар бүтээв.

Эл бүтээл НЭПКО хэвлэлийн газраас National geographic-тай хамтран бүтээсэн Баабар. Монгол, Монголчууд, Монгол орон, Түүхийн альманах, мөн Монголын Эдийн засгийн түүхийн альманах цувралын үргэлжлэл, дотоодын номын хэвлэлийн салбарын шинэ туршлага гэдгийг уламжлахад таатай байна. Монгол үндэстний сэтгэлгээ, зан чанар, үзэл суртлын ертөнц бүрдсэн онцлогийг дэлхий дахины стандарт, хэв загвараар бүтээж уншигч та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.
 
НЭПКО хэвлэлийн газар