Монголын улс төр тогоондоо буцалж ахуйд Дэлхий биднийг шүүмжилснийг  бид анзааралгүй өнгөрөв үү. Эсвэл тоосонгүй юу. Малайзын Куала-Лумпур хотноо наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 2-нд Авлигын эсрэг олон улсын чуулган болов. Чуулган “Авлигын ял шийтгэлгүй байдлыг эцэс болгоё” уриан дор болж Транспэрэнси Интернэшнл байгууллагын 100 гаруй орны 300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд авлигын талаарх олон сонирхолтой баримтуудыг дэлгэн ярилцлаа. Тэдний онцолсон, манай хувьд харамсалтай гэмээр мэдээ дуулгахад чуулганд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Монгол Улс авлигачдыг өршөөсөн хууль баталчихаад байгааг буруутган шүүмжилж байв. Яг энэ асуудлаар Транспэрэнси Интернэшнл байгууллагын Берлин дэх төв оффис Монгол Улсын Ерөнхийлөгчид, авлигын эсрэг олон улсын чуулганд оролцогчид олонхийн саналаар Улсын Их Хуралд эмгэнэл илэрхийллээ.

Гэвч нүдээ аньж, чихээ бөглөн зургаан сайд томилох, томилгооноос үүдэн улс төрийн ямар ашиг хонжоо хүртэж болох вэ гэсэн асуудал манай улсад илүү чухал байсан бололтой, энэ талаар хэн ч ярьсангүй. Түүнчлэн чуулганд оролцогчид авлигатай тэмцэх, гэм буруутай этгээдтэй нэгэн дуугаар хариуцлага тооцох, авлигачдаас болж учирсан хохирлыг арилгуулдаг байх талаар олон гарцыг хэлэлцлээ. Тухайлбал энэ үеэр аливаа улс орноос авилгачдын хулгайлсан херенгийг эргуулэн авчрах арга замуудыг хэлэлцсэн бөгөөд “Монголоос хулгайлагдсан төсвийн хөрөнгийг Америкаас олж авчрахад АНУ-ын Холбооны мөрдөх товчоо тусална” гэсэн мэдэгдэл хүртэл дуулдлаа.

Сонирхолтой нь тус улсад болж буй Авлигын эсрэг олон улсын чуулганы нээлтэд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак оролцох байснаа гэнэт татгалзав. Өнгөрсөн долдугаар сарын эхээр түүний хувийн дансанд төрийн өмчит “1MDB” компаниас 700 орчим сая ам.долларыг хувийн шилжүүлсэн талаарх мэдээ тархсан юм. Манайхны хувьд танил энэ авлигын хэлбэр мөнөөх л сонгуулийн сурталчилгааны үеэр үйлдэгдсэн бөгөөд удам дамжин Ерөнхий сайдаар ажиллаж буй энэ гэр бүлийнхэнд сонгогчид, иргэд нь тун таагүй хандах болсон гэдэг.

Мөн энэ үеэр авлигатай тэмцэхэд авлигын эсрэг түүхүүдийг ярих, түүнээс суралцах нь чухал байдгийг зөвлөсөн бөгөөд “олон оронд парламентын гишүүдийн 30-50 хувь нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байна” гэсэн муу мэдээг дуулгажээ. Олон улсын Транспэрэнси Интернэшнл байгууллагаас Дэлхийн шилдэг авлигачдыг шалгаруулах уралдаан хүртэл зарлалаа.



Манай улсын хувьд авлигын асуудлаар Малайз, Тунистай хөтлөлцөн түгшүүрт орнуудын хэмжээнд очсоныг зарлан тунхаглаж, саяхан баталсан Өршөөлийн хуульд нь авлигачид өршөөгдөхөөр байгааг дурьдан НҮБ-ын конвенцид дурдсан заалтуудыг зөрчсөн хууль баталсан Монгол Улсад шахалт үзүүлье гэж давалгаалан уриалж байгааг харахад харамсалтай байв.

Хамгийн харамсалтай нь Ерөнхийлөгч авлигын эсрэг тэмцэхээ зарлаж, Өршөөлийн хуульд хориг тавьж, хамгийн сүүлд “давхар дээл”-ийг эсэргүүцэн Ерөнхий сайдын санал болгосон зургаан сайдыг томилгоог дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. “Давхар дээл”-тэй сайдууд Засгийн газраас санаачилсан хуулийг амжилттай батлуулж ажил урагшлуулдаг гэх халхавчийн цаана авлигын боломж нэмэгддэг гэдэгтэй Ерөнхийлөгч санал нэгтэй байна гэж түүний зөвшилцлийн хариунаас уншиж болохоор байна.

Дашрамд дурьдахад Өршөөлийн тухай хууль, Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлын алийг нь түрүүлж ээлжит бус чуулганаар хэлэлцэх дараалал хүртэл чухал ач холбогдолтой болоод явчихав. Учир нь дээрх хоёр асуудал шийдлийн хувьд бие биеэсээ харилцан хамааралтай, барьцааны чанартай байсан нь харагдаж байна. Гэвч улайрал эцсээ хүртэл үргэлжилж,  “Зөвшилцлийн талаарх хууль зүйн тайлбар” гэгчийг хүртэл олон нийтэд танилцуулж, үүгээрээ “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал буюу Ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно”.

Мөн Улсын дээд шүүхийн дээр дурдсан тогтоолын хоёрт “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан "зөвшилцөх" тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол энэ тайлбарын дагуу, адилаар ойлгож явуулж байхаар тогтоосугай” гэжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын зарим гишүүдийг нөхөн томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлж, бичгээр хариу авснаар зөвшилцөх процесс дуусгавар болсон байна” гэж тайлбарласнаараа “Өөр хувилбар оруулж ирэхгүй” гэж мэдэгдлээ.

УИХ-ын зарим гишүүн ч “Зөвшилцөл бол санал асууж байгаа хэрэг. УИХ-ын олонх шийднэ” хэмээн үл тоож байгаагаас харахад Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас наана бол Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэдэг нь билэг тэмдэг төдий зүйл бололтой. Тиймээс эдгээр өөрчлөлтийг оруулах хүртэл манай Ерөнхийлөгч авлигачдынхаа өмнө бөхийж мэдэхээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид туслаарай. Гаргасан уриалгынхаа дагуу манай улсад шахалт үзүүлж өгөөч гэж Авлигын эсрэг олон улсын чуулганд оролцогчдоос гуйх л үлдэж байна.